Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2020/0403

 

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2020/0403

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, шүүгч Г.Мөнхтулга, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Э, “Э” ХХК, “Б” ХХК, “Э” ХХК, “Э” ХХК, “Т” ХХК, “ЭЭЭЭ” ХХК.

Хариуцагч: Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.

Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч “ЭЭЭЭ” ХХК, иргэн Д.Э, “Б” ХХК, “Э” ХХК-ийн гаргасан Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 25 дугаар бүхий “Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн зааг, хязгаар /солбицол, газрын зааг хязгаарын зураг/”-ыг тогтоосон хэсгээс нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох”,

Нэхэмжлэгч Э” ХХК, “Э” ХХК, “Т” ХХК-иас гаргасан “Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн зааг, хязгаар /солбицол, газрын зааг хязгаарын зураг/-ийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагууд бүхий хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э, нэхэмжлэгч Д.Э, “Э” ХКК, “Б” ХХК, “Э” ХХК, “Э” ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г, нэхэмжлэгч “ЭЭЭЭ” ХХК-ийн итгэмжлэгдсэн Ё.П, тус компанийн өмгөөлөгч Ж.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч иргэн “Э” ХХК, “Э” ХХК, “Т” ХХК-иуд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн зааг, хязгаар /солбицол, газрын зааг хязгаарын зураг/-ийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “ЭЭЭЭ” ХХК нь дээрхи хавсралтын өөрт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад,

Нэхэмжлэгч “ЭЭЭЭ” ХХК, иргэн Д.Э, “Б” ХХК, “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: “Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 25-р тогтоолоор батлагдсан “Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай” тогтоол гарсантай холбогдуулан Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг иргэн хуулийн этгээдийн хувьд “Б” ХХК газрын төлбөрийн талаар тодруулга авахаар 2019 оны 05-р сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд албан бичиг илгээсэн. 2019 оны 05-р сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 13/1472 тоот албан бичгээр хариу ирүүлсэн ба үүнд танай газрын төлбөрийн 1 метр квадратын үнэлгээ 2880 төгрөг болсон байна гэсэн тодруулга ирсэн байдаг. Ингэхдээ Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-г үндэслэсэн гэдгээ дурдсан байдаг. Эндээс харвал Баянзүрх дүүргийн 11-р хороо, Төр хурахын аманд аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлдэг газар эзэмшигчдийн газар нь Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 25-р тогтоолоор төлбөрийн хэмжээгээр газрын үнэлгээний 6-р бүсэд м2 тутамд 960 төгрөг төлөхөөр тогтоож энэ төлбөр нь Газрын төлбөрийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.6-д зааснаар Тусгай хамгаалалттай газар нутагт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газрын төлбөрийг уг газар нь хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэлийн алинд хамаарч байгааг харгалзан гурав дахин өсгөж тооцно” гэснээр бодож үзвэл нэхэмжлэгч нарын аялал жуулчлалын зориулалттай газрыг Баянзүрх дүүргийн ИТХ-ын 2018 оны 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн зааг, хязгаар /солбицол, газрын зааг хязгаарын зураг/”-ийн 6-р бүсэд хууль зөрчин хамруулан зурагласан нь тодорхой байна.

1. Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 25-р тогтоолоор батлагдсан “Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн зааг, хязгаарыг /солбицол, газрын зааг хязгаарын зураг/” тогтоосон захиргааны хэм хэмжээний акт хууль зөрчсөн байна гэж нэхэмжлэгч нар үзэж байна. Учир нь:

Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2019 оны 02 дугаар сарын 01- ний өдрийн 25 дугаар бүхий “Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн зааг, хязгаарыг /солбицол, газрын зааг хязгаарын зураг/”-ийг тогтоож батлахдаа Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д “Аялал, жуулчлалын зориулалтаар ашиглаж байгаа газрын төлбөрийг тухайн тойргийн хамгийн ойр орших хот, тосгон, бусад суурины газрын төлбөрийн хэмжээтэй адилтгаж тооцно.” гэж заасан хуулийн заалтыг огт баримтлаагүй байгаа нь газар ашиглагч иргэн, ААН-ийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дагуу дархан цаазат Богдхан уулын хязгаарлалтын бүсэд зохих журмын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас олгосон аялал жуулчлалын зориулалт бүхий газарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, иргэний ашиглаж буй газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн зааг, хязгаарыг хуулинд заасан хамгийн ойр орших Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, хонхор тосгоны газрын төлбөрийн хэмжээгээр газрын үнэлгээний 9-р бүсийн заагт оруулан тогтоох байсан атал Нийслэлийн төв хэсэг рүү байх Скай ресорт зэрэг дэд бүтэцтэй, хотын төвд ойр газрын үнэлгээтэй ижил хэт өндөр тогтоосон байна.

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 25 дугаар тогтоолыг батлахдаа Засгийн газрын 2018 оны 182 дугаар бүхий “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай” тогтоолыг үндэслэсэн боловч, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д заасан “Эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тооцсон итгэлцүүрээр энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан хязгаарт багтаан өсгөж, бууруулж болно. Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг сум, дүүргийн иргэдийн т өөлөгчдийн Хурал тогтооно. ” гэж заасны дагуу иргэн, аж ахуйн нэгжийн ашиглаж буй газрын инженерийн хангамж, ашиглалтын зориулалтыг тооцож үзэлгүйгээр өмнө байсан 1 м2 газрын үнэлгээ (396 төгрөг)-г 7,3 дахин огцом нэмэгдүүлж 2880 төгрөг болгосон нь аялал жуулчлалын зориулалтаар зам, дэд бүтэцгүй газарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, иргэдэд эдийн засгийн хохирол учруулж, цаашид тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцлийг бүрдүүлж байна.

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2019 оны 25 дугаар тогтоолыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-д заасан Захиргааны хэм хэмжээний актад тавих шаардлага болох “тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх” гэснийг зөрчсөн байна.

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь аливаа шийдвэр гаргахдаа иргэдийг төлөөлж буйн хувьд бодит амьдралд нийцсэн, амьдралд хэрэгжүүлж болохуйц шийдвэр гаргах атал хууль зөрчсөн, хуулиас давсан шийдвэр гаргаж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчиж буй хэрэг юм.

Уг захиргааны хэм хэмжээний актыг боловсруулахдаа актын төсөлд санал авахаар иргэдийн төлөөллөөр хэлэлцүүлсэн ажлын хэсгийн 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн тайлангаас харахад “БЗД-ийн 28 хорооны 4286 иргэн, 41 аж ахуйн нэгжээр хэлэлцүүлэхэд тэдний 78,2% нь “газрын төлбөрийн хэмжээг нэмж байгаа асуудлыг дэмжихгүй” гэсэн санал өгсөн байхад харгалзан үзээгүй байна.

Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д заасны дагуу Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоосон газрын төлбөрийг 3 дахин нэмэгдүүлж байгаа атлаа тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д зааснаар газрын бүсийг хамгийн ойр орших тосгон, суурин болох БЗД-ийн 11-р хороо, Хонхор тосгоны газрын үнэлгээний бүсчлэл болох 9 дүгээр бүсэд оруулалгүйгээр байгаа байршлаас нь 20 орчим км хол орших, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн товчооны дотор талд байх хотод ойр, дэд бүтэцтэй Скай ресорт, Асем вилла зэргийг хамруулсан 6 дугаар бүсэд адилтган оруулсан нь хууль зөрсөн үйлдэл юм.

Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь 2019 оны 25 дугаар тогтоолоор тусгай хамгаалалттай газарт аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэж байгаа иргэн, ААН-ийн газрын төлбөрийн хэмжээг 7,3 дахин буюу огцом нэмэгдүүлэхдээ ЗЕХуулийн 62 дугаар зүйлийн 62.2-д заасан “... хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг заавал хийнэ” гэснийг зөрчин аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч, газар ашиглагч иргэн, ААН-ээс төлөөлөл оролцуулаагүй, энэ тухай мэдэгдээгүй байна.

Хууль бус захиргааны хэм хэмжээний акт анхнаасаа гарах ёсгүй, мөн Хууль зүйн яаманд бүртгэгдэх ёсгүй байсан гэж бидний зүгээс үзэж байна.

Бид нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн гаргаж байгаа гол шалтгаан бол ЗХШХШтХ-ын 52 дугаар зүйлийн 52.5.6-д нэхэмжлэлийн шаардлага гаргахад ...хэм хэмжээний актыг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох гэсэн хоёр л хэлбэр байгаа ба энэ 2 нэхэмжлэлийн шаардлагын хувьд шүүхийн шийдвэр гарсны дараахь эрх зүйн зүйн үр дагавар нь харилцан адилгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, хэм хэмжээний актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн дагуу шүүхээр шийдвэр гарсан тохиолдолд шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш уг хэм хэмжээний акт хүчингүй болох ба харин хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд, “шүүхийн шийдвэр гарсан ч уг хэм хэмжээний акт анхнаасаа хүчин төгөлдөр бус байсан тул шүүхийн шийдвэрийн эрх зүйн үр дагаварын хувьд үйлчлэх хугацаа уг хэм хэмжээний акт анхнаасаа хууль бус байсан учраас батлагдах ёсгүй байсан” гэсэн утгатай байна гэж үзэж байна. Учир нь, хууль бус хэм хэмжээний акт батлагдсанаар иргэн, ААН-д газрын төлбөрийн дарамт үүсгэж, хууль ёсны эрх ашигт нь халдаж байгаа тул анхнаасаа хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага үүсч байгаа болно. Тиймээс ЗХШХШтХ-ын 106.3.8. захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, ххүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол ... хүчин төгөлдөр бус болохыг тогтоох гэж заасны дагуу бид шүүхээр шийдвэр гаргуулахаар хандаж байгаа нь иргэн, ААН-ын зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хамгийн боломжит арга зам гэж үзэж байгаа юм.

Иймд Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 25 дугаар бүхий “Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн зааг, хязгаар /солбицол, газрын зааг хязгаарын зураг/”-ыг тогтоосон хэсгээс нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү” гэв.

Нэхэмжлэгч “ЭЭЭЭ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаар бүхий “Газрын үнэлгээний зэрэглэл, бүсийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай үндэслэлтэй манай үндэслэлийн зарим нь давхцаж байгаа.

Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар хэм хэмжээ тогтоосон актыг 1 өдөр шууд гаргаад баталчихдаг зүйл биш юм. Хэм хэмжээний акт нь тухайн газарт нутагтаа дагаж мөрдөгдөх нэг этгээд биш олон этгээдэд хамаарах акт учраас шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5-д зааснаар нөлөөллийн шинжилгээ хийх хэрэгтэй. Нөлөөллийн шинжилгээ нь эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөөлөл,  үр дагаврыг урьдчилан судалж, тооцоолол хийх баримт бичиг байх ёстой. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны тушаалаар Захиргааны хэм хэмжээний актын төсөл бэлдэх явцад нөлөөллийн шинжилгээ хийх аргачлал гэсэн журмыг баталсан. Энэ журмын хүрээнд нөлөөллийн шинжилгээг боловсруулдаг. Энэхүү журам нь маргаан бүхий тогтоол гарах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан бөгөөд журмыг хэрэглэх ёстой байсан. Хариуцагч Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нөлөөллийн шинжилгээ гэж хийсэн боловч маш товчхон аргачлалын хүрээнд дурдсан асуудлуудыг огт тусгалгүйгээр хийсэн. Аргачлал маш тодорхой бөгөөд Захиргааны ерөнхий хуульд нийцсэн байдаг. Актын улмаас эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдүүдийг эхлээд тодорхойлох ёстой. Үүнийг тодорхойлсноор тухайн этгээдүүдэд ямар үр, дагавар үүсэх, газрын төлбөр нэмэгдсэнээр эдгээр иргэн, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж чадах уу, бусад сөрөг үр дагаврууд үүсч болох вэ гэдгийг тус бүрд нь нарийвчлан тогтоохоор заасан байдаг. Энэхүү ажиллагааг хийгээгүй. Газрын төлбөр төлж буй 200 гаруй иргэн, аж ахуйн нэгжүүд байна. Төлбөрийн бүсчлэл өөрчлөгдсөнөөр хамгийн өндөр төлбөрийн хэмжээ нэмэгдэж байгаа хэдэн иргэн, хуулийн этгээд байгаа вэ гэдгийг тухайн бүлгэд асуудлыг танилцуулах ёстой. Сонсох ажиллагааг хийсэн боловч тухайн үл ажиллагаанд нь дандаа иргэд оролцсон бөгөөд өмчилсөн газрын асуудлыг хэлэлцсэн байдаг. Энэ нь зөвхөн өмчлөн авсан газартай холбоотой асуудал биш аялал жуулчлалын зориулалттай ашиглаж байгаа газрын төлбөр нэмэгдсэн байгаа. Гэтэл хэлэлцүүлэгт тусгай хамгаалалттай газарт нутагт аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглаж байгаа аж ахуйн нэгжүүд огт оролцоогүй, тэдний санал хүсэлтийг сонсоогүй, мэдэгдэлгүйгээр шийдвэр гаргасан байдаг. Бид газрын төлбөрийг нэмэгдсэнийг мэдсэн даруйдаа маргаад явж байгаа. Сонсох ажиллагаа эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээддээ хүрээгүй, нөлөөллийн шинжилгээг зохих журмын дагуу хийгээгүй учраас анх боловсруулагдах шатнаасаа хууль зөрчсөн байна. Ийм учраас маргаан бүхий акт нь хүчин төгөлдөр байх ёстой юм” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бшүүхэд болон шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Монгол Улсын Засгийн газрын 1997 оны “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай” 152 дугаар тогтоол Засгийн газрын 2018.06.20-ны өдрийн 182 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан тул Нийслэлийн Засаг даргаас 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01/4490 албан тоотоор дүүргийн Засаг дарга, Газрын албанд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх "Газрын төлбөрийн үнэлгээний зэрэглэл (бүс), газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх тоон утгыг тогтоох тухай" тогтоолын төслийг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн дүүргийн ИТХ-д яаралтай өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэх талаар үүрэг, чиглэл ирүүлснийг үндэслэн дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчид 2018 оны А/55 дугаар тогтоолоор Ажлын хэсэг байгуулан ажилласан.

Ажлын хэсэг “Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай” тогтоолын төслийг дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, Газрын албаны веб сайт болон байгууллагын мэдээллийн самбарт 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд байршуулахад иргэдээс санал хүсэлт ирээгүй.

Мөн дүүрэгт газар, эзэмшиж, ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-д заасны дагуу дүүргийн 28 хорооны “Иргэний танхим”-ын цахим хуудас, хорооны мэдээллийн самбараар дамжуулан “Хэлэлцүүлэгт хамрагдахыг урьсан” зар хүргүүлж нийт 30 удаагийн хэлэлцүүлгийг /28 хорооны “Иргэний танхим”, Засаг даргын Тамгын газрын “Чуулган”-ы танхимаар/ зохион байгуулахад 4286 иргэн, 41 аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл санал өгч оролцсон.

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн баримтаар тус дүүрэгт 216 иргэн, аж ахуйн нэгж газар эзэмшдэг. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу 60 буюу түүнээс дээш гарсан тохиолдолд нийтийн сонсгол болон хэлэлцүүлгийг цахимаар зохион байгуулна гэж заасан. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал маргаан бүхий актыг батлахдаа зарын самбар, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл буюу албан ёсны веб сайтуудаар хэлэлцүүлгийн зарыг тавьж байгаа нь иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад хэлэлцүүлэгт оролцох бүрэн эрхийг хангасан гэж үзэж байгаа бөгөөд нэхэмжлэгч нар оролцох бүрэн боломжтой байсан. Хэлэлцүүлэгт аж ахуйн нэгжүүд хамрагдсан боловч зөвшөөрөхгүй байгаа тул гарын үсэг зурахгүй гэж хэлээд тухайн хэлэлцүүлэгт сөрөг саналтайгаар оролцсон. Энэ нь ажлын хэсгийн тэмдэглэлд тусгагдсан байгаа.

Нийгэм эдийн засгийн хувьд газрын төлбөрийг харилцан адилгүйгээр тогтоосон нь нэхэмжлэгч нарын эрх, ашгийг зөрчиж байна гэсэн тайлбар өгч байна. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2019 оны 25 дугаар тогтоолыг батлахаас өмнө 2015 оны А/34 дүгээр тогтоолоор баталсан газрын төлбөрийн хэмжээ үйлчилж байсан. 2015 оны уг тогтоол нь Засгийн газрын 1997 оны газрын суурь үнэ тогтоосон хэм хэмжээний актыг үндэслэсэн. Нийгэм, эдийн засгийн хувьд өөрчлөлт орсон учраас Засгийн газрын 1997 оны тогтоол нь 2018 оны 182 дугаар тогтоолоор нэмэлт өөрчлөлт орсон. Засгийн газрын тогтоолыг үндэслэж Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэм хэмжээний актаа баталсан. Газрын төлбөрийн тухай хуульд заасны дагуу Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь газрын төлбөр тооцоог тогтоох эрх хэмжээтэй.

Улмаар дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдээр батлагдсан Ажлын хэсэг ажлын тайлангаа тус дүүргийн ИТХ-ын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 10 дугаар хуралдаанд танилцуулж, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоол, Газрын төлбөрийн тухай хуулийг тус тус үндэслэн Захиргааны ерөнхий хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасны хүрээнд хэм хэмжээний актаа боловсруулан батлуулж Улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэн ажилласан.

