Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Үржинбадамын Одгэрэл |
Хэргийн индекс | 138/2016/0117/э |
Дугаар | 117 |
Огноо | 2016-11-15 |
Зүйл хэсэг | 096.1., |
Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 117
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Одгэрэл даргалж, шүүгч Ж.Долгормаа, Б.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувдыг суулган,
Иргэдийн төлөөлөгч П.Гангантөгс
Улсын яллагч Ц.Лхамсүрэн
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мэндсайхан
Хохирогчийн өмгөөлөгч А.Мөнхбат
Хохирогч С.*******
Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан,
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2016 оны 10 сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч ******* овогт ******* *******, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1984 оны 05 сарын 20-ны өдөр төрсөн, 32 настай, халх, эрэгтэй, Монгол Улсын иргэн /*******/, боловсролгүй, мэргэжилгүй, энэ хэрэгт татагдахын өмнө эрхэлсэн ажилгүй байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн Ялалтын 21 дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, улсаас гавьяа шагналгүй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 01 сарын 13-ны өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1, 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай 2006 оны хуулиар эдлээгүй үлдсэн 02 жил 14 хоногийн хорих ялыг өршөөн хассан, Өршөөл үзүүлэх тухай 2009 оны хуулиар “ялтай байдал” өршөөлд хамрагдсан, “гэмтлийн дараах зүүн гарын саа” оношоор хөдөлмөрийн чадвар 70 хувь алдагдсан.
Шүүгдэгч Б.******* нь 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 14 цагийн орчимд
Дорнод аймаг Хэрлэн сум 6 дугаар багт байрлах шүр захын хойд талын эмийн сангийн гадаа хувийн таарамжгүй харьцааны улмаас С.*******ыг зодож, биед нь...баруун чамархай ясны цөмөрсөн хугарал...бүхий хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 06 сарын 15-ны өдөр 14 цагийн орчимд “Шүр” захын хойд талд “Талын унага” худалдааны төвийн урд зогсож байхад танил ах /*******/ ах согтуу гарч ирээд намайг хараад үгэлснээ “юундаа муухай хараад байгаа юм” гэхээр нь би, өөдөөс нь “битгий хуц” гэж хэлэхэд миний өөдөөс нэг юм амандаа ярьж байгаад цааш яваад өгсөн. Намайг “Оюу” дэлгүүрийн хойно эмийн сангийн үүдэнд зогсож байхад ах ирээд миний ам руу салаавч өгөхөд нь би “зүгээр байгаач” гэж хэлсэн. Тэгэхэд ах дахин салаавч гаргаж миний аманд хүрээд байхаар нь би ахыг түлхсэн юм. ах арагш саваад эмийн сангийн ханыг мөргөсөн.Тэгэхээр нь би тоохгүй цаашаа биллярд тоглодог газар руу яваад өгсөн юм. Намайг захаас гарч ирэхэд манай ах “нөгөө хүнийг чинь түргэн дуудаж өгсөн” гэж хэлсэн. Захын тэнд болсон болохоор тухайн үед олон л хүн явж байсан, яг тэр хүн байсан гэж хэлж мэдэхгүй байна.
Би /*******/ ахыг урьд өмнөөс танина, зах дээр таарч л байдаг зүгээр л явж байдаг юм. Тэр өдөр над руу салаавч өгөөд, салаавчаа аманд хүргээд байхаар нь би уурандаа нүүрнээс нь /мангасдаж/ түлхсэн. Ар дагзаараа эмийн сангийн хана савж унаад, доошоо суунгаа нүүрээрээ урд зүгт толгойгоо харуулаад ойчсон юм. Миний үйлдлээс болж ах тархиндаа гэмтэл авсан гэдгийг ойлгож, зөвшөөрч байна. Надтай тэр өдөр таарахад түүний нүүрэнд ямар нэгэн гэмтэл шарх харагдаагүй. Би хохирлын мөнгийг нь группын мөнгөнөөсөө цувруулж өгөе гэхээр хохирогч бөөнөөр нь авна гээд зөвшөөрөхгүй байгаа юм гэв.
Хохирогч С.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний хувьд 2016 оны 06 сарын 15-ны өдөр гэмтэл авсан үйл явдлыг санахгүй байна. Түүнээс өмнөх үйл явдлууд, гэмтэл авсны дараа аймгийн БОЭТ-ийн мэс заслын тасагт хэвтэж байсан болон хот руу онгоцоор явж байснаа санаж байна. Түүнээс өөр мэдэх зүйл байхгүй байна.
Миний хувьд 2013 онд тархиндаа гэмтэл авч байсан боловч эдгэрч зүгээр болоод олон жил болж байна. Энэ гэмтлээс өмнө би унаж тусдаггүй, мартдаггүй байсан. 2016 оны 06 сарын 15-ны өглөө би гэрээсээ гарахад бие эрүүл, архи дарс уугаагүй гарсан. Тэгээд “Анчир” үйлдвэрийн тэнд хоёр найзтайгаа архи уугаад салаад ганцаараа “Шүр” зах явахад миний бие зүгээр байсныг мэдэж байна. “Шүр” зах дээр очоод энэ хүн рүү салаавч өгсөн, мөн энэ хүн намайг түлхсэн гэдэг талаар юу ч санахгүй байгаа юм.
Би энэ хүнд гомдолтой гэхгүй, эмчилгээний болон хот явсан зардалд нийт 1304243 төгрөгийг төлүүлмээр байна гэв.
Шинжээч Э.Энхжин шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Шинжээч миний бие 2016 оны 06 сарын 24-ний өдөр хохирогч С.*******ыг өөрийн биеэр үзэж, БОЭТ-ийн 2636 тоот өвчний түүхийг судалсны үндсэн дээр шүүх эмнэлгийн дүгнэлт гаргасан юм. Хохирогчийн биеийг үзэхэд дүгнэлтэд дурдсан хөнгөн гэмтлүүдээс гадна баруун чамархай ясны цөмөрсөн хугарал учирсан байна. Үүнийг амь насанд аюултай хүнд гэмтлийн зэрэгт хамаарна гэж дүгнэсэн.
Хохирогч өнөөдрийн шүүх хурал дээр өмнө нь гэмтэл авч байсан гэж мэдүүлж байна. Дүгнэлт гаргах үед хохирогч өмнө нь гэмтэл авч байсан талаар хэлж байгаагүй, хохирогчийн биед өмнө нь хагалгаанд орсон гэх сорви харагдаагүй.
Хохирогч хэдэн жилийн өмнө тархиндаа хүнд гэмтэл аваад энэ нь эдгэрч хэвийн байдалд орсны дараа дахин тэр газартаа хүнд гэмтэл авсан гэж үзвэл, мөн л гэмтлийн хүнд зэрэгт хамаарах юм. Өөрөөр хэлбэл, өмнө нь гэмтэл авснаар сүүлчийн учирсан хүнд гэмтлийн зэрэг өөрөөр гарна гэх юм уу, ялгаж гаргана гэж үзэж болохгүй юм гэв.
Иргэдийн төлөөлөгч саналдаа: Шүүгдэгч Б.*******ийн буруутай үйлдлээс хохирогчид гэмтэл учирсан гэж үзэж байна гэв.
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 06 сарын 24-ний өдрийн 491 тоот дүгнэлтэд: “1.С.*******ын биед баруун чамархай ясны цөмөрсөн хугарал, баруун нүдний дээд доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Дээрх баруун чамархай ясны цөмөрсөн хугарал бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун нүдний дээд доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд нь тус бүртээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэжээ. /хх 36/
Хохирогч С.******* /хх 28-31/, гэрч Б. /хх 32, 91-92/, С. /хх 93-94/, Х. /хх 33, 89-90/, Д. /хх 34/, Д. /хх 95/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Шинжээчийг байцаасан тэмдэглэл /хх 37/, Түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх 101-102/, Шүүгдэгч Б.*******ийн мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 45-46, 48/, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх 1/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-7/, Хохирогч С.*******ын өмсөж явсан хувцасыг хураан авсан тогтоол, тэмдэглэл /хх 15-16/, Хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 17-*******/, Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /хх 19/, Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 24-27/, Хохирлын баримтууд /хх 63-81/, Шүүгдэгчийг хэргийн материалтай танилцуулсан баримт /хх 85, 104/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх 20-22/, Эд зүйлийн үнэлгээ /хх 23/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар /хх 54/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 55, 57-61/, Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд /хх 62, 96-97/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай бусад нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.******* нь 2016 оны 06 сарын 15-ны өдөр 14 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах “Шүр” захын хойд талын эмийн сангийн гадна хохирогч С.*******ыг “салаавч өгч аманд хүрсэн” гэх шалтгаанаар түүнийг зодож, улмаар түүний биед “...баруун чамархай ясны цөмөрсөн хугарал...” бүхий хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б.*******ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.*******ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг давхар нотолсон гэрч Б., С. нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Шинжээчийг шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад байцаасан тэмдэглэл, Түргэн тусламжийн дуудлагын хуудас, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 06 сарын 24-ний өдрийн 491 тоот дүгнэлт, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Хохирогч С.*******ын өмсөж явсан хувцасыг хураан авсан тогтоол, тэмдэглэл, Хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол, Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Хохирлын баримтууд зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.******* “...Энэ хүн рүү салаавч өгсөн болон хэргийн талаар мэдэхгүй байна...” гэж мэдүүлж байх боловч шүүгдэгч Б.******* нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн зорилго, сэдэлт, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлжээ.
Шүүгдэгчийн мэдүүлэг нь гэрч Б.ийн Б.*******, С.******* нар хоорондоо муудалцсан, Б.******* түлхсэн, түүнээс хойш ямар нэгэн хөдөлгөөн хийгээгүй, түргэн тусламж дуудаж эмнэлэгт хүргэсэн болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, газар, цаг хугацаа, орон зайн талаар зааж мэдүүлсэн “...******* тухайн үед нэлээд согтуу байсан. Тэгээд манай төрсөн дүү *******тэй муудалцаад...******* ******* рүү салаавч гаргаж байсан...*******ийг цохичихсон юм байна гэж бодоод түргэн тусламж дуудсан.../хх 32/,...*******тэй уулзаад “чи *******ыг цохисон юм уу” гэж асуухад, ******* хэлэхдээ “******* над руу салаавч өгөөд байхаар нь би түлхчихсэн. Тэгэхэд ******* газар унасан юм гэж надад хэлсэн...” /хх 91-92/ гэх мэдүүлгээр,
Гэрч С.ын гэмт хэрэг үйлдэгдсэн “14 цагийн орчим” хүртэлх цаг хугацаанаас өмнө хохирогч С.*******ын биед шарх гэмтэл байгаагүй, зүгээр явж байсан талаар тодорхой мэдүүлсэн “...Бид гурав архиа уучихаад...14 цаг дөхүүлээд салцгаасан... Шүр зах руу явлаа гээд явсан...Надтай уулзахад *******, Орос шар хоёр архи уугаагүй байсан. *******ын биед ил харагдах шарх, гэмтэл байгаагүй, зүгээр байсан...Бид гурав муудалцсан, зодолдсон асуудал байхгүй...” /хх 93-94/ гэх мэдүүлгээр,
Тухайн хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд хохирогчийн биед “...баруун чамархай ясны цөмөрсөн хугарал бүхий хүнд гэмтэл, баруун нүдний дээд доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл” учирсан, энэ нь шинэ гэмтэл байсан талаар дүгнэсэн шинжээчийн дүгнэлт /хх 36/ зэргээр тус тус давхар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Б.*******ийн үйлдлийн улмаас “баруун чамархай ясны цөмөрсөн хугарал, баруун нүдний дээд доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал” бүхий хүнд, хөнгөн гэмтэл хохирогч С.*******ын биед учирсан гэж үзэх үндэстэй ба гэмт үйлдэл, хор уршгийн хооронд шууд шалтгаант холбоотой гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.******* нь өөрийн түлхэх /зодох/ үйлдлээс учирч болох хор уршгийг урьдаас мэдэх боломжтой байсан, мэдсээр байж уг хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн шууд бус санаатай үйлдэл гэж үзнэ.
Хохирогч С.******* шүүхийн хэлэлцүүлэгт “...Би хэдэн жилийн өмнө тархиндаа гэмтэл авч байсан. Эдгэрээд олон жил болж, би эрүүл болсон. Харин энэ гэмтлээс хойш татдаг, мартдаг болсон...” гэж мэдүүлж байгаа хэдий ч гэмтлийн зэрэгтэй холбогдуулж шүүхийн хэлэлцүүлэгт шинжээчийн өгсөн “...өмнө нь тархиндаа хүнд гэмтэл авч байсан ч, дараагийн үйлдлээр дахин хүнд гэмтэл авахад гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй, мөн л хүнд зэргийн гэмтэл гарна...Гараар цохиход чамархайн яс хугарахгүй, энэ нь хананд цохигдох, унахаас үүссэн байж болно...Хохирогчийн биед 2-3 удаагийн үйлчлэлээр хүнд, хөнгөн гэмтэл учирсан гэж үзсэн...” гэх тайлбар болон Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 06 сарын 24-ний өдрийн 491 тоот дүгнэлт, шинжээчийг байцаасан тэмдэглэл зэрэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэг явдлын гол фактыг тогтооход ач холбогдол бүхий, бодитой, эргэлзээгүй болжээ.
Түүнчлэн хохирогчийн өмнөх гэмтлийн талаар хэрэгт авагдаагүй /хх 29-31, 45-48/, нотлох баримт шалгагдаагүй, шинжээчийн дүгнэлттэй холбогдуулж байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид хэн аль нь энэ талаар хүсэлт гаргаагүй /хх 38-39, 104/, энэ нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй байх ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заажээ. Мөн хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох байдлыг шалгаж тогтоосон байна гэж дүгнэж, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд шүүгдэгч Б.*******ийн үйлдсэн гэмт хэргийг Прокурорын газраас “хувийн таарамжгүй харьцаа”-ны улмаас үйлдэгдсэн гэж зүйлчлэн ирүүлснийг буруутгах боломжгүй тул түүнийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь урьд өмнө хорих ялтай зүйл ангиар ял шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан ялтай байдлын эрх зүйн үр дагавар /хх 55, 59/ дуусгавар болсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн шүүгдэгч нь гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, амьдралын орлогын эх үүсвэртээ үндэслэн гэмт хэрэг үйлдсэн үеэс хохирлыг хэсэгчлэн төлөхийг хохирогчид санал болгосон, “хохирогч хохирлыг бөөнөөр нь авна” гэсэн тул группын мөнгийг итгэмжлэлээр хохирогчид шууд олгох хэлбэрээр барагдуулахаар тохиролцсон, /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ шүүгдэгч нь сонсголоор хөгжлийн бэрхшээлтэй, гэмтлийн зүүн гарын саа оношоор хөдөлмөрийн чадварыг 70 хувь алдсан /хх 33-34, 95-90/ зэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул дээр дурдсан нөхцөл байдлыг тус
тус харгалзан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Эмчилгээний болон унааны зардалд нийт
1304243 төгрөг нэхэмжилсэн байх ба хохиролтой холбогдуулж ирүүлсэн нотлох баримтыг шалгаж үзэхэд, эм тарианы үнэ 530443 төгрөг, унааны зардалд 415800 төгрөг, нийт 946243 төгрөг буюу нотлох баримттай хэсгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгох үндэстэй байна. Харин хохирогчийн нотлох баримтгүйгээр нэхэмжилсэн 358000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг түүнд мэдэгдэх нь зүйтэй юм.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдоогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саарал өнгийн футболка, цэнхэр өнгийн өмд, хар өнгийн түрийтэй гутал, бор өнгийн тэлээг хохирогч авахгүй гэсэн тул тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй. Шүүгдэгч Б.*******ийн эзэмшлээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн Баянтүмэнгийн 1 дүгээр гудамж 29 тоотод байршилтай 700 м2 газар битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 08 сарын 08-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хэвээр үлдээж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Б.*******ийн регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд нэн даруй хүргүүлбэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар шүүгдэгч ******* *******ийг 3 /гурав/ жил 5 /тав/ сар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан Б.*******т оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Ялтан Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.
5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар ялтан Б.*******өөс гэм хор /эм тариа, унааны зардал/-ын хохиролд 946243 /есөн зуун дөчин зургаан мянга хоёр зуун дөчин гурав/ төгрөг гаргуулж, Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн гудамжны оршин суух, хохирогч ******* овогт ******* //-д олгож, нэхэмжлэлээс 358000 /гурван зуун тавин найман мянга/ төгрөгийн хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогчийн өмсөж явсан саарал өнгийн футболка, цэнхэр өнгийн өмд, хар өнгийн түрийтэй гутал, бор өнгийн тэлээг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар ялтан Б.*******ийн эзэмшлээс Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн Баянтүмэнгийн 1 дүгээр гудамж 29 тоотод байршилтай 700 м2 газар битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 08 сарын 08-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хэвээр үлдээсүгэй.
8. Баримт бичгээр хураагдан ирсэн ялтан Б.*******ийн регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Б.*******д авсан батлан даалтад байх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 11 сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтанд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ү.ОДГЭРЭЛ
ШҮҮГЧИД Ж.ДОЛГОРМАА
Б.ЭНХБААТАР