Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/187

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

Улсын яллагч Д.Аянагүл,

Хохирогч Г.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ургаа, №0523

Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 141 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ийн *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, “***” *** тээврийн менежер ажилтай, ам бүл 2, хүүгийн хамт *******, ******* тоотод оршин суух хаягтай,

Урьд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 204 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялыг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр бүрэн биелүүлж дуусгавар болгосон,

*******ийн ******* /РД:/

           Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

   Яллагдагч Б.******* нь тоотод 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Г.*******тай хардалтын улмаас маргалдаж зодож, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хугарлын завсар дотор шулуун булчин ивэрлэлт, нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “...Тэр өдөр би хөдөө

явах гээд хүү дээрээ ирсэн. Хонох санаатай байсан. Ирээд Г.ын хамт пиво, вино уусан. Би ганцаараа уугаагүй. Шөнө 3 цагийн үед бид хоёрын дунд маргаан болж, Г.******* миний хувцсыг урсан учраас би цагдаад дуудлага өгсөн. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Миний буруу, буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдлээ буруу гэж бодож байна. Би хохирогчийн нүдийг нь цохисон гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед хохирогч өөрийгөө удирдан жолоодох чадваргүй, согтуу байсан. Цагдаа дуудаад ирээгүй. Сүүлд ирсэн. Би хохирогчийн нүдэнд гэмтэл учруулсан. Би хохирогчид нийт 3.500.000 төгрөг хохирол төлбөрт өгсөн.  Бид хоёр гэр бүлийн харилцаагүй, салсан. Би хөдөө явах гээд хүүхэдтэйгээ хонохоор ирсэн. Тэгээд ийм зүйл болсон. Бид хоёр дундаасаа нэг хүүхэдтэй. Бид хоёр салаад би хүүхдийн тэтгэлэг төлж байгаа” гэв.

 

Хохирогч Г.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “...Болсон асуудлыг бүдэг, бадаг санаж байна. 2022 оны 04 дүгээр сарын 27-ны орой би 20 цаг өнгөрч байхад ажлаасаа гэртээ орж ирсэн. Б.******* угаасаа их хартай, намайг ажил хийлгэдэггүй. Гэртээ хүүхдээ харж бай, би чамайг, хоёр хүүхдээ тэжээнэ, болгочихно гэдэг. Надтай хэрүүл хийдэг, их архи уудаг. Миний амнаас зайл гэдэг үг гарвал нялх хүүхэдтэй, ажилгүй байхад сар гаруй хугацаанд хаяж явж байсан. Би зөрсөөр байгаад Налайх дүүргийн Улсын бүртгэлд ажлын байр гарахаар нь Б.*******ыг архи ууж алга болсон үед анкет бөглөж, ярилцлагад орж, ажилд орсон. Намайг гэртээ хүүхдээ харж байхад хүртэл харддаг. Ажилд  оронгуут бүр их харддаг болсон. Тэр орой цагдаагийн бичиг хэргээс над руу мессеж ирсэн, Б.******* миний утас руу өлөлзөөд байсан. Удалгүй 21 цагийн үед даргаас сургалт хойшилсон гэсэн мессеж ирсэн. Миний утсанд дуудлага, мессеж бага ирдэг. Хоёр дараалан мессеж ирэхэд Б.******* өрвөлзөж эхэлсэн. Маргааш нь Ховд явах гэж байгаа гээд пиво, вино авч ирсэн. Хоол идсэний дараа виног нь хамт хувааж уусан. Миний утсанд хоёр удаа мессеж ирснээс хэрүүл болсон. Б.******* гэдэс рүү өшиглөсөн. Манай том хүүхэд та ээжийг дандаа ингэдэг биз дээ гээд өмөөрч дундуур орсон. Б.******* 24 цаг өнгөрч байхад Цайзаас пиво авч очиж байна гэсэн. Би чамтай нэмж уухгүй, болсон гэж хэлсэн. Хаалгаа тайлахгүй, гэртээ оруулахгүй байтал нэг давхар учраас цонх руу чулуу шидээд байсан. Манай бага цочимтгой болохоор хаалга, цонх нүдэхэд цочоод байсан. Тэгээд хэсэг унтаж байгаад шөнө 2 цаг өнгөрч байхад хөдөө явах гэж байгаа юм чинь хүүхэдтэйгээ унтаад өглөө яваг гэж бодоод гэртээ оруулсан. Эхлээд Б.******* гал тогоонд чимээгүй сууж байсан. Би унтсан. Гэтэл дээр мордож суугаад нүүр, нүдгүй, эрэгтэй хүн цохиж байгаа юм шиг балбаж эхэлсэн. Биеэ хамгаалах гэсэн боловч чадаагүй. Би хоёр дахь амьдрал үүсгэсэн хүн. Хоёр алдаад яах вэ гэж их тэвчсэн. Миний тэсвэр тэвчээр алдагдсан. Б.******* хөдөө, гадаа хэдэн сараар явдаг. Эзгүй байхдаа манай эхнэр өөр хүнтэй байна, архидан согтуураад байна гэж дандаа 102 руу дуудлага өгдөг. Налайхын цагдаагаас орой хоёр хүүхэдтэйгээ байхад танайд архидан согтуурч байна гэсэн дуудлагын дагуу явж байна гэж ирдэг, шалгадаг, бичлэг хийдэг. Б.******* Замын-Үүдэд 2 сар гаруй хугацаанд байсан. Тэр хугацаанд байнга цагдаад дуудлага өгч байсан. Сүүлд тэмдэглэхэд долоо хоногт манайд хоёр удаа цагдаа ирсэн байсан. Би цагдаа нарт та нар хүний хувийн мөрдөгч шиг орой болгон ирэх юм, манай хоёр хүүхэд айгаад уйлах боллоо. Дуудлага өгсөн хүнд худал дуудлага, мэдээлэл өгсөн гэж арга хэмжээ авч болдоггүй юм уу гэхэд арга хэмжээ авах боломжгүй гэж хэлсэн. Нэг удаа 50.000 төгрөг торгосон юм шиг байна лээ. Сарын хугацаанд цагдаад 6-7 удаа дуудлага өгч, ирнэ гэдэг юу гэсэн үг юм бэ. Би Б.*******ыг эзгүйд хүүхдийн 100.000 төгрөгөөр амьдарч байсан. Б.******* ирээд дургүй нь хүрэхээр сар гаруй хугацаанд эсвэл арван хэд хоногоор хаяж явдаг. Тэгээд ажилд орохгүй бол болохгүй гээд хүчээр шахуу ажилд орсон. Би өмнө нь  архив хийж байгаагүй учраас оройтох тохиолдол гардаг байсан. Тэгэхэд чи 17 цаг 30 минутад тарна биз дээ, яагаад оройтоод байдаг юм бэ гэж элдвээр хэлдэг. Ер нь би байнга дарамтад байдаг” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

Улсын яллагчийн зүгээс: Хохирогч Г.*******ас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-5/, Гэрч Б.*******ээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-13/, Насанд хүрээгүй гэрч О.гээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-14/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 239 дугаар Шинжээчийн дүгнэлт /хх-16-17/, Яаралтай тусламжийн хуудас /хх-18-19/, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 104/ШШ2021/00435 дугаар шийдвэр /хх-65-67/, Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэлт, тэмдэглэл /хх-89-90/, Яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-33-34/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: Хохирогч Г.*******ас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-5/, Насанд хүрээгүй гэрч О.гээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-14/, Шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-21/, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 104/ШШ2021/00435 дугаар шийдвэр /хх-65-67/, Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалт /хх-68-69/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-81/, Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /хх-87/,  Б.*******ын бичгээр гаргасан хүсэлт /хх-92/, Өмгөөлөгч Х.Ургаагийн Нийслэлийн Прокурорын газрын ерөнхий прокурорт 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гаргасан гомдол /хх-108-110/, Яллах дүгнэлтийн хавсралт /хх-126/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч, хохирогч нар нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч....Гэм буруугийн дүгнэлтэд дараах гурван зүйл байна. Үүнд нэгд хохирогч Г.ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хоёрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, гуравт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх гурван асуудлаар дүгнэлт гаргая. Миний сая шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр шүүгдэгч Б.*******ын хууль бус, буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь тогтоогдож байна. Тэднийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь өмнө гэр бүл байсан гэх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шүүхийн шийдвэр зэргээр тогтоогдож байна. Улсын дээд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийг тайлбарласан байдаг. Тайлбарт энэ хуульд заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаа гэж гэр бүлийн гишүүд, бусад  шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад  шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон  хүн, асран  хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байсан хүмүүсийн хоорондын харилцааг ойлгохоор заасан байдаг. Б.*******, Г.******* нар нь бусад шалтгааны улмаас амьдарч байгаад больсон, хамт амьдарч байсан зэргээс гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс байсан гэдэг нь тогтоогдож байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэлбэрээр хохирогчийн биед хүндэвтэр хохирол учруулсан болох нь хохирогчийн Б.******* үндэслэлгүй хардсанаас миний биед гэмтэл учруулсан. Өмнө ч гэсэн хардаж, гэмтэл учруулж байсан гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрчийн Б.******* ах ирэх бүрдээ архи уудаг, ээжийг цохидог, 4-5 удаа алгадаж байсан гэх мэдүүлэг, Г.ын ээжийн мэдүүлэг зэргийг нотлох баримтаар үнэлэхээс өөр аргагүй. Яагаад гэвэл тухайн үед энэ хүмүүс л байсан. Энэ хүмүүсийн хоорондын харилцааг хамт амьдарч байсан хүмүүс нь л мэднэ. Гэрч нарын мэдүүлэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. Б.******* би бараг архи уугаагүй, болсон асуудлыг санадаг гэж ярьдаг. Өөрийнх нь буруу тогтоогдоход болсон асуудлыг санахаа больдог. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, зөвшөөрөөгүй нь тодорхой бус байна. Яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ хохирогчийг ширээний булан мөргөсөн гэдэг. Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Зөрүүтэй мэдүүлгээр нь түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх юм уу. Өмнө Б.******* хохирогчийг зодож, биед нь хөнгөн гэмтэл учруулж, шүүхээр шийтгүүлж байсан байна. Энэ бүхнээс харахад шүүгдэгч Б.*******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэлбэрээр, гэр бүлийн хамаарал бүхий харилцааны хүний эрүү мэндэд халдаж, хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж үзэхээр байна. Шүүгдэгч Б.******* нь хохирогч Г.*******д төлөх төлбөргүй, харин иргэний нэхэмжлэгч Б.Ганбаатарт хохирол төлбөр төлөөгүй байна. Хэдийгээр Б.******* бүх төлбөрийг Г.*******д төлсөн гэж тайлбарлаж байгаа ч Нийгмийн даатгалын санд үүссэн төлбөрийг хэнээс, хэрхэн гаргуулж төлөх нь Б.*******ын асуудал байна. Ямар ч байсан Б.******* нь Нийгмийн даатгалын санд учирсан 2.730.000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж үзэж байна” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.******* нь Г.ын биед гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Шүүгдэгч хохирогчийг тухайн үед ширээний булан мөргөсөн, мөн өөрөө цохиж, зодсон талаар мэдүүлдэг. Хохирогч мөргөөгүй гэдэг. Шинжээч эмч хохирогчийн биед учирсан гэмтлийг ширээний булан мөргөхөд үүсэх боломжтой талаар мэдүүлсэн байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 байсан уу, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь зөв юм уу. Хууль хэрэглээнийд алдаа гарсан талаар дүгнэлтээ хэлнэ. Шүүгдэгч болон өмгөөлөгч нар Б.*******ын санаатай үйлдлээс болж, хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учирсан талаар маргаагүй. Гэр бүлийн хамаарал бүхий харилцааны хүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэх зүйлчлэлийг хэрхэн тайлбарладаг вэ гэвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан заалт нь 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал гэж хуульчилсан бөгөөд мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл нь зодсон, харгис хэрцгий хандсан үйлдлийг байнгын шинжтэй гэж хуульчилсан бөгөөд энэ үйлдлийн улмаас ямар нэгэн хохирол, гэмтэл учирсан байхыг шаарддаг. Тус гэмт хэргийн онцлог шинж нь тухайн зүйл хэсэгт заасан үйлдлийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг байнга үйлдсэн байхыг хуульчилсан бөгөөд Эрүүгийн эрх зүйн онол практикт тодорхой үйлдэл, эс үйлдэхүйн давтамжийн шинжийг тодорхойлоход давтан, байнга гэсэн ойлголт хэрэглэгддэг. Байнга гэдэг нь тоон илэрхийллийн хувьд 3 ба түүнээс дээш үйлдэгдсэн байхыг авч үздэг, хууль хэрэглээний ойлголт байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалд байнга гэх шинжийг хамааруулахгүй, хуульчилсан гэж прокурор ярилаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэм хэргийг тусад нь хуульчилсан байдаг. Үүнд байнга гэх шинжийг агуулаагүй байдаг. Үүнээс харахад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж байна. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн субьектив болон объектив шинжийг хууль тогтоогч агуулгаар нь багтаан хуульчилсныг анхаарах нь зүйтэй байна. Иймээс гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн бие даасан шинж болон гэр бүлийн хамаарал бүхий этгээдийг зодсон гэх үйлдэл нь байнга, гурав болон түүнээс дээш давтамжтай үйлдсэн байхыг онолын түвшинд шаарддаг. Би сая нотлох баримт шинжлэн судлахдаа насанд хүрээгүй гэрч н мэдүүлгийг шинжлэн судалсан. Мөрдөн байцаалтын шатанд түүнээс мэдүүлэг авахдаа гэр бүлийн хүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг сануулах ёстой байсан. Эрхийг нь сануулаагүй нь нотлох баримтын чадвараа алдаж байна. Шүүгдэгч Б.*******, хохирогч Г.******* нар гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд биш байсан. Гэр бүлийн баталгаагүй. Гэр бүлийн хамааралгүй хүмүүс гэж Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хуулийн нэр томьёоны дагуу ойлгох бөгөөд Б.*******, Г.******* нарын хооронд Гэр бүлийн тухай хуульд заасан гэр бүл гэх ямар нэгэн баталгаа, баримт байхгүй. Зөвхөн дундаасаа нэг хүүхэдтэй байна. Шүүгдэгч Б.*******, хохирогч Г.******* нар гэр бүлийн ямар нэгэн хамаарал байхгүй бөгөөд Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 445 дугаартай шийдвэрээр хүүхдийг тэжээн тэтгэх ажиллагаа хийгдсэн. Б.******* Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар 9 сарын хүүхдийн тэтгэлгийг төлж барагдуулсан байна. Иймээс Эрүүгийн хуульд зааснаар шүүгдэгчид хүндрүүлэх нөхцөлөөр ял сонсгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Гэр бүлийн тухай хуульд зааснаар шүүгдэгч, хохирогч нар гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс биш байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хуульчилсан байдаг. 1.3-т гэм хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрийг заавал нотлохыг хуульчилсан байдаг. Дээрх хууль хэрэглээ, шүүхийн шийдвэр зэрэг нотлох баримтуудаар тэднийг гэр бүлийн хамааралгүй гэж тогтоосоор байхад гэр бүлийн хамааралтай байна гэж прокурор зүйлчилсэн нь гэмт хэргийн сэдэлтийг буруу тодорхойлсон гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15-д хэрэгт эргэлзээ төрвөл шүүгдэгчид ашигтай шийдвэрлэхээр заасан байдаг. Хэргийг хүндрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар зүйлчлэхгүйгээр мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх боломжтой байх тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Б.*******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.******* нь тоотод 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн /2.31%/ үедээ гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Г.*******тай хардалтын улмаас маргалдаж зодож, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хугарлын завсар дотор шулуун булчин ивэрлэлт, нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

1. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Б.*******ын өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 18 цагийн үед ажил тараад маргааш нь хөдөө хэд хоногоор ажилд явах байсан учраас хүүхэд дээрээ очиж хоноод мах шөлний мөнгө өгөх гэж Налайх дүүрэгт ын гэрт 19 цаг 30 минутын үед ирсэн. Тэгээд намайг гэрт яваад ортол ын ээж ******* 2 хүүхдийн хамт байсан. Намайг ороход зөрөөд ******* нь гарч яваад би 2 хүүхэдтэйгээ байж байтал 22 цагийн үед ******* халамцуухан байдалтай гаднаас орж ирэхээр нь би дэлгүүр гараад нэг дарс аваад тэрийгээ хувааж уугаад дуусгаад 23 цагийн үед дахиад дэлгүүр гарч 2.5 литрийн савтай Сэрүүн нэртэй пиво авчраад хоёулаа хуваагаад ууж байтал 00 цаг 30 минутын үед ******* согтоод бага хүү г аавтайгаа зайл гээд хөөгөөд над руу уйлаад гүйгээд ирэхээр нь тэврээд автал миний хувцсыг ураад нүүр маажихаар нь би г тэврээд өрөөнүүдийн хооронд зугтаасан ба ******* хөл дээрээ ч тогтох чадваргүй унаж яваад тусаад байсан. болохоор ээжийгээ унтуулах гээд дийлэхгүй араас нь зууралдаад явж байсан ба орон дээр би г тэврээд хэвтэж байтал 03 цаг 30 минутын үед байх ******* ирээд над руу дайраад хүүхдээ авах гээд татахаар нь би гараараа хүүхдээ хаахад цаашаа ширээний ирмэг мөргөөд газар унасан ба босоод иртэл зүүн нүдний доод хэсгээс нь цус гарч байсан. Тэгээд л би ер нь болохоо байлаа гээд цагдаа дуудсан. Намайг хөдөө ямар хүүхэн рүүгээ явж байгаа юм гээд л хардаж байснаа сүүлдээ хүүхдээ аваад зайл гээд л орилж хашхираад намайг маажаад хувцас хунар ураад эхэлсэн...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 33 дугаар тал/

2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Г.ын өгсөн: “...******* ер нь бол их хартай. Ажил төрөл хийлгэхгүй байнга хий харддаг юм. Тэгээд би мөнгө санхүүгийн хувьд хүндрэлтэй байсан болохоор *******ыг архиа уугаад алга болсон хойно нь анкет бөглөөд өгсөн чинь тэнцээд 2022 оны 01 дүгээр сараас эхлээд ажилдаа орсон. Ингээд ажилд орсноос хойш бол бүр байнга хий хардаж хэрүүл хийдэг ба дэлгүүр орсон ч гэсэн дэлгүүрийн худалдагчтай хүрдэт хардаж байдаг. 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр бол ажлаа тараад 20 цагийн үед гэртээ ирсэн чинь ******* ирсэн байсан ба бид 2 зүгээр дарс уугаад сууж байтал маргааш нь монгол бичгийн хичээлтэй байсан чинь орохоо больсон шүү гээд манай даргаас мессеж ирснийг ******* уншаад намайг дахиад хий хардаад уурлаад маргалдаж эхэлсэн. Бид 2 маргалдаж байгаад 00 цагийн үед *******ыг яв гээд хөөгөөд гаргасан чинь хаалга тогшоод цонх руу чулуу шидээд байхаар нь би хэвтэж байгаад за яршиг маргааш нь ажилтай юм чинь оруулчихъя гэж бодоод 03 цагийн үед том хүүгээ хаалгаа онгойлгоод өгчих гэж хэлээд гэртээ оруулсан. Би энэ үед хэвтэж байтал орж ирснээ гал тогооны өрөөнд хэсэг чимээгүй суугаад байхаар нь би нүдээ аниад хэвтэхэд зүүрмэглээд байж байтал гэнэт миний дээрээс хүн ирээд суухаар нь сэрээд дээш нь хартал ******* байсан ба шууд баруун нүд рүү хэд хэдэн удаа гараараа нүдээд цохиод цээж рүү цохих гэхээр нь би эвхрээд хэвтэхэд бага хүү сэрээд уйлаад том хүү дундуур орж ирээд салгасан. Дээрх гэмтлүүд ******* миний дээр гарч суугаад гараараа хэд хэдэн удаа нүдэж цохих үед учирсан...

...*******ыг цохиж зодсон зүйл огт байхгүй. Харин миний дээр гарч суугаад намайг цохиж байх үед би өөрөөсөө холдуулах гэж гар хөлөө савчуулсан, татаж чангаасан асуудал байгаа. Өөрөөр би *******т гар хүрээгүй. Миний дээр гараад нүүрний баруун тал руу хэд хэдэн удаа маш хүчтэй цохисон. Энэ үед би эсэргүүцэж өөрөөсөө холдуулах гэж фудволк болон бусад газраас нь зуурч татаж гараараа самардсан байж магадгүй. Угаасаа маш ихээр амь тэмцсэн...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 05, 07 дугаар тал/

3. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.*******ийн өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр гэртээ байж байтал 17 цаг 40 минутын үед манай хүргэн ******* ганцаараа ирэхээр нь 2 хүүхэдтэй нь үлдээгээд 18 цаг 30 минутын үед Налайх дүүргийн 8 дугаар хороо 64 дүгээр байранд дүүгийндээ очиж хонохоор гараад явсан. Тэгээд дүүгийндээ очиж ойр зуурын юм ярьж байгаад тэндээ хоносон. 22 цагийн үед унтахдаа гар утсаа унтраагаад унтсан. Ингээд өглөө охин ******* сургалтад явна 06 цаг гээд гарна гэж ярьж байсан болохоор би 05 цагийн үед сэрээд *******аг сэрээх санаатай гар утсаа асаатал манай зээ хүү гээс хэд хэдэн дуудлага ирсэн талаар мессеж ирэхээр нь тэр дороо рүү залгахад уйлсан байдалтай утсаа аваад ээжийн нүднээс цус гараад байна гэхээр нь би гараад шууд босоод гэр рүүгээ гүйгээд иртэл *******а орон дээрээ уйлсан байдалтай нүүр нь тэр чигтээ хавдсан хажууд нь зогссон байсан. ******* бага хүү г гал тогооны өрөөнд тэврээд сууж байсан ба би цагдаа дуудсан гэж хэлсэнээ хувцасаа өмсөөд гарах гэхээр нь болиулаад цагдаа ирэхгүй болохоор нь би өөрөө залгахад манайд дуудлага ирээгүй гэж хэлсэн. Ингээд удалгүй цагдаа нар ирээд бид нар цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Гэхдээ хоёулаа айхтар согтсон зүйлгүй зүгээр байсан. *******агийн нүүр тэр чигтээ хавдсан байсан. *******а өөрөө нада хэлэхдээ ******* намайг зодчихлоо гэж хэлсэн. Харин манай зээ хүү болохоор ээжийг дээрээс нь дарж суугаад гараараа цохиод байсан гэж хэлсэн. Хардаад зодсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 13 дугаар тал/

 

4. Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрчээр О.н өгсөн: “...Шөнө 01 цагийн үед ******* ах нэг вино авчраад задлаад ээжийг уу гээд байсан ба хоёулаа нийлээд том өрөөний ширээн дээр суугаад уусан. Дүү унтаад би сэрүүн байж байтал бараг виногоо ууж дуусгаад унтахаар хэвтэцгээсэн. Тэгснээ гэнэтхэн хоорондоо хэрэлдээд эхэлсэн. Удалгүй ******* ах босож ирээд ээжийг алгадаад хэвтэж байхад нь гэдэс рүү нь өшиглөөд ээж уурлаад босож ирээд ******* ахыг гэрээсээ хөөгөөд гаргасан. Тэгтэл ******* ах хаалга балбаад цонх руу чулуу шидээд байсан чинь ээж хаалгаа онгойлгоод оруултал маргааш өглөө эрт хөдөө явна гэж ярьж байснаа дахиад унтахаар хэвтсэн чинь ******* ах дахиад л ээжтэй хэрэлдээд босож ирээд хацар руу нь алгадаад гэдэс рүү нь өшиглөснөө гараад яваад өгсөн. Удалгүй буцаад нэг том савтай пиво барьж орж ирээд тэрийгээ ганцаараа газар суучхаад ууж байсан чинь ээж уурлаад босоод иртэл ******* ах бас босож ирээд ээжийг үснээс нь зулгаагаад газар унагаад гараараа нүүр рүү нь нэлээн хэдэн удаа цохихоор нь би босоод очоод салгаад эмээ рүү залгасан чинь утас нь холбогдохгүй ээжтэй ******* ах хоорондоо хэрэлдээд байж байтал эмээ над руу залгахаар нь би болсон асуудлыг хэлэхэд нээх удалгүй эмээ ирээд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 14 дүгээр тал/

 

5. Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч С.Төгсбуяны өгсөн: “...үзүүлэгч Г.ын биед учирсан баруун нүдний дээд, доод зовхи, зүүн доод зовхи цээжинд цус хуралт гэмтэлтэй байсан ба энэ нь мохоо зүйлийн 3 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун нүдний доод, дээд зовхи, баруун хацар, эрүүний баруун хэсэгт нэлэнхийдээ цус хуралттай байсан ба баруун нүдний эргэн тойрон мохоо тэгш гадаргуутай буюу тодорхой талбайтай зүйлээр цохих цохигдох үед үүсэх боломжтой ба ширээний булан ирмэгийг баруун нүдний ойролцоо цохисон мөргөсөн тохиолдолд үүсэх боломжгүй. Дээрх гэмтэл нь гараар олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой...” гэх дүгнэлт,

/хх-ийн 21 дүгээр тал/

 

           6. Нийслэлийн Шүүхийн Шинжилгээний Газрын Налайх дүүргийн Шүүхийн Шинжилгээний Тасгийн  шинжээч эмч С.Төгсбуяны №08 шэ/239 дугаар: “Г.ын биед баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хугарлын завсраарх дотно шулуун булчин ивэрлэлт, нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо ... Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,

/хх-ийн 17 дугаар тал/

7. Яаралтай тусламжийн хуудас,

/хх-ийн 18-19 дүгээр тал/

 

8. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл,

/хх-ийн 35-36 дугаар тал/

 

9. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт,

/хх-ийн 37-44 дүгээр тал/

 

10. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 81 дүгээр тал/

 

11. Шүүгдэгч Б.*******ын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 72-90 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч    Б.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогч Г.ын эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.******* нь хохирогч Г.ын нүүр хэсэг рүү цохисон болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулсны улмаас хохирогчид хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн №08 шэ/239 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Тиймээс шүүгдэгч Б.*******ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны гэм буруугийн шатанд “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хуульчилсан байдаг. 1.3-т гэм хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрийг заавал нотлохыг хуульчилсан байдаг. Дээрх хууль хэрэглээ, шүүхийн шийдвэр зэрэг нотлох баримтуудаар тэднийг гэр бүлийн хамааралгүй гэж тогтоосоор байхад гэр бүлийн хамааралтай байна гэж прокурор зүйлчилсэн нь гэмт хэргийн сэдэлтийг буруу тодорхойлсон гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15-д хэрэгт эргэлзээ төрвөл шүүгдэгчид ашигтай шийдвэрлэхээр заасан байдаг. Хэргийг хүндрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар зүйлчлэхгүйгээр мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх боломжтой байх тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” ...” гэх өмгөөллийн үгийг хүлээн авах боломжгүй байна.

Тухайлбал: “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд хамаарна, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.6 “хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг хэлнэ” мөн Гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хэргийн тохиолдолд хамт амьдарч байгаа гэр бүлийн харилцаатай хүний бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.” гэж заасан ба шүүгдэгч Б.*******, хохирогч Г.******* нар нь нэг гэрт байнга хамт амьдардаггүй боловч Б.******* нь гэрчээр мэдүүлсэн “...Би Улаанбаатар хотод ажилладаг болохоор эхнэр, хүүхэд дээрээ бараг ирдэггүй, учир нь эхнэрийн ээж ******* намайг хөгшин хүн охинтойгоо суулгахгүй гэдэг...” гэх мэдүүлэг, хохирогч Г.ын гэрчээр мэдүүлсэн “...манай нөхөр ******* бид хоёр сүүлийн үед намайг ажилд орсноос хойш хардаад хэсэг хугацаанд тусдаа байсан. ...ажлаа тараад гэртээ ирэхэд ээж гараад явсан, манай нөхөр ******* ирсэн байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.*******ийн “...манай хүргэн ******* ганцаараа ирэхээр нь 2 хүүхэдтэй нь үлдээгээд ... дүүгийндээ очиж хонохоор явсан” гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “гэр бүлийн хамааралгүй” гэх үндэслэл тогтоогдохгүй байна.     

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Б.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.ын бие махбодод хүндэвтэр хохирол учирсан ба хохирогч “...нотлох баримтын шаардлага хангасан эмчилгээний зардалд 675.350 төгрөг, мөн Эрүүл мэндийн даатгалын санд төлөх 2.736.150 төгрөг буюу нийт 3.411.500 төгрөг гарсныг шүүгдэгчийн зүгээс 3.500.000 төгрөг төлсөн байх тул энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв, Харин Эрүүл мэндийн даатгалын санд төлөх ёстой 2.736.150 төгрөгийг хохирогч Г.*******д өгсөн болохыг дурдах нь зүйтэй .

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.

Харин шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнд 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

Бусад асуудлаар

Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт  эд  мөрийн   баримтаар   хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.*******ыг 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг *******ны нутаг дэвсгэрийн хилийн цэсээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр *******, ******* тоот оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 8 /найм/ сарын хугацаагаар хүлээлгэсүгэй.

 

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол  ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

           5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.******* нь цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

            6. Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

  7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