Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1252

 

 

    2022          10          07                                        2022/ШЦТ/1252

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Р.Мягмардорж,

шүүгдэгч Ш.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Ш.Гийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208000001422 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа барилга дээр ажилладаг гэх, ** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ** овогт Шн Г (РД:**).

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ш.Г согтуурсан үедээ 2022 оны 8 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Амины орон сууцны 3 дугаар гудамж, 155 тоотод хохирогч М.Атай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь “дээд үүдэн баруун 1 дүгээр шүд, дээд үүдэн зүүн 1 дүгээр шүдний хугарал, дээд уруулын дотор талд ялзрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Ш.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр орой очоод 1 шил архи хувааж уусан. Ажлаас болж маргалдсан. Санамсаргүй цохичихсон, шүд нь гэмтсэн гэсэн. Бид 2 багын найз. Тухайн үед 2 шил архи уусан. Цохисон үйлдлээ сайн санахгүй байгаа. Хохиролд 1,200,000 төгрөг өгсөн. Гэм буруугийн талаар маргахгүй. Дахиж ийм үйлдэл хийхгүй” гэв.

 

Эрүүгийн 2208000001422 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч М.Агийн: “2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр найз Ганбатын гэрт найзуудын хамт архи уусан. Нэг мэдэхэд найз Г миний үүдэн шүдийг 1 удаа цохиж, 2 шүд унасан, нэг мэдэхэд цагдаа нар ирсэн байсан. Ямар шалтгааны улмаас намайг цохисныг санахгүй байна. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8, 12 дахь тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.08.22-ны өдрийн 11425 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. М.Агийн биед дээд үүдэн баруун 1-р шүд, дээд үүдэн зүүн 1-р шүдний хугарал, дээд уруулын дотор талд язрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна” гэжээ (хавтаст хэргийн 16-17 дахь тал),

Шүүгдэгч Ш.Гийн: “2022 оны 8 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө найз Агийн хамт өөрийн ихэр Ганбатын гэрт очсон. ...Ганбат, А бид нар архи ууж байгаад ...А бид 2 ажлынхаа талаар буюу ажил явахгүй муу байгаа талаар ярьсан чинь А уурлаад “Энэнээс өөр яаж ажиллах юм” гэж над руу уурлаад байхаар нь би Агийн ам руу гараараа нэг удаа цохисон “шүд гэмтчихлээ” гээд байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 дэх тал),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-23), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-20), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хх-24), эд хөрөнгө бүртгэлгүй лавлагаа (хх-25), гэрлэсний бүртгэлийн лавлагаа х-26), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-27-28), дансны хуулга  (хх-29-30), АСАП сангийн лавлагаа х-33-36) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ш.Г согтуурсан үедээ 2022 оны 8 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө ** хохирогч М.Атай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан эрүүл мэндэд нь “дээд үүдэн баруун 1-р шүд, дээд үүдэн зүүн 1-р шүдний хугарал, дээд уруулын дотор талд ялзрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч М.Агийн “...найз Ганбатын гэрт архи уусан. Нэг мэдэхэд найз Г миний үүдэн шүдийг цохиж 2 шүд унагасан....” гэх мэдүүлэг (хх-8, 12), шүүх эмнэлгийн 11425 дугаар “1. М.Агийн биед үүдэн баруун 1-р шүд, дээд үүдэн зүүн 1-р шүдний хугарал, дээд уруулын дотор талд ялзрал гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-16-17), шүүгдэгч Ш.Гийн “...Би Агийн ам руу гараараа 1 удаа цохисон чинь “шүд гэмтчихлээ” гээд байсан...” гэх мэдүүлэг (хх-43-44) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ш.Гийн согтуурсан үедээ хохирогч М.Атай ажил хэргийн асуудлаас болж маргалдан нүүрэнд цохиж хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч М.Агийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд 1,200,000 төгрөг төлөгдсөн гэх, хохирогчийн “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг (хх-12)-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Ш.Г согтуурсан үедээ 2022 оны 8 дугаар сарын 16-17-нд шилжих ** тоотод хохирогч М.Атай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан эрүүл мэндэд нь “дээд үүдэн баруун 1-р шүд, дээд үүдэн зүүн 1-р шүдний хугарал, дээд уруулын дотор талд язрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна...” гэж,

шүүгдэгч “Байхгүй, дахиж ийм үйлдэл гаргахгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч согтуурсан үедээ ажил хэргийн асуудлаас хохирогчтой маргалдаж хохирогчийн эрх, эрх чөлөөнд нүүрэнд нэг удаа цохих үйлдлээр халдан гэмтэл учруулсан),  гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохиролд 1,200,000 төгрөг төлөгдсөн гэх, хохирогч “Гомдол саналгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн ажилтай, тодорхой орлоготой, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Гийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэлээ.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (хувиараа барилгын ажил эрхэлдэг гэх, тодорхой орлоготой)-ийг харгалзан шүүгдэгч Ш.Гийг 700,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.Г цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ** овогт Шн Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Гийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Гийг 700,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Г торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.Г цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР