Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 110/ШШ2021/0003

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

              Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Б сумын  5 дугаар багийн оршин суугч Н.З   нэхэмжлэлтэй;

              Хариуцагч: Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын ахлах аудитор Х.Мд холбогдох;

             “Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Хууль бусаар олгосон зээлийг нөхөн төлүүлэх тухай” 12/64 ҮАГ-НАГ-2018/НА-02 дугаартай актын Н.Зд холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.З,  түүний өмгөөлөгч А.С,  хариуцагч Х.М, шүүх  хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Н.З шүүхэд гаргасан нэхэмжлэл болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШЗ2020/01875 дугаар захирамжийн дагуу аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй, Б сумын Засаг даргад холбогдох 15 сая төгрөг гаргуулах тухай хэрэгт хамтран хариуцагчаар татагдан оролцож байгаа. Шүүх дэх хавтаст хэргийн материалтай танилцаж үзэхэд аймаг дахь Төрийн аудитын газрын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Хууль бусаар олгосон зээлийг нөхөн төлүүлэх тухай” 12/64 ҮАГ-НАГ-2018/НА-02 тоот актаар надад төлбөр тогтоосон байжээ. Тухайн актыг Засаг дарга болон төрийн сангийн мэргэжилтэн Н.М хоёр гарын үсэг зурж аваад, надад энэ мөнгийг таниар төлүүлэхээр акт тавьсан байна гэж хэлээгүй, тэр чигээрээ нуусан байсан. Харин миний бие ийм акт гарсныг мэдээгүй, хэн нэгэн надад танилцуулаагүй, уг акттай шүүх дэх хавтаст хэргийн материалтай танилцах үер анх удаа мэдсэн.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх бөгөөд үүнд дараах зүйлийг тусгана”, 5.6-д “Хяналт шалгалт эхлэхээс өмнө эрх бүхий албан тушаалтан шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж, удирдамж, хяналтын хуудсыг нэг хувийг өгөх бөгөөд улсын байцаагч албан үнэмлэхээ үзүүлнэ” гэж тус тус заасан .Гэтэл ахлах аудитор Х.М нь тухайн үед төрийн хяналт шалгалт явуулах талаар надад ямар ч удирдамж танилцуулаагүй. Ингэснээр ахлах аудитор Монгол улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Төрийн албаны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “ил тод” , 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь хэсгийн “ил тод байх” гэж  заасныг ноцтой зөрчсөн байна. Түүнчлэн мөн хуульд зааснаар хяналт шалгалтын явцыг тэмдэглэл үйлдэж баримтжуулах,  хяналт шалгалт дууссаны дараа танилцуулга бичигдэх учиртай. Гэвч ахлах аудитор эдгээр баримт бичгүүдийн аль алиныг үйлдээгүй байна. Ингэснээр ахлах аудитор Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.16 дахь хэсэгт “Хяналт шалгалтын дүнгийн тухай танилцуулга бусад баримт бичгийг зохих журмын дагуу үйлдэж, хяналт шалгалт хийсэн албан тушаалтан гарын үсэг зурна” гэж заасныг ноцтой зөрчсөн.

Б сумын Засаг дарга 2017 онд Сум хөгжүүлэх сангаас иргэн Б.А15,000,000 төгрөг олгохоор шийдвэрлэж, гэрээ байгуулж, уг мөнгийг олгосон байдаг. Б сумын Засаг дарга С.Бнь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа иргэн Б.А төсөл боловсруулж  ирсний дагуу нөхцөлөө тохиролцон 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 135 дугаар гэрээгээр Б.А олгосон гэж хүлээн зөвшөөрсөн юм.

Б сумын Засаг даргаас 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Б.А15 сая төгрөгийн зээл олгоход миний ямар нэгэн оролцоо байгаагүй, үүнийг төрийн сангийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Н.М гэрчилсэн. Өөрөөр хэлбэл мемориал түүвэр бүхий санхүүгийн баримтад авагдсан 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн №05 дугаар төлбөрийн хүсэлт гэсэн нотлох баримтаар 10 сая төгрөгийг П.Сатжол захиран зарцуулахаар гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулсан, харин нягтлан бодогч Н.З гэсэн хэсэгт миний гарын үсэг байхгүй. Би 2017 онд Б сумын Сум хөгжүүлэх сангаас Б.А гаргаж олгосон 15 сая төгрөгийн зээлийн төлбөрийн хүсэлтэд гарын үсэг зураагүй. 2018 онд Б суманд Төрийн аудитын газрын шалгалтаар ахлах аудитор Х.М ирж шалгалт хийхэд, төрийн сангийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Н.М хуурамч төлбөрийн хүсэлт гаргаж ирсэн. Тэр үед төлбөрийн хүсэлтэд миний гарын үсэг байхгүй байгааг  Х.М аудитор харсан. Н.М  “Х.М аудитор явах гэж байна, энэ төлбөрийн хүсэлтийг хуулбарлаж авч явна гэсэн, зээл олгосон асуудал танд хамааралгүй, зээлийг хариуцах  эзэнтэй юм чинь та гарын үсэг зураад өгчих” гэж надаар гарын үсэг зуруулж авсан нь үнэн. Дээр дурдсанчлан захиргааны акттай холбогдсон шийдвэр гаргах ажиллагаанд  урьдчилсан нөхцөл шаардлагыг шалгах, эрх зүйн шаардлага хангаж байгаа эсэхийг шалгах, төсөл бэлтгэх болон түүнийг батлан гаргахад хамаарах эрх ашиг нь хөндөгдсөн этгээдэд мэдэгдэх, оролцоог нь хангах, сонсох зэрэг бүхий л  үйлдлийг хамааруулан  ойлгоно. Захиргааны акт гаргахтай холбоотой шийдвэр гаргах ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 14-51 дүгээр зүйлд заасан хэм хэмжээгээр  зохицуулсан. Гэтэл ахлах аудитороос маргаан бүхий актыг гаргахдаа  хуульд заасан хэм хэмжээг огт хэрэгжүүлээгүй байна. Ингэснээр  миний хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол маш ноцтойгоор зөрчигдсөн юм. Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс Н.З 7.5 сая төгрөгийг төлнө гэж шийдвэр гаргасан учраас тухайн актыг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан.

Иймд Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Хууль бусаар олгосон зээлийг нөхөн төлүүлэх тухай” 12/64 ҮАГ-НАГ-2018/НА-02 дугаартай актын надад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч аудитор аливаа байгууллагад төрийн хяналт шалгалт явуулахдаа Аудитын тухай хуульд заасан эрх,үүргээс гадна Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон бусад журмуудыг баримталдаг байх ёстой.  Үндэсний аудитын газраас баталсан төлөвлөгөө, мөн аймаг дахь Төрийн аудитын газрын тэргүүлэх аудитор М.Хы баталсан удирдамжийн дагуу төлөвлөгөөт хяналт шалгалт явуулсан гэж хариуцагч тайлбарлаж байгаа. Төлөвлөгөөт хяналт шалгалт явуулах тухай журмыг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 51.1-д тодорхой заасан байгаа. Уг хуулиас үзэхэд хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд гүйцэтгэх ёстой. Хуулийн 5.11-д зааснаар улсын байцаагч шалгалтын тэмдэглэлийг заавал 2 хувь үйлдэх ёстой. Тухайн хяналт шалгалтыг явуулахдаа ямар баримтуудыг шалгасан, ямар зөрчил,дутагдал илрүүлсэн, алийг нь шалгалтын явцад арилгуулсан гэдгийг тэмдэглэл үйлдэж нотлох ёстой байсан. Гэтэл хариуцагч өнөөдөр шүүх хуралдаанд “би санахгүй байна, мемориал баримт дотроос хуулбарлаж авсан уу, задгай байгаа баримтаас хуулбарлаж авсан уу, тухайн үед Н.Зийн гарын үсэг байхгүй байсан, яагаад гарын үсэг байхгүй  юм вэ гээд 2 төрлийн баримтад гарын үсэг зуруулаад хуулбарлаж авсан” гэж янз бүрээр тайлбарлаж байна. Тухайн үед тэмдэглэл үйлдэгдсэн бол маргаантай зүйл маань нэг тийшээ болох байлаа. Тиймээс тэмдэглэл үйлдээгүй зөрчил гаргасан. Хяналт шалгалт явуулахаас өмнө төрийн хяналт шалгалт явуулах удирдамж болон хяналтын хуудсыг гардуулж, үүнийгээ баримтжуулах ёстой. Хариуцагч удирдамжаа хяналт шалгалт явуулахаас өмнө танилцуулсан эсэхээ нотолж чадахгүй байна. Би танилцуулсан гэж хэлж байгаа боловч хяналт шалгалт явуулахаас өмнөх уулзалтын тэмдэглэлээс үзэхэд, тухайн өдөр Н.З байгаагүй гэдэг нь нотлогдож байгаа. Хуулиараа төрийн хяналт шалгалт явагдаж байхад эрх нь зөрчигдөж байгаа этгээдийг татан оролцуулах ёстой. Хоёр төлбөрийн хүсэлтэд таны гарын үсэг байхгүй байна, яагаад байхгүй байгаа, тухайн зээлийг олгоход та байсан уу, байгаагүй бол энэ ямар учиртай вэ  гэдгийг тодруулж, эрх, үүргийг тайлбарлаад, Н.Зийн тайлбарыг авах боломж байсан. Өөрөөр хэлбэл сонсох ажиллагааны нэг хэлбэр явагдах ёстой байсан.

