Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/756

 

 

 

 

 

 

 

 

 

    2022           10          12                                   2022/ШЦТ/756

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч М.Эрдэнэзаяа  

шүүгдэгч *******-

хохирогч Б.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  *******-д холбогдуулан яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2205020952062 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******-.  

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч *******- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Coco Banana” баарны бүжгийн талбайд бүжиглэж байсан хохирогч Б.О-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч *******- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

         Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

         Шүүгдэгч *******- нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би өөрийн гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй маргахгүй. Хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлыг төлж барагдуулна.” гэсэн мэдүүлэг.

 

         Хохирогч Б.О- нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ Өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбогдуулан нэхэмжилсэн 394.642 төгрөгийн эмчилгээний зардлын баримт хэрэгт хавсаргасан байгаа. Би одоогоор мөнгө төгрөгийн боломжгүй байгаагаас хамрын хагалгаанд орж чадахгүй байна. Энэ хагалгаанд ороход 3.668.332 төгрөг нэхэмжилж байна.”гэсэн мэдүүлэг.

           

          Гурав: Хавтаст хэргээс:

          1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.О-ийн хохирогчоор өгсөн“...2022 оны 6 дугаар сарын 11-ний орой 01 цаг 30 минутын үед би ажлынхаа Мөнхтөр, Лхагвасүрэн нартай Баянгол дүүргийн 6 дугаар хороо “Coco Banana” дотор үйлчлүүлсэн. Тэгээд Мөнхтөр, Лхагвасүрэн, Одгэрэл бид дөрөв 0,75 литрийн Эдэн нэртэй архи хувааж ууж байгаад Төрбат бид хоёр бүжиглэхээр болоод бүжгийн талбай руу гарсан. Харин Лхагвасүрэн, Одгэрэл нар нь ширээн дээрээ ганцаараа үлдсэн. Би бүжгийн талбайд бүжиглэж байтал гаднаас *******- гурван хүний хамт орж ирчхээд над руу муухай хараад байсан. Тэгэхээр нь би *******-гаас холдоод зайгаа барьтал *******- нь миний хамар руу цохиод газар унагаасан. Тэгээд би ухаан балартаад явсан бөгөөд нэг сэртэл манай ажлын газрын залуу болох Мөнхтөр *******-г надаас холдуулсан Тэгээд би цагдаа дуудсан. Тухайн үед миний хамраас маш их хэмжээгээр цус гарсан. Тэгээд цагдаа ирээд намайг цохисон *******-г эрүүлжүүлэхээр аваад явсан...Тухайн залууг цагдаа нар ирээд эрүүлжүүлэх рүү авч явахдаа овог нэрийг нь асуухад өөрийгөө *******- гэж байсан болохоор би намайг цохисон залууг *******- гэдэг юм байна гэж мэдсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал)

 

2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Мөнгөнсүхийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “2022 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо “Coco Banana” дотор Б.О- үл таних хүнд зодуулж хөнгөн гэмтсэн гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд хохирогч Б.О-ийн нь 2022 оны 6 сард Нийслэлийн түргэн тусламжийн ойрын дуудлага дуудаж Гэмтэл согог судлалын Үндэсний төвд эмийн эмчилгээ хийлгэж Эрүүл мэндийн даатгалын сангаас 214.000 төгрөгийн зардал гарсан тул дээрх 214.000 төгрөгийн тусламж үйлчилгээний зардлыг *******-гаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10090020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал)

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Анхбаярын гэрчээр өгсөн: “2022 оны 6 дугаар сарын 12-ны орой *******-, Баярмагнай нарын хамт хороололд уулзаад бид гурав UB Palace-н хойд талд байрлах “Coco Banana” баар руу орсон. Тэгээд тэндээ нэг нэг пиво авч уугаад бүжгийн талбай руу бид гурав гараад бүжиглэж байтал *******- нэг залуутай маргалдаж байгаа харагдсан. Тэгээд гадаа гарсан чинь нөгөө хүмүүс нь цагдаа дуудъя гэж хэлээд цагдаа дуудсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал)

 

