Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
Хэргийн индекс | 125/2023/0048/з |
Дугаар | 221/МА2024/0524 |
Огноо | 2024-08-06 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2024/0524
|
|
|
Ж.Т-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл
Илтгэсэн шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, П.Д нар;
Нэхэмжлэгч: Ж.Т /РД:ПЭ48080106/
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга
Хариуцагч: Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжийн Р.С-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05, 13/15 дугаар тогтоолын Р.С-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай;
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 125/ШШ2024/0027 дугаартай шийдвэр;
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б
Хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц
Хариуцагчийн өмгөөлөгч Г.Х
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дөлгөөн
Хэргийн индекс: 125/2023/0048/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.Т-ээс Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга, Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдуулан “Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжийн Р.С-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05, 13/15 дугаар тогтоолын Р.С-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 125/ШШ2024/0027 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5, 40.1.6 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжийн Р.С-т холбогдох хэсгийг илт хууль бусад тооцож, Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05, 13/15 тогтоолуудын холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, П.Д нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Газрын тухай хуулийн 40.1.5-д заасан үндэслэлийг буруу хэрэглэж, үндэслэлгүй дүгнэлт гаргасан.
Газрын тухай хуульд 2019 онд орсон нэмэлт өөрчлөлтөөр Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн “зохих хууль тогтоомж, гэрээний” гэснийг Газрын төлбөрийн тухай хуулийн” гэж, 34 дүгээр зүйлийн 34.6.6 дахь заалтын “төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа” гэснийг “төлбөр төлөхтэй холбоотой үүрэг” гэж, 35 дугаар зүйлийн 35.3.3 дахь заалтын “тогтоосон” гэснийг “хуульд заасан” гэж тус тус өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөхөөр заасан бөгөөд Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлөх үүрэгтэй, энэ үүргээс зөвхөн Газрын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр л чөлөөлөгдөх, хөнгөлөгдөх эрхтэй бөгөөд маргаан бүхий газрыг ашиглах хүсэл сонирхол байгаа тохиолдолд хуульд заасны дагуу газрын төлбөрийг төлөх нь нэхэмжлэгчийн үүрэг бөгөөд энэхүү үүргийг өөр нөхцөл байдалтай холбогдуулан биелүүлэхгүй байх ямар ч боломжгүй юм.
Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж газрын төлбөр төлөгч байна” гэж, 4 дүгээр зүйлд “газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа газарт төлбөр ногдуулна” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан тайлбарлахад, эрх бүхий байгууллагаас газар эзэмшүүлэх шийдвэр хүлээн авсан этгээд нь газрын төлбөр бүрэн төлөх үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлж байж газар эзэмших эрх нь хамгаалагдах зарчимтай. Нэхэмжлэгч хуульд заасан үүргээ биелүүлээгүй буюу 2020, 2021, 2022, 2023 оны газрын төлбөрийг хугацаандаа бүрэн төлөөгүй нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар болон анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9, 10 дахь заалтаар тогтоогдсон байдаг. Гэтэл анхан шатны шүүх дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг хууль бус гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
3.2. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй талаар:
Ховд аймгийн Засаг даргын 2023 оны А/262 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нэхэмжлэгчийн газар эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт шалгалт хийж Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч, Байгаль орчны, хяналтын улсын байцаагч, Жаргалант сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 02-32-04/102/28 дугаар дүгнэлтээр “... мод үржүүлгийн зориулалтаар үйл ажиллагаа явуулаагүй, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.3.1, 35.3.3 дахь заалтуудыг зөрчсөн болох нь мод үржүүлгийн зориулалтаар үйл ажиллагаа заалтуудыг зөрчсөн болох нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон мөн Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд Газрын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь заалтыг хангасан гэж үзэж, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгосон.
Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байхад үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.
3.3. Газар эзэмших гэрээ дүгнүүлэх, гэрээний үүргээ тайлагнах үүргийг Газрын тухай хуульд гэрээнд тусгах зүйл дотор зохицуулаагүй тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлд хамаарахгүй гэж буруу дүгнэсэн.
Газрын тухай хуулийн 34.6 дахь хэсэгт “Газар эзэмших гэрээнд дараахь зүйлийг тусгана”, 34 дүгээр зүйлийн 34.6.7 дахь заалтад “гэрээний талуудын эрх, үүрэг, хариуцлага”, гэж зааснаар иргэнд газар эзэмшүүлэх гэрээний 4.14-т “Газар эзэмшүүлэх гэрээг дүгнүүлэх”, 7.2-т заасны дагуу гэрээний үүргийн биелэлтийг жил бүрийн 06 дугаар сарын 25-ны дотор багтаан тайлагнаж, газар эзэмшүүлэгч 07 дугаар сарын 01-ний дотор багтаан дүгнэх, энэ үүргээ биелүүлээгүй бол гэрээний 7.3-т заасны дагуу эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаар гэрээнд тодорхой заасан бөгөөд уг заалтын дагуу гэрээгээ жил бүр дүгнүүлэх, гэрээний биелэлтийг 06 дугаар сарын 25-ны дотор Газрын албанд тайлагнах заалтыг хэрэгжүүлж, биелүүлж ажиллах үүрэгтэй гэж заасан.
Гэтэл анхан шатны шүүх “Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ.”, 34.5-д “Улсын бүртгэлд эрхийн гэрчилгээг олгосон он, сар, өдөр, эзэмшигчийн нэр, олгогдсон газрын нэгж талбарын дугаар, хэмжээ, байршлыг тэмдэглэх бөгөөд эрхийн гэрчилгээтэй холбогдсон аливаа өөрчлөлтийг тусгах зориулалт бүхий хавсралттай байна.” гэж заасан ба 34.6.1-ээс 34.1.11-д заасан газар эзэмших гэрээнд тусгах зүйл дотор гэрээний үүргийг тайлагнах талаар зохицуулаагүй байна.
Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:”, 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;” гэж зааснаар нэхэмжлэгч 2022 оны гэрээгээ дүгнүүлээгүй гэх үндэслэл нь “гэрээний нөхцөл болзлын удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэдэгт хамаарахгүй гэж үндэслэлгүй дүгнэж шийдвэр гаргасанд гомдолтой байна. УДШ-ийн 2008 оны “Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 15 дугаартай тайлбарын 1.9-т “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “... удаа дараа...” гэдгийг мөн зүйлийн 40.1.2-40.1.6-д зааснаас бусад хэлбэрээр хууль тогтоомж, гэрээний нөхцөл, болзлыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн байхыг ойлгоно. Нэг зөрчлийг давтан эсхүл өөр өөр зөрчил гаргасны аль аль нь дээрх ойлголтод хамаарна. Мөн зүйл, хэсэгт заасан “... ноцтой зөрчил...”-ийг газар эзэмшүүлэх гэрээний талууд гэрээний нөхцөл, болзлын онцлогтой холбогдуулан харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг гэрээнд нэрлэн заасан байвал зохино” гэж хууль хэрэглээний Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар байдаг.
3.4. Маргаан бүхий акт нь дээр дурдсанаар үндэслэлтэй болох нь тогтоогдож байхад анхан шатны шүүх сонсох ажиллагаа явуулаагүй гэж илт хууль бусад тооцсон нь үндэслэлгүй байна. Зөвхөн сонсох ажиллагаа хийгээгүй гэх үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон үндэслэлийг үгүйсгэх нөхцөл болохгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх сэргэх боломжгүй юм.
Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд зохицуулсан сонсох ажиллагааны зорилго нь захиргааны байгууллага захиргааны акт чиглэж буй этгээдэд шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох зорилготой бөгөөд уг тайлбар саналын агуулга, ач холбогдол, тэдгээрийг аваагүй нь захиргааны гаргасан шийдвэрт нөлөөлөхүйц байх тохиолдолд тухайн актыг хүчингүй болгох үндэслэлтэй юм.
Өөрөөр хэлбэл сонсох ажиллагаа явуулсан ч газрын төлбөрөө хуульд заасан хугацаанд төлсөн болж, зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашигласан болж өөрчлөгдөхгүй юм. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдлыг дэмжсэн агуулга бүхий тайлбарыг тус тус шүүх хуралдаанд гаргасан.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу үнэлж, Газрын тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
3. Нэхэмжлэгч Ж.Т-ээс “Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжийн Р.С-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05, 13/15 тогтоолуудын Р.С-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргаж, уг нэхэмжлэлийн үндэслэлээ “... манай зүгээс Газрын тухай хуулийг болон газар эзэмших гэрээгээ удаа дараа ноцтой зөрчиж, зориулалтын бусаар ашиглаж байсан зүйл огт байхгүй бөгөөд газрын төлбөрөө зохих журмын дагуу төлөөд явж байсан, ямар ч байгаль орчны байцаагч болон байгаль орчны мэргэжилтний дүгнэлтийг надад гардуулж өгч байгаагүй болно. ... газар эзэмших эрхийг хүчингүй болгох шийдвэр гаргахаасаа өмнө ямар ч сонсох ажиллагаа хийгээгүй шууд цуцалсан нь Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтыг зөрчсөн” гэж тайлбарлаж байна.
4. Маргааны үйл баримтын тухайд, анх Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2009 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 139 дүгээр захирамжаар иргэн Р.С /нас барсан/-т Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав баг, ойн бүсэд, 15000 м.кв газрыг ойжуулалт, газрыг хамгаалах нөхөн сэргээх, жимс жимсгэний зориулалтаар гэр бүлийн хамтын хэрэгцээнд газар эзэмших эрх олгож, улмаар түүний эхнэр Ж.Т-д 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр өвлөх эрхийн гэрчилгээгээр дээрх газрыг эзэмших эрх үүсчээ. Энэ талаар хэргийн оролцогчдын хэн аль нь маргаагүй.
5. Нэхэмжлэгч Ж.Т-ийн “Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжийн Р.С-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
5.1. Тус захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-т заасныг үндэслэн газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч, Жаргалант сумын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтний дүгнэлтээр Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон тул хавсралтад нэр дурдсан Жаргалант сумын Цамбагарав багийн ойн бүсэд газар эзэмшигч 36 иргэн, аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсний дотор Р.С /цаашид нэхэмжлэгч Ж.Т гэх/-ын 15000 м.кв талбай бүхий газар багтсан байна.
5.2. Хавтаст хэрэгт авагдсан Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/262 дугаар захирамжаар Жаргалант сумын Цамбагарав багийн ойн бүсэд газар эзэмшиж буй иргэн, аж ахуйн нэгжийн ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх талаар явуулж буй үйл ажиллагаанд хяналт тавих, иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг судлан шийдвэрлэж, газар эзэмших гэрээг дүгнэн, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулж, Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын улсын байцаагчийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 02-32-04/102/28 дугаар дүгнэлтээр “...иргэн Р.С нь өөрийн эзэмшлийн газын хашаа хамгаалалтыг сайжруулсан, мод үржүүлгийн зориулалтаар үйл ажиллагаа явуулаагүй байгаа нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.3.1, 35.3.3 дахь заалтуудыг зөрчиж байна” гэж, /1хх-ийн 37, 38 дахь талд/,
мөн Р.С /нэхэмжлэгч Ж.Т/-ын 2021 оны “Газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх акт”-д гэрээ дүгнүүлээгүй, тайлан ирүүлээгүй гэж /1хх-ийн 30 дахь талд/, Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 21-04-047/100 дугаартай шалгалтын дүнгийн тухай дүгнэлтээр “...зориулалтын дагуу ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 дахь заалт зөрчсөн” гэж /1хх-31, 32, 34 дэх талд/, 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Газрын төлбөрийн тооцоо нийлсэн актад 2019-2023 оны газрын төлбөр төлсөн байдал төлбөрийн үлдэгдэл 908744 төгрөг /1хх-ийн 29 дэх талд/, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хар нуур-Ховд голын сав газрын захиргааны 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 241 дүгээр албан бичгээр “...“Ойн бүс”-д зориулалтын бусаар ашиглаж байгаа 32.6 га газар нь усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс дотор байна” гэх лавлагаа /1хх-ийн 199 дэх талд/, Ховд аймгийн Татварын хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 397 дугаар албан бичгийн хавсралтаар ирүүлсэн баримтад Р.С нь 2021 онд 8493, 12739, 2022 онд 214760, 2023 онд 429520 төгрөгийн газрын төлбөрийн үлдэгдэлтэй гэж, мөн хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 48 дугаар албан бичиг, 04 дүгээр сарын 11-ний өдрийн 106 дугаар албан бичгээр ирүүлсэн баримтуудаас үзэхэд, газар эзэмшигч Р.Сандуйжав /нэхэмжлэгч Ж.Т/ нь Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 35 дугаар зүйлийн 35.3-т заасан газар эзэмшигчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.
5.3. Тодруулбал, Р.С нь анх 2009 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр маргаан бүхий газрыг эзэмших гэрээ байгуулж, улмаар 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гэрээг шинэчилж байгуулснаар Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмшигчийн эрх эдэлж, үүрэг хүлээх харилцаа үүсчээ.
5.4. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө.”, 34 дүгээр зүйлийн 34.8-д “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ.”, 35 дугаар зүйлийн 35.3-т “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ:”, 35.3.1-д “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх;”, 35.3.2-т “газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх;”, 35.3.3-т “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх;”, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-т “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ.”,10 дугаар зүйлийн 3-т “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ газрын төлбөрийн ногдуулалтын жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, ногдуулалтын эцсийн тооцоог хийнэ.” гэж тус тус заажээ.
5.5. Дээрхээс үзэхэд, газар эзэмшигч буюу Р.С /нэхэмжлэгч Ж.Т/ нь жил бүр гэрээний үүргийн биелэлтийг дүгнүүлээгүй, тайлагнаагүй, газрын төлбөрийг хууль болон гэрээнд заасан хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй, мөн газрыг зориулалтын дагуу ойжуулах, нөхөн сэргээлт хийгээгүй, жимс жимсгэнэ тариалаагүй зэрэг Газрын тухай хуульд заасан эрх, үүргийн зөрчил гаргасан болох нь зохих байгууллагын хяналт шалгалт хийсэн дүгнэлт, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн “... 2010-2020 онд газрын төлбөр төлсөн баримт /1хх-ийн 243-254 дэх талд/, 2009-2015 оны хоорнд газарт хийсэн ажлын тайлан тооцоо /2хх-ийн 2-10 дахь талд/ гэсэн баримтууд” нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 3/08 дугаар тогтоолоор баталсны дагуу төлбөл зохих газрын төлбөрийн хэмжээтэй дүн тохирохгүйн зэрэгцээ цаг хугацааны хувьд маргаан бүхий захиргааны актын үндэслэлд заасан зөрчлийг үгүйсгэх баримт болохгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.
5.6. Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр нэхэмжлэгч Ж.Т-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй.
5.7. Гэтэл анхан шатны шүүх “Нэхэмжлэгч нь газар эзэмшсэнээс хойш гэрээний үүргийн хэрэгжилтийн талаар тайлангаа хүргүүлснийг дүгнэж байсан эсэх талаар баримт байхгүй ч газар эзэмшүүлэгчээс гэрээг дүгнэх талаар мэдэгдэхгүйгээр 2021, 2022 оны гэрээний үүргийн биелэлтийн дүгнэх акт гэх баримт үйлдсэн нь хуульд үндэслээгүй хэлбэрийн төдий, бодит байдалд нийцээгүй байна” гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
5.8. Нэхэмжлэгчээс “...Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга нь бидний эрх ашгийг хөндсөн буюу газар эзэмших эрхийг хүчингүй болгох шийдвэр гаргахаасаа өмнө ямар ч сонсох ажиллагаа хийгээгүй шууд цуцалсан нь Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтыг зөрчсөн” гэж маргадаг боловч сонсох ажиллагаа явуулсан ч маргаан бүхий актад дурдсан үндэслэлийг үгүйсгэх нөхцөл байдал бий болохооргүй бусад үр дүнд хүрэхээргүй байх тул энэ үндэслэлээр захирамжийг хүчингүй болгох боломжгүй.
5.9. Хэдийгээр нэхэмжлэгч Ж.Т нь “... өөрийн нөхөр болох Р.С-ыг 2020 оны 05 дугаар сараас 2022 оны 05 дугаар сар хүртэл асарч байсан” гэж, харин нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “...Р.Сандуйжав 2020 оноос хойш өвчний улмаас хагалгаанд орсон. Жил болгон модоо услахгүй бол үхээд байдаг. Ч.Ганчимэг бол Р.С-ын найз. Найздаа миний модыг усалж байгаарай гээд үлдээсэн байдаг” гэж тайлбарлан маргах боловч эл үйл баримт нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байна.
5.10. Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан “...маргаан бүхий газрыг ашиглах хүсэл сонирхол байгаа тохиолдолд хуульд заасны дагуу газрын төлбөрийг төлөх нь нэхэмжлэгчийн үүрэг бөгөөд энэхүү үүргийг өөр нөхцөл байдалтай холбогдуулан биелүүлэхгүй байх ямар ч боломжгүй. Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд Газрын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь заалтыг хангасан гэж үзэж, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгосон” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй.
6. “Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05 дугаар, 13/15 дугаар тогтоолуудын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн тухайд;
6.1. Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн “Аймгийн газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай” 13/05 дугаар тогтоолоор Цэцэрлэгт хүрээлэн байгуулах 32.6 га иргэн, аж ахуй нэгж байгууллагын эзэмшлийн бус нийтийн эдэлбэр газрын төлөвлөлтийг 1 дүгээр хавсралтаар баталж, үүнд Жаргалант сумын Цамбагарав багийн Ойн бүсийн 32.6 га газрыг хамруулж, мөн өдрийн Цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай 13/15 дугаар тогтоолоор Ховд хотыг 2023 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд үндэслэн цэцэрлэгт хүрээлэнг Жаргалант сумын Цамбагарав багийн ойн бүсэд 32.6 га газарт хавсралтад заасан байршилд байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд энэхүү цэцэрлэгт хүрээлэн шинээр байгуулахаар шийдвэрлэсэн байршилд нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий 15000 м.кв газар багтжээ.
6.2. Хариуцагч Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлт;”, 20.1.14-т “нийтийн эзэмшлийн зам, талбай, олон нийтийн соёл амралтын хүрээлэн, ногоон байгууламж;”, 48 дугаар зүйлийн 48.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална.”, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 20.1.2-т “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах;” гэж тус тус заажээ.
6.3. Дээрх хуулийн зохицуулалтын дагуу, хариуцагч Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь газрын харилцааны талаарх төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхийн дагуу Жаргалант сумын Цамбагарав багийн ойн бүсэд цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй бөгөөд Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.6-д заасан зарчимтай нийцжээ.
6.4. Нөгөөтээгүүр, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны А/283 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д заасантай нийцсэн бөгөөд Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05, 13/15 дугаар тогтоолууд нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул дээрх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
6.5. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ж.Т-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 125/ШШ2024/0027 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Т-ээс Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга, Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хуралд тус тус холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/283 дугаар захирамжийн Р.С-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 13/05, 13/15 дугаар тогтоолын Р.С-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