Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 845

 

2019            8             22                                             2019/ДШМ/845

  П.С, П.Б, Т.Э нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Батбямба,

шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Ө.У,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулж,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ/426 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Н.Т нарын гаргасан давж заалдах гомдлуудаар П.С, П.Б, Т.Э нарт холбогдох эрүүгийн 1911008910275 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

М овгийн  П.С, 1992 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гал сөнөөгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ........... оршин суух, ял шийтгэлгүй, /РД:А........../;

Д  овгийн  Т.Э, 2001 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эгч, 2 дүүгийн хамт ............ тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:....................../;

Э овгийн  П.Б, 1992 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ................. тоотод түр оршин суух,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 315 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаатай хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД:................./;

П.С, Т.Э, П.Б нар нь бүлэглэн 2019 оны 3 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар байрны гадаа хохирогч Г.Чд хүч хэрэглэж “Samsung S6” загварын гар утас, хэтэвчтэй 210.000 төгрөгийг дээрэмдэн авч 445.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: П.С, Т.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, П.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: П.С, Т.Э, П.Б нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар П.С, Т.Э, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар П.Б нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.С, Т.Э, П.Б нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх, шүүгдэгч П.С, Т.Э, П.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.С, Т.Э, П.Б нарын 2 хоногийг эдлэх яланд нь оруулан тооцож шийдвэрлэжээ.   

Шүүгдэгч П.Бын өмгөөлөгч Н.Т гаргасан давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн дүгнэлтээр П.Быг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон боловч энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан диспозицэд нийцэж байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол ...” гэсэнтэй нийцэхгүй юм. Учир нь шүүгдэгч П.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээс харахад П.С, Т.Э, П.Б нар нь анхнаасаа утас буюу эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, шүүрч авах санаа зорилготой байсан нь харагдаж байна.

Болсон үйл явдлыг харахад П.Б нь машинаараа дээрх гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хамжигчаар, харин шүүгдэгч П.С, Т.Э нар нь гэмт хэргийн гүйцэтгэгчээр оролцсон нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгч нар нь гэмт хэргийг үйлдэхдээ анхнаасаа хохирогчийн биед хүч хэрэглэхгүйгээр гар утсыг нь шүүрч авах санаа зорилготой байсан нь шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогддог. Гэтэл гүйцэтгэгч болох П.С, Т.Э нар нь дээрэмдэх гэмт хэргийг гүйцэтгэхдээ хохирогчийн биед хүч хэрэглэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчиж гүйцэтгэсэн үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна”, 3.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хамжигчид гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанарыг харгалзан шүүх энэ хуульд тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл, хэмжээний дотор гүйцэтгэгчид оногдуулах ялаас ихгүй ял оногдуулна” гэж тус тус заасан байхад анхан шатны шүүх шүүгдэгч нарт ял шийтгэхдээ ял ялгамжтай байх дээрх хуулийн шаардлагыг хангалгүй, тус бүрийг ижил хэмжээний буюу 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ. Түүнчлэн шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо үйлдэл оролцоогоор нь ялгамжтай тооцоогүй байна.

Иймд П.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг өөрчилж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч П.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би эхнэр, 3 сараас 4 настай 3 хүүхдийн хамт амьдардаг. Би Нарантуул худалдааны төвд гутлын лангуу ажиллуулж, банкны зээлээ төлж, ар гэрийн хэрэгцээгээ залгуулдаг. Уг хэрэг болоход иргэн Ч-г буухад араас нь П.С, Т.Э 2 буугаад явсан. Би тэр хоёрыг гэмт хэрэг үйлдэнэ гэж мэдээгүй байсан. Намайг хоригдох хугацаанд бага насны 3 хүүхэдтэй эхнэр маань ажил хийх боломжгүй, амьжиргааны эх үүсвэргүй маш хүнд байгаа. Дээрх асуудлыг харгалзан үзэж ялыг минь хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч П.Бын өмгөөлөгч Ө.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч П.Бын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Шүүх тухайн хэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийж эцэлсэн шийдвэрлэх үүрэгтэй. Шүүгдэгч П.Бын хийсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авах” гэмт хэргийн шинжийг агуулаагүй, харин мөн зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр авах” гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэж байна. Учир нь, хэрэг шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч П.С “П.Б шүүрчих гэж хэлсэн” гэж, хохирогч Г.Ч “булаагаад авчихаар нь” гэж тус тус мэдүүлснээс харахад анхнаасаа бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр шүүрч авах санаа зорилготой байсан нь харагдаж байсан.

Хохирогчийн биед хүч хэрэглэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийг зөрж гүйцэтгэсэн үйл баримт тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэлийг ялгамжтай оногдуулах байтал хуулийн шаардлагыг хангалгүй, тус бүрийг ижил хэмжээний буюу 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ. Тухайн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж, шүүгдэгч П.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгох боломжтой.

Иймд П.Бын үйлдлийг давж заалдах шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хохирол төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ц.Батбямба тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч нар нь таксинд явж байгаад хохирогчтой таарсан байдаг. Анх уулзаад П.С “надад 300.000 төгрөг хэрэгтэй байна” гэж хэлдэг. Гэтэл согтуу хүн таарсан. Тэгээд хохирогч Г.Чойнямыг их дэлгүүрийн хойно буулгаад араас нь П.С, Т.Э нар нь буусан. Энэ үед П.Б нь өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгслээ асаалттай хүлээж байсан. Тэгээд П.С, Т.Э нар нь буцаж ирээд П.Бтай хамт явснаар үйлдэл төгсдөг.

Үйлдлийн хувьд хохирогч Г.Ч-н утсыг нь булааж аваад халаасан дахь хэтэвчээ дарж байхад нь гарыг нь татаад, тухайн хэтэвчийг авч явсан үйлдэл байдаг. Гэтэл энэ гэмт хэрэгт ганцхан гар утсыг булааж аваад дуусаагүй. Харин гар утсыг нь булааж аваад, боож унагаагаад халаасанд нь байсан хэтэвчийг дээрэмдсэн. Иймд шүүгдэгч П.Б, П.С, Т.Э нар нь тухайн гэмт хэргийг үйлдэхдээ анхнаасаа утсыг булаахаар биш, дээрэмдэж авахаар тохиролцсон байсан. Ингэхдээ хүч хэрэглэсэн үйлдэл байгаа.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Шүүгдэгч нарт анхан шатны шүүхээс оногдуулсан ял тохирсон байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

П.С, Т.Э, П.Б нарт холбогдох хэрэгт, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хавтас хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судлахад:

П.С, Т.Э, П.Б нар нь бүлэглэн 2019 оны 3 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар байрны гадаа хохирогч Г.Чд хүч хэрэглэж, “Samsung S6” загварын гар утас, хэтэвчтэй 210.000 төгрөгийг дээрэмдэн авч, 445.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Шүүгдэгч П.С, Т.Э, П.Б нар нь  дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г.Ч /хх-16-19/, яллагдагчаар Т.Эын өгсөн /хх-39/, яллагдагчаар П.Бын өгсөн /хх-45/, яллагдагчаар П.Сын өгсөн /хх-33/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6-9/, хохирогчид гар утсыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-58/, эд зүйлийн үнэлгээ /хх-70/, камерийн бичлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас П.С, Т.Э, П.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл зөв болжээ.

Анхан шатны шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, П.С, Т.Э, П.Б нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүгдэгч тус бүрт 1 жилийн хугацаагаар хорих ялаар оногдуулсан нь тэдний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Гэхдээ прокуророос П.С, Т.Э, П.Б нарын гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг тогтоохдоо П.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хамжигч хэмээн эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Өөрөөр хэлбэл, П.С, Т.Э, П.Б нар нь гэмт хэрэг үйлдэхээр санаатай нэгдэж, бүлэглэж, дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн байх тул тэднийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн гүйцэтгэгч гэж нэгэн адил тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч П.Б нь “... Надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэж, түүний өмгөөлөгч Н.Төгсбаяр нь “... П.Бд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлууд тус тус гаргажээ.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол ...” ял шийтгэхээр хуульчилсан.

Харин П.С, Т.Э, П.Б нарын хохирогчийн гар утсыг нь хүчээр авсан, хохирогчийн гадуур хувцасны захнаас хойш татаж газарт унагаасан, дээр нь гарч халаасыг нь ураад хэвтэвчийг нь авч явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно.” гэж заасан.

Хохирогч Г.Ч нь такси зогсоогоод дотор нь хоёр хүн сууж байхаар нь “таксинд суухгүй” гэхэд П.С нь унтаж байгаа юм шиг нүдээ аньж, П.Б нь “согтуу найз нараа хүргэж өгч явна” гэх мэтээр худал ярьж машиндаа суулгасан, хохирогчийг машинаас буумагц П.С, Т.Э нарыг “буугаарай” гэж хэлээд араас нь буулгаж, өөрөө байрны голд очиж машиндаа хүлээж үлдсэн, хохирогчийн эд зүйлийг дээрэмдээд ирэхээр нь гар утсыг нь авсан, дараа нь тэднийг гэрт нь хүргэж өгсөн зэрэг хэргийн үйл явц, нөхцөл байдлаас харахад П.Б нь П.С, Т.Э нартай үйлдлээрээ санаатай нэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг зөрж гүйцэтгэсэн үйлдэл шүүгдэгч нарын үйлдэл, оролцооноос тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт тус бүр 1 жилийн хорих ял буюу тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулсан тул П.Бд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй ба энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Иймд шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Н.Т нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ/426 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо тодорхойлох болон тогтоох хэсэгт “П.С, Т.Э, П.Б нарын шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан 2 хоногийг цагдан хоригдсон хугацаанд нь оруулан тооцох талаар дурдсан атлаа цагдан хоригдсон хоноггүй” гэж мөн өрөөсгөл байдлаар дүгнэсэн, мөн “... 2 хоногийг эдлэх яланд нь оруулан ...” гэж агуулгын хувьд алдаатай бичсэн тогтоол гаргасан нь “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байгааг дурдах нь зүйтэй.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 2019/ШЦТ/426 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар П.С, Т.Э, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар П.Б нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар П.С, Т.Э, П.Б нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

4 дэх заалтад “Шүүгдэгч П.С, Т.Э, П.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.” гэснийг

“Шүүгдэгч П.С, Т.Э, П.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.” гэж,

 6 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.С, Т.Э, П.Б нарын 2 хоногийг эдлэх яланд нь оруулан тооцсугай.” гэснийг

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.С, Т.Э, П.Б нарын цагдан хоригдсон 2 хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцсугай” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Н.Т нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН   

ШҮҮГЧ                                                             М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Д.ОЮУНЧУЛУУН