Хариуцагч  төрийн хяналт шалгалт явуулахаас өмнө Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 153 дугаар тогтоол,  Аж үйлдвэрийн сайдын 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 72 дугаар тушаалаар баталсан сум хөгжүүлэх сангийн гэрээний загвар, тайлан авах маяг, Аж үйлдвэрийн яамны  2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Засаг дарга нарт зөвлөмж өгөх тухай баримт бичгүүдийг судалсан гэж тайлбарлаж байгаа. Хэрэв судалсан бол энэ гэрээний загварт мэргэжилтний ямар ч оролцоо байхгүй. Тухайлбал, гэрээний нэг тал нь сумын Засаг дарга, нөгөө тал нь зээлдэгч хүн оролцдог.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар санхүүгийн анхан шатны баримтын хүрээнд эх нотлох баримт гэж үзээд төрийн хяналт шалгалт явуулах ёстой. Тухайн үед хариуцагч мемориал баримттай танилцсан гэдгээ хэлсэн. Мемориал баримттай танилцсан бол 123 дугаар хуудсанд төлбөрийн баримт байгаа. Хариуцагч аудиторын хуулбарлаж авсан төлбөрийн баримтууд ямар ч дугааргүй, мемориал дотроос авсан баримт биш болж таарсан. Өөр тусдаа  байгаа баримтад гарын үсэг зуруулж, уг нөхөж үйлдэгдсэн баримтыг үндэслээд акт тогтоож байгаа  нь өөрөө хууль бус. 13.6-д “Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна” гэж байгаа. Анхан шатны баримтыг хэн үйлдсэн П.Сатжол үйлдэж, гарын үсэг зурж, тамга тэмдэг дарсан. Хэн хариуцаж гүйлгээ хийсэн бэ гэхээр Н.М гүйлгээ хийсэн. Тэгэхээр эдгээр хүмүүс хариуцлага  үүрэх ёстой. Энд Н.Зийн ямар ч оролцоо байхгүй.

Маргаан бүхий актаар төлбөр тогтоохдоо “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-ын хэд хэдэн заалтыг зөрчсөн гэж дурдсан байна. Энэ журмын 3.5-д “Сангийн үйл ажиллагааны талаар сумын Засаг дарга дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ” гэж задаргаануудыг бичсэн байгаа.  Журмын  3.5.3-д “энэ журмын 3.5.2-д заасан төслийг хэрэгжүүлэх иргэн, хуулийн этгээдтэй зохих журмын дагуу зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, биелэлтийг хангуулах, явц, үр дүн хяналт тавьж ажиллах” , 3.5.4-т “энэ журмын 3.5.3-д заасны дагуу зээлийн болон барьцааны гэрээ байгуулахдаа  барьцааны үл хөдлөх, хөдлөх хөрөнгийг  тухайн үеийн зах зээлийн үнэлгээний 70 хүртэл хувиар үнэлэх” –ийг тус тус Засаг даргын чиг үүрэг гэж зохицуулсан.

 Засаг дарга гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Б.Аийн төсөл гэж оруулсан баримт бичгийг би өөрөө хүлээж авсан, өөрөө  зээл олгохоор шийдвэрлэсэн. Зөвлөл хуралдаагүй, зөвлөлөөс ямар нэгэн шийдвэр гараагүй” гэж байгаа. Үүнээс дүгнэхэд Б.Азээл олгох үйл ажиллагаанд Н.Зийн оролцоо байгаагүй байсан.  Тухайн хяналт шалгалт явуулах үед 2017 онд Б.Азээл олгох үеийн процессыг, Н.Зийн оролцоо ямар байсан гэдгийг судлах ёстой байсан. Үүнийг хариуцагч анхаараагүй. Дангаараа Засаг дарга шийдвэр гаргасан байхад Н.З яагаад буруутай юм вэ гэдгийг анхаарах ёстой байсан. Энэ журмыг зөрчсөн этгээдүүдэд ямар хариуцлага хүлээлгэх ёстой вэ гэхээр журмын 5.2-д “Сангийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг сумын Засаг дарга хариуцан арилгана” гэж байгаа. Сүүлд Засаг дарга өөрөө ойлгож, энэ актыг би өөрөө дангаараа төлье гэсэн тайлбарыг шүүхэд өгсөн. Төрийн хяналт шалгалт явуулах нийтлэг журам зөрчигдсөн болох нь харагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлтэй учраас ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч аймаг дахь Төрийн аудитын газрын ахлах аудитор Х.М шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2018 оны “Аудитын сэдэв батлах тухай” 03 дугаар тогтоол, Монгол улсын Ерөнхий аудиторын 2018 оны А/125 дугаар тушаалаар баталсан “Үндэсний аудитын газрын 2018 онд гүйцэтгэх  аудитын төлөвлөгөө”-г үндэслэн Төрийн аудитын тухай хуулиар тодорхойлсон аймаг дахь Төрийн аудитын газрын бүрэн эрхийн  хүрээнд аймгийн Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сангийн 2017 оны хөрөнгийн зарцуулалт хууль тогтоомжид нийцсэн эсэх, үр дүнтэй хэрэгжсэн эсэхэд улсын хэмжээнд нэгдсэн удирдамжаар аудит хийсэн. Үндэсний аудитын газраас баталсан төлөвлөгөө, аймгийн Төрийн аудитын газрын дарга бөгөөд тэргүүлэх аудитор М.Хы баталсан удирдамжийн дагуу Б сумд очиж ,тус сумын Орон нутгийг хөгжүүлэх сан, Сум хөгжүүлэх сангийн 2017 оны хөрөнгийн зарцуулалтад аудит хийсэн.2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Б сумын Засаг даргын өрөөнд бүх холбогдох хүмүүсийг оролцуулан хурал хийж, удирдамжийг танилцуулж, тэмдэглэл хөтлүүлэн, тухайн аудитын төлөвлөгөө, хөтөлбөрийг бүрэн танилцуулсан. Бүх хүмүүс өөр өөрсдийн холбогдох хүмүүстэй хамтарч суугаад холбогдох материалуудыг үзэж, аудит хийсэн. Би Н.Зийн өрөөнд сууж бүх тооцоо, зээлтэй холбоотой материалуудыг нэг бүрчлэн үзэж танилцсан. Материалыг үзэх явцад иргэн Б.АСум хөгжүүлэх  сангаас  хүнсний ногоогоор хангах төслөөр 15 сая төгрөг өгсөн байсан, үүнд дараах хэд хэдэн зөрчлүүд илэрсэн. Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан “нэг төсөлд олгох зээлийн дээд хэмжээг иргэнд 10 сая төгрөг байна” гэсэн шийдвэрийг зөрчиж, Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 52 дугаар захирамжаар Засаг дарга, жижиг, дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтэн нар иргэн Б.А15 сая төгрөгийн зээлийг сонгон шалгаруулсан төсөлгүй, барьцаа хөрөнгөгүйгээр  шууд гэрээ хийж, хууль бусаар олгосон. Гэрээний 4.2-т иргэн Б.А нь 20 сая  төгрөгийн хашаа, байшин барьцаалсан байна гэж заасан боловч ямар нэгэн барьцаа  хөрөнгийн үндсэн  материалгүй байсан. Засгийн газрын 2016 оны 153 дугаар тогтоолоор баталсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-ын 4.2.3-д “зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, хугацаанд нь төлөх төлбөрийн чадвартай, барьцаа хөрөнгөтэй байх”,4.8.7-д “барьцаа хөрөнгийн үнэлгээний жагсаалт, барьцаалсан үнэ, барьцаалсан эд хөрөнгийн гэрчилгээг эх хувиар хавсаргах” гэсэн заалтыг зөрчсөн байсан.Мөн журмын 1.2-т  “Сангийн хөрөнгийг сумдад жижиг, дунд үйлдвэр шинээр байгуулах буюу үйл ажиллагааг нь өргөтгөх, шинэчлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлж, хөнгөлөлттэй зээл олгоход зориулан зарцуулна” гэж заасан боловч тухайн аудитын явцад ямар нэгэн хийгдэж байгаа зүйл үзүүлээгүй.Төсөл хэрэгжүүлэгч нь Казахстан улсад нүүгээд явсан, зээлийг зориулалтын дагуу зарцуулаагүй гэсэн зөрчил илэрсэн. Сангийн хөрөнгийг зарцуулахад холбогдох материалуудыг бүрэн бүрдүүлэхгүйгээр  зөвхөн гэрээг үндэслэн төсвийн хөрөнгийг зарцуулж байгаа нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.5,13.6,13.7, 20.1.2, 20.1.4,20.2.4  гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн асуудал гарсан.

Аймгийн Төрийн аудитын газраас 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоосон 12/64 ҮАГ-НАГ-2018/НА-02 тоот актыг  баталгаажуулахаас өмнө Ерөнхий аудиторын 2016 оны А/95 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын дагуу 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн акт, албан шаардлагын бүртгэл, хяналтын хуудсыг бичиж танилцуулсан, үүнд иргэн Н.З хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг.Акт, албан шаардлагын бүртгэл, хяналтын хуудаст Н.З гарын үсэг зурж танилцсан бөгөөд акт тогтоосон дүн 15,000,000 төгрөг болохыг тодорхой заасан болно. Уг бүртгэл, хяналтын хуудсанд хариуцагч Н.З гэж тодорхой заасан тул 2018.11.05-ны өдрөөс хойш 2 жилийн дараа нэхэмжлэл гаргасан гэж үзнэ. Аудит хийхэд, сум болгонд тайлан бичихгүй. Аймгийн хэмжээнд нэгдсэн тайлан бичээд Үндэсний аудитын газарт хүргүүлдэг. Мөн Б сумын Засаг даргад Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 314 тоот албан бичгээр төлбөрийн актыг хүргүүлсэн байна. Тухайн актыг Засаг дарга  нь Н.Зд танилцуулсан байх ёстой. Танилцуулаагүй гэж байгаа талаар би сайн мэдэхгүй.Н.З нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дээр дурдсан заалтуудыг зөрчсөн. Хууль зөрчиж шийдвэр гаргасан албан тушаалтнууд хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй тул акт тогтоож, буруутай албан тушаалтнаар төлүүлэхээр шийдвэрлэсэн гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Маргаан бүхий захиргааны акт болох Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Хууль бусаар олгосон зээлийг нөхөн төлүүлэх тухай” 12/64 ҮАГ-НАГ-2018/НА-02 дугаартай актаар[1] “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан иргэнд олгох зээлийн дээд хэмжээг хэтрүүлэн иргэн Б.А15.000.000 төгрөгийг сонгон шалгаруулсан төсөлгүй, барьцаа хөрөнгөгүйгээр  гэрээ хийж, хууль бусаар олгосон  нь Засгийн  газрын 2016 оны 153 дугаар тогтоолын  хавсралтаар баталсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-ын 1.2, 4.1, 4.3.1, 4.3.6, 4.7 дахь заалт, сумын иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 22 дугаар тогтоолын 2 дахь заалтыг  тус тус зөрчсөн” гэсэн  үндэслэлээр уг 15.000.000 төгрөгийг  Б сумын Засаг дарга С.Бболон жижиг,дунд  үйлдвэр хариуцсан мэргэжилтэн Н.З нараар нөхөн төлүүлэхээр  тогтоосон байна.

Засгийн газрын 2016 оны  03 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаар тогтоолоор баталсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-ын 3.5.2, 3.5.3, 3.5.4, 3.5.6-д зааснаар зээл олгох шийдвэр гаргах, төслийг хэрэгжүүлэх иргэн, хуулийн этгээдтэй зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, биелэлтийг хангуулах, зээлийн болон барьцааны гэрээг байгуулахдаа барьцаанд бариулах хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийг  тухайн үеийн зах зээлийн үнэлгээний 70 хүртэл хувиар үнэлэх, сангийн орлого, зарлагыг хөтлөх үйл ажиллагаанд нягтлан бодох бүртгэлийн тухай хууль тогтоомжийг мөрдүүлэх нь тус тус сумын Засаг даргын чиг үүрэгт хамаарч байна.

Мөн журмын 3.3.3-т “сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус Зөвлөлийг тухайн сумын Засаг даргаар ахлуулан, Засаг даргын Тамгын газрын жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, банк болон баг тус бүрээс нэг иргэний төлөөллийг оролцуулан  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас байгуулж ажиллуулах”, 4.1-т “Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч иргэн, хуулийн этгээд сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн талаарх саналаа тогтоосон хугацаанд энэ журмын 3.3.3-т заасан зөвлөлд хүргүүлнэ”, 4.4-т “Энэ журмын 3.3.3-т заасан зөвлөл иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн төсөл мөн журмын 4.3-т заасан шалгуурыг хангаж байгаа эсэхийг хянах бөгөөд зөвлөлийн хуралд оролцсон гишүүдийн ердийн олонхийн саналаар зохих шийдвэрийг гаргана. Зөвлөл тухайн төслийг сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан тохиолдолд саналаа ажлын 3 хоногийн дотор тухайн сумын Засаг даргад хүргүүлнэ. Зөвлөлийн хуралд нийт гишүүдийн гуравны хоёр оролцсон тохиолдолд хурлын ирц бүрдсэн гэж үзнэ”, 4.5-д “Энэ журмын 3.3.3-т заасан зөвлөлийн шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор тухайн сумын Засаг дарга зээл олгох шийдвэр гаргана”, 4.6-д “Сумын Засаг дарга төсөл хэрэгжүүлэгч иргэн, хуулийн этгээдтэй зээлийн болон барьцааны гэрээ байгуулна. Гэрээ байгуулснаас хойш ажлын 7 хоногийн дотор зээлийн хөрөнгийг төсөл хэрэгжүүлэгч иргэн, хуулийн этгээдийн дансанд шилжүүлнэ”, 4.8-д “Сумын Засаг дарга зээлдэгчийн талаарх дараах баримт бичгийг эх хувиар нь баримтжуулан хадгална:4.8.1. зээлдэгчийн анкет;4.8.2. зээл олгохыг хүссэн өргөдөл;4.8.3. оршин суугаа газрын тодорхойлолт;4.8.4. төслийн баримт бичиг;4.8.5. энэ журмын 3.3.3-т заасан зөвлөлийн хурлын тэмдэглэл;4.8.6. зээлийн болон барьцааны гэрээ;4.8.7. барьцаа хөрөнгийн үнэлгээний жагсаалт, барьцаалсан үнэ, барьцаалсан эд хөрөнгийн гэрчилгээг эх хувиар хавсаргах;4.8.8. зээлийн эргэн төлөлтийн хуваарь;4.8.9. энэ журмын 4.2, 4.3-т заасан шаардлага, шалгуурыг хангасан эсэхийг баталгаажуулсан баримт бичиг” гэж сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төслийг сонгон шалгаруулах журам болон сангийн үйл ажиллагааны талаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын  хэрэгжүүлэх  чиг үүргийг нарийвчлан  зохицуулжээ.

 Дээрх заалтуудаас үзэхэд төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий  орон тооны бус Зөвлөлийн нийт гишүүдийн гуравны хоёр  нь оролцсон хурлаар хэлэлцээд ердийн олонхийн саналаар тухайн төслийг сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан тохиолдолд сумын Засаг дарга нь зээл олгох шийдвэр гаргах, төсөл хэрэгжүүлэгч иргэн, хуулийн этгээдтэй зээлийн болон барьцааны гэрээ байгуулах, зээлийн болон барьцааны гэрээ, барьцаа хөрөнгийн үнэлгээний жагсаалт, барьцаалсан эд хөрөнгийн гэрчилгээ зэргийг эх хувиар нь баримтжуулан хадгалах чиг үүрэгтэй, харин сумын Засаг даргын Тамгын газрын жижиг, дунд үйлдвэрийн асуудал  хариуцсан мэргэжилтнийг оролцуулан байгуулах уг  орон тооны бус зөвлөл нь иргэн, хуулийн этгээдээс  ирүүлсэн төсөл нь журамд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг хурал хийж хянаад зохих шийдвэрийг гаргах үндсэн чиг үүрэгтэй байна.

Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  Тэргүүлэгчдийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 22 дугаар тогтоолоор[2] сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус Зөвлөлийг сумын Засаг дарга С.Берикээр ахлуулан, нарийн бичгийн дарга, гишүүд гэсэн 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, тухайн онд нэг төсөлд олгох зээлийн дээд хэмжээг  иргэнд 10.000.000 төгрөг, аж ахуйн нэгжид 30.000.000 хүртэл төгрөг байхаар тогтоосон байх ба Б сумын Засаг  даргын 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 52 дугаар захирамжаар[3] тус сумын 3 дугаар багийн иргэн Б.А15.000.000 төгрөгийн зээлийг  сум хөгжүүлэх сангаас олгохыг зөвшөөрсөн байна.

Б сумын Засаг дарга С.Бнь дээрх тогтоолоор байгуулсан орон тооны бус Зөвлөлийн иргэн Б.Аийн төслийг сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэргүйгээр, өөрөөр хэлбэл зөвлөл нь төслийг хянан хэлэлцэх хурал хийгээгүй, ямар нэг шийдвэр гаргаагүй байхад  иргэн Б.Азээл олгох тухай дээрх шийдвэрийг гаргаж, улмаар Б.Атэй зээлийн болон барьцааны гэрээ  байгуулахгүйгээр зээлийн хөрөнгийг  олгосон  болох нь тус тус хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[4] тогтоогдсон болно. Өөрөөр хэлбэл  иргэн Б.Асумын Засаг дарга С.Берикийн гарын үсэг бүхий Сум хөгжүүлэх  сангийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаартай төлбөрийн хүсэлтээр 10.000.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 07 дугаартай төлбөрийн хүсэлтээр   5.000.000 төгрөг тус тус шилжүүлсэн,  уг төлбөрийн хүсэлтүүдийг үндэслэн  сумын Төрийн сангийн мэргэжилтнээс гүйлгээ хийх  үед нягтлан бодогч гэсэн хэсэгт Н.Зийн гарын үсэг байхгүй байсан буюу бүрдэл болоогүй гарын үсгээр гүйлгээ хийгдсэн  нь  хэрэгт авагдсан нотлох баримтуудаас гадна хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан “Би шалгалт хийхэд  2 төлбөрийн хүсэлтийн хоёуланд нь Н.Зийн гарын үсэг зурагдаагүй байсан” гэх тайлбараар  нотлогдож байна.

Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01/276 дугаар албан бичгээр  сумдад жижиг, дунд үйлдвэр, сум хөгжүүлэх санг  сумын мал эмнэлэг, үржлийн тасаг хариуцан ажиллах талаар мэдэгдсэнээр Б сумын Засаг даргын Тамгын газрын бэлчээр усжуулалт, газар тариалан хариуцсан мэргэжилтний албан тушаалд ажиллаж байсан Н.Зд  жижиг, дунд үйлдвэр, сум хөгжүүлэх сангийн асуудлыг хариуцуулж, мөн Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 22 дугаар тогтоолоор сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий  орон тооны бус Зөвлөлийн нарийн бичгийн даргаар   ажиллуулсан байна. Тухайн үед жижиг, дунд үйлдвэр, сум хөгжүүлэх сангийн асуудлыг хариуцан ажиллаж байсан  Н.З нь сумын Засаг дарга С.Берикээс дээрх байдлаар иргэн Б.Азээл олгох тухай  шийдвэр гаргаж,  зээлийн хөрөнгийг шилжүүлсний дараа зээлийн гэрээг 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэсэн огноотойгоор боловсруулсан бөгөөд уг гэрээнд иргэн Б.А болон  сумын Засаг дарга гарын үсэг зурсан, мөн 2018 онд  аймаг дахь Төрийн аудитын газраас аудит хийгдэх үед  иргэн Б.Азээлийн хөрөнгийг шилжүүлсэн Сум хөгжүүлэх сангийн төлбөрийн хүсэлтүүдэд нөхөн гарын үсэг зурсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[5] тогтоогдсон.

Гэхдээ дээрх байдлаар  Б сумын Засаг дарга С.Бнь  Сум хөгжүүлэх  сангаас 2017 онд  нэг төсөлд олгох зээлийн дээд хэмжээг иргэнд 10.000.000 төгрөгөөр тогтоосон Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  Тэргүүлэгчдийн шийдвэр болон уг  Тэргүүлэгчдийн шийдвэрээр байгуулагдсан сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус Зөвлөлийг ахлах үүрэгтэй болохын хувьд  зөвлөлийг хуралдуулж, уг хурлаас тухайн төслийг сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан тохиолдолд түүнийг үндэслэн зээл олгох  шийдвэрийг гаргахаар зохицуулсныг тус тус зөрчиж, иргэн Б.А15.000.000 төгрөгийн зээл олгох тухай шийдвэр гаргасан.  Улмаар журамд сумын Засаг дарга нь  зээлийн болон барьцааны гэрээг байгуулсны дараа зээлийн хөрөнгийг шилжүүлэхээр зохицуулсан байхад Б сумын Засаг дарга С.Бнь  иргэн Б.Атэй зээлийн болон барьцааны гэрээ байгуулахгүйгээр  сум хөгжүүлэх сангийн төлбөрийн хүсэлтүүдэд гарын үсэг зурснаар, тодруулбал 2 дугаар гарын үсэг буюу Н.Зийн гарын үсэг байхгүй байхад зээлийн хөрөнгийг Б.Ат  шилжүүлсэн бөгөөд энэ  асуудалд  Н.Зийн оролцоо байхгүй нь тогтоогдож  байгаа  тул  журам зөрчиж,  хууль бусаар 15.000.000 төгрөгийн зээл олгосон гэх зөрчилд түүнийг буруутгах үндэслэлгүй  гэж үзлээ.

Мөн маргаан бүхий актаар иргэн Б.А15.000.000 төгрөгийн зээлийг “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах , хяналт тавих журам”-ын 1.2, 4.1, 4.3.1, 4.3.6, 4.7 дахь заалт, сумын иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 22 дугаар тогтоолын 2 дахь заалтыг  тус тус зөрчиж, хууль бусаар олгосон  гэсэн  үндэслэлээр  Б сумын Засаг дарга С.Бболон жижиг,дунд  үйлдвэр хариуцсан мэргэжилтэн Н.З нараар нөхөн төлүүлэхээр  тогтоосон.

Гэтэл  эдгээр заалтууд нь сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн эргэн төлөлт, иргэн, хуулийн этгээдээс төслөө ирүүлэх, уг төсөлд тавигдах шалгууртай  холбогдолтой бөгөөд сангийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн эргэн төлөлтийн асуудлыг  журмын 3.3.2-т зааснаар  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр байгуулсан сангийн хөрөнгийн зарцуулалт,зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавих чиг үүрэг бүхий орон тооны бус Зөвлөл хариуцахаар,  иргэн, хуулийн этгээдийн   ирүүлсэн төсөл нь журамд заасан шалгуур хангаж байгаа  эсэхийг журмын 4.4-т зааснаар  сумын Засаг даргаар ахлуулан байгуулсан төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус Зөвлөл хурлаараа хэлэлцэж хянахаар тус тус зохицуулсан, мөн  тухайн жилд нэг төсөлд олгох зээлийн дээд хэмжээг тогтоосон Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 22 дугаар тогтоолын 2 дахь заалтыг зөрчиж  иргэн Б.А15.000.000 төгрөгийн зээл олгох тухай шийдвэрийг сумын Засаг дарга  С.Бгаргасан нь тогтоогдож  байгаа тул нэхэмжлэгч Н.Зийг  журмын дээрх заалтууд болон тогтоолыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

Хариуцагчаас шүүх хуралдаанд “Н.З нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн” гэсэн тайлбар гаргасан боловч энэ талаар маргаан бүхий актад тусгаагүй, маргаан бүхий актын үндэслэл болоогүй байх тул хариуцагчийн энэ тайлбарыг хүлээн авах  үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.

Төрийн аудитын тухай хуулийн /2003 оны/ 15 дугаар зүйлийн 15.1.12-т “аудитын явцад илэрсэн төлбөр, зөрчлийг барагдуулах акт тавих, албан шаардлага өгөх, хууль тогтоомж, эрх зүйн хэм хэмжээ тогтоосон  бусад шийдвэрийг боловсронгуй болгох  саналыг холбогдох байгууллагад тавих”, Монгол Улсын Ерөнхий аудиторын  2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/95 дугаар тушаалаар баталсан “Төрийн аудитын байгууллагын  акт тогтоох, албан шаардлага өгөхөд баримтлах журам”–ын 3.1-д “Аудитаар орлого бүрдүүлэх, зарцуулах, өмч хөрөнгө бэлтгэх, ашиглах,  хадгалах харилцааг зохицуулсан  хууль эрх зүйн актууд болон гэрээ, хэлцлийн нөхцөлийг мөрдөөгүйгээс  илэрсэн дараах зөрчилд  төрийн аудитын байгууллага акт тогтооно”  гэж тус тус заасан.

Эдгээр заалтуудын хүрээнд  хариуцагч  аймаг дахь Төрийн аудитын газрын ахлах  аудитор  нь аудитын явцад илэрсэн  төлбөр, зөрчлийг барагдуулах акт тавих  эрхтэй боловч мөн журмын  5.1-д “төрийн аудитын байгууллагын тогтоосон акт, албан шаардлагаар алдаа зөрчлийг арилгах үүрэг нь хангалттай, зохистой нотолгоонд үндэслэнэ” гэж зааснаар энэ тохиолдолд  “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-ыг зөрчиж, хууль бусаар зээл олгосон зөрчил гаргасан нь тогтоогдсон этгээдээр зөрчил,төлбөрийг  барагдуулах  акт тогтоохоор  байна. Гэтэл нэхэмжлэгч Н.Зийг  маргаан бүхий актад заасан журам, тогтоолын  заалтуудыг зөрчсөн гэж үзэх, хууль бусаар 15.000.000 төгрөгийн зээл олгосон гэх зөрчилд буруутгах үндэслэлгүй болох нь тогтоогдсон  буюу Н.Зээр уг зөрчил, төлбөрийг барагдуулах үүрэг хүлээлгэсэн акт нь  хангалттай, зохистой нотолгоонд үндэслээгүй байх тул маргаан бүхий актыг Төрийн аудитын тухай хуулийн /2003 оны/ 3 дугаар зүйлийн 3.1-д заасан “Төрийн аудит нь хууль дээдлэх, шударга ёсыг хангах, ил тод, бодитой байх, төрийн аудитын нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, стандартад нийцсэн байна” гэсэн төрийн аудитын үндсэн зарчим болон 15 дугаар зүйлийн 15.1.12 дахь заалттай нийцээгүй байна гэж үзлээ.

Үүнээс гадна “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-ын 5.2-т “Сангийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг сумын Засаг дарга хариуцан арилгана”, 6.3-т “Энэ журмыг зөрчсөн этгээдэд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэх бөгөөд санд учирсан хохирлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу гэм буруутай этгээд хариуцан барагдуулна” гэж журамд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхгүйгээр, журмыг зөрчиж хохирол учруулсан этгээдэд хариуцлага хүлээлгэхээр нарийвчлан зохицуулсан бөгөөд  төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий  орон тооны бус Зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.Зийг журамд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй буюу журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул  журмыг зөрчөөгүй этгээдэд хариуцлага хүлээлгэсэн нь хууль бус байна.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч гэж захиргааны байгууллагад өргөдөл, хүсэлт гаргасан этгээд, захиргааны акт, захиргааны гэрээний эрх зүйн үйлчлэл шууд болон шууд бусаар чиглэсэн этгээд болон захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулсан этгээдийг ойлгоно”, 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”,25 дугаар зүйлийн 25.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна: 25.1.1.ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах; 25.1.2.оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ”  гэж  тус тус заасан.

Аймаг дахь Төрийн аудитын газрын ахлах аудитор  Х.М нь 2018 оны 09 дүгээр сарын 17-19-ний өдөр Б сумын Сум хөгжүүлэх сангийн 2017 оны хөрөнгийн зарцуулалтад  нийцлийн аудит хийж, акт тогтоохдоо  актын үйлчлэл шууд чиглэж байгаа этгээд болох  Н.Зийг захиргааны шийдвэр гаргах уг ажиллагаанд оролцуулаагүй, оролцогчийг сонсож,тайлбар гаргуулаагүй, Н.Зээр төлбөр төлүүлэх болсон  бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй  болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[6] тогтоогдож байна. Ийнхүү  сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүйгоос маргаан бүхий  акт нь зорилгодоо нийцсэн,бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх талаарх Захиргааны ерөнхий хуулийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимтай нийцээгүй байх ба үүний улмаас  нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж үзлээ.

Хариуцагчаас “Аймгийн Төрийн аудитын газраас 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 12/64 ҮАГ-НАГ-2018/НА-02 тоот актыг  баталгаажуулахаас өмнө Ерөнхий аудиторын 2016 оны А/95 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын дагуу 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн акт, албан шаардлагын бүртгэл, хяналтын хуудсыг бичиж танилцуулсан, үүнд иргэн Н.З хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг.Уг бүртгэл, хяналтын хуудсанд хариуцагч Н.З гэж тодорхой заасан тул 2018.11.05-ны өдрөөс хойш 2 жилийн дараа нэхэмжлэл гаргасан гэж үзнэ” гэж маргасан.  

Нэхэмжлэгчээс  2018.11.05 гэсэн огноотой, “Акт, албан шаардлагын бүртгэл, хяналтын хуудас”-ыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй бөгөөд маргаан бүхий захиргааны акт нь Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Хууль бусаар олгосон зээлийг нөхөн төлүүлэх тухай”12/64 ҮАГ-НАГ-2018/НА-02дугаартай акт юм. Энэ актыг  хариуцагч ахлах аудитораас  Б сумын Засаг дарга С.Берик,нягтлан бодогч Н.М нарт танилцуулж, гарын үсэг зуруулсан байх ба харин нэхэмжлэгчид  мэдэгдсэнээ захиргааны байгууллага нотолж чадаагүй, мөн Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар 92.1, 93 дугаар зүйлийн 93.1-д тус тус  зааснаар нэхэмжлэгч нь аймаг дахь Төрийн аудитын газрын уг актын талаар Үндэсний аудитын газарт  гомдол гаргаж, тус газраас  2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн  02/2661 дугаар албан бичгээр[7]  өгсөн хариуг эс зөвшөөрч  2020 оны 09 дүгээр  сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1–д заасан  шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж үзсэнийг дурдах нь зүйтэй.

Иймд Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Хууль бусаар олгосон зээлийг нөхөн төлүүлэх тухай” 12/64 ҮАГ-НАГ-2018/НА-02 дугаартай актын нэхэмжлэгч Н.Зд холбогдох хэсэг  нь дээрх үндэслэлүүдээр  хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх , хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,  маргаан бүхий актын Н.Зд холбогдох хэсгийг  хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Төрийн аудитын тухай хуулийн /2003 оны/ 3 дугаар зүйлийн 3.1,15 дугаар зүйлийн  15.1.12, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Зийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Хууль бусаар олгосон зээлийг нөхөн төлүүлэх тухай”12/64 ҮАГ-НАГ-2018/НА-02 дугаартай актын Н.Зд холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.ЕРКЕШ

 

[1] Хэргийн 33-34-р хуудас

[2] Хэргийн 108-109-р хуудас

[3] Хэргийн 91-р хуудас

[4] Хэргийн 31-32,48,49,70,87-88,112-113,142,145-148,149,155-156,192-194-р хуудас

[5] Хэргийн 31,32,51-57,87-88,89,109,112-113,114,115,145-148,149-р хуудас

[6]Хэргийн 20-35,48,49,70,87-88,112-113,142,145-148,149,155-156, 186-189-р хуудас

[7] Хэргийн 5-р хуудас