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 8530 дугаартай “Б.О-ийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дахь тал)

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******-гийн яллагдагчаар өгсөн “2022 оны 6 дугаар сарын 12-ны орой би найзууд болох Анхбаяр, Баярмагнай нарын хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо “Coco Banana” бааранд орж үйлчлүүлсэн. Тэгээд бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад үл таних залуутай үл ойлголцож маргалдаад би нүүр хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд цагдаа ирээд намайг аваад явсан.Бие бие рүүгээ муухай харснаас болоод маргалдсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 67 дахь тал)

 

         7. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 38 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 33 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хэргийн шүүгдэгч *******- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч Б.О-ид учирсан 394.642 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд, шүүгдэгч *******-д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 206 дугаартай Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар *******-д холбогдох эрүүгийн 2205020952062 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлсэн байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

 

 

 

 

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч *******- нь 2022 оны 6 дугаар сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Coco Banana” баарны бүжгийн талбайд бүжиглэж байсан хохирогч Б.О-ийн нүүрэн тус газар тодорхой шалтгаангүйгээр цохисны улмаас түүний биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Б.О-ийн хохирогчоор өгсөн“...Тэгэхээр нь би *******-гаас холдоод зайгаа барьтал *******- нь миний хамар руу цохиод газар унагаасан... ” гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 10 дахь тал)  шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дахь тал), Т.Анхбаярын гэрчээр өгсөн: “...Тэгээд тэндээ нэг нэг пиво авч уугаад бүжгийн талбай руу бид гурав гараад бүжиглэж байтал *******- нэг залуутай маргалдаж байгаа харагдсан. Тэгээд гадаа гарсан чинь нөгөө хүмүүс нь цагдаа дуудъя гэж хэлээд цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал) *******-гийн яллагдагчаар өгсөн “...Тэгээд бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад үл таних залуутай үл ойлголцож маргалдаад би нүүр хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд цагдаа ирээд намайг аваад явсан. Бие бие рүүгээ муухай харснаас болоод маргалдсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 67 дахь тал) хохирлын баримтууд (хавтаст хэргийн 30 дахь тал) шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дахь тал)  зэрэг нотлох баримтуудаар бүрэн хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн хохирогч Б.О-ийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч *******- нь хохирогчийн нүүр рүү гараараа цохисны улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч *******-гийн дээрх гэмт үйлдлийг Баянгол дүүргийн прокуророос “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүх дүгнэв.   

 

Хэргийн шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй. 

 

Хохиролтой холбогдуулан хэрэгт авагдсан нийт 394.642 төгрөгийн үнийн дүн бүхий баримтууд нь  энэ хэрэгт хамааралтай байх ба нотлох баримтын шаардлага хангаж байх тул шүүгдэгч *******-гаас 394.642 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

 

            Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж хуульчилсан байх ба шүүгдэгч *******- нь 214.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.   

 

            Хохирлыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч *******-гаас нийт 608.142 төгрөг гаргуулж, хохирогч Б.О-ид 394.642 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 214.000 төгрөг тус тус олгохоор шүүх шийдвэрлэлээ.

 

           Харин хохирогч хамрын хагалгаанд 3.668.332 төгрөг нэхэмжилсэн нь ирээдүйд гарч болзошгүй зардлыг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй учир хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *******-гаас жич нэхэмжлэх эрх нь  нээлттэй болохыг дурдаж байна.

 

Шүүгдэгч *******-гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах шүүх, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх санал гаргасан шүүгдэгчийн хувийн байдал, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг тус тус харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлын дордуулахгүйгээр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Энэ хэрэгт *******- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчээс хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурьдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.4.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

             1. *******-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

          4. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

         5. Хохирогчийн нэхэмжлэлээс 3.668.332 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-гаас нийт 608.142 төгрөг гаргуулж, хохирогч Б.О-ид 394.642 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 214.000 төгрөгийг тус тус олгосугай.

 

         6. Хохирогч Б.О- цаашид гарах эмчилгээтэй холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *******-гаас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй

 

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ДАЙРИЙЖАВ