Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 218

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч  Д.Ц даргалж,  тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г банкны Замын-Үүд тооцооны төвийн нэхэмжлэлтэй, Д.Г-г эрэн сурвалжлуулж, оршин суугаа хаягийг тогтоолгох тухай иргэний хэргийг 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Г банкны Замын-Үүд тооцооны төв нь зээлдэгч Д овогтой Г 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ЗГ1915107787 тоот зээлийн гэрээ байгуулж 10.000.000 /арван сая/ төгрөгийг сарын 1,8%-ийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлдүүлсэн билээ. Д.Г нь тухайн үед Төмөр замын харъяа Ганзам худалдааны төвд цахилгаанчин албан тушаалтай ажиллаж,  Дорноговь аймаг Замын-Үүд сум Сүлд багт амьдран суудаг байсан. Гэрээ байгуулж зээл авснаас хойш 2018 оны 01 дүгээр сарын 29 хүртэл зээлийн гэрээний хуваарийн дагуу төлж тэрнээс хойш 2018 оны 02 дугаар сарын 28-наас огт зээлийн төлбөр төлөөгүй. Ажлаасаа гарч сураггүй алга болсон. Одоо хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа учир Д.Г-г эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү гэжээ.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:      

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан  нэхэмжлэлийг  хангаж шийдвэрлэх  үндэслэлтэй гэж үзлээ.

Д.Г нь Г банкны Замын-Үүд тооцооны төвтэй 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ЗГ1915107787 тоот зээлийн гэрээ байгуулж 10.000.000  төгрөгийг сарын 1,8%-ийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээл авч, хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ЗГ1915107787 тоот зээлийн гэрээний хуулбар,  Зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Г нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, хаана байгаа нь тодорхойгүй байх тул түүнийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрын хаягийг нь тогтоох үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Г-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэхээр тогтов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд Д.Ч-г эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Д.Г-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,  түүний өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж  заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.Ц