Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1386

 

     2022         09          26                                   2022/ШЦТ/1386

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Аюушжав даргалж,

нарийн бичгийн дарга М.Баттэргэл,

улсын яллагч Х.Эрдэнэтуяа,

хохирогч Б.Б, түүний өмгөөлөгч М.Б,

гэрч М.С,

шүүгдэгч*******, *******, тэдгээрийн өмгөөлөгч О.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:  

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт*******, А овогт ******* нарт холбогдох эрүүгийн 2206 00000 1705 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

            Монгол улсын иргэн,

Б овогт*******

 

Монгол улсын иргэн,

 

А овогт *******

 

Холбогдсон хэргийн талаар: 

 

Яллагдагч******* нь яллагдагч *******-втэй бүлэглэн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дизель хүрээ зах дээр машин үзэхээр явж байсан Б.Б-ыг кроун машины үнийг асуухад, чи энийг авч чадах уу?, чамд тийм их мөнгө байгаа юм уу? Чаддаг юм бол авалдаа гэх мэтээр хэл амаар доромжилж, улмаар түүнийг заамдан авч нүүрэн тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө толгой руу нь өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дух, зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, дух, хацарт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Яллагдагч ******* нь*******-тэй бүлэглэн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дизель хүрээ зах дээр машин үзэхээр явж байсан Б.Б-ыг кроун машины үнийг асуухад, чи энийг авч чадах уу?, чамд тийм их мөнгө байгаа юм уу? Чаддаг юм бол авалдаа гэх мэтээр хэл амаар доромжилж, улмаар түүнийг заамдан авч нүүрэн тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө толгой руу нь өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дух, зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, дух, хацарт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр байсан. П бид хоёр кровн  210 маркийн машины дотор сууж байсан. Асуусан машиныг нь 38.000.000 төгрөг гэж хэлэхэд наадах чинь зар дээр зөндөө удсан машин гэж хэлсэн. Ийм үнэтэй байхгүй гэх зэргээр хэрүүл хийгээд муудалцсан. Би гарч ирээд муудалцаад салсан. Энэ үйл явдал 2-3 удаа болсон. Би хохирогчийг цаашаа яв гэж хэлж байсан. Над руу гар далайхаар нь би уурлаад машины ар талд гаргаад 2-3 удаа цохисон. Толгой руу нь өшиглөсөн зүйл байхгүй. Асуудал болохоос өмнөх асуудлыг П хэрүүл маргаанаас үүсгэсэн. Тухайн үед бид хоёрыг цагдаа нар авч явахаас өмнө аав нь гэх хүн ирсэн. Алаг тэрэг ирэхэд ухаан алдаж унасан гэх зүйл байхгүй байсан бөгөөд цагдаагийн газарт ирэхэд аав нь бид хоёрыг хоёуланг нь цохисон гэв.

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр машин зарах гээд зогсож байсан. Хохирогч Б нь машиныг маань доош нь хийж, хэл амаар доромжилж эхэлсэн. Тэгэхээр нь би “Чи өөрийн боломждоо тааруулаад машинаа хай” гэж эелдэгээр хэлсэн. Гэтэл Б өөдөөс эвгүй араншин гаргаж маргалдсан. Тухайн үед хохирогчийг явчих гэж гуйсан боловч эргэн ирж хэрүүл хийгээд байсан. Намайг заамдахаар нь манай дүү салгасан. Тэгээд би салаад машиндаа суусан. Ерөнхийд нь товчхон хэлэхэд хохирогч харилцааны маш их доголдол гаргасан. Би М-ийг эргэж гарч ирээд салгасан. Миний хувьд зодож цохисон зүйл байхгүй. Анх надтай хэрүүл хийсэн болохоор заавал энэ хэрэгт хамруулах гээд байгаа гэж санагдаж байна гэв.

 

Хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би найзтайгаа машин асуучихаад буцаад явж байсан. П ирээд миний хувцсыг ураад, гинжийг маань таслаад, миний мөрийг мулталсан. М гэх хүн намайг хүнгүй газар луу чирч аваачаад миний дагз хэсэг рүү цохисон. Тэр үед би ухаан алдсан. Миний нүүр хэсэг рүү өшиглөсөн. Тухайн үед П над руу дайраагүй байсан бол би ийм хохирол амсахгүй байсан. Шүүгдэгч нар анхнаасаа худлаа яриад байна. Намайг явж байхад араас дуудаад байхаар нь би очоогүй. Тэгээд өөрөө ирээд намайг заамдсан. Манай ахыг ирэхэд машинд суулга наадахыг чинь бас хошногодоно гэж хэлж байсан.  Эхлээд П намайг заамдаад алгадсан. Би П-тэй маргалдаж байхдаа хараасан. Түүний дараа П бид хоёр салсан. П машиндаа суугаагүй. Манай найз барьсан байсан. Энэ хооронд М намайг зодож байсан. Намайг зодож эхлэхээр нь С, М-ийг барьсан. Энэ хооронд П ирээд миний дух хэсэгт өшиглөсөн гэв.

Гэрч М.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Б бид хоёр машин үзэх гээд явж байгаад кроун маркийн машин дээр очсон. Сонирхоод явж байтал хойноос П гэх ах чи мөнгөтэй юм уу? авч чадах юм уу? гэж хэлээд маргалдсан. Хойноос дуудаад маргалдаад байж байсан чинь наадхаа машин руу оруулчих бөгсдчихье гэж хэлээд машин руугаа чирсэн. Б орохгүй гэж ноцолдсон. М гэх ах салгах гэж байснаа манай найз Б-ыг зодсон. Нүүр хэсэгт М цохисон. П гэх ах Б-ыг өшиглөсөн. Улаан өнгийн цамцтай нь П гэдэг хүн мөн байсан гэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:  

 

-Хохирогч Б.Б-ын “… найз С-ийн хамт Дизель зах дээр машин үзээд явж байтал цагаан өнгийн 210 кроун байхаар нь үнийг нь асуутал 42 000 000 төгрөг гэхээр нь цаашаа явж байсан чинь хойноос дуудаад чи энэ машиныг авах мөнгөгүй гээд хүрч ирээд намайг заамдаж байгаад алгадаад намайг чирээд машины ард хүмүүсээс зайдуу мухарт аваачиж байгаад нүүр рүү хэд хэдэн удаа цохиод гарнаас татсан. Миний гарнаас татахад миний гар мултарсан тул би гараа бариад доошоо суухад нэг залуу нь хөлөөрөө миний толгой руу хүчтэй өшиглөхөд би ухаан алдаад унасан. Тухайн кроун дотор байсан 2 залуу намайг зодсон бөгөөд олон удаа өшиглөсөн. ... анх маргалдсан залуу нь намайг заамдаад хоёр тийшээ савчуулаад гараараа хацар луу алгадаад байсан. Мөн дараа нь ах нь газар байхад хөмсөгний голд өшиглөсөн. Дүү нь заамдаж ирээд машины ард авч ирээд нүүр рүү гараараа нэлээн олон удаа цохисон. Миний зүүн талын хэсэг битүү хавдчихсан байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 дугаар хуудас/,

-Гэрч М.С-н “... Бид хоёрын хойноос 214 кроун үзүүлээд байсан эрэгтэй дуудахаар нь яваад очиход жолоочийн суудлын хажууд сууж байсан улаан өнгийн цамцтай ногоон өнгийн курткатай эрэгтэй манай найзад чи энийг авч чадах уу? чамд тийм их мөнгө байгаа юм уу? Чаддаг юм бол авалдаа гэхэд манай найз Б би наадахыг чинь авч чадна ш дээ гээд маргалдсан. Тэгэхээр нь би найзтайгаа хамт явж байхад улаан цамцтай байсан залуу нь машинаасаа бууж ирээд хөөе чи нааш ир дээ бацаан гэхээр би яваад очиход манай найз тэр залуутай муудалцсан бөгөөд тэр ах манай найзыг заамдаж аваад харилцан заамдалцсан хэвээрээ байсан бөгөөд улаан өнгийн цамцтай залуу нөгөө залуудаа наад нөхрийгөө машинд оруулчих би жоохон мэдрүүлээдэхье гэсэн зүйл яриад байсан. Тэгсэн чинь манай найз чи яг яана гээд байгаа юм пизда минь гэхэд улаан өнгийн цамцтай залуутай хамт байсан залуу нь чи манай ахыг юу гээд байгаа юм бэ гээд Б-ыг хэд хэдэн удаа алгадаад машин мөргүүлээд цаашаа шороо руу дагуулж явсан. Манай найз Б-ыг цаашаа дагуулаад шороо руу явж байхад махлаг залуу нь манай найзыг машин мөргүүлж явж байгаад гарнаас нь татахад манай найз гараа бариад мөр мултарчихлаа гэсэн чинь заамдаж аваад нүүр рүү нь хэд хэдэн удаа цохиод элэгдэж байгаад махлаг залуу нь манай найзын дагз хэсэгт нэг удаа цохиход манай найз ухаан алдаад доошоо суусан. Тэр үед улаан цамцтай ах машиндаа сууж байсан бөгөөд би махлаг залууг найзаасаа холдуулах гээд ноцолдоод байж байхад машинаасаа бууж ирээд манай найз Б-ын нүүр хэсэгт нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь тэр хоёрыг салгасан бөгөөд нэг хүнийг нь татаад барьж байхдаа нөгөөдөх нь очоод Б-ыг зодоод байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,

            - Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Г-ийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 3076 дугаартай “Б.Б-ын биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дух, зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, дух, хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

            - Яллагдагч*******-ийн “Прокуророос сонсгосон эрүүгийн хэргийн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 62 дугаар хуудас/,

            -Гэрч Т.О-ын “... 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ажил дээрээ байж байхад багцаагаар 11 цагийн орчим шиг санагдаж байна, цагийг нь тодорхой хэлж мэдэхгүй байна. Машины сонирхож байсан хүн надаас машин авах гээд зарах гэж байгаа хүндээ машинаа үзүүлж байсан чинь баруун талд байсан машины хоёр эзэн хүнтэй маргалдаад байсан. Би бол яг юунаас болж маргаан үүссэн гэдгийг нь мэдэхгүй байна. Машин тэрэг дээрээс болоод байгаа бололтой байсан. Би миний машиныг худалдаж авах гэж байгаа хүн рүүгээ анхаарлаа хандуулсан байсан учраас яг зодоон болох үйл явцыг сайн анзаарч хараагүй. ... Миний харснаар хоёр хөмсөгний нэг нь, аль нь  гэдгийг нь мэдэхгүй байна, хөмсөгнөөс нь цус гарчихсан байсан, өөр гэмтэл шарх бол анзаарч хараагүй. ... Бүдүүн биетэй залуу бараан хувцастай байсан, жижиг биетэй залуу нь улаан өнгийн цамцтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

            - Яллагдагч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Миний бие ямар нэгэн бусдын эрх чөлөөнд халдсан үйлдэл хийгээгүй” гэсэн мэдүүлэг зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:  

 

Шүүгдэгч *******,******* нар нь 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дизель хүрээ зах дээр машин зарахаар байж байсан бөгөөд машин үзэхээр явж байсан Б.Б-ыг машины үнэ асуухад шүүгдэгч ******* ...чи энийг авч чадах уу?, чамд тийм их мөнгө байгаа юм уу? Чаддаг юм бол авалдаа гэх мэтээр хэл үгээр доромжлон хэрүүл маргаан үүсч  улмаар түүнийг заамдан авч нүүрэн тус газар нь гараараа алгадахад Б.Б-тай хамт явсан С тэднийг салгахад шүүгдэгч******* ирж Б-ыг заамдан авч явж машин мөргүүлж машины ард аваачиж дагз хэсэг рүү нь хэд хэд цохиж зодсон. Тэр үед С М-ийг салгаж барьж зогсох үед П ирж Б-ыг нүүрэн тус газар нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн болох нь

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Г-ийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 3076 дугаартай “ Б.Б-ын биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дух, зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, дух, хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

 

Улсын яллагч шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан “бүлэглэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэх дүгнэлт гаргасан.  

Хохирогчийн өмгөөлөгч М.Б гэм буруугийн талаарх саналдаа: Тус хэрэгт хохирогч Б-ын өмгөөлөгчөөр ажиллаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болон хэрэгт авагдсан мэдүүлэг, нотлох баримтуудыг тус тус үндэслэн дараах дүгнэлтийг гаргаж байна. 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах авто худалдааны төвд миний үйлчлүүлэгч өнөөдрийн хохирогч Б нь өөрийн найзын хамт автомашин үзэж явах явцад шүүгдэгч П, М нар нь бүлэглэж Б-ын эрүүл мэндэд ноцтой халдаж хохирол учруулсан нь болох нь нотлох баримт, талуудын тайлбар мэдүүлгүүдээс тогтоогдсон байна гэж үзэж байна. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тухайн гэмтлийг гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдсон гэж дүгнэсэн байна. М нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гараараа цохисон, хавсарч унагаасан гэх тайлбар мэдүүлэг өгсөн буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна. Харин П-ийн хувьд бол миний үйлчлүүлэгчид эрүүл мэндийн хохирол учруулаагүй хэмээн өөрөө тайлбар мэдүүлгийнхээ явцад өгсөн ба мөн өмгөөлөгчөөрөө дамжуулан шат шатны прокурорт гомдол гаргаж явж байсан байна. Өмгөөлөгч миний зүгээс шүүгдэгч П нь шүүгдэгч М-ийн урьд ял шийтгэл эдэлж байсныг харгалзан үзэж харилцан үгсэн тохирч эрүүгийн хариуцлагаас мултрах гэж хичээж байна гэж үзэж байна. Яагаад гэвэл 1-рт хэрэг учрал гарах үед хохирогч нь найзтайгаа хамт явж байсан ба шүүгдэгч нар нь мөн адил хоёулаа байсан. Шүүгдэгч П-ийн мэдүүлэг өгч, гомдол гаргаад байгаачлан машиндаа хараад юу ч хийхгүй машиндаа хараад сууж байсан, хохирогчийн биед халдаагүй, гэмтэл учруулаагүй гэж ярьж байгаа нь ямар ч логик, үндэслэлгүй тайлбар гэж үзэж байна. 2-рт С гээд гэрчийн мэдүүлэг өгөөд байгаа нь цаашид худал хэлбэл эрүүгийн хариуцлага хүлээнэ харж үзээгүй зүйлээ худал мэдүүлэх шалтгаан байхгүй. 3-рт Шинжээчийн дүгнэлтэд байгаа тархи нь доргилт, хамар ясны хугарал, таславч гэх мэт олон тооны гэмтэл тогтоогдсон гэж тодорхой дурдагдсан байгаа. Дээрх хэмжээний зовуурь шаналал гэмтлийг нэг хүн ганцаараа учруулах боломжгүй гэж үзэж байна. Шүүгдэгч нар нь бүлэглэж хохирогчид шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтлийг учруулсан нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна. Нэгийг нь хорих хооронд нөгөөх нь зодоод байсан гэж гэрч мэдүүлсэн. Шүүгдэгч П, М нар нь төлөвшил, ухаан суух насанд хүрсэн хэрнээ бүлэглэж өөрөөсөө 10 гаруй насаар дүү хохирогчид шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтэл зовуурь шаналалыг үйлдсэн байгаа нь  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна . Соёл-Эрдэнэ мэдүүлэг дээрээ дурдаад байгаа нэгийг нь барихаар нэг нь гүйж очоод зодоод байдаг. Тэгэхээр энэ 2-ийн үйлдэл санаатай буюу гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна. Тийм учраас П, М нар бүлэглэж хүний биед хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй үйлдлийг үйлдсэн байна гэж үзэж байгаа тул тэдгээр үйлдлийг  гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү гэв.  

Шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Ц гэм буруугийн талаарх саналдаа: Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл байдлыг харах хэрэгтэй. Энэ гэмт хэрэг гарахад залуучуудын хоорондын хувийн тааламжгүй харилцаанаас гадна хохирогчийн буруутай  үйлдэл, харилцаа, хандлагаас энэ гэмт хэрэг үүдэлтэй. Манай үйлчлүүлэгч гэрчээр өгсөн мэдүүлэгтэй тодорхой дурдагдсан байдаг. Машин чинь яасан үнэтэй юм бэ? ийм байдаггүй юм гэх зэргээр хэлсэн байдаг. Энэ нь гэмт хэрэг гарах үндэслэл болжээ. Дараагийн асуудал П-ийн хувьд эрүүгийн хуулийн зүйл хэсэг дээр маргаж байгаа үүнийг дэмжиж байна. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийн хэсэгт дурдагдсан тархи доргилт, хамар ясны хугарал, таславч мурийлт, дух зовхи, хацарт зулгаралт гэмтэл тогтоогдсон. Энэ гэмтлийг П учруулсан гэдэг нь тогтоогдохгүй байна.  Ямар үндэслэлээр вэ? гэвэл гэрчийн мэдүүлгээс эхлээд анхнаасаа тогтвортой мэдүүлсэн байдаг энэ хэрэгт оролцоогүй гэж харин учир байдлыг зохицуулах гэж хохирогчийн дайраад байгаа үйлдлийг таслан зогсоох, тайвшруулах гэж энэ байдалд удаа дараа санаачлагатай арга хэмжээ авсан боловч миний саналыг хүлээж аваагүй гэдэг. Хэргийн бодит байдал, хэргийн үйл баримтын талаар яллах дүгнэлт маань хууль ёсны үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна. Мөрдөгч, прокурор нь хэргийг мөрдөхдөө яллах болон цагаатгах талын нотлох баримтыг зэрэг цуглуулах үүрэгтэй.  Дан яллах талын нотлох баримтыг бүрдүүлсэн байна.  Энэ үүргээ хэрэгжүүлж чадаагүй байна. Хэргийн бодит байдал нь юу вэ гэвэл эхлээд  П Б-ын хооронд болоод байгаа үйлдэл, үүний дараа тусдаа цаг хугацаанд  М Б нарын хооронд болоод байгаа үйл явдал дээр анализ хийж өгнө үү.  Яг хохирогчийн биед учирсан гэмтлүүдийг бүлэглэж П учруулсан уу? гэдэг дээр хууль зүйн дүгнэлт өгөх хэрэгтэй. Гэрчээр Соёл-Эрдэний мэдүүлэг, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр шинжээчийн дүгнэлтийн үзлэгийн хэсэгт учирсан гэмтлүүдийг учруулсан эсэхээр тогтоогдохгүй байна. Нотлох баримтыг үнэлэх, цуглуулах, бэхжүүлэх гэсэн 3 ойлголт байгаа. Эрхэм шүүгч минь үнэлэхдээ хууль ёсны нотлох баримтыг шударгаар үнэлж, дүгнэлт гаргаж  өгөөч гэсэн байр суурьтай байна. Гэрч С хх-ийн16-17 дахь талын мэдүүлэгт ганцхан л үг байгаа. Тэгтэл манай найз чи яг яана гээд байгаа юм пизда минь гэхэд  улаан өнгийн цамцтай хамт байсан залуу нь чи манай ахыг яагаад байгаа юм бэ? гэж Б-г хэд хэдэн удаа алгадаад, машин мөргүүлээд, цааш шороо руу чирээд дагуулж явсан үйл баримт байгаад юм. Тэгэхээр тухайн цаг хугацаанд П ямар хувцастай явсан юм, зүс царай ямар шинж тэмдэгтэй байсан юм, гадаад шинж төрх байдал, М ямар хувцастай явсан, шинж төрх нь ямар юм. Үүнийг шат шатны прокурорт ажиллагааг дахин хийлгүүлээчээ, гэрч С мэдүүлэг бас эргэлзээтэй байна. Яагаад гэвэл гэрч гэдэг маань тухайн хэргийн үйл баримтыг үзсэн харсан үнэнээр мэдүүлэх ямар ваа нэгэн ашиг сонирхолгүй хүнийг гэрч гэнэ. Энэ хуулийн заалт зөрчигдөж байна. Нүүрэлдүүлж мэдүүлэг авах ажиллагаа  явуулаачээ гэж удаа дараа шат шатны прокурорт хүсэлт гомдлыг гаргасан боловч миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Прокуророос хүлээж авахыг хүсээгүй. Улсын Ерөнхий Прокурорын газарт хүртэл гомдол гаргасан. Тэгэхээр шинжээчийн дүгнэлтийн үзлэгийн хэсэгт учирсан гэмтлийг миний үйлчлүүлэгч П нь учруулсан гэдэг нь эргэлзээ бүхий байна. Тийм учраас гэм буруугүйд тооцох 1.17-д заасан эрүүгийн хэрэгт хамаатай бүхий л нотлох баримтыг цуглуулсан боловч эргэлзээ бүхий байгаа тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн хуулийн алтан зарчим байдаг. Хүний эрх, эрх чөлөөг дээдлэх энэ хүрээнд миний үйлчлүүлэгч Пийн прокуророос яллах дүгнэлт үйлдэж оруулж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үйлдлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай байна. Дараагийн асуудал нь Пийн үйлдлийг хэрэгсэхгүй болгохоор миний үйлчлүүлэгч Мтэй холбоотой эрүүгийн зүйл хэсэг зөв зүйлчлэгдэх асуудал яригдана. Бүлэглэж үйлдээгүй юмаа, хэдийгээр нэг үйл баримт юм шиг боловч цаг хугацааны хувьд нэг нэг хүн дээр үргэлжлээд явчихсан, нэг нь таслан зогсоох гээд байгаа, нэг нь маргалдаад байгаа гэдгийг эрхэм шүүгч маань зөвөөр хууль зүйн дүгнэлт хийж өгөөчээ. Бүлэглэж үйлдээгүй юмаа, харин миний үйлчлүүлэгч М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Шинжээчийн дүгнэлтийн үзлэгийн хэсэгт учирсан гэмтлийг бол би учруулсан юм. П учруулаагүй юм гэдгийг тууштай мэдүүлж байна. Яагаад манай хоёр оролцогчийн гэрчийн мэдүүлгийг үнэлэх боломжгүй, зөвхөн хохирогч, гэрчийн мэдүүлэг үнэн зөв байх ёстой гэж. Хэргээ тал бүрээс нь үнэн зөв, бодитойгоор үнэлэх үүрэг нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Энэ өнцөгөөс нь эрхэм шүүгч харж өгөөч. Тийм учраас хэргийг зөв зүйлчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгөөч гэсэн ийм байр суурьтай байна. Өнөөдрийг хүртэл хохирлын талаар ямар нэгэн бодитой нотлох баримтыг гаргаагүй байгаа учраас жичтэй иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй байна. Өмгөөллийн зардалтай холбоотой зардлыг улсын яллагч гаргуулах нь зүйтэй гэсэн үндэслэлгүй тайлбарыг гаргаж байна. Хохирогч нь насанд хүрчихсэн хүн. Насанд хүрээгүй бага насны ч юм уу, хөгжлийн бэрхшээлтэй ч юм уу, бичиг үсэг мэддэггүй ч юм уу тэгвэл өөр асуудал. Эрх зүйн чадамжтай этгээд нь өмгөөлөгч авах, эс авах нь өөрийнх нь эрх хэмжээний асуудал юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт Өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөллийн үйл ажиллагаатай холбоотой харилцааны баримтын талаарх нотлох баримтаар тооцохгүй гэж заасан байдаг. Тэгэхээр 1 сая төгрөгийг гаргах боломжгүй юм. Харин бусад эмчилгээтэй холбоотой нотлох баримтыг бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдээр гаргуулах нь зүйтэй байх. Мийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар хувийн байдлыг дордуулж болохгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй хувийн байдлыг дордуулж болохгүй гэж заасан байгаа. Тийм учраас гаргасан саналаа дэмжиж байна гэв.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт : хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.. гэж

3 дахь хэсэгт: гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохироогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ гэж тус тус хуульчилжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч******* нь хохирогч Б-ыг зодсон цохисон үйлдэлдээ маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлсэн ба харин шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч нар нь хохирогчид гар хүрээгүй, цохиж зодоогүй гэж мэтгэлцэх боловч шүүх хуралдаанд шүүгдэгч нар нь хамаатан садангийн холбоотой, шүүгдэгч******* дүү нь, шүүгдэгч ******* ах нь болохоо тайлбарласан, мөн тухайн үед П улаан цамцтай М бараан хувцастай байснаа мэдүүлж байгаа, түүнчлэн хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн баримтуудаар шүүгдэгч ******* эхлээд хохирогчийг заамдаж нүүр лүү нь хэд хэд алгадсан, дараа нь М түүнийг дагз хэсэг рүү нь цохиод доош болсон байх үед очиж нүүрэн тус газар нь өшиглөж******* ******* нар нь үйлдлээрээ нэгдэж бүлэглэн зодсон болох нь хохирогч Б.Бөхбатын ...анх маргалдсан залуу нь намайг заамдаад хоёр тийшээ савчуулаад гараараа хацар луу алгадаад байсан. Мөн дараа нь ах нь /шүүгдэгч ******* /газар байхад хөмсөгний голд өшиглөсөн...тэр үед цаанаас махлаг биетэй залуу хүрч ирээд наадах чинь манай ах гэж хэлээд намайг заамдаад машины араар оруулж миний нүүр лүү учир зүггүй гараараа цохьсон...махлаг биетэй дүү нь гэх залуу дагз руу нилээн хэд хэдэн удаа цохьсон би урд нь сөхрөөд уначихсан байсан. ..тэр үед манай найз Соёл-Эрдэнэ ахыг нь барьчихсан зогсож байгаад дүү нь намайг зодоод байхаар нь ахыг нь тавиад дүүг нь очоод салгах гэж барьсан. Би мөрөө бариад доошоо бөгсөөрөө суучихсан байхад ах нь хүрч ирээд миний толгой руу хөлөөрөө өшиглөсөн...  гэсэн мэдүүлэг /хх-10-12х/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг,

гэрч М.С... би махлаг залууг найзаасаа холдуулах гээд ноцолдоод байж байхад машинаасаа бууж ирээд манай найз Бөхбатын нүүр хэсэгт нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь тэр хоёрыг салгасан бөгөөд нэг хүнийг нь татаад барьж байхдаа нөгөөдөх нь очоод Бөхбатыг зодоод байсан гэсэн мэдүүлэг /хх-14х/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг,

гэрч Т.От-рын... Миний харснаар хоёр хөмсөгний нэг нь, аль нь  гэдгийг нь мэдэхгүй байна, хөмсөгнөөс нь цус гарчихсан байсан, өөр гэмтэл шарх бол анзаарч хараагүй. ... Бүдүүн биетэй залуу бараан хувцастай байсан, жижиг биетэй залуу нь улаан өнгийн цамцтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Ганзоригийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 3076 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон  “Б.Бөхбатын биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дух, зовхи, хацрын зөөлөн эдийн няцрал, дух, хацарт зулгаралт зэрэг гэмтлүүдээр   /хх-ийн 28-29 дүгээр хуудас/ нотлогдож байна.

Эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмаар цуглуулагдаж бэхжигдсэн, бие биенээ давхар нотолсон, хоорондоо зөрүүгүй, гэрч хохирогч нар анхнаасаа хөдөлбөргүй тууштай мэдүүлсэн, хохирогчид учирсан гэмтлүүдийн төрлүүд нь үйл баримттай нийцсэн байх бөгөөд эдгээр баримтуудыг үгүйсгэх, няцаах баримтгүй байх тул шүүх дээрх баримтуудыг үнэн зөвд үнэлэн тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч *******,******* нар нь үйлдлээрээ нэгдэж бүлэглэн хохирогч Б.Б-н эрүүл мэндэд халдаж зодсон байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч *******,******* нар нь хохирогч Б.Б-ын эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч *******,******* нарын үйлдэл нь бүлэглэж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тэдгээрийг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч *******,******* нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүхээс шүүгдэгч *******,******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч *******,******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрийг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх  ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Б-т нь хор уршигт 15.000.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч холбогдох бичгийн нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт ирүүлээгүй байгааг дурдах нь зүйтэй гэв.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Ц эрүүгийн хариуцлагын саналдаа: Өмгөөлөгчийн зүгээс эсрэг байр суурьтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1--д Эрүүгийн хариуцлагын талаар хүндрүүлэх, хөнгөрүүлэх талаар заасан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх хуралдаан мэтгэлцэх зарчим дээр явагддаг. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэх үндэслэлээр ял шийтгэлийг хүндрүүлж оногдуулах нь үндэслэлгүй юм. Тухайн гэмт хэргийн ангилалд заасан хөнгөн хохирол гэдэг маань гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нийгмийн аюулын хор шинж нь бага гэж дүгнэхээр байгаа юм. Тэгвэл эрүүгийн хариуцлага, нийгмийн аюулын хор уршиг хоёр хоорондоо нийцсэн байх ёстой. Эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа хохирогчийн ёс суртахууны бөгөөд хууль бус үйлдэл нөлөөлсөн шүү гэдгийг шүүхийн тогтоолд дурдаж оруулмаар байна. Би хуульч, өмгөөлөгчийнхөө хувьд мэтгэлцэх зарчмын хувьд зүйл хэсэг дээрээ маргана. Үүний төлөө эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нь өөрөө хууль бус юм. Пийн хувьд анх удаа гэмт хэрэг холбогдсон. Өнөөдрийн шүүх хуралд эрүүгийн хариуцлага оногдуулах хор уршигийн асуудал тодорхой тогтоогдохгүй байна, тодорхой биш, нотлох баримт байхгүй байна. Хохирогч шүүх хурлын өмнө эмчид үзүүлсэн баримт авч ирсэн байна. Өнөөдрийг хүртэл идэвхтэй эмнэлгээр явж, биеэ эмчлүүлсэн талаар ямар ч баримт байхгүй байна. Энэ талаар шүүгч дүгнэж үзээчээ. Тийм учраас Пийн хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна. Миний үйлчлүүлэгч Мийн хувьд бол гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 6.1.4-т зааснаар эрх зүйн байдлыг дордуулах үндэс болохгүй хуулийн зохицуулалтыг хэлчихсэн байгаа. Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялын хамгийн доод хэмээгээр хэсэгчилж оногдуулж өгөөч гэсэн байр суурьтай байна. Торгох ялын хуулийн шалгуурийг яаж хангаж байна вэ гэвэл хэргийн  талаар илэрхий, тодорхой үйл баримтын талаар нотлох баримт шаарддаггүй. Яагаад гэвэл өнөөдөр П зах дээр автомашины бизнес эрхэлдэг нь тодорхой, Мийн тухайд гар утасны бизнес эрхэлдэг, энэ бизнестэйгээ холбоотойгоор Гадаад улс руу зочилдог нь сая тодорхой болсон. Тийм учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно. Торгох ялыг оногдуулж өгөөчээ. Улсын яллагчийн авч байгаа саналын эрүүгийн хариуцлагатай эсрэг байр суурьтай байна. Яагаад гэвэл нийгмийн аюулын хор, хохирол, хор уршигтай нийцэхгүй байна. Тийм учраас гаргасан саналаа дэмжиж байна гэв.

Хохирогчийн өмгөөлөгч М.Б эрүүгийн хариуцлагын саналдаа: Хохирогч эмчилгээ үйлчилгээ хийсэнтэй холбоотой ямар ч баримт өгөөгүй гэж байна. Энэ зардлыг гаргаж өгөх гэсэн боловч нийгмийн даатгалын сангаас үүнийг 100 хувь төлсөн. Ирээдүйд гарах зардал гэж нэхэмжилж шүүх хуралдаанд оролцсон. Бусдын буруутай үйлдлээс болоод хохирогч хохирсон. Улсын яллагчийн 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг дэмжиж байна. Торгох ял оногдуулах юм бол эдгээр хүмүүс төлөөд л явчих учир гэм буруугаа ухамрсарлахгүй гэж үзэж байна гэв.

Шүүгдэгч *******,******* нарт эрүүгийн хариуцлагыг оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүх шүүгдэгч *******,******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, хохирогчийн зүй бус харьцаа гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрийг 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Бусад асуудал: 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

 

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж тус тус зааснаар шүүгдэгч *******,******* нар нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч нь хор уршигт 5.242.000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн ба өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөгийг шууд гарсан гэм хорын хохирол зардал гэж үзэх үндэсгүй байх тул хэрэгсэхгүй болгож, хохирогч нь өөрт учирсан хохирол буюу эмчилгээ хийлгэхэд шаардлагатай зардал гэх 4.242.000 төгрөгийг болон цаашид гарах гэм хор, хор уршигийн хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдлаа.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *******,******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав. 

 

Шүүгдэгч *******,******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч .......овогт Э. М, Аврах овогт Чо. П нарыг бүлэглэж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч*******ийг 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  2.500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******,******* нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *******,******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож цаашид хохирогч нь энэ хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо Иргэний хуульд зааснаар хангуулах эрхтэй болохыг дурдсугай.

 

            7.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.АЮУШЖАВ