| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2018/00447/и |
| Дугаар | 650 |
| Огноо | 2018-08-06 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 650
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж, шүүгч Г.Энх-Амгалан, Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Уртынхан овгийн Ц.М-н нэхэмжлэлтэй.
Хариуцагч: Боржигон овгийн Г.Т-д холбогдох,
“Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 2395945.4 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчаас 1768320 төгрөг гаргуулж, хөдөлмөрийн чадвар алдалтгүй болтол авах байсан цалин орлого, авсан тэтгэвэр, тэтгэмжийн зөрүүгээр сар бүр тэжээн тэтгэхийг Г.Т-д даалгах” тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагтай иргэний хэргийг хянан хэлэцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Г.Т, хариуцагчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг, иргэдийн төлөөлөгч Д.А, нарийн бичгийн дарга М.Дамбийням нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Т нь миний биед хөнгөн гэмтэл санаатайгаар учруулж Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 83 тоот шийтгэх тогтоолоор шийтгэгдсэн билээ. Миний бие нь тус хэргээс болж маш их хохирч эрүүл мэндийн улмаас ажилаа хүртэл хийж чадахгүй байдалд хүрч одоог болтол эмчилгээ хийлгэж байна. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш миний бие нь эмчилгээ хийлгэж байгаад дээрдэхгүй, байнгын асрамжид байсаар өдийг хүрлээ. Өөрийн биеийг нөхөн сэргээхээр олон эмнэлэг, эмч, ардын уламжлалт анагаах ухааны бариач нарт хандаж эмчлүүлж байгаа хэдий ч биеийн байдал маань дээрдэхгүй байсаар байна. Гэтэл надад гэмтэл учруулсан Г.Т нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсоноос хойш надад эмчилгээний зардал төлөөгүй учир дараах эмчилгээний зардал болон хохиролыг нэхэмжилж байна. 2017 оны 06 дугаар сарын 09-нөөс 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл эмчилгээний зардалд 1662209 төгрөг гарсан бөгөөд мөн Эрүүл мэндийн шалтгаанаас болж өөрийн цалингийн зээлийг төлж чадахгүй болсон учир 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс хойш цалингийн зээлийн үлдэгдэл 733736.4 төгрөг нийт 2395935.4 төгрөгийг Г.Т-с нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Г.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь ямар ч нотлох баримтгүйгээр 3400000 төгрөг төлсөн одоо нэхэмжилж байгаа 2395935.4 төгрөгөөс цалингын зээлийн 733736.4 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Нэхэмжлэлд нийт 32 ширхэг баримт хавсаргаснаас ямар эм авсан нь тодорхойгүй баримтууд мөн бензин хийсэн гэх боловч хэд дугаартай ямар маркын автомашинд хийсэн нь тодорхойгүй. Бас ямар ч хөндлөнгийн нотлох баримтгүй эм авсан НӨАТ-ын баримтуудыг хавсаргасан зэргээс харахад нотлох баримтын шаардлага хангаагүй баримтууд зөндөө байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Г.Т нь Ц.М-н биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь тогтоогдсон. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хүний эрүүл мэндэд хохирол учруулсан этгээд нь төлөх үүрэгтэй байдаг. Эрүүл мэндэд учруулсан гэм хорыг нөхөн төлөхтэй холбоотой хуулийн зохицуулалтын хүрээнд Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, Улсын дээд шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 22-ны 15 дугаар тогтоолын 6.2. дугаар зүйлийн 2-т заасан үндэслэлүүдээр эрүүл мэндэд учруулсан гэм хорыг нөхөн төлөх зохицуулалтай. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд эмчилгээ сувилгааны зардал 1162209 төгрөг байгаа. “Нара” зүү заслын сувилалд нийтдээ 1176800 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар эмчилгээний зардал, асарч сувилах зардал, нэмэгдэл хоол хүнсний зардал зэргийг нөхөн төлөхөөр хуульчилсан. Нэмэгдэл хоол хүнсний зардалд 321000 төгрөг гарсан. Ц.М-г асарч сувилахад байнгын нэмэгдэл хоол хүнс шаардлагатай байдаг. Хөдөлмөрийн чадвараа 60 хувь хүртэл алдсан. Мөн “Нара” сувилалд очсон нийт замын зардал нь 145000 төгрөг гарсан. Мөн гэм хорын хохирол гэж үзээд цалингийн зээлийн үлдэгдэл 733736.4 төгрөгийг нэхэмжилж байгаа. Учир нь Ц.М нь цагдаагийн газарт олон нийтийн цагдаа ажилтай байсан. Тухайн ажиллаж байх хугацаандаа цалингийн зээл авсан байдаг. Эрүүл мэндэд нь хохирол учирснаас болж тухайн хүн цалин хөлс авах боломжгүй болсон. Улмаар цалин барьцаалсан зээлийг төлөх боломжгүй болсон. Улсын дээд шүүхийн тайлбарт зааснаар гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан бол Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.3-т “Эрүүл мэндийг хохироосноос хохирогч хөдөлмөрийн чадвараа алдсан буюу хөдөлмөрийн чадвар нь буурсан, эсхүл хэрэглээ зардал нь нэмэгдсэн бол гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд хохирогчид сар тутам мөнгө /тэжээн тэтгэхтэй холбогдсон тэтгэлэг/ төлөх замаар гэм хорыг арилгах үүрэгтэй” гэж заасан. Энэ хүн хөдөлмөрийн чадвараа алдсанаасаа хойш нийгмийн халамжийн тэтгэмжид хамрагдсан. Тэтгэмжийн хэмжээ нь анх 56000 төгрөгөөр тогтоогдсон байдаг. Одоо 140000 төгрөгөөр тогтоогдож зөрүү гарсан. Тухайн хүн 240000 төгрөгийн цалин авдаг байсан. 2017 оны 06 дугаар сараас 2018 оны 1 сар хүртэл авсан тэтгэмжийг тухайн хүний авах ёстой байсан цалингаас хасахаар 788670 төгрөг болж байгаа. 2018 оны 02 дугаар сараас 2018 оны 05 дугаар сар хүртэл авсан тэтгэмжийн хэмжээг авах ёстой цалингаас нь буюу зөрүүг нь хасахаар 340000 болж байгаа. Авах ётой цалингийн зөрүү буюу 1128670 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлттэй байгаа. Тухайн хүний хөдөлмөрийн чадварыг сэргэтэл сар болгон 100000 төгрөгөөр тэжээн тэтгүүлэх шаардлагыг нэмэгдүүлэн гаргаж байна. Иймд Г.Тоос 4164255.4 төгрөгийг гаргуулж, хөдөлмөрийн чадвар алдалтгүй тэжээн тэтгэхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Т шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Ц.М-тай 2017 оны 02 сард маргалдаж энэ хэргийг үйлдсэн. Тухайн үед Ц.М-г эмнэлэгт хэвтэж байх хугацаанд нь өөрийн гэм буруугаа хүлээж, гэм хорыг арилгаж тухайн үед гарсан зардлуудыг өгч байсан. Шүүх хуралдаан болохоос өмнө Ц.Мт 3000000 гаран төгрөгийг нотлох баримтгүй өгсөн байдаг. 2017 оны 06 дугаар сарын 07-ноос хойш мөнгө нэхэмжилсэн. Энэ нь ямар ч нотлох баримтгүй байсан учраас мөнгө өгөх шаардлагагүй гэж хэлээд мөнгө өгөөгүй. Надаас баримтаар нэхэмжилсэн мөнгө байхгүй байсан. Энэ нэхэмжилж байгаа мөнгөний нотлох баримтуудад нотлох баримтуудын шаардлага хангахгүй баримтууд байгаа. Ямар эмчилгээ хийлгэсэн, ямар эм авсан, хаашаа ямар тээврийн хэрэгслээр хэзээ явсан гэдэг нь тодорхойгүй байна. Шүүх үнэн зөвийг тогтоож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.М нь Г.Т-д холбогдуулан “Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 2395945.4 төгрөг гаргуулах” үндсэн нэхэмжлэлийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б “хариуцагчаас 1768320 төгрөг гаргуулж, хөдөлмөрийн чадвар алдалтгүй болтол авах байсан цалин орлого, авсан тэтгэвэр, тэтгэмжийн зөрүүгээр сар бүр тэжээн тэтгэхийг Г.Т-д даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан.
Хариуцагч Г.Т нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй, зөвхөн нотлох баримтын шаардлага хангасан баримтаар нотлогдсон зардлыг төлнө гэж маргажээ.
Нэхэмжлэгч Ц.Мын эрүүл мэндэд хариуцагч Г.Т-н гэм буруутай үйлдлээс үүдэлтэй гэм хор учирсан үйл баримтын хувьд талууд маргаангүй, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд учруулсан хохирлыг нөхөн төлөх үүргийг хариуцагч Г.Т хүлээх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б “хариуцагчаас 1768320 төгрөг гаргуулж, хөдөлмөрийн чадвар алдалтгүй болтол авах байсан цалин орлого, авсан тэтгэвэр, тэтгэмжийн зөрүүгээр сар бүр тэжээн тэтгэхийг Г.Т-д даалгах” нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг шүүхэд гаргасан байгаа ч нэхэмжлэгч Ц.Маас олгосон 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 637 тоот итгэмжлэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх, үүргийг эдэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бд 1 жилийн хугацаатай олгож, харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан “нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрх”-ийг итгэмжлэгдсэн төлөөлөгчдөө олгоогүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Г.Тоос 1197100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Мт олгож, нэхэмжлэлийн шаардлага 2395945 төгрөгөөс 1198835 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч Г.Т нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл “NARA” зүү засал эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр, 12 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх тул “NARA” зүү засал эмнэлэгийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 50000, 266000 төгрөгийн баримтууд, 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 39800 төгрөг, 58000 төгрөг, 266000 төгрөг, 38000 төгрөг төлсөн баримтууд, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 69000 төгрөгийн баримт, 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 10000 төгрөг төлсөн баримт, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 380000 төгрөгийн баримтуудаар тус тус нотлогдсон 1176800 төгрөг, мөн нэхэмжлэгч Ц.Мын нэр дээр бичигдсэн, 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Арвайхээр Улаанбаатарын чиглэлийн Хот хооронд зорчих тасалбарын үнэ болох 20300 төгрөг, нийт 1197100 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэлийн шаардлагаас 1198835 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн. Үүнд: Хаан банкны цалингийн зээлийн үлдэгдэл 733736 төгрөгийг хариуцагчаас ямар үндэслэлээр гаргуулах нь тодорхойгүй, “Монос Улаанбаатар” ХХК-ийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 9000 төгрөгийн баримт, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 3125 төгрөгийн баримт, “Эм гоо” ХХК-ийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 45000 төгрөгийн баримт, 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 20650 төгрөгийн баримт, 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 3400 төгрөгийн баримт, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 3100 төгрөгийн баримт, “Монос Улаанбаатар” ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 23900 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 5700 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1700 төгрөгийн баримтууд, Эм гоо” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 30500 төгрөгийн баримт, “Монос Улаанбаатар” ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 10000 төгрөгийн баримт, “Мон Арго” ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 109500 төгрөгийн баримт, “Монос Улаанбаатар” ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 27000 төгрөгийн баримт гэсэн эмийн баримтууд хэрэгт авагдсан боловч эмчийн заавар, өвчтөний түүх зэрэг баримтуудаар нотлогдоогүй, 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хот хоорондын зорчих тасалбар, 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хот хоорондын зорчих тасалбар, 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хот хоорондын зорчих тасалбар гэсэн баримтуудад тасалбарийн үнийн дүн тодорхой бичигдээгүй, мөн Нас-Очир гэх хүний нэр дээр бичигдсэн байх тул тус тус нотлох баримтын шаардлага хангахгүй баримтууд гэж үзсэн.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Г.Т-с 1197100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1198835 төгрөгийг хэрэгсэхгүй болгосоугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар 1768320 төгрөгийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 33280 төгрөгийг гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай.
4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигчид, тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.