Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 79

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Дын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/02621 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Дын нэхэмжлэлтэй,

Хариуцагч А.А, Б.С, Ү ХХК, А.Днарт холбогдох  

 

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байрны 10 тоотод байрлах өрөө орон сууцнаас А.А, Ү ХХК, А.Днарыг албадан нүүлгэх, уг орон сууцыг А.А, Ү ХХК, А.Днарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байрны зоорын давхарын 20 тоотод байрлах авто зогсоолыг Б.Сын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Ц.Д, Ю.Эрдэнэсувд нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хийгдсэн “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байрны зоорын давхарын 20 тоотод байрлах авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай хариуцагч Б.Сын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

 Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Хариуцагч: Б.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр О.Намнандоржид 54 000 000 төгрөгийг бэлнээр төлж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байрны 10 тоотод байрлах, 1 өрөө орон сууц болон зоорийн давхарын 20 тоотод байрлах авто зогсоолыг худалдан авч, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр О.Намнандорж, авто зогсоолын өмчлөгч Ю.Эрдэнэсувд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаяртай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийж, нотариатаар гэрчлүүлэн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, уг орон сууц болон авто зогсоолын өмчлөгч болсон. Тухайн үед О.Намнандорж энэ байранд түр хүн суулгаж байгаа, 6 дугаар сард гарна гэхээр нь би зөвшөөрсөн бөгөөд 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр орон сууцны түлхүүрийг авах гэтэл О.Намнандорж утсаа авахгүй байсан тул хэд хоногийн дараа орон сууцандаа очиход эрэгтэй хүн гарч ирээд би энэ байрнаас гарахгүй гэсэн тул ойлголцож чадаагүй. Иймд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байрны 10 тоотод байрлах, 1 өрөө орон сууцнаас А.Аийг албадан нүүлгэх, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байрны зоорын давхарын 20 тоотод байрлах авто зогсоолыг А.Аийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүсэж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Намнандорж нь Ц.Дтай 2015 оны 06 дугаар сард Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байрны 10 тоотод байрлах 38.74 м.кв талбайтай, нэг өрөө орон сууц болон зоорийн давхарын 20 тоот хаягт байрлах авто зогсоолыг зарна гэж үзүүлсэн, орон сууц болон зогсоолыг биетээр үзэхэд шинэ баригдсан, хоосон, сайхан байр байсан тул О.Намнандоржтой 2015 оны 12 дугаар 28-ны өдөр 54 000 000 төгрөгийг бэлнээр төлж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байрны 10 тоотод байрлах, 1 өрөө орон сууцыг Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байрны зоорийн давхарын 20 тоотод байрлах авто зогсоолын хамт худалдан авч, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр О.Намнандорж, авто зогсоолын өмчлөгч Ю.Эрдэнэсувд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаяртай Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Y-2206041040, Y-2206043634 дугаарт бүртгүүлж, уг орон сууц болон авто зогсоолын өмчлөгч болсон бөгөөд 2016 оны 06 дугаар сард орон сууцны түлхүүрээ авах гэтэл О.Намнандорж утсаа авахгүй болохоор нь орон сууцандаа ирэхэд эрэгтэй хүн гарч ирээд би энэ байрнаас гарахгүй гэсэн байдаг. Ц.Д өөрийн өмчлөлийн зүйлээ чөлөөтэй эзэмших, ашиглах аливаа халдлагаас хамгаалах боломжгүй байдалд хүрч, бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй ба хариуцагч нар бусдын өмчлөлийн орон сууц, зогсоолыг чөлөөлөх үүрэгтэй болно. Уг орон сууцыг Ү ХХК, А.Днарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байрны зоорийн давхарын 20 тоотод байрлах авто зогсоолыг Б.Сын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүсч байна, А.Аийг хариуцагчаар оролцуулахаас татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч А.А шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2015 оны 08 дугаар сард барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг Ү ХХК-иас Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд шинээр баригдсан 93 дугаар байрны 10 тоот буюу 38.4 м.кв нэг өрөө байрыг худалдаж авахаар тохиролцож 50 000 000 төгрөгийн урьдчилгаа өгч 8 дугаар сард байрандаа орсон. “Үүртээл ХХК”-иас ордер болон бусад зүйлийг асуухад захирал А.Днь 93 дугаар байрны захилагч эзэн болох О.Намнандоржоос Ү ХХК нь уг барилгыг барихад төмөр хийц, бетон зуурмаг, тоног төхөөрөмж бусад материалууд болон ажил үйлчилгээний төлбөрт 400 гаруй сая төгрөгийн авлагад 3 ширхэг байрыг бартер хийж зах зээлийн ханшаар тохиролцож авсан. О.Намнандорж уг байрыг давхар хүнд шилжүүлж мөнгө авсан байна. Би дээрх байрыг материал, ажил үйлчилгээнд төлсөн мөнгөнийхөө авлагад авсан учир давхар зарсан, бусдад шилжүүлсэн О.Намнандоржийн асуудлаар гомдол гаргасан ба Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэх тайлбарыг өгсөн. Би энэ байрыг худалдаж авахдаа Ү ХХК-тай гэрээ хийсэн, Ц.Дыг танихгүй, энэхүү хэрэг маргааныг эрүүгийн хэрэгтэй нь нэгтгэж Ү ХХК-ийн хохирлын асуудлыг шийдвэрлэж өгнө гэдэгт итгэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч Б.С шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2014 онд байр худалдаж авахаар хайж эхлэхэд манай хүргэн дүү Б.Цогтсайхан манай найз чанартай материалаар байр барьж байгаа гэж дуулаад тус байрыг барьж байсан О.Намнандоржтой 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр уулзаж байрыг үзсэн. Зайсанд байрлах тус байр нь тухайн үед дөнгөж 4 давхар байсан ба байр болон үнийн санал боломжийн санагдсан тул 1 м.кв-ыг 2.2 сая төгрөгөөр тооцон 76 м.кв байрыг мөн гараашийг 25 000 000 төгрөгөөр авахаар тохирч гэрээ хийсэн. Байр болон машины зогсоолын нийт үнэ 193 000 000 төгрөг болсон ба тэр өдөр нь байрны урьдчилгаа болох 89 000 050 төгрөгийг бэлнээр өгсөн. Ингээд нийт 12 удаагийн үйлдлээр 194 500 000 төгрөгийг төлж барагдуулан 2015 оны 2 дугаар сард байрандаа нүүж орсон.О.Намнандорж миний байрны гэрчилгээг гаргаж өгсөн ба харин зогсоолын гэрчилгээг гаргаж өгөлгүй надаас зугтаж эхэлсэн. Гэтэл 2016 оны 12 дугаар сард Ц.Д гэдэг өмгөөлөгч надтай холбогдож гараашийн талаар асууж сурагласан.Би энэ гражийг худалдаж авснаа хэлэхэд надад иргэн Ц.Дын мэдэлд уг граж байдаг ба зогсоолын гэрчилгээ ч гэсэн уг хүний нэр дээр байдаг гэж хэлсэн.Энэхүү машины зогсоолыг Ц.Даас өмнө О.Намнандоржтой гэрээ хийж 25 000 000 төгрөгийг бүрэн төлж худалдаж авсан тул миний өмч юм.Энэ зогсоол дээр байранд нүүж орсон 2015 оны 2 сараас эхлэн машинаа тавьж байгаа. А.Аийг би танихгүй ба байр болон машины зогсоол нь тусдаа байдаг гэжээ.

 

Хариуцагч Ү ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батболд шүүхэд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байрны 10 тоотод байрлах 38.74 м.кв талбайтай, нэг өрөө орон сууц А.Даваадоржийн мэдэлд байгаа, Ү ХХК О.Намнандоржтой 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр орон сууц захилан бариулах хэлцэл хийж уг орон сууцыг худалдаж авсан.Гэтэл О.Намнандорж уг хэлцлийг хүчин төгөлдөр байхад Ц.Дтай давхардуулан хэлцэл хийсэн байна. Иймд Ц.Д, О.Намнандорж нарын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдах авах хэлцэл нь эрхийн зөрчилтэй, хүчин төгөлдөр бус хэлцэл болно гэжээ.

