Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
Хэргийн индекс | 188/2022/1212/Э |
Дугаар | 2022/ШЦТ/1236 |
Огноо | 2018-10-04 |
Зүйл хэсэг | 11.4.1., |
Улсын яллагч | Г.Лхагвасүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1236
2022 10 04 2022/ШЦТ/1236
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,
улсын яллагч Г.Лхагвасүрэн,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганчимэг,
шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Г.Эрдэнихйг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2208000001494 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “**” ХХК-д менежер ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ** оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ** овогт Гн Э (РД:**).
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Э согтуурсан үедээ 2022 оны 8 дугаар сарын 11-ний орой 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Хуучин 22-ын товчооны “МТ” шатахуун түгээх газрын хойд талд үйл ажиллагаа явуулдаг “Буга тэнгэр” авто засварын газарт хохирогч Ш.Штэй маргалдан нүүрэнд гараараа цохиж зодон эрүүл мэндэд “зүүн хацар ясны хоёрлосон далд хугарал, зүүн хөмсөгний сорви” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Хохирогчийг 1 удаа цохисон. 2,250,000 төгрөг хохиролд өгсөн. Хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна” гэв.
Эрүүгийн 2208000001494 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Ш.Шгийн: “2022 оны 8 дугаар сарын 11-ний орой 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Хуучин 22-ын “МТ” колонкын хойд талд байрлах авто засварын газрын харуул хийж байсан. Тухайн үед манай засварт ажилладаг Э гэх залуу намайг “өөрийнхөө өмнө зарах гээл засварын хашаанд оруулчихсан байсан дугуй хийлдэг баллоныг авах” гэтэл хүний юм хулгай хийх гэж байна гээд миний зүүн дээд шанаа хэсэгт баруун гараараа нэг удаа, хамар хэсэгт мөн нэг удаа цохиход би өнхрөөд унаад өгсөн. Тэгээд би ухаан алдсан байсан. Зүүн дээд шанааны яс цуурсан, хамар муруйж, зүүн нүдний хөмсөг задарсан. Надад нийт эмчилгээний зардал гэж 2,250,000 төгрөгийг эхнэрийн данс болон эмнэлгийн данс руу шилжүүлэн өгсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9, 11-12 дахь тал),
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.08.31-ний өдрийн 11812 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Ш.Шгийн биед зүүн хацар ясны хоёрлосон хугарал, зүүн хөмсөгний сорви гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь тухайн хэргийн цаг хугацаанд буюу 2022.08.11-нд үүссэн байх боломжтой. 3. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Хамар ясны хоёрлосон хугарал нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Зүүн хөмсөгний сорви гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ (хавтаст хэргийн 14-15 дахь тал),
Гэрч М.Цн: “2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 12 цагийн үед “Буга тэнгэр ХХК”-ийн хашаа руу орсон. Тухайн үед Э гэх зүс таних ах бага зэрэг уучихсан бололтой сууж байсан. Янзлуулах гээд авчирсан машины эд ангийг Ээ ахад өгөөд машин дотор хамт ажил хэргийн талаар ярилцаж суусан. ...19 цагийн үед Э ахтай машиндаа сууж байтал гаднаас хашаан дотор цагаан өнгийн Портер орж ирээд Ш ах мотоцикл, компрессор хоёрыг чингэлгээс гаргаж ирээд ачсан. Э ах Ш ахаас “улаан өнгийн шаланз маркын том машин манай хашаан дотор хэзээ орж ирсэн юм болоо, яах гэж байгаа юм бэ” гэж асуусан. Ш ах буруу ойлгосон бололтой “энэ миний мотоцикл, компрессор байгаа юм, чамд хамаагүй” гэж хэлэхэд Э ах “үгүй ээ ах, би энэ улаан шаланзыг асууж байна шүү дээ” гээд хоорондоо маргалдаад байсан. Би машинаас буугаад засварын газар луу орчихоод гарч ирэхэд Ш ах Э ах руу чулуу шидэж байгаа харагдсан. Тэр үед би Ш ахыг барьж аваад “та хүн гэмтээчихнэ больчих” гээд юу болсон талаар асуухад юм хэлэлгүй Э ахтай маргалдаад Ш ах Э ахын хөлөөс хоёр гараараа татаж унагаагаад дээр нь гарчихсан. Э ах босч ирээд Ш ахын нүүр хэсэгт нэг удаа цохисон. Ш ахын хөмсөг хэсгээс цус асгараад байхаар нь тэр хоёрыг салгаад Ш ахыг нойл орж нүүрээ угаа гээд Э ахыг аваад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал),
Гэрч С.Улаанхүүгийн: “2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр ...Ш гэх танил маань утас руу залгаад намайг дуудсан. Би Шгийн харуул хийдэг засварын газарт орой болчихсон байхад очсон. Намайг өөрийн 55-29 УАК улсын дугаартай цагаан өнгийн Портер маркын ачааны машинтайгаа хашаа руу нь ороход шар царайтай, өндөр нуруутай залуутай хэрүүл, маргаан хийгээд байгаа бололтой байсан. Тэгээд би очоод хүнтэй хэрэлдээд байсан болохоор нь “явлаа шүү” гэж хэлтэл намайг “тэг ээ” гээд би явсан. Цохиж зодсон асуудлыг мэдэхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал),
Шүүгдэгч Г.Эн: “2022 оны 08 сарын 11-ний өдөр 19 цагийн орчимд “Буга тэнгэр” авто засвар дотор Цогтмагнай гэх дүүтэй уулзаад машин дотор нь 0.5л-ийн лаазтай пиво ууж байсан. Ш нь хашаан дотор цагаан өнгийн Портер оруулж ирээд улаан өнгийн мотоцикл, хийн компрессор зэрэг эд зүйлс ачиж байгаад машин дотор архи уучихсан бололтой орж ирсэн. Ш ахад “та битгий ажлын байран дээр архи уугаад бай л даа, ажлаа хийх хэрэгтэй шүү дээ” гэж хэлсэн. Надад “ах нь ажлаасаа гарлаа, хэцүү байна” гэж хэлэхээр нь “та наад асуудлаа надтай эрүүл болохоороо яриарай” гээд машинаас буулгасан. Хашаан дотор улаан өнгийн том ачааны машин зогсож байхаар нь “юун машин юм бэ, жолооч нь хаана байгаа юм” гэж Ш ахаас асуусан. Тэгэхэд ах миний хэлснийг буруу ойлгоод улаан өнгөтэй мотоциклыг нь хулгайн эд зүйлс ачлаа гэж ойлгосон бололтой “чи намайг эд зүйлс хулгайлсан гэж ойлгоод байгаа юм уу, би өөрийнхөө эд хогшлыг ачиж байна, чамд хамаагүй” гээд өөдөөс хүрч ирээд цамцны захаас зулгаагаад барьцалдахаар нь түлхсэн. Ш ах газраас чулуу аваад цохих гээд байхаар чулууг нь газарт унагаасны дараа миний 2 хөлнөөс татаад хамт уначихсан. Би босож ирээд бухимдаад нүүр хэсэгт нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 83-84 дэх тал),
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-45), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-31), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хх-46), эд хөрөнгө бүртгэлтэй лавлагаа (хх-47), тээврийн хэрэгсэлтэй лавлагаа (хх-48), “**” ХХК-ийн “Г.Э тус компанид менежер ажилтай” гэх тодорхойлолт (хх-52), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд (хх-53-55), хохирол төлсөн гэх дансны хуулга (хх-71), шүүгдэгч, хохирогч нарын “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт (хх-89, 90), прокурорын “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол (хх-91-92), прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” санал (хх-93) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.Э согтуурсан үедээ 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Буга тэнгэр” авто засварын газарт хохирогч Ш.Штэй маргалдан нүүрэнд гараараа цохиж зодон эрүүл мэндэд зүүн хацар ясны хоёрлосон далд хугарал, зүүн хөмсөгний сорви гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Ш.Шгийн “...миний зүүн дээд шанаа хэсэгт баруун гараараа нэг удаа, хамар хэсэгт мөн нэг удаа цохиход нь би өнхрөөд унаад өгсөн...” гэх мэдүүлэг (хх-8-9), шүүх эмнэлгийн 11812 дугаар “1. Ш.Шгийн биед зүүн хацар ясны хоёрлосон хугарал, зүүн хөмсөгний сорви гэмтэл тогтоогдлоо. 4. Хамар ясны хоёрлосон хугарал нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-14-15), гэрч М.Цн “...Э ахтай диво уусан. ...Ш ах Э ах руу чулуу шидэж байгаа харагдсан. ...Э ах босч ирээд Ш ахын нүүр хэсэгт нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг (хх-21-22), шүүгдэгч Г.Эн “...Машин дотор пиво уусан. Тухайн үед Ш ах газраас чулуу аваад цохих гээд байхаар чулууг нь газарт унагаасны дараа миний 2 хөлнөөс татаад хамт уначихсан. Намайг газар унагаачихаар нь би уурандаа нүүр хэсэгт нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг (хх-83-84) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г.Эн хохирогч Ш.Штэй маргалдан нүүрэнд гараараа цохиж хүндэвтэр хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Шгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, шүүгдэгч хохирогчийн эм тариа, эмчилгээнд нийт 2,250,000 төгрөг зарцуулсан гэх баримттай (хх-71), хохирогчийн “Г.Этэй эвлэрсэн, эмчилгээний зардал 2,250,000 төгрөгийг авсан. Гомдол санал байхгүй” гэх хүсэлт (хх-90)-ийг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж шүүх дүгнээд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Г.Э нь 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр орой 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо хуучин 22-ийн “МТ” колонкийн хойд талд “Буга тэнгэр” авто засварын газарт хохирогч Ш.Шг тухайн үед үүссэн маргааны улмаас толгойн тус газарт гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд зүүн хацар ясны хоёрлосон далд хугарал, зүүн хөмсөгний сорви гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн. Улсын яллагчийн саналыг зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч Г.Э нь “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүнд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.
Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, тухайн үед үүссэн маргааны улмаас хохирогчийн нүүрэнд гараараа цохиж эрх, эрх чөлөөнд халдан гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хохиролд 2,250,000 төгрөг төлөгдсөн, хохирогч “Гомдол саналгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн ажилтай, тодорхой орлоготой, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Э цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ** овогт Гн Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эг 700,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Э цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР