Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2024/0515

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

         

Н.Ц, Д.Ж нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн: шүүгч З.Ганзориг

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, хариуцагч Д.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н

 

Нэхэмжлэгч: Н.Ц /РД:ИФ63021019/

Нэхэмжлэгч: Д.Ж /РД:ИФ66081310/

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга

Гуравдагч этгээд: “Э Х” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 489 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах, “Э Х” ХХК /хуучнаар “Шинжиучи”/-д 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр олгосон ашигт малтмалын ашиглалтын MV-022051 тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах”  

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2024/0412 дугаар шийдвэр

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Д

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дөлгөөн

Хэргийн индекс: 128/2022/1049/з

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н.Ц, Д.Ж нарыг төлөөлөн Т.Н-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 489 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах, “Э Х” ХХК /хуучнаар “Шинжиучи”/-д 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр олгосон ашигт малтмалын ашиглалтын MV-022051 тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2024/0412 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.3, Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийг баримтлан Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт байрлах Айраг уул нэртэй 2759.82 га талбайд ашигт малтмалын хайгуулын XV-012596 дугаар тусгай зөвшөөрлийн талбайд тусгай зөвшөөрөл эзэмшигч “Э Х” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтийг Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргааны саналыг авч Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.3-т заасныг хангуулан шийдвэрлэх үүргийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хүлээлгэн, тэр хүртэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 489 дүгээр шийдвэр, “Э Х” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-022051 тоот тусгай зөвшөөрлийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасан “шүүхээс тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тусгана” гэх заалтын үр дагаврыг тайлбарлажээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Насанжаргал дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

3.1. шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 5.3-т “...цаашлаад энэ материалыг нөхөн авч тусгай зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчөөгүй. Учир нь хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэх, дүгнэлт гаргах, нөөц бүртгэх захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагаанд зарцуулсан хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигчид хариуцуулах, хугацаа хожимдуулсан гэж үзэх нь төдийлөн үндэслэлтэй биш бөгөөд ийнхүү үзээгүй захиргааны байгууллагын шийдвэрийг буруутгах үндэслэлгүй” гэснийг хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

 Нэхэмжлэгчид хариуцагчаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргыг тодорхойлсон бөгөөд түүний гаргасан шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д заасан ... эрх зүйн зөрчилтэй, хууль бус Захиргааны акт... гэж үзэж хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан.

Гэтэл анхан шатны шүүх “...эрх зүйн зөрчил...” байгаа эсэхийг хянахгүйгээр шууд гуравдагч этгээдийг хамгаалж, захиргааны байгууллагыг зөвтгөсөн дүгнэлт хийж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан хуулийн зорилтыг бүхэлд нь зөрчсөн дүгнэлт юм.

3.2. Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.1, 26.1.2, 26.2, 26.3-т үзэхэд дутуу бүрдүүлсэн материалыг хэзээ гарахыг нь хүлээж байгаад нөхөн аваад тусгай зөвшөөрлийг олгоно гэсэн хуулийн заалт ерөөсөө байхгүй юм.

“Ш” ХХК 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан байдаг. Гэтэл “... бүртгэсэн дариуд өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 24.3, 24.4, 25.1-д заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийх...” гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй захиргааны байгууллагын хууль бус үйлдлийг Захиргааны хэргийн шүүх үндэслэлгүйгээр зөвтгөж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

3.3. Шүүхийн шийдвэрийн 5.5-т “... Өөрөөр хэлбэл 2019 оны 11 дүгээр сарын 20 хүртэл хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдалд шүүхийн маргаантай байсан нь тухайн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдлийг шийдвэрлэх захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагаанд нөлөөлсөн гэж үзнэ...” гэжээ.

Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаснаас хойш Кадастрын хэлтсээс гуравдагч этгээдэд шүүхийн маргаантай байгаа учраас хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байгааг тодорхойлсон албан бичиг огт хүргүүлж байгаагүй.

Тэр ч битгий хэл 2019 оны 08 дугаар сарын 21-ны өдрийг хүртэл зураг зүйн шүүлтийг хийж байсан тухай баримт хэргийн 128 дугаар хуудаст байгаа. Энэ өдөр тусгай зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэх сүүлчийн өдөр байна.

3.4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн “... Иймд нэхэмжлэлийн энэ шаардлагын хүрээнд хуулиар тогтоосон энэ шаардлагыг хангуулах үүргийг захиргааны байгууллагад хүлээлгэж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ...” гээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дээрх заалтыг удирдлага болгон маргаан бүхий захиргааны актыг 6 сарын хугацаатай түдгэлзүүлэх шийдвэр гаргасныг “... хуульд үндэслээгүй” гэж үзэж байгаа учраас хүлээн зөвшөөрөхгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т “...шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх...” гэж заасан.

Энэ хэргийг шийдвэрлэхэд цаашид юуг нэмж тодруулах шаардлагатай байгаа тухай, нэмж тодруулах зүйлийн ямар цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос нь хэтрээд байгаа тухай огт дүгнэлт хийхгүйгээр зүгээр л хуулийг буцаан хэрэглэх боломжийг захиргааны байгууллагад хууль зүйг үндэслэлгүйгээр олгож байгаа нь иргэдийн шүүхэд итгэх итгэлийг хамгаалах зарчмыг зөрчсөн хуульд үндэслэгдээгүй шийдвэр учраас шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

3.5. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хдаргалж, шүүгч Т.М, шүүгч А.Г нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаас гаргасан 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ202/0412 дугаар шийдвэрийг хууль буруу хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн гэх үндэслэлээр хүчингүй болгож өгнө үү гэжээ.

4. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагч дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

4.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “...Ашигт малтмалын тухай хуулиар ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход бүрдүүлэх баримт бичигт заагаагүй агуулгаар Усны тухай хуулийг хэрэглэхээс татгалзах, хэрэглэхгүй байх эрх захиргааны байгууллагад олгоогүй байна. Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэхдээ төрийн захиргааны байгууллага тухайн бүс нутгийн сав газрын захиргаанаас байгаль орчны асуудлаар санал авах шаардлагыг хангаагүй нь буруу байна.” гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг батлагдсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргаж, хуульд заасан баримт бичгийг хавсаргахаар заасан байх бөгөөд Усны тухай хуулийн сав газрын захиргааны саналын талаар тусгагдаагүй болно. 2012 онд батлагдсан Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын 17 дугаар зүйлийн 17.2-т “Тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав 'азрын захиргааны саналыг үндэслэнэ.” гэсэн зохицуулалт орсон байх бөгөөд дээрх талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг 2007 онд хууль хэрэгжихээс өмнө олгосон байна. Усны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдаж гараагүй.

4.2. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.4, Зөвшөөрлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 3, 5.6 дугаар зүйлийн 2 дахь заалтыг хамааруулан авч үзэхэд, шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг зөвхөн Усны тухай хуулийн үйлчлэлд хамааруулан дүгнэж байгаа нь хэт нэг талыг барьсан бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Ийм тохиолдолд Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд хүндрэл үүсэхээр байна.

Бодит нөхцөл байдлыг тодруулбал төрийн захиргааны байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлж Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Засаг даргаас 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1/238 албан тоотоор Байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргээ биелүүлж ажилласан болохыг тогтоосон тодорхойлолтыг ирүүлсэн тул Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу өргөдлийг хянан үзээд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 489 дүгээр шийдвэрээр “Ш” ХХК-д Завхан аймгийн Эрдэнэхайрхан нутагт Айраг уул нэртэй 2759.82 гектар бүхий ашигт малтмалын М\/-022051 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон байна. Тодруулбал 489 дүгээр шийдвэр Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.2-д заасныг үндэслэн гарсан хууль зүйн үндэслэлтэй захиргааны акт болно.

4.3. Нэхэмжлэгч нарт сумын Засаг даргын захирамжаар өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмшүүлсэн газар “Э Х” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалтай хэдий ч Ашигт малтмалын тухай хуулийн 41 дүгээр зүйлд тусгай зөвшөөрөл эзэмшигч ашиглалтын үйл ажиллагааны явцад өвөлжөө, хаваржааны газарт гэм хор учруулсан бол хохирлыг нөхөн төлөх зохицуулалттай бөгөөд дээрх давхцал нь ашигт малтмалын ашиглалтын М\/-022051 дугаар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах үндэслэл болохгүй.

Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг батлах” Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулж, Засгийн газрын гишүүдээс урьдчилан санал авч Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д “...Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг энэ хуулийн 17.2-т заасны дагуу ирүүлсэн зөвшөөрсөн...” саналыг үндэслэн Засгийн газар батална” гэж заасан.

Үүний дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т заасны дагуу батлагдсан тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмаар ашигт малтмалын хайгуулын, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох ажлыг Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлж ажилладаг.

Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс урьдчилсан санал авч баталгаажуулсан байхад дахин Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасны дагуу ”... зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ...” гэсэн заалт нь Ашигт малтмалын тухай хуулиар олгосон Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүрэгтэй зөрчилдсөн хуулийн зохицуулалт байна.

4.4. ... Геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгох харилцааг илүү нарийвчилсан зохицуулсан Ашигт малтмалын тухай хуулийг хэрэглэхээр заасан байна.

Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно.” гэж, 22.2.1-д “онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” гэж заасан.

Мөн Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно” гэж, 4.5-д “Энэ хуулийн 4.1-д заасан газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй” гэж хуульчилсан тул онцгой хамгаалалттай, гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн олгох боломжгүй болно.

Иймд гомдлыг хуулийн дагуу хянан үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдлын агуулга: гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нандин-Эрдэнэ дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

5.1. Анхан шатны шүүх иргэн Н.Ц, Ц.Ж нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг АМГТГ-ын ГУУКХ-ийн гаргасан захиргааны акт нь зөрчөөгүй болох тогтоогдож байхад гуравдагч этгээдийн ашигт малтмалын М\/-022051 дугаартай тусгай зөвшөөрлийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн, түүнчлэн Ашигт малтмалын тухай хууль, Усны тухай хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй шийдвэр гаргаж гуравдагч этгээд “Э Х” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаад гомдолтой байна.

Ашигт малтмалын тухай хууль, Усны тухай хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэж “Э Х” ХХК-ийн ашиглалтын М\/- 022051 тоот тусгай зөвшөөрлийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлагыг, 25 дугаар зүйлд өргөдлийн бүрдүүлбэрийг, 26 дугаар зүйлийн 26.1-т өргөдлийг хүлээн авмагц явуулах ажиллагааг, 26.3.1-т өргөдлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлүүдийг хуульчилсан байх ба АМГТГ-ын ГУУКХ-ээс өргөдлийг хүлээн авахаас татгалзах буюу тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэлд Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасны дагуу санал аваагүй гэсэн үндэслэл хамаарахгүй байна.

Мөн хайгуулын ажил бол хайгуулын тусгай зөвшөөрөл гэдэг хэмжээ хязгаартай явагддаг бөгөөд олборлолтын үйл ажиллагаа нь газар ухахтай холбоотой буюу газраас ухаж тухайн ашигт малтмалыг олборлодог. Ашиглалтын тусгай зөвшөөрөл авснаар манай компани олборлох эрхийг шууд олж авдаггүй бөгөөд ашиглалтын тусгай зөвшөөрөл нь олборлолт явуулах эрх биш юм. Мөн уулын ажлын төлөвлөгөө олборлох эрхийг авч байж л ашигт малтмал олборлох эрхийг олж авдаг болно.

5.2. Байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг ашиглалтын тусгай зөвшөөрөл авсны дараа хийлгэдэг бөгөөд Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийхдээ сав газрын захиргаанаас санал авдаг. Аж ахуй нэгжүүд Усны сав газартай гэрээ байгуулаад ус ашиглалтын талаар, олборлолтоо яаж явуулах талаар, усны сав газарт яаж нөлөөлөл үзүүлэх юм гэдэг талаар гэрээ байгуулаад, төлбөрөө тогтоогоод байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийдэг. Тэр байгаль орчны нарийвчилсан үнэлгээг комисс хэлэлцээд, Усны сав газраас авсан саналыг шалгасны үндсэн дээр байгаль орчны нарийвчилсан үнэлгээ баталдаг. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийсний дараа байгаль орчны менежментийн төлөвлөгөө, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнүүд хийгдэнэ. Ийнхүү байгаль орчны менежментийн төлөвлөгөө, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө болон бусад ажиллагаа хийгдэж, орон нутагтай нийгмийн хариуцлагын гэрээ байгуулсны дараа хамгийн сүүлд Ашигт малтмалын газрын уул уурхайн хэлтсээс олборлолт хийх зөвшөөрлийг авдаг.

Уул уурхайн төлөвлөгөө гэдэг хаанаас яаж олборлолтоо хийх, ямар аргачлалаар хийх, хэчнээн хэмжээний хүдэр олборлох, хэчнээн хэмжээний хүхэр суулгах тэр бүгдийг батлуулдаг юм. Энэ харилцаанд Ашигт малтмалын тухай хууль, Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл олгож байгаа харилцаа нь олборлолт гэдэг агуулгад ордоггүй болно. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийхийн тулд олборлолт хийхээс өмнө буюу газар ухахаас өмнө Усны сав газрын захиргаанаас зөвшөөрөл, санал гээд бүгдийг авчихсан байна. Иймд Ашигт малтмалын тухай хууль дээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох үед Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан усны сав газрын санал нь ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход үндэслэх баримт бичигт хамаарахаар заагаагүй байна. Байгаль орчны үнэлгээний хуулийг хэрэгжүүлэх явцад хийдэг учраас Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулдаггүй болно.

Хууль хэрэглэх, хууль тогтоомжийн нэгдмэл байдлын зарчмын үүднээс тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хууль болох Ашигт малтмалын тухай хуульд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэлд Сав газрын захиргааны саналыг аваагүй гэсэн үндэслэл хамаарахгүй байх байна.

5.3. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэлд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон нь нэхэмжлэгч нарын хувьд “экологийн тэнцвэр алдагдахаас хамгаалуулах” эрхэд хамааралтай” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна

Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т тэр орон нутагт амьдарч байгаа иргэд, тэр тусмаа тэр газар өвөлжөө эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын тухай асуудал огт яригдахгүй. Ашигт малтмалын хуульд газар эзэмшигч болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн харилцааг тусгайлан зохицуулсан бөгөөд янз бүрийн нөлөөлөлд орохоор бол нөхөн олговор олгох, төлбөрийг төлөх эсвэл энэ асуудалтай хамааралтай нийгмийн хариуцлагын гэрээ гэх мэтчилэн хийх талаар хуульд зохицуулсан. Санал авах ёстой гэж үзвэл саналыг аваагүй нь тухайн газарт 0.07 га өвөлжөөний газар эзэмшигчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд яаж нөлөөлж, яаж хөндөөд байна вэ гэдэг нь тодорхойгүй байна.

Зөвшөөрлийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулиар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох бүрэн эрх Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст хуулиар олгогдсон бүрэн эрх бөгөөд хариуцагч захиргааны байгууллагаас Усны тухай хуулийн дагуу Сав газрын захиргаанаас санал аваагүй нь нэхэмжлэгч Н.Ц, Ц.Ж нарын аливаа эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна. Нөгөөтээгүүр Сав газрын захиргаанаас санал авснаар нэхэмжлэгч иргэн Н.Ц, Ц.Ж нарт ямар нэг эерэг нөлөөллийг бий болгох, тэдгээрийг эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдах аливаа нөлөөлөл үүсэхээргүй байхад анхан шатны шүүх иргэн Н.Ц, Ц.Ж нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлд үндэслэн захиргааны байгууллагын шийдвэрийг 6 сарын хугацаатайгаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь эрх зүйн тогтвортой байдлын зарчмыг гажуудуулахад хүргэж байна.

5.4. Анхан шатны шүүхээс хариуцагч нь гуравдагч этгээдэд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо Усны тухай хуулийн 17 дугаар зүйлтийг 17.2-т заасныг зөрчсөн гэх үндэслэлээр “Э Х” ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон хариуцагч захиргааны байгууллагын шийдвэрийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй тул “Э Х” ХХК-д ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 489 дугаар шийдвэр нь хуульд нийцсэн, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, анхан шатны шүүх холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2024/0412 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх хэрэгт цуглуулсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтад холбогдуулан хуулийг буруу тайлбарлаж, захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн нь үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

3. Нэхэмжлэгч Н.Ц, Д.Ж нарыг төлөөлөн Т.Н-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 489 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах, “Э Х” ХХК /хуучнаар “Ш”/-д 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр олгосон ашигт малтмалын ашиглалтын MV-022051 тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Ингэхдээ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... маргаан бүхий актаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо Захиргааны ерөнхий хуульд заасан зарчим, шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн; хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж байсан баримт тус компанид олгогдоогүй, өргөдөлдөө байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хавсаргаж өгөөгүй; Ашигт малтмалын тухай хуулийн 26.3, Усны тухай хуулийн 17.2-т заасныг зөрчсөн; Үндсэн хуулиар баталгаажсан эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдахаас хамгаалуулах эрх зөрчигдсөн” гэж тодорхойлсон байна.

4. Харин уг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэлээ хариуцагчаас “... уг шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 26.3.2-т заасныг үндэслэсэн тул хууль зүйн үндэслэлтэй, Эрдэнэхайрхан сумын Засаг даргаас 2021 оны 1/2838 дугаар албан бичгээр байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөөр хүлээсэн үүргээ биелүүлж ажилласан талаар тодорхойлолт ирүүлсэн, Ашигт малтмалын тухай хуулийн 25.1-д зааснаар өргөдөлд хавсаргах баримт бичигт усны сав газрын захиргааны санал гэж тусгагдаагүй, Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс урьдчилан санал авсан байхад Усны тухай хуулийн 17.2-т заасны дагуу дахин санал авахгүй” гэж,

гуравдагч этгээдээс “... хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж ажилласан талаар тодорхойлолт гаргаж өгөхгүй байгаа сумын Засаг даргын эс үйлдэхүйтэй холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 194 дүгээр магадлалаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснээр тодорхойлолт авсан; Ашигт малтмалын тухай хуулийн 21.1.3-т заасан онцгой эрхийнхээ дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан нь нэхэмжлэгч нарыг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй; нэхэмжлэгчид өвөлжөө, хаваржааны газар эзэмшиж байгаа нь ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл болохгүй” гэж тус тус тайлбарлан маргажээ.

5. Анхан шатны шүүх, хэрэгт цуглуулсан нотлох баримтыг хэргийн оролцогчдын шаардлага ба татгалзлын үндэслэлтэй холбогдуулан “... хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэх, дүгнэлт гаргах, нөөц бүртгэх захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагаанд зарцуулсан хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигчид хариуцуулах, хугацаа хожимдуулсан гэж үзэх нь төдийлөн үндэслэлтэй биш бөгөөд Эрдэнэхайрхан сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1/238 тоот албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яам 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг баталж хүргүүлсэн, өөрөөр хэлбэл мөн л орон нутгаас тодорхойлолт авах ажиллагаанд зарцуулсан, шүүхээр маргасан, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигчид хариуцуулах, хугацаа хожимдуулсан гэж үзэх үндэслэлгүй, ийнхүү үзээгүй захиргааны байгууллагын шийдвэрийг буруутгах үндэслэлгүй;  шүүхийн маргаантай байсан нь тухайн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдлийг шийдвэрлэх захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагаанд нөлөөлсөн; сумын Засаг даргын захирамжаар Н.Ц, Д.Ж нарт өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмшүүлсэн тус бүр 1 га газар нь “Э Х” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн 2759.82 га талбайд бүхэлдээ багтсан ч ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлд хамаарахгүй, ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд заасан үндэслэл үүсээгүй” гэх зэргээр маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт өгсөн.

Гэвч ... ашигт малтмал эрэн хайх, ашиглахтай холбоотой харилцаанд Усны тухай хуулийг хэрэглэнэ, ашигт малтмалын хайгуул болон олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгох аливаа тохиолдолд Усны тухай хуулийн 17.2-т зааснаар сав газрын захиргаанаас санал авах ба энэ шаардлагыг хангаагүй, хуулиар тогтоосон дээрх шаардлагыг хангуулах үүргийг захиргааны байгууллагад хүлээлгэж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэх үндэслэлээр, хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж дүгнэж, захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн нь учир дутагдалтай болжээ.

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан нь цаашид зайлшгүй тодруулах шаардлагатай нөхцөл байдал нь маргааны үр дагаварт голлох ач холбогдолтой байхын зэрэгцээ шүүх нотлох зарчмыг бүрэн хэрэгжүүлсэн боловч тэрхүү тодруулах зүйлийн цар хүрээ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх урьдчилсан нөхцөлийг шаардана.

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий захиргааны акт хууль бус болох нь тогтоогдох хэдий ч хэргийн бодит нөхцөл байдалтай холбоотой өөр бусад үндэслэлээр захиргааны акт хууль ёсны байж болохуйц нөхцөл байдлыг тодруулах үүргийг захиргааны байгууллагад шилжүүлэх агуулгатай зохицуулалт билээ.

7. Энэ тохиолдолд, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1-д заасны дагуу тухайн талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах, эрх бүхий захиргааны байгууллагаас түүнийг шийдвэрлэж, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон байх тул Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан “Тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ” гэх зохицуулалт үйлчлэх эсэхэд эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагатай.

8. Хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбарыг хэрэгт цуглуулсан нотлох баримтуудтай харьцуулан үзэхэд дараах үйл баримт тогтоогдож байна.

8.1. Урьд өөр хуулийн этгээдийн эзэмшиж байсан, Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт байрлах Айраг уул нэртэй 2762 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын XV-012596 дугаар тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Кадастрын бүртгэлийн төвийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 24 дүгээр шийдвэрээр “Ш” ХХК шилжүүлж авсан ба уг хуулийн этгээд нь хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр гаргаснаар Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 489 дүгээр шийдвэрээр ашиглалтын MV-022051 дугаартай тусгай зөвшөөрлийг “Ш” ХХК-д олгожээ.

8.2.  “Ш” ХХК-ийн хувьд 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Кадастрын хэлтэст гаргахдаа Маягт К-02 өргөдлийн 7-д заасан хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээн авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр, 8-д заасан хайгуулын ажлын явцад байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт, 9-д заасан байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ зэргийг хавсаргаагүй талаар тэмдэглэгдсэн.

8.3. Хайгуулын ажлын явцад байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1/238 тоот албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг баталж хүргүүлсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6-д заасан тодорхойлолтыг гуравдагч этгээдэд гаргаж өгөхөөс татгалзсан сумын Засаг даргын татгалзал, эс үйлдэхүйг Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 194 дүгээр магадлалаар тус тус хууль бусад тооцож, тодорхойлолт гаргаж өгөхийг сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэсэнээр Эрдэнэхайрхан сумын Засаг дарга дээрх 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1/238 тоот албан бичгийг үйлдсэн байдаг.

8.4. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт орших Айраг-Уулын алтны үндсэн ордод Хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд 2011-2018 онуудад гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэж баталсан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуралдааны ХХ-12-11 дүгээр дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн н/78 дугаар нөөцийг хүлээн авч, бүртгэсэн тушаалыг 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр нөхөж өгснийг Маягт К-02-т огноог тэмдэглэн хүлээж авсан.

8.5. “Ш” ХХК нь хуулийн этгээдийн нэрийг 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр “Э Х” ХХК болж өөрчлөгдсөнийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэснээр ашиглалтын MV-022051 дугаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээг “Э Х” ХХК-д шинэчлэн олгосон.

Н.Ц, Д.Ж нарт анх Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Засаг даргын 2007 оны 29 дүгээр захирамжаар тус бүр 1400 кв.м газар эзэмшүүлж, сумын Засаг даргын 2020 оны А/17 дугаар захирамжаар 10000 кв.м болгож хэмжээг нь өөрчилсөн газрууд бүхэлдээ “Э Х” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд багтсан.

9. Тодруулбал, гуравдагч этгээд “Э Х” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй” гэж заасан эрхийнхээ хүрээнд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан.

Ингэхдээ Ашигт малтмалын тухай хуульд заасан, өргөдөлд хавсаргавал зохих баримтыг энэ хэсгийн 8.3, 8.4-т заасанчлан өөрөөс үл хамаарах шалтгааны улмаас нөхөн бүрдүүлж өгсөн, захиргааны байгууллага түүнийг бүртгэж, өргөдлийг хянан шийдвэрлэж, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх үйл баримтын хүрээнд, Усны тухай хуулийн 17.2-т заасан зохицуулалт энэ харилцаанд хамаарах эсэх талаар маргаж буй нөхцөлд уг зохицуулалтаар тодорхойлсон шаардлагыг хангуулах агуулгаар шийдвэр гаргах ажиллагааг дахин явуулахыг даалгахаар шийдвэрлэсэн нь захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх зохицуулалтын зорилгод буюу энэ хэсгийн 6-д заасан урьдчилсан нөхцөлийн агуулгад хамаарахгүй.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс цаашид тодруулах шаардлагатай гэж тодорхойлсон “... Усны тухай хуулийн 17.2-т зааснаар сав газрын захиргаанаас санал авах шаардлагыг хангуулах үүргийг захиргааны байгууллагад хүлээлгэж хэргийг шийдвэрлэх” гэх нөхцөл байдал нь хэргийн үйл баримтын хүрээнд маргаан бүхий захиргааны акт хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэхийг дүгнэхэд голлох ач холбогдолгүй юм.

10. Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Энэ хуулийн 24.1-т заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараахь баримт бичгийг хавсаргана: гээд … 25.1.6.хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт; 25.1.7.байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ;”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 25.1-д заасан өргөдлийг хүлээн авмагц дор дурдсан ажиллагаа явуулна:”, 26.1.2-т “бүртгэсэн даруйд өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 24.3, 24.4, 25.1-д заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийх”, 26.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 26.1.2-т заасан анхан шатны шүүлт хийсний дараа дараахь зүйлийг тодруулна”, 26.3-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 26.1, 26.2-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараахь шийдвэрийн аль нэгийг гаргаж, өргөдөл гаргагчид мэдэгдэнэ”, 26.3.2-т “хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан бол онцгой эрхийнх нь дагуу уурхайн талбай олгож, ашиглалтын тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 34.1-д заасан хугацаанд төлүүлэх;”, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Нөлөөллийн үнэлгээ нь дараах үнэлгээнээс бүрдэнэ” гээд 7.1.1-д “байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ”, 7.1.2-т “байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ”, 7.2-т “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах, газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах, аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ” гэж тус тус заасан.

Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт шаардсаны дагуу гуравдагч этгээд нь уг дүгнэлтийг Байгаль орчны яамнаас энэ хэсгийн 8.3-д заасны дагуу авсан, хариуцагч нь өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх ба энэ нь тус хуульд нийцсэн байна.

11. Мөн Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ”, 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”, 22.2.1-д “онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно”, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно”, 4.5-д “Энэ хуулийн 4.1-д заасан газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй” гэж тус тус заасныг хамтатган авч үзэхэд, “байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас дүгнэлт авсан, усны сан бүхий газарт угаасаа ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохгүй тул сав газрын захиргаанаас санал авах шаардлагагүй” гэх хариуцагчийн гомдлыг хүлээн авах үндэслэлтэй.

12. Учир нь Усны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь усны нөөц, түүний сав газрыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, 2 дугаар зүйлийн 2.1-д “Ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, энэ хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.” гэж,

Ашигт малтмалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, 2 дугаар зүйлийн 2.1-д “Ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, энэ хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.” гэж тус тусын хуулийн зорилт, хууль тогтоомжийн хүрээг тодорхойлсон.

13. Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэж, тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар нарийвчлан зохицуулсан, гуравдагч этгээдийн хувьд уг хуулиар тогтоосон нөхцөл шаардлагын дагуу өргөдөл гаргаж, захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл олгожээ.

14. Н.Ц, Д.Ж нарын нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон захиргааны акт, тусгай зөвшөөрөл нь Ашигт малтмалын тухай хуульд нийцэхээс гадна тэдгээрийн нэхэмжлэлд тодорхойлсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл дээрх байдлаар тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2024/0412 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн “Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.3.2 дахь заалтын тус тус баримтлан Н.Ц, Д.Ж нарыг төлөөлөн Т.Наас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 489 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах, “Э Х” ХХК /хуучнаар “Шинжиучи”/-д 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр олгосон ашигт малтмалын ашиглалтын MV-022051 тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, 3 дахь заалтын дугаарыг 2 болгон өөрчилж, Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Д.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нарын гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н-ын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                          ШҮҮГЧ                                                                   О.ОЮУНГЭРЭЛ

 

 

                          ШҮҮГЧ                                                                     Г.БИЛГҮҮН

 

 

  ШҮҮГЧ                                                                     З.ГАНЗОРИГ