Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
Хэргийн индекс | 188/2022/1226/Э |
Дугаар | 2022/ШЦТ/1242 |
Огноо | 2017-10-05 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Д.Ганчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1242
2022 10 05 2022/ШЦТ/1242
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,
улсын яллагч Д.Ганчимэг,
шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Д.Мыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2208000001538 дугаар хэргийг 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** төрсөн, ** настай, **, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ** тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ** овогт Дн М (РД:**).
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.М согтуурсан үедээ 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр ** тоот гэртээ эхнэр Ч.Этай маргалдаж, нүүрэнд цохиж, алгадан эрүүл мэндэд нь “тархи доргилт, дух, хөмсөг, хацар, зовхи, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хацар, зовхинд зулгаралт, доод уруул, баруун завжны дотор салстад шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Загнаад байхаар нь алгадсан. Дараа нь эвлэрч учраа олсон. Хохирогчийн биед би гэмтэл учруулсан. Дахиж ийм алдаа гаргахгүй” гэв.
Эрүүгийн 2208000001538 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Ч.Эн: “2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 12 цагийн үед ажлаа тараад гэртээ ирэхэд нөхөр М, аав Чойлонбаатартай архи уусан сууж байсан. Нөхөртөө “гэгээн цагаан өдрөөр гэрт архи уулаа, чи бараг өөр хүнтэй болчихоод ингээд архи уугаад байгаа юм уу” гээд би хэрүүл хийж эхэлсэн чинь нөхөр гэрээс “гарлаа явлаа” гэхээр нь би “яасан чи тэр хүүхэн рүүгээ явах гэж байгаа юм уу” гээд хэлчихсэн чинь нөхөр уурандаа “чи надтай 14-15 жил хамт амьдарч байж одоо хүртэл итгэдэггүй юм уу” гээд үснээс зулгаахаар нь “аллаа” гээд орилж босоход намайг “зүгээр суугаач” гээд нүүр лүү түлхээд бас нуруу мөр лүү цохиод алгадах шиг болсон чинь амны дотор завж урагдсан байсан. Тэгээд нөхөр гараад явсан. Би ямар нэгэн эмчилгээний төлбөр зардал гээд нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн үедээ зүгээр шалбарсан байсан, одоо бүрэн эдгэрсэн. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид эвлэрч учраа олсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал),
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.09.13-ны өдрийн 12300 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Ч.Эгийн биед тархи доргилт, дух, хөмсөг, хацар, зовхи, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хацар, зовхинд зулгаралт, доод уруул, баруун завжны дотор салстад шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 5. Тэмцэлдсэн ул мөр үгүй байна” гэжээ (хавтаст хэргийн 20-21 дэх тал),
Гэрч Г.Чн: “...Хүргэн М утсаар “аав та манайх руу ороод ирээч” гэж залгасан. Ортол М нэлээн халамцуу, тал шил архи тавьчихсан сууж байсан. Бид 2 архи уугаад би тасраад унтчихсан байсан. Эгийн нүүрэн хэсэг шанаагаараа хавдсан, нүдэн доор нь зурагдсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал),
Шүүгдэгч Д.Мын: “...2022 оны 09 сарын 06-ны өдөр шкафан дотор 0.5 литрийн архи байхаар нь ганцаараа уусан. Дахиад 1 шил 0.5 литрийн архи аваад жаахан уугаад тасарчихсан байсан. Нэг мэдэхэд хадам аав Ч ороод ирчихсэн хамт архи ууж байсныг хальт санаад байгаа. Тэгтэл намайг ажлаас дуудаад би гарах гээд хувцсаа өмсөж байтал эхнэр ороод ирсэн. Тэгээд намайг “архичин минь хаачих гэж байгаа юм” гэх зэргээр дайраад би “гарчихаад ирье” гэхэд намайг гаргахгүй болохоор нь би уурандаа зүүн гараараа 1 удаа алгадсан. Алгадахдаа ам руу нь хумсаараа урчихсан юм шиг байгаа юм. Тэгээд үсдэж дараад газар унагачихаад гараад явсан. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59 дэх тал),
аюулын зэргийн үнэлгээ (хх-24), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-27), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-28), тээврийн хэрэгсэл бүртгэлтэй лавлагаа (хх-35), эд хөрөнгө бүртгэлтэй лавлагаа (хх-38), дансны хуулга (хх-39-45), хохирогчийн “Гомдол саналгүй” гэх хүсэлт (хх-63), шүүгдэгчийн “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт (хх-64), прокурорын “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол (хх-68-69), прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” санал (хх-70-71) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.М согтуурсан үедээ 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр ** гэртээ эхнэр буюу хохирогч Ч.Этай маргалдаж, нүүрэнд цохиж, алгадан эрүүл мэндэд нь “тархи доргилт, дух, хөмсөг, хацар, зовхи, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хацар, зовхинд зулгаралт, доод уруул, баруун завжны дотор салстад шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Ч.Эгийн “...М, аав Чтай архи уусан сууж байсан. Нөхөртөө “гэгээн цагаан өдрөөр гэрт архи уулаа, чи бараг өөр хүнтэй болчихоод ингээд архи уугаад байгаа юм уу” гээд би хэрүүл хийж эхэлсэн чинь нөхөр гэрээс “гарлаа явлаа” гэхээр нь би “яасан чи тэр хүүхэн рүүгээ явах гэж байгаа юм уу” гээд хэлчихсэн чинь нөхөр уурандаа үснээс зулгаахаар нь “аллаа” гээд орилж босоход намайг “зүгээр суугаач” гээд нүүр лүү түлхээд бас нуруу мөр лүү цохиод алгадах шиг болсон чинь амны дотор завж урагдсан байсан....” гэх мэдүүлэг (хх-7-8), шүүх эмнэлгийн 12300 дугаар “1. Ч.Эгийн биед тархи доргилт, дух, хөмсөг, хацар, зовхи, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хацар, зовхинд зулгаралт, доод уруул, баруун завжны дотор салстад шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн... 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-20-21), шүүгдэгч Д.Мын “...Тэгээд л намайг “архичин минь хаачих гэж байгаа юм” гэх зэргээр дайраад би “гарчихаад ирье” гэхэд намайг гаргахгүй болохоор нь би уурандаа зүүн гараараа 1 удаа алгадсан. Тэгээд үсдэж дараад газар унагачихаад гараад явсан...” гэх мэдүүлэг (хх-58-59) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Д.Мыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдсан хохирогчийн “...нөхөр гэртээ архи уучихсан байхаар нь би уурандаа “Зайл муу архичин, өөр хүнтэй явалдаад архи уулаа” гэхэд гэрээс гарах гээд байхаар нь би гаргаагүй. Өмнө нь ийм асуудал огт гаргаж байгаагүй, анх удаа ийм асуудал болж байна...” гэх мэдүүлэг (хх-8), гэрч Г.Чн “...урьд өмнө маргаж, муудалцсан тийм асуудал байхгүй ээ...” гэх мэдүүлэг (хх-16), АСАП сангийн лавлагаа зэрэг баримтуудаар шүүгдэгч Д.М нь урьд өмнө гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан гэх баримтгүй, харин энэ хэргийн тухайд шүүгдэгч согтуурсан үедээ “гэрээс гарлаа” гэх, хохирогч “гаргахгүй” гэх шалтгаанаар хоорондоо маргалдаж, улмаар хохирогчийг цохиж, алгадан хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх хүндрүүлэх шинж үгүйсгэгдэж байна.
Иймд шүүгдэгч Д.Мын согтуурсан үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, эхнэр болох хохирогч Ч.Эгийн нүүрэнд цохиж, алгадан, үсдэж хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Эгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогчийн “Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг, хүсэлт (хх-7-8, 63)-ийг тус тус үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Д.М согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо, ** тоотод 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр эхнэр Ч.Этай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь цохих, алгадаж эрүүл мэндэд нь “тархи доргилт, дух, хөмсөг, хацар, зовхи, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хацар, зовхинд зулгаралт, доод уруул, баруун завьжны дотор салстад шарх гэмтэл” бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна...” гэж,
шүүгдэгч “Хүлээн зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч Д.М нь “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.
Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч ахуйн хүрээнд согтуурсан үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр болох хохирогчтой тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан хохирогчийн эрх, эрх чөлөөнд нүүрэнд хэд хэдэн удаагийн цохих, алгадах, үсдэх үйлдлээр халдан гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохирол төлөгдсөн зүйлгүй, хохирогч “Гомдол саналгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн ажилтай, тодорхой орлоготой, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.М цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.11, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Д.Мыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч ** овогт Д=н Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мыг 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.М цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР