Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 834

 

Ж.Шид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Чинбилиг,

шүүгдэгч Ж.Шийн өмгөөлөгч Ж.Г,

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулж,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Г.Мөнхзул, Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 453 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Ш, түүний өмгөөлөгч Ж.Г нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ж.Шид холбогдох эрүүгийн 1808055481546 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Г овгийн  Ж.Ш, 1971 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, замчин, мужаан, цахилгаанчин мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Женерал Роуд” ХХК-д замчнаар ажиллаж байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт .................. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ................./,

Ж.Ш нь 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 3-80 тоотод байрлах өөрийн байшинд зүс таних 7 настай, эмэгтэй З.А-н бэлэг эрхтэнг долоож, үнсэж, үнэрлэн түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, биеэ хамгаалах чадваргүй байгааг далимдуулан бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн буюу хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ж.Шийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ж.Шийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Шийг 12 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ж.Шид оногдуулсан 12 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ж.Шийн цагдан хоригдсон 134 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч З.А-н хууль ёсны төлөөлөгч нь тус гэмт хэргийн улмаас цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.   

Шүүгдэгч Ж.Ш гаргасан давж заалдах гомдолдоо: “... Тухайн өдөр насанд хүрээгүй хохирогч Анударийг хүчиндэх санаа зорилго надад байгаагүй. Би энэ талаараа мөрдөн байцаалтын шатнаас эхлэн мэдүүлсэн. Хохирогч З.Анударийг бага насны, жаахан хүүхэд гэдэг утгаар нь миний өхөөрдөж хийсэн үйлдэлд анхан шатны шүүх 12 жилийн хорих ял оногдуулсанд эргэлзэж байна. Миний хувьд хууль сайн мэдэхгүй үйлдлээсээ болж Эрүүгийн хуульд заасан хүчиндэх гэмт хэргийг завдсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би хэрэгт холбогдохоосоо өмнө өндөр настай эхийн хамт амьдарч байсан. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй байдлыг минь харгалзан үзэж шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Ж.Шийн өмгөөлөгч Ж.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг илэрсэн нөхцөл байдлыг шалгах, явсан замыг тогтоох, зааж өгсөн газрыг шалгах, урьд өгсөн мэдүүлгийн үнэн зөвийг харьцуулан тогтоох зорилгоор яллагдагчийн зөвшөөрснөөр, эсхүл мөрдөгч өөрийн санаачилгаар мэдүүлгийг газар дээр нь шалгаж болно гэж хуульчилсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар хэргийн талаар үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй оролцож, худал мэдүүлэг өгөх үр дагавраа өөрөө хариуцан оролцдог тул түүний мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг хууль тогтоогч хуульчлаагүй болно.

Шүүгдэгч Ж.Шид холбогдох эрүүгийн хэрэгт мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаанд ашигласан макет, зураг зэрэг зүйлийн эх сурвалж тодорхойгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийг зөрчин нотлох баримт цуглуулж, насанд хүрээгүй хохирогчоос мөн хуулийн 25.1 дүгээр зүйлийн 13, 15 дахь заалтыг зөрчсөн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч мэдүүлгийн газар дээр нь шалгах ажиллагааг хохирогч дээр явуулж хээрг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

Хэрэгт авагдсан баримтын хүрээнд Ж.Шийн бусдыг хүчиндэх үйлдэл нь түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй нөхцөл байдалд байхад гэмт хэргийг төгссөн үйлдлээр зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авагдсан нотлох баримтад үндэслэн, анхан шатны шүүхээс шүүгдэгчид ял оногдуулсан хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Чинбилиг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анх Ж.Шийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан яллагдагчаар татаж байсан. Мөрдөн байцаагч болон прокурор үүрэгт ажлаа хийсний үр дүнд мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн үйлдэл тогтоогдсон. Ийм учраас зүйлчлэлийг өөрчилж ял сонсгосон. Мэдүүлгийг шалгах ажиллагаа 2 ч удаа явагдсан. Мэдүүлэгт дурдагдсан болон ярьсан асуудлыг хөтөлж асуугаагүй. Долоох гэдгийг өөрөөр ойлгохыг үгүйсгэхгүй учир тийм алдаа гаргахгүй гэдэг үүднээс тухайн зургийг хавтас хэрэгт хийсэн. Дээрх асуудлыг шалгаж Улсын Ерөнхий Прокурорын газраас гомдлыг хэрэгсэхгүй болгосон. Уг гэмт хэргийн хор уршиг нь насанд хүрээгүй хохирогч дээр гарна. Сэтгэл судлалын шинжлэх ухаанаар насан туршийн эмгэг буюу намжмал байдлаар илэрдэг гэдгийг тогтоосон. “Монгол билиг” сэтгэл судлалын төвийн оношилгоогоор сэтгэл зүйн дүгнэлт гарсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь өөрийн хэлээ насанд хүрээгүй хохирогчийн бэлэг эрхтэн оруулсан гэдэг нь тогтоогдсон. Харин хэдэн см орсон гэдэг нь тогтоодоогүй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Ж.Шид холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчил тогтоогдсонгүй.

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судлахад:

Ж.Ш нь 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 3-80 тоотод байрлах өөрийн байшинд зүс таних 7 настай, эмэгтэй З.А-н бэлэг эрхтэнг долоож, үнсэж, үнэрлэн түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, биеэ хамгаалах чадваргүй байгааг далимдуулан бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн буюу хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ж.Ш дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь:

насанд хүрээгүй хохирогч З.А-н “... тэр ах өөрийнхөө цамц, фудболкоо тайлаад, миний цамцны цахилгааныг буулгаад, трикоог хөлийн шагай хүртэл шувтлаад, намайг орон дээр хэвтүүлээд, миний дээр гараад, дээгүүрээ хөнжлөө нөмрөөд, миний боожгойг хэлээрээ долоогоод байсан. ...” гэх /1хх-17-18, 22-23, 34/,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.З-ийн “... хаалгыг нь тогшиход онгойлгохгүй болохоор нь цонхон дээр нь очоод тогшингоо цонхоор харахад цаад орон дээр Ж.Ш хөнжил дээгүүрээ нөмөрсөн бололтой байх шиг байсан. Тэгээд цонхыг нь тогшсон чинь Ж.Ш хаалгаа тайлж өгөөд “өө нам унтчихсан байна шүү дээ” гээд өөдөөс гараад ирсэн. ... Ч надад Ж.Ш гэдэг хүн чинь А-г оролдсон гэж байна шүү дээ гэж хэлэхээр нь итгэхгүй гайхаад А-с миний охиныг оролдсон юм уу гэхэд тэр ах миний бэлэг эрхтэнг долоогоод байсан гэж хэлсэн. ...” гэх /1хх-36-37/,

насанд хүрээгүй гэрч Т.Ч “... Айлд байхад З.А “агаа энэ ах намайг оролдоод байсан” гэж шивнэсэн. Би гадаа гараад асуухад “тэр ах миний боожгойг долоогоод байсан” гэж хэлсэн. ...” гэх  /1хх-44/,

гэрч Л.Ц “... Айдас түгшүүрийн хариу урвал нь сэтгэл зүйн гэмтлийн дараагаар үүсч болдог. Сэтгэл зүйн гэмтэл гэдэгт айлган сүрдүүлэгт өртөх, биеийн болон бэлгийн хүчирхийлэлд өртөх, хүнд гарз хохирол учрах гэх мэт зүйл ордог. ...” гэх /1хх-151/ мэдүүлгүүд,

 дуу-дүрсний бичлэг хийсэн тэмдэглэл /1хх-20/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-4-7/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-24, 28-33/, насанд хүрээгүй хохирогч З.Ад хийсэн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн дүгнэлт /1хх-137-140/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх-143/, “Монгол билэг сэтгэл судлалын төв” ХХК-ийн сэтгэлзүйн оношилгооны дүгнэлт /1хх-154-158/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Прокуророос Ж.Шийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл зөв болжээ.

Шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Ж.Шийг хүчиндэх гэмт хэргийг бага насны буюу 7 нас 8 сар 15 хоногтой хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Түүнчлэн, Ж.Шийг 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч Ж.Ш, түүний өмгөөлөгч Ж.Г нараас “... хүчиндэх гэмт хэргийг завдсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, эсхүл зүйлчлэлийг өөрчлөн хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд тус тус гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ.” гэж заасан.

Ж.Шийн хувьд бага насны буюу 7 настай З.А-н хүсэл зоригийн эсрэг, биеэ хамгаалах чадваргүй байгааг далимдуулан бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн буюу бага насны хохирогчийн бэлэг эрхтнийг долоосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Нөгөөтэйгүүр, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл гэж хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан, хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулсныг ойлгох ба шүүгдэгч Ж.Ш нь хохирогчийн бэлэг эрхтэнд хэлээ оруулж, долоосон, үнссэн, үнэрлэсэн үйлдлээр гэмт хэрэг төгссөн гэж үзнэ.

Түүнчлэн, шүүгдэгч Ж.Ш нь уг гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн, хохирогч З.А нь айдас түгшүүрийн хариу урвалтай байгаа ба энэ нь биеийн болон бэлгийн хүчирхийлэлд өртөхөд үүсдэг сэтгэл зүйн эмгэг, бага насанд авсан гэнэтийн цочрол нас биед хүрэх үед илэрдэг бөгөөд тухайн хүн хувийн амьдрал болон нийгмийн харилцаанд ороход саад болдог ба сэтгэцийн хувьд гэмтэл үлдээдэг гэсэн сэтгэц эмгэг судлалын дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлэг, мэргэжлийн байгууллагын дүгнэлт зэргээс харахад түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас үүссэн үр дагавар нь хор уршиг ихтэй байх тул түүнд оногдуулсан хорих ялын хөнгөрүүлэх боломжгүй юм.

Иймд шүүгдэгч Ж.Ш, түүний өмгөөлөгч Ж.Г нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 453 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 453 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Ш, түүний өмгөөлөгч Ж.Г нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН   

ШҮҮГЧ                                                             Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Д.ОЮУНЧУЛУУН