 

Хариуцагч Ү ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхтуул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Намнандоржтой 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээг А.Дбайгуулсан.”Үүртээл” ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэрээ дүгнэсэн акт байгуулсан, 2015 оны 3 дугаар сард манай компанийн захирал А.Даваадоржид орон сууц хүлээлгэн өгсөн. Тухайн үед гэрчилгээг гаргаж өгөөгүй байтал Ц.Дд зарсан байсныг сүүлд мэдсэн. Одоо энэ орон сууц манай компанийн эзэмшилд байхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч А.Дшүүхэд гаргасан тайлбартаа: Би уг орон сууцыг 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр орон сууц захиалан бариулах хэлцлээр худалдаж авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Үүнийг О.Намнандорж гэрчлэнэ гэжээ.

 

Хариуцагч А.Дшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх О.Намнандорж манай байр хөрөнгө оруулалтгүй болчихлоо гэхээр нь бид ярилцаад 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр О.Намнандоржтой хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан, 2014 оны 12 дугаар сар гэхэд манай компаниас 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байсан ба уг мөнгөний оронд О.Намнандорж манайд 1 өрөө бүхий 38.6 метр квадрат 10 тоот, 16 тоот, 92 м.кв 27 тоот 4 өрөө байруудыг манай өмчлөлд шилжүүлэхээр орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан.Манайх О.Намнандоржоос орон сууцыг авсны дараа 2015 оны 03 дугаар сард Ариунтөгстэй , худалдан авах гэрээ байгуулж урьдчилгаа төлбөр авсан. Тухайн үед О.Намнандоржоос үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх талаар шаардаж байсан. О.Намнандорж хэлэхдээ манайх ББСБ-д өртэй энэ өрийг төлж дуусгачихаад танай гэрчилгээг гаргаж өгнө гэж хэлдэг байсан. Одоогийн байдлаар А.А байранд амьдарч байгаа. Одоог хүртэл орон сууцны сөх, цахилгааны төлбөрийг А.А төлж байгаа. Бидний зүгээс Ц.Дын нэхэмжлэлтэй хэргийн талаар О.Намнандоржоос асуухад би Ц.Дд зараагүй, 38 000 000 төгрөг зээлээд эргүүлэн өгнө гэж хэлсэн. Ц.Дд буцаагаад мөнгөө өгье гэхээр би чамаас орон сууц худалдаж авсан гэдэг тайлбарыг надад хэлдэг гэж байсан. Тухайн үед Ц.Дд зогсоолыг 20 000 000 төгрөгт тооцож авч болно гэж хэлсэн байдаг. Ийм учраас О.Намнандоржийг гэрчээр асуулгах байсан. Мөн уг орон сууцтай холбоотой асуудлыг Цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүссэн байгаа учраас эрүүгийн хэргийг шийдвэрлэсний дараа энэ хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж бодож байна гэжээ.

 

Хариуцагч Б.С шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Би О.Намнандоржтой 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр “Орон сууц захиалан бариулах” гэрээг байгуулсан, энэ гэрээний дагуу О.Намнандорж Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах орон сууцны барилгын 10 дугаар давхарын А болон В блок 3 өрөө 76.5 м.кв орон сууц болон зогсоолыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч тал нь орон сууцы төлбөр 168 300 000 төгрөг болон зогсоолын төлбөр 25 000 000 төгрөг, нийт 193 000 000 төгрөгийг худалдагч талд гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэг хүлээсэн болно. Би гэрээний дагуу төлбөрийг зохих хугацаанд төлж, гэрээний зүйл болох орон сууц болон гараашийн өмчлөгч болсон бөгөөд О.Намнандорж орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг надад шилжүүлэн өгсөн боловч авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг өгөөгүй болно. Би Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах орон сууцны барилгын 10 давхар орон сууцны барилгыг барьж ашиглалтад оруулсан, тухайн байрыг худалдан борлуулах эрх бүхий этгээд болох О.Намнандоржтой 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр “Орон сууц захиалан бариулах” гэрээ байгуулж, гэрээний нөхцөлийн дагуу үүргээ биелүүлж, гэрээний төлбөрийг 100 хувь төлж барагдуулсан. Гэтэл 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Ю.Эрдэнэсувдыг төлөөлж Б.Батбаяр болон Ц.Д нарын хооронд “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээ байгуулагдаж мөн өдөр буюу 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 000451628 тоот үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан байна. Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт зааснаар авто зогсоолыг ашиглалтад орсноос хойш би эзэмшиж байгаа бөгөөд миний өмчлөлд тэргүүн ээлжинд шилжих учиртай гэж ойлгож байна. Иймд Ц.Д Ю.Эрдэнэсувдын төлөөлөгч Б.Батбаяр нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хийгдсэн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000451628 тоот гэрчилгээг хүчингүйд тооцож, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байрны зоорийн давхарын 20 тоотод байрлах авто зогсоолын өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Сын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн авто зогсоолыг Ц.Д худалдан авах үед Ю.Эрдэнэсувдын нэр дээр байсан. Ю.Эрдэнэсувдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаяртай гэрээ байгуулан худалдан авсан байдаг. Б.Сын захиалгын гэрээнд 20 тоот авто зогсоолыг захиалсан гэж байхгүй, манайх өмчлөх эрхтэй холбоотой маргаан гаргаагүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байрны 10 тоотод байрлах, 1 өрөө орон сууцнаас Ү ХХК, А.Днарыг албадан нүүлгэх, уг орон сууцыг Ү ХХК, А.Днарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай Ц.Дын шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байрны зоорын давхарын 20 тоотод байрлах авто зогсоолыг Б.Сын эзэмшлээс чөлөөлүүлж, Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 109 дүгээр зүйлийн 109.1, 243 дугаар зүйлийн 243.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Ц.Д, Ю.Эрдэнэсувдын төлөөлөгч Б.Батбаяр нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хийгдсэн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000451628 тоот гэрчилгээг хүчингүйд тооцуулах, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байрны зоорийн давхарын 20 тоотод байрлах авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 427 950 төгрөгөөс 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 287 550 төгрөгийг, Б.Саас 70 200 төгрөгийг тус тус гаргуулан Ц.Дд, Б.Сын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 353 200 төгрөгөөс 283 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдсэн 69 850 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулан Б.Сд тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дожрсүрэн давж заалдах гомдолдоо: “...А.А нь шүүхэд нэхэмжлэл гаргах үед маргаан бүхий орон сууцыг эзэмшиж амьдран суудаг, чөлөөлөхийг шаардахад чөлөөлж өгөхгүй байсан тул хариуцагчаар татан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч А.А нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа тухайн орон сууцанд 8 дугаар сард орсоноос хойш амьдран суудаг тухайгаа болон Ү ХХК-иас худалдан авсан тухайгаа тодорхой бичсэн байдаг. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр шүүхэд гаргасан хүсэлтдээ А.А нь маргаж буй орон сууцыг буцаан хүлээлгэн өгсөн, уг орон сууцанд амьдрахгүй байгаа, Баянгол дүүрэгт оршин сууж байгаа тул хэргийг харъяаллын дагуу шилжүүлж өгөхийг хүссэн. Шүүх хүсэлтийг хүлээн авч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01577 дугаартай захирамжаар хэргийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлэсэн.

            Нэгэнт А.А нь тухайн орон сууцыг Ү ХХК-д буцаан хүлээлгэн өгсөн гэсэн тул хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх хүсэлтийг орон сууцыг хүлээн авсан Ү ХХК-иас шаардах нь ойлгомжтой юм. Улмаар Ү ХХК-ийг хариуцагчаар татсанаар 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Ү ХХК-иас шүүхэд гаргасан тайлбартаа маргаан бүхий орон сууц нь иргэн А.Даваадоржийн эзэмшилд байгаа гэсэн байх тул А.Даваадоржийг мөн хариуцагчаар татан оролцуулсан. Ү ХХК нь иргэн н.Намнандоржоос маргаан бүхий орон сууцыг худалдан авсан, одоо тухайн орон сууц нь Ү ХХК-ийн захирал А.Дэзэмшилдээ байлгаж байгаа гэсэн хариу тайлбар хэрэгт авагдан Ү ХХК, А.Днарын эзэмшилд байгаа нь тодорхой байтал хэн эзэмшиж, ашиглаж байгаа нь тодорхойгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хуулийн 101, 106 дугаар зүйлд тус тус заасны дагуу өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй зөрчлийг арилгуулах, мөн хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу өмчлөх эрхээ хамгаалуулах гэж тодорхойлон өөрийн хууль ёсны өмчлөлийн орон сууцнаас хариуцагч А.Даваадоржийг албадан нүүлгэх, Ү ХХК, А.Днарын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх болон хариуцагч А.Саруулын хууль бус эзэмшлээс автозогсоолыг чөлөөлүүлэх тухай шаардлага үндэслэл нь тодорхой байтал шаардлагын үндэслэл ойлгомжгүй гээд орон сууцанд холбогдох хэсгийг хангаж шийдвэрлээгүйд гомдолтой байна.

Орон сууц, авто зогсоолтой холбоотой шаардлагын үндэслэл яг адил байтал орон сууцанд холбогдох хэсгийг хангалгүй харин автозогсоолд холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхцйн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 02621 дугаартай шийдвэрийн орон сууцтай холбогдох хэсгийг хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Б.С давж заалдах гомдолдоо: “...Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэвч хариуцагч миний зүгээс анхан шатны шүүх, шүүгчийн захирамжийн биелэлтийг хангаагүйгээр зайлшгүй шаардлагатай ажиллагааг хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн, шүүх шаардлагатай баримтуудыг авч үзээгүй гэсний үндсэн дээр шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй... Шүүх хуралдаан болох явцад энэ хэргийг 0.Намнандоржийн мэдүүлэггүйгээр шийдэх боломжгүй гэдгийг хуралд оролцож байсан 4 хариуцагчийн зүгээс удаа дараа тавьж байсан ба шүүх 2017 оны 03 сарын 29-ны өдөр болсон хуралдаанаар гэрч дуудаж оролцуулах захирамж гаргасан. Миний бие гэрч оролцуулах хүсэлтийг тэр өдөр бичгээр гаргаж өгсөн ба шүүх хуралдааны тэмдэглэлийг харвал хариуцагч А.А, хариуцагч "Үүртээл" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мөн хүсэлт гаргасан байдаг. Хэдийгээр О.Намнандоржийг гэрчээр дуудуулах захирамж гаргасан боловч шүүх хуралд гэрч ирээгүйн улмаас 2 удаа хойшилсон ба хамгийн сүүлийн шүүх хуралдаанаар мөн гэрч ирээгүй болно. Шүүх гэрчийг албадан ирүүлэх тал дээр ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Шүүх гэрч О.Намнандоржийг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч А.Ддавж заалдах гомдолдоо: “...Шүүх Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж 93 дугаар байрны 10 тоотод холбоотой хэрэг эрүүгийн журмаар шалгагдаж байгаа тухай нотлох баримтад ач холбогдол өгөөгүй, үнэлээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 174 дүгээр зүйлд заасан үндэслэлээр дээрх байртай холбоотой шаардлагыг хэрэгсэхгүй болгох байсан. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг бүрэн гүйцэд тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсний гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Ц.Д нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 байрны 10 тоотод байрлах 1 өрөө орон сууц, мөн байрны 20 тоотод байрлах автозогсоолыг хариуцагч А.Аийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны явцад хариуцагч А.Аөд холбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзаж, дээрх орон сууцыг хариуцагч Ү ХХК, А.Днарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, мөн автозогсоолыг Б.Сын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч Б.С нь Ц.Д Ю.Эрдэнэсувдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаяр нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хийгдсэн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, автозогсоолын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах, автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

            Хэрэгт авагдсан хариуцагч А.Аийн “...10 тоот 38.75 м.кв байрыг 65 000 000 төгрөгөөр худалдаж авсан...Дээрх байр нь Ү ХХК-ийн өмч бөгөөд миний бие Ү ХХК-д хүлээлгэн өгсөн /хх 48/, хариуцагч Ү ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батболд “...10 тоот 38.74 м.кв орон сууц нь иргэн А.Даваадоржийн мэдэлд байгаа /хх 84/, хариуцагч Ү ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхтуулын “...О.Намнандоржтой 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээг иргэн А.Дбайгуулсан. 2015 оны 03 дугаар сард манай компанийн захирал А.Даваадоржид орон сууцыг хүлээлгэн өгсөн. Уг орон сууц нь манай компанийн эзэмшилд байхгүй /хх 211/, хариуцагч А.Даваадоржийн “...би уг орон сууцыг 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр орон сууц захиалан бариулах хэлцлээр худалдаж авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Үүнийг О.Намнандорж гэрчилнэ...уг орон сууцтай холбоотой асуудлыг цагдаагийн байгууллагад эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж байгаа /хх 113, 211/ гэсэн хоорондоо өөр агуулга бүхий тайлбаруудыг шүүх хэрэгт авагдсан орон сууц захиалан бариулах гэрээ, хөрөнгө оруулалтын гэрээг дүгнэх акт зэрэг нотлох баримтуудтай харьцуулан дүгнэж, уг 10 тоот 1 өрөө орон сууцыг хэн эзэмшиж байгаа үйл баримтыг тогтоолгүйгээр нэхэмжлэлээс орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

           

            Мөн хариуцагч А.А, А.Даваадорж, Б.С, Ү ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхтуул нар нь уг маргаан бүхий орон сууц, автозогсоолыг гэрээг байгуулан худалдан авсан талаараа тайлбарлан шүүхэд гэрээ болон мөнгө төлсөн баримтыг гарган өгч, гэрч О.Намнандоржийг асуулгах хүсэлтийг шүүхэд удаа дараа гаргасан /хх 89, 94, 113, 140, 155/-ыг шүүх хангаж шийдвэрлэсэн байна.

 

            Шүүх гэрч О.Намнандоржийг 2017 оны 09 дүгээр сарын 06, 2017 оны 09 дүгээр сарын 14, 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд дуудан ирүүлсэн байх боловч гэрчийг асуугаагүй, 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны товыг түүнд мэдэгдээгүйгээс шүүх хуралд ирээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаас харагдаж байна. /хх 187, 190, 202, 208/

 

            Хариуцагч нар нь маргаан бүхий орон сууц, автозогсоолыг хэзээ, хэнд худалдсан, одоо хэн эзэмшиж байгаа болох зэрэг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нөхцөл байдлыг тодорхойлох зорилгоор гэрч О.Намнандоржийг асуулгах хүсэлтийг шүүх хүлээн авсан атлаа энэ ажиллагааг явуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримтыг шүүх бүрдүүлэх журмыг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

 

            Түүнчлэн хэрэгт авагдсан Нийслэлийн Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 8өз/2812, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 8өз/5247 тоот албан бичигт О.Намнандоржийг Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 93 дугаар байрны 10 тоот орон сууцыг залилан мэхэлсэн эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн 148 дугаар зүлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан шалгаж байгаа талаар тодорхой тусгасан, энэ талаар хариуцагч А.Дтайлбар гаргасан байхад шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл байгаа эсэхийг анхаараагүй нь буруу байна. /хх 24, 114, 212, 213/

 

            Иймд дээр дурдсан ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх, зөвтгөх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 102/ШШ2017/02621 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Дын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 387 950 төгрөг, хариуцагч Б.Сын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 353 200 төгрөг, хариуцагч А.Даваадоржийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                                         ШҮҮГЧИД                                   Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                             Д.ЦОГТСАЙХАН