| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2022/1182/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1196 |
| Огноо | 2022-09-27 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1196
2022 09 27 2022/ШЦТ/1196
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч Н.Ундрах,
шүүгдэгч О.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч О.Хг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2208000001397 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний нөөцийн менежер мэргэжилтэй, “**” ХХК-д менежер ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт ** дүүргийн ** дүгээр хороо, Их нарангийн ** дугаар гудамж, ** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ** чихт овогт Он Х (РД:**).
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Х согтуурсан үедээ 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр ** дүүргийн ** дүгээр хороо, Их нарангийн ** дугаар гудамж, ** тоот гэртээ нөхөр болох хохирогч Д.Мн баруун бугалганд хутгалж, биед баруун бугалганд шарх, цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч О.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр нөхөртэйгөө 1 шил архи уусан. Ээжид зээлсэн мөнгөнөөс болж маргалдаад огцом уурлаад хутгалсан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Уучлалт гуйж, хамт амьдарч байгаа. Ялыг зөвшөөрч байгаа” гэв.
Эрүүгийн 2208000001397 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Д.Мн: “2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр аавуудын баяр тэмдэглэж эхнэртэй архи хувааж уусан. Маргааш нь өдөр 11 цагийн үед дотроо засах зорилгоор 1 шил 0.5 граммын архи аваад гэртээ ирээд эхнэр Хгийн хамт хувааж уусан. 15 цагийн үед гэр бүлийн мөнгөний асуудлаас болж маргаан гарсан. Хадам ээж Од 1 сая орчим төгрөг зээлээд түүнийгээ авч чадалгүй 1 жил орчим болж байгаагаа эхнэртээ хэлэхэд ээжийгээ өмөөрч уурласан. Би “Ээж рүүгээ зайлаарай, ээжтэйгээ хамт амьдар” гээд хэлтэл гал тогооны шүүгээнээс хар өнгийн жижиг хутга аваад миний зүүн гарын гадна бугалга хэсэгт 1 удаа зүссэн. Цус гараад тогтохгүй байх үед эхнэр цагдаа, эмнэлэг дуудсан. Миний бие эхнэр Хтай эвлэрсэн, ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дэх тал),
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.08.16-ны өдрийн 11071 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. Д.Мн биед баруун бугалганд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонгид алдагдуулахгүй. 5. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ (хавтаст хэргийн 15-16 дахь тал),
Гэрч М.Нн: “...2022 оны 8 дугаар сарын 09-ний орой 18 цагийн орчимд ээж Х над руу утасдаж “би аавыг нь хутгалчихлаа, аав дээрээ очоорой, би эрүүлжүүлэх байранд орох юм байна” гэж хэлсэн. Тухайн цаг хугацаанд болсон асуудлыг мэдэхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал),
Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хх-29-34), гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ (хх-35-38), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-41), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-27), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хх-42), эд хөрөнгө бүртгэгдээгүй лавлагаа (хх-43), тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй лавлагаа (хх-44), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа (хх-45), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-46), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хх-47, 48), иргэн хуулийн этгээдэд төлбөргүй тодорхойлолт (хх-49), дансны хуулга (хх-50-51), бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар (хх-52), “” ХХК-ийн “О.Х нь ахлах менежер албан тушаалд ажиллаж байгаа нь үнэн” гэх тодорхойлолт (хх-53), шүүгдэгч, хохирогч нарын “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт (хх-64, 65), прокурорын “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол (хх-67-68), прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” санал (хх-72) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч О.Х согтуурсан үедээ 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр ** дүүргийн ** дүгээр хороо, Их нарангийн ** дугаар гудамж, ** тоот гэртээ нөхөр болох хохирогч Д.Мн баруун бугалганд хутгалж, биед баруун бугалганд шарх, цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Д.Мн “...эхнэр Хгийн хамт архи хувааж уусан. ...манайх хадам ээж Од 1 сая орчим төгрөг зээлээд түүнийгээ авч чадалгүй 1 жил орчим болж байгаагаа эхнэртээ хэлэхэд ээжийгээ өмөөрч уурласан. Би “Ээж рүүгээ зайлаарай, ээжтэйгээ хамт амьдар” гээд хэлтэл гал тогооны шүүгээнээс хар өнгийн жижиг хутга аваад миний зүүн гарын гадна бугалга хэсэгт 1 удаа зүссэн...” гэх мэдүүлэг (хх-8-9), шүүх эмнэлгийн 11071 дугаар “1. Д.Мн биед баруун бугалганд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-15-16), гэрч М.Нн “...ээж Х над руу утасдаж “би аавыг нь хутгалчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-11) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч О.Хн согтуурсан үедээ, гэр бүлийн асуудлаас болж нөхөр болох хохирогч Д.Мтай маргалдаж, баруун бугалганд нэг удаа хутгалж хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Мн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн “Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг, хүсэлт (хх-9, 65)-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч О.Х нь согтуурсан үедээ 2022 оны 8 дугаар сарын 9-ний өдөр ** дүүргийн ** дүгээр хороо, Их нарангийн ** дугаар гудамж, ** тоотод нөхөр буюу хохирогч Д.Мн баруун бугалган тус газарт хутгалж, биед баруун бугалганд шарх, цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна...” гэж,
шүүгдэгч “Ялыг зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч О.Х нь “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.
Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч, хохирогч нар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс бөгөөд ахуйн хүрээнд согтуурсан үедээ гэр бүлийн асуудлаас болж маргалдан, хохирогчийн баруун бугалганд хутгалж эрх, эрх чөлөөнд халдан гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Гомдол саналгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн ажилтай, тодорхой орлоготой, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Хг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Х цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ** овогт Он Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Хг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Хг 600,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Х торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Х цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР