Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 308

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би К банк ХХК-ний нэхэмжлэлтэй Ц.Ц-т холбогдох зээлийн гэрээний үүрэг 2,510,614 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 сарын 12-ны өдөр хүлээн авч, 2018 оны 12 сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р баг ЭМНД-ын байр тоотод оршин суух, К банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ц.Ц нь 2015 оны 02 сарын 12-ны өдөр К банкны Замын-Үүд дэх салбартай ЗГ-... тоот  цалингийн барьцаат зээлийн гэрээ байгуулан 4,000,000 төгрөгийг сарын 1,8 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нь үндсэн зээлээс 2,283,551.82 төгрөг, зээлийн хүүнд 1,329,057.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,107.48 төгрөг, нийт 3,662,716.33 төгрөг төлсөн. Цалингийн барьцаат зээлийн гэрээний хугацаа 2018 оны 02 сарын 12-ний өдөр дуусгавар болсон боловч зээлдэгч зээлийн гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй 678 хоног хугацаа хэтэрсэн, зээлийн үлдэгдэл өнөөдрийн байдлаар дараах байдалтай байна Үүнд үндсэн зээл 1,716,448.18, зээлийн хүү 754,428.08, нэмэгдүүлсэн хүү 39,737.74, нийт 2,510,614 төгрөг. Иймд зээлдэгч Ц.Ц-с цалингийн зээлийн гэрээний үүрэгт нийт 2,510,614 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3-р багт оршин суух, Б овогт Ц.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ц.Ц миний бие К банкны нэхэмжилсэн 2,510,614 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Энэ төлбөрийг 2019 оны 02 сарын 05-ны дотор төлж барагдуулах болно гэжээ.

Нэхэмжлэгч К банк ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б овогт Б.Н шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ц.Ц-н хариу тайлбартай танилцлаа. Хариу тайлбрыг хүлээн зөвшөөрч байгаа тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч К банк ХХК-ний нэхэмжлэлтэй Ц.Ц-т холбогдох зээлийн гэрээний үүрэг 2,510,614 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Ц нэхэмжлэлийн шаардлага 2,510,614 төгрөгийг 2019 оны 02 сарын 05-ны дотор бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрч, тайлбараа шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. К банк ХХК-ний нэхэмжлэлтэй Ц.Ц-т холбогдох зээлийн гэрээний үүрэг 2,510,614 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Ц.Ц нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 55,120 төгрөгийн 50 хувь болох 27,560 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 27,560 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ц.Ц-с улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 27,560 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К банк ХХК-д олгосугай.

3. Хариуцагч Ц.Ц нь нэхэмжлэлийн шаардлагаа сайн дураар эс биелүүлбэл шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ                  Э.Б