| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2022/0180/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/180 |
| Огноо | 2022-10-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Өсөхболд |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 2022/ШЦТ/180
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа
Улсын яллагч Т.Өсөхболд
Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2236001620170 дугаартай, 178/2022/0180/Э индекстэй хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 22-ний өдөр Ховд аймгийн Мянгад суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл -4, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу багт оршин суудаг, ******* ургийн овогт *******гийн *******, регистрийн дугаар: ПЗ85022217
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.******* нь 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн нутаг дэвсгэр 10-31 тоот хашаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хармаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Г.*******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.
Зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл / хэргийн 2 дугаар хуудас/
Хохирогч Г.******* зөрчлийн болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2022 оны 06 дугаар сарын 30-ний өдөр манай эгч ирээд бид гурав 2.5 литрийн 3 ширхэг пиво уусан. Өглөө эгчийг явуулаад гэрт орох үед манай нөхөр намайг учир зүггүй толгой, нүүр, дал руу гараараа цохиод нуруу руу хөлөөрөө өшиглөсөн. Миний ухаан балартаад зарим зүйлийг санахгүй байна. Дүү Хишигжаргал цагдаа дуудсан. Одоо ямар нэгэн санал, нэхэмжлэх зүйлгүй болно... гэх мэдүүлэг / хэргийн 4,26 дугаар хуудас/
Гэрч Н.Хишигжаргал зөрчил шалгах ажиллагаанд өгсөн...тухайн өдөр үүрээр хүмүүс чанга чимээ гаргаад байхаар гарсан чинь Д.******* эхнэр Г.*******г цохиж зодоод байсан.Нуруу луу нь хөлөөрөө өшиглөөд, нүүрэн хэсэгт нь гараараа цохиж байсан. Би цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг / хэргийн 7 дугаар хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 566 дугаартай шинжээчийн... Г.*******гийн биед баруун нүдний алимны зүүн хэсгийн цус хуралт, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, хамрын зүүн хэсгийн зулгаралт болон цус хуралт, зүүн чамархайн урд хэсгийн цус хуралт, доод уруулын дотор хэсгийн шарх, доод эрүүний ооч хэсгийн зулгаралтууд, баруун мөрний хэсгийн цус хуралт, баруун далны дээд хэсгийн цус хуралт, баруун бугалганы гадна дунд хэсгийн цус хуралтууд, баруун тохойн гадна хэсгийн цус хуралт, баруун бугалганы дотор доод хэсгийн цус хуралт, баруун шууны урд доод хэсгийн цус хуралт, баруун гарын 1 дүгээр хурууны 1 дүгээр үеийн дотор хэсгийн цус хуралт, зүүн суганы ар хэсгийн зулгаралтууд, зүүн гарын сарвууны ар хэсгийн цус хуралт, зүүн далны хэсгийн цус хуралт, бэлхүүсний нурууны зүүн хэсгийн зулгаралт болон цус хуралт, бүсэлхий нурууны хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Г.*******гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 12-14-р хуудас/
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж дүгнэсэн болно.
Шүүгдэгч Д.******* нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогч Г.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогчийн өгсөн мэдүүлэг, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 566 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрч Д.Хишигжаргалын мэдүүлэг зэрэгт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн өөрөөр хэлбэл хохирогчийн биед халдан зодсоноос түүний биед гэмтэл учирч болохыг мэдсээр байж хүсч үйлдэн гэмтэл учруулсан байдал нь гэм буруугийн санаатай хэлбэрт тооцогдоно.
Шүүгдэгч Д.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсний дараа эхнэрээ үл хүндэтгэн харьцаж түүнийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байх ба шүүгдэгч, хохирогч нарын гэр бүлийн харилцааны үл ойлголцолоос гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна гэж дүгнэв.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлд “гэр бүлийн хүчирхийлэл “ гэдгийг ... гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ ... гэж заасан ба шүүгдэгч Д.*******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч Г.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэж, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан... гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж ...” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Д.******* нь хохирогч Г.*******гийн биед хөнгөн гэмтэл учруулсан болох нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 566 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Хохирогч Г.******* “...шүүгдэгч Д.*******аас нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй...” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:
Шүүгдэгч Д.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” / хэргийн 44-р хуудас/ -аар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар гэрч Д.Энхболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Д.******* эцэг эхээс 8-уулаа. Тодорхой эрхэлсэн ажилгүй, улирлын чанартай ажил хийдэг. Архи дарс уугаад байдаггүй ажилсаг нэгэн...” гэх мэдүүлэг /хэргийн 38-р хуудас/, шүүгдэгч Д.*******ы оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг баримт хэрэгт авагдсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Д.*******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 1000000 төгрөгөөр торгох ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах гэх санал,дүгнэлт
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.******* өөрийгөө өмгөөлж оролцохоо илэрхийлээд: Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх санал тус тус гаргав.
Шүүгдэгч Д.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс: Шүүгдэгч Д.*******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн ялын санал, шүүгдэгчийн санал, шүүгдэгчийн орлого, хувийн байдал зэргийг харгалзан түүнд найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 800000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялын найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 800000 төгрөгийг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.*******д тайлбарлаж шийдвэрлэв.
Эрүүгийн 2236001620170 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2, 36.2, 36.6- 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******ыг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 800000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 800000 төгрөгөөр торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.*******д мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн 2236001620170 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Д.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор,оролцогч ахан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС