Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/759

 

 

 

 

 

 

 

 

 

    2022           10          13                                   2022/ШЦТ/759

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Т.Баянмөнх

шүүгдэгч *******- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******-т холбогдуулан яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2205027252162 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******-.  

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч *******- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 23 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 22 дугаар байрны гадна насанд хүрээгүй хохирогч Б.Б- эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч *******- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

         Шүүгдэгч *******- нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. ”гэсэн мэдүүлэг.

 

 

Гурав: Хавтаст хэргээс:

          1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Б- насанд хүрээгүй хохирогчоор өгсөн“...2022 оны 8 дугаар сарын 13-ны өдөр би найз Үүрцайх, Билгүүн нарын хамт Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байрлах СU дэлгүүрт байж байтал манай найз Т-ий ээж нэрийг нь мэдэхгүй нь согтуу байдалтай орж ирээд бид нараас Т-ийг харсан уу гэж асуучхаад түрүүлээд дэлгүүрээс гараад явсан юм. Тэгээд удаагүй манай хоёр найз түрүүлж дэлгүүрээс гараад явсан ба би удаагүй араас нь гараад булан эргээд хартал 22 дугаар байрны хажууд Т-ий ээжийг нь хүмүүс газар унгаачихсан хажууд нь согтуу ах нар байсан. Тэгэхээр нь би очоод Т-ий ээжийг нь салгаад та нар эмэгтэй хүнийг яаж байгаа юм, тэнэг юм уу хаашаа юм бэ гэж хэлээд Т-ий ээжийг авч явах гэтэл Т-ий ээж согтуу байсан учир үгэнд орохгүй тэр хүмүүстэй маргалдаад байсан. Тэгэхээр нь Т-ий ээжийг нь тавьчихсан чинь тэр хүмүүс рүү очоод хэрэлдээд тэр хүмүүстэй дахиад зууралдчихаар нь би дахиж очоод зууралдаж байсан хүмүүсээс нь салгах гэж байтал намаг цохидог *******- гэх хүн над руу та нар наад хүнээ аваад яв гэж хэлэхээр нь би юу гэж хуцаад байгаа юм бэ авч явах гэж байгаа биз дээ гэж хэлсэн чинь тэр ах миний нүүрэнд нүд орчимд гараараа нэг удаа цохисон. Тэгээд удаагүй цагдаа ирсэн...уг хүн намайг нэг удаа цохисон өөрөөр цохиж зодоогүй. Миний биед учирсан дээрх гэмтлийг *******- гэх хүн миний нүүрэнд буюу нүд орчимд гараараа нэг удаа цохиж учруулсан...намайг харахад тэд нар Т-ий ээжийг газар унгаачихсан байсан. Тэгээд очоод салгах хооронд хоорондоо зууралдаад байсан. Т-ий ээжийн биед тухайн үед гэмтэл учраагүй байх юм хэлээгүй, мөн нүдэнд харагдах гэмтэл байгаагүй, Билгүүн, Үүрцайх нарын биед гэмтэл учраагүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал)

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад  Р.Г- гэрчээр өгсөн: “... тэр хүмүүсийн нэг нь намайг “гичий минь чи юу хайгаад байгаа юм” гээд өөрийгөө СӨХ-ийн дарга гээд байсан нэг хүн нь намайг хавираад газарт унагаачихсан. Тэгээд маргалдаж байгаад нэг харсан чинь манай хүүгийн найз нарын нэгнийх нь нүднээс цус гарчихсан байсан...тэр хүмүүсийг танихгүй, би орцонд таарсан эмэгтэй нь нөхрийг нь хайгаад тэр хүмүүсээс асуух гээд очсон чинь өөдөөс хэл амаар доромжлоод намайг газарт унагаасан...намайг СӨХ-ийн дарга гээд байсан залуу нь намайг унгаасан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, тухайн үед Б.Б- нүднээс нь цус гарсан байсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дахь тал)

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Д- гэрчээр өгсөн: “Тэгээд тэр хүүхэн та нарыг ална гэх утгатай зүйл хэлхээр нь юу яриад бид нарыг дагаад байгаа юм бэ цаашаа яв гэж хэлээд бид нар маргалдаж эхэлсэн. Тэгтэл Б.Б- машинаас буугаад ирсэн чинь тэр эмэгтэй бид нар руу дайраад байхыг харчхаад Б.Б- тэр хүүхнийг хавираад унгаачихсан юм. Тэгээд хүмүүс салгаад байж байхад *******- тэр нэг залууг нүүрэнд нь гараараа нэг удаа цохиж авсан...түүнээс өөр зодоон цохион болоогүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал)

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Б.Б-гийн гэрчээр өгсөн: “би тэр эмэгтэйг хавирч унагааснаас өөрөөр цохиж зодоогүй, мөн өөр хүнд гар хүрээгүй... сүүлд нь *******- ах өөрөө надад хэлэхдээ тэр залуу намайг хуц гөлөг минь гэж хэлхээр нь уур хүрээд нүүрэнд нь гараараа нэг удаа цохисон гэж хэлж байсан түүнээс өөрөөр зодоон болоогүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал)

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.П- гэрчээр өгсөн: “...харин цагдаа ирсний дараа тэр нэг залуу нүд нь хавдчихсан байсан ба цагдаа бид нараас хэн цохисон юм бэ гэхэд *******- ах би цохисон юм гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дахь тал)

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.М- гэрчээр өгсөн: “...Би нарыг машинд суухад *******- ахыг цагдаа аваад явчихлаа гээд тэгээд *******- ах тэр хүүхдийг цохисон гэдгийг мэдсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дахь тал)

 

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Ш- гэрчээр өгсөн: “... манай нөхөр Б.Б- тэр эмэгтэйг хавираад унгаачихсан...тэгэхэд *******- ах тэр эмэгтэйг түлхтэл тэр залуу нь эмэгтэйг түлхээ гээд маргалдаж байтал *******- ах уг залуугийн нүүрэнд нь гараараа нэг удаа цохиж авсан... *******- ах тэр залуугийн нүүрэнд гараараа нэг удаа цохисон. Түүнээс өөр хүнтэй зодолдож цохилцсон зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дэх тал)

 

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Ч- гэрчээр өгсөн: “...сүүлд нь цагдаа ирсний дараа тэр эмэгтэйтэй цуг ирсэн нэг хүүхэд намайг цохчихсон би гомдолтой, миний нүд сонин болчихлоо гэж хэлсэн чинь *******- ах би цохчихсон юм гэж хэлж байсан” Тэгж л тэр хүүхдийг *******- ах цохисон гэдгийг мэдсэн. Бусад хүмүүс буюу цуг явсан хүүхдүүд, тэр эмэгтэй нарт гэмтэл учраагүй байсан ба цагдаа ирэхэд гомдолгүй гэж байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дахь тал)

 

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 11473 дугаартай “Б.Б- биед баруун ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, баруун дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 46-47 дахь тал)

 

10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******-ын яллагдагчаар өгсөн “2022 оны 8 дугаар сарын 13-ны өдөр манай ажлын хүмүүс манайд ирээд бид нар 2 шил архи хувааж уугаад халамцуу байдалтай тэд нарыг гаргаж өгөх гээд тухайн хүмүүсийн хамт орцны үүдэнд зогсож байхад нэг эмэгтэй ирээд та нар хүүхдийн хажууд тамхи татлаа гэж хэлээд загнаад явсан. Түүний дараа нь би ажлын хүмүүсээ машинд суулгаж өгөх гээд машиных нь хажууд очоод зогсож байтал нөгөө хүүхэн ирэхэд нь манай ажлынхны нэг нь яагаад араас дагаад байгаа юм гэж хэлээд тэр хүүхэнтэй маргалдаж эхэлсэн...Гэтэл Бадам-Очир гэх залуу нь миний өөдөөс хуч гөлөг минь гэж хэлэхээр нь би нүүрэнд нь гараараа нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 75 дахь тал)

 

         11. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 55 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 78 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

Түүнчлэн хэргийн шүүгдэгч *******- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч Б.Б- 300.000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн бөгөөд, хохирогч гомдол саналгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч *******-т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 216 дугаартай Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар *******-т холбогдох эрүүгийн 2205027252162 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлсэн байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон гэж дүгнэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

          Шүүгдэгч *******- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 8 дугаар сарын 13-ны шөнийн 23 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 22 дугаар байрны гадна насанд хүрээгүй буюу 17 настай хохирогч Б.Б- нүүрэн тус газар нь цохиж, улмаар биед нь баруун ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, баруун дээд, доод зовхинд цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Б.Б- насанд хүрээгүй хохирогчоор өгсөн“...*******- гэх хүн над руу та нар наад хүнээ аваад яв гэж хэлэхээр нь би юу гэж хуцаад байгаа юм бэ авч явах гэж байгаа биз дээ гэж хэлсэн чинь тэр ах миний нүүрэнд нүд орчимд гараараа нэг удаа цохисон..” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал), Р.Г- гэрчээр өгсөн: “...тухайн үед Б.Б- нүднээс нь цус гарсан байсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дахь тал), Ж.Д- гэрчээр өгсөн: “...Тэгээд хүмүүс салгаад байж байхад *******- тэр нэг залууг нүүрэнд нь гараараа нэг удаа цохиж авсан...түүнээс өөр зодоон цохион болоогүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал), Б.Б.Б-гийн гэрчээр өгсөн: “...сүүлд нь *******- ах өөрөө надад хэлэхдээ тэр залуу намайг хуц гөлөг минь гэж хэлхээр нь уур хүрээд нүүрэнд нь гараараа нэг удаа цохисон гэж хэлж байсан түүнээс өөрөөр зодоон болоогүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал), Ж.П- гэрчээр өгсөн: “...харин цагдаа ирсний дараа тэр нэг залуу нүд нь хавдчихсан байсан ба цагдаа бид нараас хэн цохисон юм бэ гэхэд *******- ах би цохисон юм гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дахь тал), Д.М- гэрчээр өгсөн: “...Би нарыг машинд суухад *******- ахыг цагдаа аваад явчихлаа гээд тэгээд *******- ах тэр хүүхдийг цохисон гэдгийг мэдсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дахь тал), Б.Ш- гэрчээр өгсөн: “...*******- ах уг залуугийн нүүрэнд нь гараараа нэг удаа цохиж авсан... *******- ах тэр залуугийн нүүрэнд гараараа нэг удаа цохисон.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дэх тал), А.Ч- гэрчээр өгсөн: “...сүүлд нь цагдаа ирсний дараа тэр эмэгтэйтэй цуг ирсэн нэг хүүхэд намайг цохчихсон би гомдолтой, миний нүд сонин болчихлоо гэж хэлсэн чинь *******- ах би цохчихсон юм гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дэх тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 11473 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 46-47 дахь тал), *******-ын яллагдагчаар өгсөн “Гэтэл Бадам-Очир гэх залуу нь миний өөдөөс хуц гөлөг минь гэж хэлэхээр нь би нүүрэнд нь гараараа нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 75 дахь тал),  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 11473 дугаартай  дүгнэлт (хавтаст хэргийн 46-47 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар бүрэн хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн хохирогч Б.Б- эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч *******- нь хохирогчийн нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч *******-ын дээрх гэмт үйлдлийг Баянгол дүүргийн прокуророос “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүх дүгнэв.   

 

Хэргийн шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй. 

 

          Хэргийн хохирогч Б.Б- нь “гомдол саналгүй, эмчилгээний төлбөрт 300.000 төгрөг хүлээн авсан болохоо” мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрхийлсэн (хавтаст хэргийн 82 дахь тал) баримттай байна.

 

Иймд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож шүүгдэгч *******-ыг энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

           Шүүгдэгч *******-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах шүүх, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх санал гаргасан шүүгдэгчийн хувийн байдал болон хохирогч Б.Б- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлын дордуулахгүйгээр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Энэ хэрэгт *******- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Б- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.

 

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

          1. *******-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

          4. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          5. *******- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ц.ДАЙРИЙЖАВ