Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2016/0360

 

 

 

 

 

 

 

2016 оны 6 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2016/0360

Улаанбаатар хот

 

 

“*********************” ХХК, “Хэба*******” ХХК-иудын

  нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч М.Бадрал, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Энхээ, гуравдагч  этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргал нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 157 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын  итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлоор, “*********************” ХХК, “Хэба*******” ХХК-иудын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт тус тус холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

             Нэхэмжлэгч “*********************” ХХК, “Хэба*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нарангэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...“**************” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2008 оны 198 тоот захирамжаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны /хуучнаар 1 дүгээр хороо/ нутаг дэвсгэрт 4700 м.кв газрыг, “ХЭБА*******” ХХК нь 1310 м.кв газрыг тус тус эзэмших эрхтэй болсон. Эдгээр компаниуд нь дээрх эзэмшил газар дээрээ хамтран “Гэгээнтэн” үйлчилгээний зориулалттай цогцолбор барилга барьж дуусгаад байгаа юм. Мөн уг барилгын хойд талд /ертөнцийн зүгээр/ авто замын зэргэлдээ орших 400 м.кв газрыг нийтийн эдэлбэрийн, шугам сүлжээ бүхий газар гэж ойлгон хөрөнгө мөнгө зарцуулан ногоон байгууламж, авто зогсоол болгон тохижуулсан. Харин барилга баригдаж байх хугацаанд буюу 2010 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 423 тоот захирамжаар, 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/828 тоот захирамжаар иргэн С.Амарбаясгаланд хууль зөрчин 400 м.кв газрыг баталгаажуулан олгосон байна.

Нийслэлийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/828 тоот захирамж нь дараах байдлаар нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус захирамж болжээ. Үүнд:

1/ Иргэн С.Амарбаясгаланд 2010 оны 423, 2013 оны А/828 тоот захирамжаар 400 м.кв газрыг олгохдоо Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж заасныг зөрчжээ.

Энэ нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” гэж заасанд нийцэхгүй байна.

2/ Анх С.Амарбаясгалан нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 84 дүгээр сургуулийн урд талд байрлах 80 м.кв газрыг нийтийн бие засах газрын зориулалтаар эзэмшиж байсан байна. Харин уг газраа зориулалтын дагуу эзэмших үүргээ биелүүлээгүй байхад нь 2010 оны 423 тоот захирамжаар 400 м.кв болгон нэмэгдүүлж, байршлыг шууд өөрчлөн эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасныг зөрчсөн.

Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор тодорхой хуульчилсан, хүчингүй болгох нөхцөл бүрэн бүрдсэн байхад дахин 2013 оны 9 дүгээр сарын 05-нд захирамж гарган баталгаажуулсан нь үндэслэлгүй юм.

3/ Түүнчлэн С.Амарбаясгалангийн эзэмшлийн гэх 400 м.кв газар дээр “Улаанбаатар цахилгаан сүлжээ” ТӨХК-ийн 6 кВ-ын Цаст, зогсоол, РП-1А, Б, ШУТО-А, Б зэрэг 8 кабель, троллейбусны татах станцын 2 кабель зэрэг нийт 10 кабель байрлаж байна. Энэ нь Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйл, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Авто замын тухай хуулийг зөрчжээ.

Иймээс Нийслэлийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/828 тоот захирамжийн С.Амарбаясгаланд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Анх Нийслэлийн Засаг даргын 2004 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 46 тоот захирамжаар Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 12а байрны зүүн хойд талд байрлуулан дэлгүүр, нийтийн бие засах газрын барилгын зориулалтаар 0.008 га газрыг дуудлага худалдаагаар иргэн Ц.Батпүрэвт 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Тус газар эзэмших эрхийг иргэн С.Амарбаясгалан Нийслэлийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 577 тоот захирамжаар 5 жилийн хугацаатай дэлгүүр, нийтийн бие засах газрын зориулалтаар шилжүүлэн авсан байна.

Иргэн С.Амарбаясгалан нь уг газарт барилгын ажлаа явуулахаар холбогдох газруудаас техникийн нөхцөл, инженер геологийн дүгнэлт, зураг төсөв гэх мэт ажлуудыг шат дараалан авсан боловч оршин суугчид хажуу барилгатай ойрхон гэж эсэргүүцэн барилгын ажлыг зогсоож, барилгын ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болсон тул Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байршлыг өөрчлүүлэх хүсэлтийг 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гаргасан байна. Тус хүсэлтийг Нийслэлийн Газрын алба, Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дэргэдэх техникийн зөвлөлөөр хэлэлцүүлж, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 423 дугаар захирамжаар 5 жилийн хугацаатай үйлчилгээ, конторын зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн юм. “**************” ХХК нь С.Амарбаясгалангийн эзэмшил 400 м.кв газартай давхцуулан зөвшөөрөлгүй тохижилт хийн хашаа барьсан тул чөлөөлүүлэх албан бичгийг манай байгууллагаас хүргүүлж байсан болно. Нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.

Гуравдагч этгээд С.Амарбаясгалан 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Иргэн С.Амарбаясгалан миний бие иргэн Цэрэндорж овогтой Батпүрэвтэй хамтран 12 сая төгрөгөөр дуудлага худалдаагаар нийтийн бие засах газрыг Нийслэлийн Засаг даргын 2004 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 46 тоот захирамжаар 15 жилийн хугацаатай эзэмшсэн бөгөөд уг газраа 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 577 тоот захирамжаар 5 жилийн хугацаатай дэлгүүр, нийтийн бие засах газрын зориулалтаар өөрийн нэр дээр шилжүүлэн авсан билээ.

Миний бие энэ хугацаанд уг газарт барилгын ажлаа явуулахаар холбогдох газруудаас техникийн нөхцөл, инженер геологийн дүгнэлт, зураг төсөв гэх мэт тусгай зөвшөөрлүүдийг шат дараалан авч зураг төсөв боловсруулж, мэргэжилтнүүд ажиллуулж их хэмжээний санхүүжилт хийсэн боловч тухайн газар нь орон сууцтай ойрхон гэсэн шалтгаанаар оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарч, барилгын ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болсон тул Нийслэлийн Газрын албанд газрын байршлыг өөрчлүүлэх талаар удаа дараа хандаж ирсэн.

Улмаар Нийслэлийн Газрын алба, Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дэргэдэх техникийн зөвлөлийн 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн гарсан Нийслэлийн Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 423 тоот “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” захирамжаар Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд үйлчилгээ, конторын зориулалтаар 400 м.кв талбайг надад эзэмшүүлсэн ба миний бие тус газрынхаа томсгосон хэсгийн зөрүүг төлсөн болно.

 Тухайн газартаа үйлчилгээтэй оффисын барилга барихаар зураг төсөв гарган батлуулж, /Үүнд нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд оруулж, эскиз батлуулах, магадлалын ерөнхий дүгнэлт хийлгэх гэх мэт/ холбогдох бүх зөвшөөрлүүдийг авч 150 сая гаруй төгрөгийн санхүүжилт гаргаж байтал уг газрын доогуур нь цэвэр усны шугам байна хэмээн мөн л оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгараад барилга үргэлжлүүлэх боломжгүй болсон. Нийслэлийн зураг төсөвт манай барилгажих хэсгийн доор ямар ч шугам байхгүй алдаатай зураг байсан бөгөөд дээрх асуудлыг Нийслэлийн Газрын албанд дахин тавьснаар тэд энэ бүх нөхцөл байдлыг харгалзан үзээд газрын байршлыг өөрчлөн Нийслэлийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/828 тоот шийдвэрээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 400 м.кв газрыг эзэмшүүлсэн болно. Манай хажууд газар эзэмшиж буй “Хэба*******” ХХК-ийн эзэмшлийн газарт “************** ХХК нь барилга барьсан ба эзэмшил газрынхаа хэмжээг өөрсдөө дур мэдэн томсгож үйл ажиллагаа явуулж, миний газар эзэмших эрхэнд саад учруулж байна. Би тэдэнтэй уулзаж газар эзэмших гэрчилгээгээ үзүүлж хашаагаа чөлөөлж өгөхийг хүссэн бөгөөд “**************”******* миний эзэмшлийн газрыг чөлөөлөх нь бүү хэл 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр асфальт дэвсэж эхэлснийг мэдсэн. Улмаар “**************”*******ын хуулийн зөвлөх Энхбаяртай /95525900/ тоот утсаар 1612 цагт холбогдоход “Шүүх дээр уулзъя” гэдэг хариулт өгсөн.

Миний бие энэ хугацаанд “**************”*******ийнхэнтэй өөрийн биеэр уулзаж хэлснийг үл тоосон, улмаар Нийслэлийн Өмчийн харилцааны газарт уг газраа чөлөөлүүлэхээр хандаж мэдэгдэл хүргүүлж, тэдний мэргэжилтнүүд очсон боловч газраа чөлөөлж чадаагүй ба биднийг өөрсдийн хамгаалагчдаараа хүч хэрэглэн хөөж гаргасан, бид арга мухардан цагдаагийн хамгаалалт хүсэж байсан.

Миний бие нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг огтхон ч зөрчөөгүй бөгөөд “**************”******* миний өмчлөх эрхэнд халдаж, хууль ёсны дагуу эзэмшиж буй Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 400 м.кв газарт хашаагаа дур мэдэн томсгож, хатуу хучилттай зам талбай хүч түрэн барьсан асуудалд туйлын гомдолтой байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: “...Иргэн С.Амарбаясгалангийн эзэмшиж байсан Баянзүрх дүүргийн газрын байршлын барилгажих хэсгийн доор ямар ч шугам байхгүйгээр зурагдсан нь алдаатай зураг байсан бөгөөд дээрх асуудлыг Нийслэлийн Газрын албанд /хуучин нэрээр/ дахин тавьснаар энэ бүх нөхцөл байдлыг харгалзан үзээд газрын байршлыг өөрчлөн, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/828 тоот захирамжаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 400 м.кв газрыг эзэмшүүлсэн.

Гэтэл хажууд нь газар эзэмшиж буй “Хэба*******” ХХК болон “**************” ХХК нь эзэмшил газрынхаа хэмжээг өөрсдөө дур мэдэн томсгож, иргэн С.Амарбаясгалангийн эзэмшлийн газрыг асфальт дэвсэж, хатуу хучилттай зам талбай барьсан байна.

Иймд нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашгийг хөндөөгүй тул Нийслэлийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/828 тоот захирамжийн С.Амарбаясгаланд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргал бие даасан шаардлагадаа: “*********************” ХХК, “Хэба*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шалгах явцад шүүхээс шинжээч томилж “Гэгээнтэн” цогцолборын ерөнхий төлөвлөгөө нь иргэн С.Амарбаясгаланд олгосон газартай давхацсан эсэх талаар дүгнэлт гаргуулсан.

Уг дүгнэлтээр “Гэгээнтэн” цогцолборын ерөнхий төлөвлөгөө нь иргэн С.Амарбаясгаланд олгосон газартай бүтэн давхацсан байна. Иймд дараах үндэслэлээр бие даасан шаардлага гаргаж байна:

1. “Гэгээнтэн” цогцолборын ерөнхий төлөвлөгөөг “*********************” ХХК болон “Хэба*******” ХХК-д эзэмшүүлэхээр олгосон газраас 12652 м.кв-аар томруулан баталсан нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 /Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ/, 27.3 /Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна/, 27.4 /Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно/, 35.1.1 /Газар эзэмшигчийн эрх: гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах/, 35.3.1 /Газар эзэмшигчийн үүрэг: газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх/, Газар эзэмшүүлэх гэрээний 3.2 /Газар эзэмшигчийн эрх, үүрэг: газрын хэмжээ зориулалтыг өөрчлөхгүй байх/, Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3 /төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байх/, 12.8 /Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байна/-д заасныг тус тус зөрчсөн,

2. Нийслэлийн Засаг даргын 2008 оны 198 дугаар захирамжаар “Хэба*******” ХХК -д 0,131 га, “*********************” ХХК -д 0,47 га газрыг тус тус олгосон. Мэргэжлийн комиссын хурлаас байршлын схем зурагт барилгажих талбайн хэмжээг 5040 м.кв байхаар зөвшөөрсөн талаар Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 11/2978 тоот албан бичигт дурджээ. Үүнээс үзэхэд уг мэргэжлийн комиссын шийдвэр нь мөн Хот байгуулалтын тухай хуулийн зөрчиж 12.8-д заасныг зөрчиж нийт 6010 м.кв газрын 70 хувь болох 4207 м.кв-аас илүү талбайд барилгажихыг зөвшөөрчээ,

3. Гэгээнтэн хотхоны ерөнхий төлөвлөгөөнд хотхоны ертөнцийн зүгээр хойд талд автомашины зам байхгүй, уг зам руу орж гарах гарц, сагсны талбай, ханан байгууламж тусгагдаагүй байгаа нь нэхэмжлэгч нар батлагдсан ерөнхий төлөвлөгөөгөө зөрчжээ.

4. “*********************” ХХК болон “Хэба*******” ХХК нар эзэмшүүлсэн газрын хэмжээгээр газрын төлбөр төлдөг бөгөөд илүү газарт ямар нэгэн төлбөр төлдөггүй талаар итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралд хэлсэн. Харин иргэн С.Амарбаясгалан өөрийн эзэмшлийн газрын төлбөрийг төлдөг боловч тухайн газрыг “*********************” ХХК, “Хэба*******” ХХК нар эзэмшиж үр шимийг нь хүртэж байна.

Ийнхүү бусдын өмчлөлийн буюу Нийслэлийн Өмчийн газрын эзэмшүүлэх шийдвэргүйгээр тохижилт, барилгажилт байгуулж тухайн газрыг иргэн С.Амарбаясгаланд эзэмшүүлэх Нийслэлийн Засаг даргын шийдвэрийн хэрэгжилтэд саад болж байгаа нь газар эзэмшигчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж байна.

Ерөнхий төлөвлөгөөг эзэмшүүлсэн газрын хэмжээнд нийцүүлэн дахин батлах, иргэн С.*******д олгосон газрыг чөлөөлүүлэхээр 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн засаг даргад хандан өргөдөл гаргасан боловч Нийслэлийн Өмчийн харилцааны газраас: “Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэл ямар нэгэн шийдвэр гаргах боломжгүй” гэсэн хариуг 2015 оны 12 дугаар сарын 31 -ний өдөр өгсөн.

Иймд “Гэгээнтэн” хотхоны ерөнхий төлөвлөгөөг иргэн С.Амарбаясгаланд эзэмшүүлсэн газартай давхцалгүй болгож өөрчлөхийг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт даалгуулахаар бие даасан шаардлага гаргаж байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнжаргал гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай холбогдуулан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Тус шүүхэд “**************” ХХК, “Хэба*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэг хянагдаж байгаа бөгөөд гуравдагч этгээд С.Амарбаясгалангийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан бие даасан шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Гуравдагч этгээд бие даасан шаардлагадаа ““Гэгээнтэн” цогцолборын ерөнхий төлөвлөгөөг “**************” ХХК болон “Хэба*******” ХХК-д эзэмшүүлэхээр олгосон газраас томруулан баталсан нь Газрын тухай хуулийн 27.1, 27.3, 27.4, 35.1.1, 35.3.1, Газар эзэмшүүлэх гэрээний 3.2, Хот байгуулалтын тухай хуулийн 12.6.3, 12.8-д заасныг зөрчсөн” гэжээ.

Нийслэлийн Засаг даргын 2008 оны 198 тоот захирамжаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны /хуучнаар 1 дүгээр хороо/ нутаг дэвсгэрт “**************” ХХК 4700 м.кв газар, “Хэба*******” ХХК нь 1310 м.кв газрыг тус тус эзэмших эрхтэй болсон.

Улмаар уг газар дээрээ хамтран 2010 онд зураг төслийг батлуулан, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд батлагдаж орсны дагуу “Гэгээнтэн” цогцолборыг барихаар болж 2011 онд барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг авч барилгын ажил эхлэн 2013 онд ашиглалтад хүлээлгэн өгсөн. Энэ хугацаанд “Гэгээнтэн” цогцолбор хотхоны ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу цогцолборыг тойрох нийтийн эзэмшлийн талбайг оршин суугч, өмчлөгч нарын амьдрах, ажиллах таатай орчныг бүрдүүлэх үүднээс тохижуулсан байдаг.

Өөрөөр хэлбэл “**************” ХХК болон “Хэба*******” ХХК нь хууль, журмын дагуу газар эзэмших эрх олж авсан бөгөөд өөрийн эзэмшлийн газар дээрээ “Гэгээнтэн” цогцолбор хотхоныг барихаар зураг төсөл болон хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн хэсэгчилсэн төлөвлөгөөг батлуулан холбогдох зөвшөөрлийг авч барилга байгууламжаа барьж, ашиглалтад оруулан, тохижилтыг хийсэн.

Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-д Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тавигдах шаардлагыг зааж өгсөн бөгөөд 12.4.1-д “хүн амын амьдрах, ажиллах таатай орчинг бүрдүүлэхэд чиглэгдсэн, хот, тосгоны хөгжлийн чиглэлийг тодорхойлсон, хот, тосгоны хил хязгаар, газар нутгийн үүргийн бүсчлэл, инженер, зам тээвэр болон нийгмийн дэд бүтцийн хөгжил, түүх, соёлын дурсгалт байгууламж, архитектур-хот байгуулалтын шаардлага, экологийн болон эрүүл ахуйн таатай нөхцөлийг бүрдүүлэхээр төлөвлөсөн байх”, 12.4.2-т, “тухайн нутаг дэвсгэрийн инженер-геологи болон байгаль экологийн онцлогт тулгуурлан боловсруулсан суурь судалгаанд үндэслэсэн байх” гэж заасан. Мөн уг хуулийн 12.5-д “Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө нь тухайн хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд үндэслэсэн дүүрэг, хороолол, бичил хороолол, талбайн өндөржилт, зай хэмжээ, инженерийн шугам сүлжээний шийдэл, ногоон байгууламж, орчны тохижилтын төлөвлөлтийн норм ба дүрмийн шаардлагыг хангасан, иргэдийн оролцоотой төлөвлөгдсөн байна” гэж заасны дагуу “Гэгээнтэн” цогцолбор хотхоны ерөнхий төлөвлөгөө батлагдсан.

Мөн уг хуулийн 12.6-д “Хот, тосгоныг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө нь тухайн хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу боловсруулсан зураг төслийг хэрэгжүүлэх техник, эдийн засгийн үндэслэлийг тооцож, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг тодорхойлсон байх бөгөөд холбогдох норм ба дүрэм, журамд заасны дагуу дараах асуудлыг тооцон төлөвлөнө” гэж, 12.6.3-д “төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байх”, 12.8-д “Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байна” гэж заасан.

“**************” ХХК болон “Хэба*******” ХХК нь өөрийн эзэмшлийн газар дээрээ барилга байгууламж барьж, ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан газар дээрээ авто машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж зэргийг тохижуулан байгуулсан нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэхгүй байна.

Харин 2010 онд зураг төслөө боловсруулан, барилга байгууламжаа барьж ашиглалтад оруулчихсан, ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу гадна тохижилтыг гүйцэтгэн дуусаж байхад ерөнхий төлөвлөгөөгөөр батлагдсан, нийтийн эзэмшлийн талбай дээр газар эзэмших эрх олгож байгаа нь хууль бус юм.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/828 тоот захирамжийн С.Амарбаясгаланд холбогдох хэсгийг хүчингүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ш.Уртнасан гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай холбогдуулан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн С.Амарбаясгалангийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох “Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын баталсан “*********************” ХХК, “Хэба*******” ХХК-ийн Гэгээнтэн хотхоны хэсэгчилсэн өрөнхий төлөвлөгөөг хүчингүй болгож, газрын хэмжээнд нь тааруулан дахин батлахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2008 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 18 дугаартай “Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл зөвшөөрч батлах тухай” тогтоолоор Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний үндсэн шийдлийг хэрэгжүүлэх, дэд бүтцийн шугам сүлжээнд ойр байрлалтай гэр хорооллыг барилгажуулах зорилгоор Хан-Уул дүүргийн 1, 11 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нийт 500,0 га нутаг дэвсгэрт хийгдсэн “Зайсан толгой орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө”-ний зураг төслийг зөвшөөрч баталсан. Уг ерөнхий төлөвлөгөөний дагуу барилгажуулах асуудлыг нэгдсэн бодлогоор хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгасан.

Нийслэлийн Засаг даргын 2008 оны 198 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны /хуучнаар 1 дүгээр хороо нутаг дэвсгэрт “**************” ХХК нь 4700 м.кв, “Хэба*******” ХХК нь 1310 м.кв газар эзэмших эрхтэй болсон.

Манай байгууллага нь батлагдсан “Зайсан толгой орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө”-ний дагуу “*********************” ХХК, “Хэба*******” ХХК-ийн “Гэгээнтэн” хотхоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталсан.

“Гэгээнтэн” хотхоны ерөнхий төлөвлөгөөг баталсан үйлдэл нь холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын дагуу хийгдсэн тул иргэн С.Амарбаясгалангийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

                   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 211 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.3.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “*********************” ХХК, “Хэба*******” ХХК-ийн “Нийслэлийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/828 тоот захирамжийн С.Амарбаясгаланд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6, 12.6.3, 12.8-д заасныг тус тус баримтлан гуравдагч этгээд С.Амарбаясгалангийн бие даасан шаардлагыг хангаж, “Гэгээнтэн” хотхоны ерөнхий төлөвлөгөөг С.Амарбаясгаланд эзэмшүүлсэн 18642308782966 нэгж талбарын дугаар бүхий 400 м.кв газартай давхцалгүй болгож өөрчлөхийг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт даалгаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн №157 дугаар шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр эс зөвшөөрч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасныг үндэслэн энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Нэг. Үйл явдлын талаар тойм:

Нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 198 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 15-р хорооны /хуучнаар 1-р хороо/ нутаг дэвсгэрт "**************" ХХК 4700 м.кв газар, "ХЭБА*******" ХХК нь 1310 м.кв газрыг тус тус эзэмших эрхтэй болж, 2009 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр “**************” ХХК нь №0172929 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2009 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр "ХЭБА*******" ХХК нь №0172930 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг авч, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан.

Уг газар дээрээ "**************" ХХК болон "ХЭБА*******" ХХК хамтран “Гэгээнтэн" цогцолборыг барихаар 2010 онд зураг төслийг батлуулан, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд батлагдаж орсны дагуу 2011 онд барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг авч барилгын ажил эхлэн 2013 онд ашиглалтад оруулж хүлээлгэн өгсөн.

Энэ хугацаанд “Гэгээнтэн" цогцолбор хотхоны ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу цогцолборыг тойрох нийтийн эзэмшлийн талбайг оршин суугч, өмчлөгч нарын амьдрах, ажиллах таатай орчныг бүрдүүлэх үүднээс тохижуулсан байдаг.

Өөрөөр хэлбэл "**************" ХХК болон "ХЭБА*******" ХХК нь хууль, журмын дагуу газар эзэмших эрх олж авсан бөгөөд өөрийн эзэмшлийн газар дээрээ “Гэгээнтэн" цогцолбор хотхоныг барихаар зураг төсөл болон хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн хэсэгчилсэн төлөвлөгөөг батлуулан холбогдох зөвшөөрлийг авч барилга байгууламжаа барьж, ашиглалтад оруулсан.

Улмаар “Гэгээнтэн" цогцолбор хотхоны хэсэгчилсэн төлөвлөгөөнд газрынхаа ар талаар нь хотхон руу орох орц гарц байхаар төлөвлөгдсөний дагуу Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын газраас 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №1/20121 дугаар албан бичгээр хотхон руу орох орц, гарах гарцыг ерөнхий төлөвлөгөөний дагуу гаргах зөвшөөрөл авсны дагуу тухай талбайг асфалтаар хучин, цогцолборыг тойрох нийтийн эзэмшлийн талбайг хотын өнгө үзэмж болоод оршин суугч, өмчлөгч нарын амьдрах, ажиллах таатай орчныг бүрдүүлэх үүднээс хөрөнгө зарцуулан тохижилтыг хийсэн.

Хоёр. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тухайд:

Дээр дурдсаны дагуу "**************" ХХК болон "ХЭБА*******" ХХК нь холбогдох хууль тогтоомжид заасны дагуу газар эзэмших эрхийг олж авч, “Гэгээнтэн" цогцолбор хотхоныг барих төсөл хөтөлбөрөө боловсруулан ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөг батлуулан холбогдох зөвшөөрлийн дагуу барилгаа барьж ашиглалтад оруулсан билээ.

Гэтэл Нийслэлийн Засаг дарга нь “Гэгээнтэн" цогцолбор хотхоныг ерөнхий төлөвлөгөөтэй давхцуулан, мөн уг хотхоны хойд талын авто зогсоол, орох, гарах аюулгүйн гарцыг хаан давхардуулан иргэн С.Амарбаясгаланд газар эзэмших эрх олгосон.

Энэ нь нэхэмжлэгч нарын болоод “Гэгээнтэн" цогцолбор хотхоны оршин суугч өмчлөгч, түрээслэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол болоод холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байгаа юм.

Гурав. Нийслэлийн Засаг дарга иргэн С.Амарбаясгаланд газар эзэмших эрх олгохдоо хууль тогтоомж зөрчсөн тухайд:

Анх иргэн С.Амарбаясгаланд Нийслэлийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 577 дугаар захирамжаар 80 м.кв газрыг нийтийн бие засах газрын зориулалтаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт олгосон байдаг. Тодруулбал Нийслэлийн Засаг даргын 2004 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 46 тоот захирамжаар иргэн Ц.Батпүрэвт Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 12а байрны зүүн хойд талд байрлуулан дэлгүүр, нийтийн бие засах газрын барилгын зориулалтаар 80 м.кв газрыг эзэмших эрх олгосон байдаг бөгөөд С.Амарбаясгалан 2007 онд шилжүүлэн авсан байдаг.

Улмаар тухайн орчны иргэд хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас энэ газар дээр барилга барих боломжгүй гээд газрыг шилжүүлсэн байна. Ингэж шилжүүлэхдээ 2010 оны 06 дугаар 23-ны өдрийн 423 дугаар захирамжаар 400 м.кв газрыг Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо дунд голын урд талд байршуулан олгосон байдаг. Энэ газраа мөн ашиглах боломжгүйд хүрээд байна гэдэг С.Амарбаясгалангийн хүсэлтийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/828 дугаар захирамжаар маргаан бүхий газарт шилжүүлсэн байдаг.

Ингэж шилжүүлэхдээ Нийслэлийн Засаг дарга юуг үндэслэсэн нь тодорхойгүй бөгөөд*******гийн өмнөх эзэмшлийн газрууд нь барилга барих боломжгүй болсон учраас шилжүүлсэн гэдэг нь ойлгомжгүй байна.

 Газар эзэмшигч нь Газрын тухай хуульд заасан эрхийг эдлэж, үүргийг хүлээх ёстой. Энэ эрх үүрэгт нь газрын байршлыг өөрчлөх эрхийг заагаагүй. Газрын байршлыг шилжүүлэх, эзэмшил газрыг солих асуудлыг Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлд зааж өгсөн. Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д "Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гэрээний хугацаа дуусахаас өмнө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд бүгдийг буюу зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах саналыг тухайн газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцсоны дараа Засгийн газар гаргаж болно" гэж заасан. Гэтэл иргэн С.Амарбаясгаланд газар эзэмших эрхийг удаа дараа ямар ч судалгаа, шинжилгээгүй иргэн болон холбогдох хууль тогтоомжийг зөрчин газар эзэмших эрх олгосон нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/828 дугаар захирамж нь бас хууль бус юм. Мөн Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т "Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухай жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ" гэж заасан бөгөөд уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна гэж заасныг зөрчсөн.

Өөрөөр хэлбэл С.Амарбаясгаланд газар эзэмших эрх олгохдоо хуулийн дээрх зохицуулалтын дагуу санал авах ёстой байсан ч аваагүй. Мөн газрын тухай хууль дээр тухайн газраа эзэмших, ашиглах боломжгүй бол өөр газар руу шилжүүлнэ гэсэн зохицуулалт байхгүй. Хэрвээ С.Амарбаясгалангийн эрхийг шилжүүлнэ гэж байгаа бол тухайн газар дээр шинээр газар эзэмших эрх үүсэх ёстой байгаа. Энэ тухай С.Амарбаясгалангаас Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар хэмжээ, байрлалыг нь тодорхой заасан хүсэлтийг газрын албанд өгөх ёстой байсан. Ийм зүйл харагдахгүй байгаа бөгөөд холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа болно.

Гэтэл шүүхээс “Гуравдагч этгээдийн эзэмшиж байсан 80 м.кв газрыг 400 м.кв болгосон тухайд С.Амарбаясгалан нэмэгдүүлсэн газрын үнэд дуудлага худалдааны анхны үнэ болох 5.068.800 төгрөгийг 2013 онд тушаасан, эзэмшсэн газар бүртээ барилгын эх загвар зураг хийлгэж, суурийн нүх ухах зэрэг ажиллагаа хийж, тодорхой хэмжээний төсөв зардал гаргаж байсан бөгөөд төрийн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа, оршин суугчдын эсэргүүцэл, А зэрэглэлийн бүсэд эзэмшүүлсэн газрыг шилжүүлсэн зэргээр гуравдагч этгээдээс үл хамаарах шалтгаанаар тодорхой хэмжээнд хохирсон байдлыг харгалзан үзэж, Нийслэлийн Засаг дарга газрын хэмжээг нэмэгдүүлэн эзэмшүүлсэн нь газар эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хүндэтгэлтэй ханджээ гэж шүүх дүгнэлээ" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Шүүхээс Нийслэлийн Засаг дарга нь газрын хэмжээг ихэсгэн, байршлыг шилжүүлэн  иргэн С.Амарбаясгаланд газар эзэмших эрх олгосон  нь төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаа гэж дүгнэсэн хэрнээ газар эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хүндэтгэлтэй ханджээ гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байх бөгөөд иргэн С.Амарбаясгалан нь төрийн байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас хохирсон гэж үзэж байгаа бол буруутай албан тушаалтнаас хохирлоо нэхэмжлэх бүрэн боломжтой юм.

Тав. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд:

"**************" ХХК, "ХЭБА*******" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох хэрэгт гуравдагч этгээдээр иргэн С.Амарбаясгалан оролцсон бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “Гэгээнтэн" хотхоны ерөнхий төлөвлөгөөг иргэн С.Амарбаясгаланд эзэмшүүлсэн газартай давхардуулахгүйгээр эзэмшүүлсэн газрыг чөлөөлөхийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт даалгах тухай бие даасан шаардлага гаргасан. Цаг хугацааны хувьд "**************" ХХК, “ХЭБА*******” ХХК нь газар эзэмших эрхийг 2008 онд хууль ёсны дагуу олж авсан, өөрийн эзэмшил бүхий газар дээр “Гэгээнтэн" хотхон барих зураг төслийг 2010 онд батлуулсан, улмаар 2011 онд ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн төлөвлөгөөг батлуулан барилгын ажлыг эхлүүлэн дуусах шатандаа орчихсон байхад Нийслэлийн Засаг даргаас ерөнхий төлөвлөгөөтэй давхцуулан иргэн С.Амарбаясгаланд газар эзэмших эрх олгосон нь өөрөө хууль бус байхад 2011 онд батлагдсан “Гэгээнтэн” хотхоны ерөнхий төлөвлөгөө нь 2013 онд газар эзэмших эрх олгосон С.Амарбаясгалангийн эрх ашгийг зөрчиж байна гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна.

Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-д Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тавигдах шаардлагыг зааж өгсөн бөгөөд 12.4.1-д "хүн амын амьдрах, ажиллах таатай орчинг бүрдүүлэхэд чиглэгдсэн, хот, тосгоны хөгжлийн чиглэлийг тодорхойлсон, хот, тосгоны хил хязгаар, газар нутгийн үүргийн бүсчлэл, инженер, зам тээвэр болон нийгмийн дэд бүтцийн хөгжил, түүх, соёлын дурсгалт байгууламж: архитөктур-хот байгуулалтын шаардлага, экологийн болон эрүүл ахуйн таатай нөхцөлийг бүрдүүлэхээр төлөвлөсөн байх", 12.4.2-д "тухайн нутаг дэвсгэрийн инженер-геологи болон байгаль экологийн онцлогт тулгуурлан боловсруулсан суурь судалгаанд үндэслэсэн байх" гэж заасан. Мөн уг хуулийн 12.5-д "Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө нь тухайн хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд үндэслэсэн дүүрэг, хороолол, бичил хороолол, талбайн өндөржилт, зай хэмжээ, инженерийн шугам сүлжээний шийдэл, ногоон байгууламж, орчны тохижилтын төлөвлөлтийн норм ба дүрмийн шаардлагыг хангасан, иргэдийн оролцоотой төлөвлөгдсөн байна" гэж заасны дагуу “Гэгээнтэн" цогцолбор хотхоны ерөнхий төлөвлөгөө батлагдсан.

Мөн “Гэгээнтэн" цогцолбор хотхоны ерөнхий төлөвлөгөө нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдийн 2008 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 18 дугаар тогтоолоор батлагдсан "'Зайсан толгой орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө" болон дээрх хуулийн 12.6-д "Хот, тосгоныг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө нь тухайн хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу боловсруулсан зураг төслийг хэрэгжүүлэх техник, эдийн засгийн үндэслэлийг тооцож, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг тодорхойлсон байх бөгөөд холбогдох норм ба дүрэм, журамд заасны дагуу дараах асуудлыг тооцон төлөвлөнө" гэж, 12.6.3-д "төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байх", 12.8-д "Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байна" гэж заасантай нийцэж байгаа юм.

Түүнчлэн 2008 оны Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 -д “”барилгын орчны тохижилт” гэж тухайн барилгад олгосон газарт барилгажилт, төлөвлөлтийн нормын дагуу төлөвлөсөн мод, бут, сөөг зэрэг ногоон байгууламж, зам, тээврийн хэрэгслийн зогсоол, оршин суугчдын амрах болон хүүхдийн тоглоомын талбай, гэрэлтүүлгийг" хэлнэ гэж заасан бөгөөд "**************" ХХК болон "ХЭБА*******" ХХК нь уг хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.5-д "барилга байгууламжийн орчны тохижилтыг иж бүрэн гүйцэтгэх" гэж заасан үүргийн дагуу төлөвлөгөөний дагуу авто машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж зэргийг тохижуулан байгуулсан нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэхгүй байна. Харин 2010 онд зураг төслөө боловсруулан, барилга байгууламжаа барьж ашиглалтад оруулчихсан, ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу гадна тохижилтыг гүйцэтгэн дуусч байхад ерөнхий төлөвлөгөөгөөр батлагдсан, нийтийн эзэмшлийн талбай дээр газар эзэмших эрх олгож байгаа нь хууль бус юм.

Зургаа. Нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлээгүй тухайд:

Хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байгаа. Үүнд:

1. Улаанбаатар   цахилгаан   түгээх   сүлжээ   төрийн   өмчит   хувьцаат компанийн 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөрийн №3/1669 дугаар иргэн С.Амарбаясгаланд олгосон газрын суурийн хэсэгт төвийн хэсгийн хэрэглэгчдийн цахилгаан хангамжийн тэжээлийн кабелийн 10 ширхэг ЦДКШ байгаа талаарх албан бичиг,

2. “Гэгээнтэн”   хотхоны   өмчлөгч,   орчин   суугчдын  төлөөллийн   албан хүсэлт,

3. Хан-Уул дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №01/560 дугаар иргэн С.Амарбаясгаланд эзэмшүүлсэн газрыг анх эзэмшүүлэхдээ дүүргийн Засаг даргын санал аваагүй болон тухайн газар нь дүүргийн 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй тухай албан бичиг,

4. Нийслэлийн Засаг даргын 2007 оны 02дугаар сарын 16-ны өдрийн №61 дугаар захирамж,  /Нийслэлийн Засаг даргын 2004 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 46 дугаар захирамжийн Ц.Батпүрэвт холбогдох хэргийн хүчингүй болгосон/,

5. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын газрын 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1/2012 дугаар зөвшөөрөл олгох тухай албан бичиг,

6. Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын  хяналтын байцаагчийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн №108/34 дугаар дүгнэлт,

Анхан шатны шүүхээс дээрх нотлох баримтыг үнэлэхгүйгээр нэхэмжлэгч нар болон “Гэгээнтэн" хотхоны өмчлөгч иргэд, хуулийн этгээдийн хууль ёсны эрх болоод холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/828 дугаар захирамжийг хууль ёсны гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангахгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хууль тогтоомжийг бүрэн хэмжээнд судалж, дүгнэлт хийгээгүй, хэрэглэвэл зохих хууль тогтоомжийг хэрэглээгүй, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн №157 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн Нийслэлийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/828 тоот захирамжийн С.Амарбаясгаланд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах" тухай нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.

Жич: Шүүх   хуралдаанд   биечлэн   оролцох   хүсэлтэй   байх   тул   шүүх хуралдааны товыг 89093973 дугаарын утсаар мэдэгдэхийг хүсье.” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдолдоо:  “”*********************" ХХК, "Хэба*******" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох захиргааны хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд гаргасан тус шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны 157 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хэрэгт авагдсан нотлох баримт, хууль журмыг буруу дүгнэн шийдвэр гаргасан гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Хууль зүйн үндэслэлгүйгээр талбайн хэмжээг 12652 м.кв хэмжээгээр томруулсан нь гуравдагч этгээд С.Амарбаясгалангийн эзэмшил газартай давхцалыг бий болгосон бөгөөд анхнаасаа “Гэгээнтэн” хотхоны ерөнхий төлөвлөгөөг эзэмшил 6010 м.кв талбайд нь нийцүүлж батлах нь зүйтэй байжээ. Энэ нь Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6-д "Хот, тосгоныг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө нь тухайн хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу боловсруулан зураг төслийг хэрэгжүүлэх техник, эдийн засгийн үндэслэлийг тооцож, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг тодорхойлсон байх бөгөөд холбогдох норм ба дүрэм, журамд заасны дагуу дараах асуудлыг тооцон төлөвлөнө", 12.6.3-д "төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байх", 12.8-д "Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын 70 хувиас илүүгүй байна" гэж заасныг тус тус зөрчсөн байна. Иймд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэв." гэжээ.

Хот байгуулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12-т "хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө" гэж хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу тухайн дүүрэг, орон сууцны болон гэр хорооллын газар зохион байгуулалт, барилгажилт, тохижилтын төлөвлөлт, инженерийн шугам сүлжээний хангамжийг нарийвчлан тодотгож төлөвлөсөн хот байгуулалтын үйл ажиллагааны баримт бичгийг хэлнээ гэж заасан байдаг.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2008 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 18 дугаартай "Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл зөвшөөрч батлах тухай" тогтоолоор Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний үндсэн шийдлийг хэрэгжүүлэх, дэд бүтцийн шугам сүлжээнд ойр байрлалтай гэр хорооллыг барилгажуулах зорилгоор Хан-Уул дүүргийн 1,11 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нийт 500,0 га нутаг дэвсгэрт хийгдсэн "Зайсан толгой орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө"-ний зураг төслийг зөвшөөрч баталсан. Уг ерөнхий төлөвлөгөөний дагуу барилгажуулах асуудлыг нэгдсэн бодлогоор хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгасан, Уг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу Гэгээнтэн хотхоны Ерөнхий төлөвлөгөөг баталсан. Хот байгуулалтын тухай хуулийн 12.4.1-д ерөнхий төлөвлөгөө нь "хүн амын амьдрах, ажиллах таатай орчинг бүрдүүлэхэд чиглэгдсэн, хот тосгоны хөгжлийн чиглэлийг тодорхойлсон, хот, тосгоны хил хязгаар, газар нутгийн үүргийн бүсчлэл, инженер, зам тээвэр болон нийгмийн дэд бүтцийн хөгжил, түүх соёлын дурсгалт байгууламж, архитектур-хот байгуулалтын шаардлага, экологийн болон эрүүл ахуйн таатай нөхцөлийг бүрдүүлэхээр төлөвлөсөн байх" гэсэн шаардлагын дагуу боловсруулагдсан болно.

 Нэхэмжлэлийн үндсэн шаардлага нь өөрөө Гэгээнтэн хотхоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний холбогдох хэсгийг хүчингүй болгох байдаг ба тухайн шүүхийн үндэслэл хэсэгт Хот байгуулалтын тухай хуулийн 12.6 болон 12.6.3 гэсэн заалтууд нь хот, тосгоныг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний заалтууд байх бөгөөд энэ төлөвлөгөө нь ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ хангагдах ёстой байдаг үйл ажиллагааг зохицуулдаг тэрнээс биш хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулахдаа баримталдаг зарчим гэснээр ойлгож зөрчсөн байна гэж дүгнэх нь өөрөө үндэслэлгүй болжээ. Манай байгууллага нь батлагдсан "Зайсан толгой орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө"-ний дагуу "*********************" ХХК, "Хэба*******" ХХК-ийн “Гэгээнтэн" хотхоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталсан болно.

"**************" ХХК болон "Хэба*******" ХХК-ийн Гэгээнтэн хотхоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө нь 2011 онд батлагдсан байдаг бөгөөд тус хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа С.Амарбаясгаланд газар олголтыг 2013 онд өгсөн байдаг энэ нь Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 аймаг нийслэлийн Засаг даргын бүрэн эрх хэсэг "хот, тосгоны батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон барилгажилтын төслийг үндэслэн газар олгох, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;" гэсэн заалтыг нийслэлийн Засаг дарга өөрөө зөрчиж, Гэгээнтэн хотхоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй давхцуулан газар олгосон шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн үйлдэл болсон. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 157 дугаартай шийдвэрийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах гомдолд дурдсан үндэслэлийн дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулж хэргийг шийдвэрлэсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Нийслэлийн Засаг даргын 2008 оны 198 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд “*********************” ХХК-д 4700 м.кв, “Хэба*******” ХХК-д 1310 м.кв үйлчилгээний зориулалт бүхий газар эзэмших эрх тус тус 15 жилийн хугацаатай олгогдсон байх бөгөөд нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын маргаж буй газар нь Гэгээнтэн цогцолборын газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй, нэхэмжлэгч нарын Газрын тухай хуульд заасан газар эзэмшигчийн эрх зөрчигдөөгүй болох нь тогтоогджээ.

Гагцхүү нэхэмжлэгч өөрсдийн дураар Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан Гэгээнтэн цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу автомашины зогсоол, орц, гарц, төлөвлөгөөнд тусгагдаагүй сагсан бөмбөгийн талбай болон Гэгээнтэн цогцолбор хотхон гэх хаяг байрлуулсан хана зэргийг байрлуулсанаас болж энэхүү маргаан гарах болжээ.

Энэ талаар анхан шатны шүүх “...Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3-т төлөвлөгөөнд хамруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байх, мөн зүйлийн 12.8-д Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байна гэж тус тус заасны дагуу хуулийн шаардлагыг нэхэмжлэгч биелүүлээгүй бөгөөд өөрийн эзэмшил газрын 30-аас доошгүй хувьд хийх ёстой тохижилтоо С.Амарбаясгалангийн эзэмшил газрыг асфальтаар хучиж, хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоол байгуулах зэргээр хийсэн нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг болон Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д заасныг зөрчжээ гэж үзэхээр байна” хэмээн үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ.

Иймд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй. Түүнчлэн нэхэмжлэгч нар нь Гэгээнтэн хотхоны түрээслэгч болон оршин суугчдыг төлөөлөх эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Давж заалдах гомдолд “С.Амарбаясгаланд газар эзэмшүүлэхдээ хууль тогтоомж зөрчсөн” гэсэн үндэслэлийг дурдсан байна.

С.Амарбаясгаланд газар эзэмшүүлсэн, байршлыг шилжүүлсэн процессыг он дарааллын хувьд авч үзвэл анх Нийслэлийн Засаг даргын 2004 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 46 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 12а байрны зүүн хойд талд дэлгүүр, нийтийн бие засах газрын барилгын зориулалтаар 0.008 га газрыг дуудлага худалдаагаар иргэн Ц.Батпүрэвт 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн, уг газрын эзэмших эрхийг С.Амарбаясгалан Ц.Батпүрэвээс 2005 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн эрх шилжүүлэх тухай гэрээгээр шилжүүлж авсан бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 577 дугаар захирамжаар баталгаажуулж, улмаар 2008 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 359 дүгээр захирамжаар эзэмшил газрын хэмжээг 100 м.кв болгон нэмэгдүүлсэн байна. Түүнчлэн С.Амарбаясгалан дэлгүүр, нийтийн бие засах газрын зориулалтаар газраа эзэмших гэтэл оршин суугчдын эсэргүүцлээс шалтгаалж барилгын ажлаа эхлүүлж чадаагүй бөгөөд түүний эзэмшиж буй газрын байршлыг өөрчлүүлэх тухай хүсэлтийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 423 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 400 м.кв газрыг 5 жилийн хугацаатай үйлчилгээ, конторын зориулалтаар эзэмшүүлж шийдвэрлэжээ.

Гэвч тус эзэмшүүлсэн газрын доогуур инженерийн шугам сүлжээ байрласан болох нь сүүлд мэдэгдсэн байна. Дээрх байдлаас шалтгаалан С.Амарбаясгалан эзэмшил газрын байршил өөрчлүүлэх тухай хүсэлт Нийслэлийн Газрын албанд дахин гаргасны үндсэн дээр Нийслэлийн Засаг дарга 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/828 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт /Гэгээнтэн хотхоны чанх ард/ үйлчилгээ, конторын зориулалтаар 400 м.кв газрыг эзэмшүүлсэн байна. Ийнхүү удаа дараа эзэмшил газрын байршлыг сольж байгаа нь гуравдагч этгээд С.Амарбаясгалангаас өөрөөс нь огт шалтгаалаагүй, тухайн газрын оршин суугчдын эсэргүүцэл, инженерийн шугам сүлжээний зураг төслийн алдаа зэргээс шалтгаалсан болох нь тогтоогджээ. Иймд С.Амарбаясгаланг хууль зөрчиж, хууль бусаар газар эзэмшсэн этгээд гэж дүгнэх боломжгүй.

Давж заалдах гомдолд “Газрын байршлыг шилжүүлэх, эзэмшил газрыг солих асуудлыг Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д ... заасан гэсэн үндэслэл дурдаж байгаа нь хэрэгт хамааралгүй байна. Учир нь Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 болон 42.2-т “...иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд бүгдийг буюу зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах саналыг тухайн газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцсоны дараа Засгийн газарт гаргаж болно”, “Засгийн газар нь бусдын эзэмшил газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай ... зохих шийдвэр гаргана” гэж заасан нь огт өөр харилцааг зохицуулсан хэм хэмжээ бөгөөд Засгийн газарт С.Амарбаясгалангийн дэлгүүр, нийтийн бие засах газрын барилгын зориулалттай газрыг улсын тусгай хэрэгцээнд авах ямар ч шаардлагагүй. Иймд Нийслэлийн Засаг даргыг Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

Мөн гуравдагч этгээд С.Амарбаясгалан Нийслэлийн Засаг даргын 2007 оны 577 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт, 2010 оны 423 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт тус тус эзэмшиж байсан газраа гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшихээр холбогдох ажиллагаануудыг хийж байсан нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу газраа ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11, 15 дугаар зүйлийн 15.1.6 дахь заалтыг иш татаж хуульд заасан үүргийнхээ дагуу автомашины зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж зэргийг тохижуулан байгуулсан... гэжээ. Шүүх орчны тохижилт хийх, ногоон байгууламж байгуулах талаарх хуулийн заалт болон газар эзэмшигчийн үүргийг огт үгүйсгээгүй бөгөөд гагцхүү дээрх тохижилт, ногоон байгууламжаа өөрсдийн эзэмшил газартаа хийх үүрэгтэй  болохыг тэмдэглэж байна. Нөгөө талаар “*********************” ХХК 4700 м.кв, “Хэба*******” ХХК 1310 м.кв газрыг тус тус үйлчилгээний барилгын зориулалтаар эзэмшсэн хирнээ газрын зориулалтыг өөрчлөх эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байхад тухайн газарт Гэгээнтэн цогцолбор хотхон нэртэйгээр үйлчилгээтэй 180 айлын орон сууц барьжээ. Ингэснээр оршин суугчдын авто зогсоол, орц, гарц, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай болон бусад зайлшгүй тохижилтыг хийх шаардлага үүссэн бөгөөд тохижилтоо өөрийн эзэмшил газраас хэтрүүлсэн, үүнийгээ нийтийн эдэлбэрт хамаарах газрыг тохижуулсан гэж тайлбарлах боловч тохижуулсан газар нь гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн газартай давхцалтай болох нь маргаан бүхий газрын үзлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа болохыг дурдах нь зүйтэй.

Давж заалдах гомдолд нэхэмжлэгч зарим нотлох баримыг иш татаж дээрх нотлох баримтуудыг ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлээгүй гэжээ. Анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд  хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болох нь тогтоогдож байна. Гагцхүү шүүх шийдвэрээ бичихдээ шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй баримтаа түлхүү иш татаж бичсэн байгааг дээрх нотлох баримтыг шинжлэн судлаагүй, үнэлээгүй гэж үзэх үндэслэл болохгүй.

 

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 157 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.    

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

             

           ШҮҮГЧ                                                             О.НОМУУЛИН

            ШҮҮГЧ                                                            Ц.ЦОГТ

            ШҮҮГЧ                                                            Э.ЗОРИГТБААТАР