Тодруулбал Баянзүрх дүүргийн ИТХ нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаар тогтоол болон Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг, чиглэлийн хүрээнд хэм хэмжээний актаа баталсан болно.

Монгол Улсын Засгийн газраас тогтоосон газрын суурь үнэлгээнд үндэслэн хэм хэмжээний актыг батлах үүрэгтэй. Үүний дагуу Монгол Улсын Засгийн газрын 182 дугаар тогтоолд заасны дагуу тогтоосон, газрыг төлбөрийг өсгөн асуудал байхгүй. Газрыг төлбөрийг нэмэгдүүлэх эрх хэмжээ байсан боловч нэмэгдүүлэлгүйгээр газрыг төлбөрийг тогтоосон. Иймд газрын төлбөрөөс зайлсхийж, тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах үүргээ биелүүлэхгүй нэхэмжлэгч байгууллагуудын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

                                           ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч иргэн Д.Э, О.Бнар болон “Э” ХХК, “Б” ХХК, “Э” ХХК, “Э” ХХК, “Ж” ХХК, “Жа” ХХК, “Т” ХХК-иуд тус шүүхэд хандаж “Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн зааг, хязгаар /солбицол, газрын зааг хязгаарын зураг/-ийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “ЭЭЭЭ” ХХК нь дээрхи хавсралтын өөрт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч иргэн Д.Э, “Б” ХХК, “Э” ХХК-иуд нэхэмжлэлийн шаардлагаа “...25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн зааг, хязгаар /солбицол, газрын зааг хязгаарын зураг/-ийн өөрт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох гэж өөрчилсөн, уг өөрчилсөн шаардлага болон “Э” ХХК, “Э” ХХК, “Т” ХХК-иудын гаргасан “хүчингүй болгуулах” шаардлагын хүрээнд тус тус шүүх хэргийг шийдвэрлэсэн болно.

Харин нэхэмжлэгч “Ж” ХХК, “Жа” ХХК-иуд нь шүүхээс тогтоосон нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах хугацаанд нэхэмжлэлээ дэмжиж ирүүлээгүйг, иргэн О.Бнь өөрийн газар ашиглах эрхээ “Т” ХХК-д шилжүүлснээр тэрээр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд болсон үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан тул шүүх уг татгалзлыг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосныг тус тус дурдах нь зүйтэй.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл:

Нэхэмжлэгч Д.Э нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалтай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн гэрчилгээгээр 5 жилийн хугацаатай газар ашиглах эрх олгосон, 2021 оныг хүртэл сунгасан, газрын төлбөрийг 2018 оныг дуустал хугацаагаар төлсөн,

Нэхэмжлэгч “Б” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалтай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн 2011 оны 10 дугаар сарын 13-ний өдрийн гэрчилгээгээр 5 жилийн хугацаатай газар ашиглах эрх олгосон, 2021 оныг хүртэл сунгасан, газрын төлбөрийг 2016, 2017, 2018 оныг дуустал хугацаагаар төлсөн,

Нэхэмжлэгч “Э” ХХК Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалтай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн 2010 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн гэрчилгээгээр 5 жилийн хугацаатай газар ашиглах эрх олгосон, 2024 оныг хүртэл сунгасан, газрын төлбөрийг 2018 оныг дуустал хугацаагаар төлсөн,

Нэхэмжлэгч “Э” ХХК Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалтай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн 2004 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн гэрчилгээгээр 5 жилийн хугацаатай газар ашиглах эрх олгосон, 2016 оныг хүртэл сунгасан, газрын төлбөрийг 2015 оныг дуустал хугацаагаар төлсөн,

Нэхэмжлэгч “Э” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалтай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн 2008 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн гэрчилгээгээр 5 жилийн хугацаатай газар ашиглах эрх олгосон, 2018 оныг хүртэл сунгасан, 2018 онд дахин 5 жилээр сунгасан, газрын төлбөрийг 2017, 2018 оныг дуустал хугацаагаар төлсөн,

Нэхэмжлэгч “ЭЭЭЭ” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалтай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн 2010 оны 11 сарын 04-ний өдөр анх гэрчилгээ олгосон, уг гэрчилгээний хугацааг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 5 жилийн хугацаатай сунгасан,

Нэхэмжлэгч “Т” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалтай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн 2019 оны 12 сарын 10-ны өдрийн гэрчилгээгээр Төрхурахын аманд 5 жилийн хугацаатай эрх олгосон, уг гэрчилгээний хугацаа үргэлжилж байгаа гэх үйл баримтууд тогтоогдсон, хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй болно.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсгийн “д” заалт, 25 дугаар зүйлийн 25.1, 25.2 дахь хэсэг, Газрын төлбөрийн тухай” хуулийн 6 дугаар зүйлийн  6.3 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн баталсан Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаар бүхий “Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай тогтоолын 1 дүгээр хавсралтаар  Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн зааг, хязгаар /солбицол, газрын зааг хязгаарын зураг/-ыг баталснаар уг тогтоол, хавсралт нь захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж хүчин төгөлдөр болсон үйл баримтууд тогтоогдов.

Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно” гэж заасан.

Түүнчлэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Сум, дүүргийн Хурал нь ... тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ”, 18.1.2-ын “д”-д “хуульд заасан хязгаар, шаардлагад нийцүүлэн орон нутгийн зарим татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоох”, 18.2-т “Хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, мөрдүүлнэ”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална”  гэж,

Мөн Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн  6.3-т “Эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл болон ногоон бүсийг хамгаалах шаардлагыг харгалзан тооцсон итгэлцүүрээр 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн З-т заасан хязгаарт багтаан өсгөж, бууруулж болно. Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно” гэж, 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Газрын төлбөрийн хэмжээг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хязгаарт багтаан газрын үнэлгээ, ашиглах зориулалтыг харгалзан хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэл тус бүрээр Засгийн газар тогтооно гэж тус тус заажээ.

Түүнчлэн уг хуулийн 7 дугаар зүйлийн 6-д Тусгай хамгаалалттай газар нутагт зохих хууль тогтоомж, гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын төлбөрийг уг газар нь хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэлийн алинд хамаарч байгааг харгалзан гурав дахин өсгөж тооцно” гэж, мөн зүйлийн 7-д Аялал, жуулчлалын зориулалтаар ашиглаж байгаа газрын төлбөрийг тухайн тойргийн хамгийн ойр орших хот, тосгон, бусад суурины газрын төлбөрийн хэмжээтэй адилтгаж тооцно” гэж тус тус заасан байна.

Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай”  25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар дүүргийн нутаг дэвсгэрт ашиглах эзэмших газрын зааг хязгаар, хамрагдах бүс, /солбицол, газрын зааг хязгаарын зураг/-ыг тогтоосон нь хариуцагч захиргааны байгууллагын тусгайлан олгогдсон эрхийн хүрээнд гарсан нийтээр дагаж мөрдөх, гадагш чиглэсэн, эрх зүйн үр дагавар бүхий, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй, Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан захиргааны хэм хэмжээний акт байх ба хариуцагчаас уг актыг батлан гаргасан үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан “захиргааны үйл ажиллагаа нь...бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцсэн,  уг тогтоолын 1 дүгээр хавсралтын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна гэж шүүх дүгнэв.

Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаар бүхий “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл /бүс/ суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай” тогтоолоор Газрын төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн  1, 3, 7 дугаар зүйлийн 2, 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн тогтоолын 3 дугаар хавсралтаар “Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн газрын үнэлгээний зэрэглэл /бүс/, 1 га газрын суурь үнэлгээ”-г баталсан, уг тогтоолын хавсралтаас үзвэл “худалдаа бүх төрлийн үйлчилгээ”-г бүхэлд нь 6 дугаар бүсэд хамааруулж суурь үнэлгээг 960 төгрөгөөр тогтоосон, “худалдаа бүх төрлийн үйлчилгээ” гэдэгт “...амралт сувилал, аялал жуулчлалын үйлчилгээний зориулалттай газар” хамаарахаар тогтоосон, нэхэмжлэгч нар энэ тогтоолын холбогдох хэсгийн талаар маргаагүй.

Ийнхүү Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т заасныг үндэслэн Засгийн газраас тогтоосон, Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл /бүс/, суурь үнэлгээг үндэслэн тухайн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 25 дугаар тогтоолын хавсралтаар өөрийн харьяа дүүргийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн зааг, хязгаар /солбицол, газрын зааг хязгаарын зураг/-ыг баталсан нь хууль зөрчөөгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нарын аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж байгаа газар нь Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолоор газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн 6 дугаар бүсэд хамаарагдсан байх тул хариуцагч Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар нэхэмжлэгч нарын ашиглаж буй газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн зааг хязгаар /солбицол, зааг хязгаарын зураг/-ыг 6 дугаар бүсэд хууль зөрчиж хамруулан зурагласан гэж үзэхгүй.

Нэхэмжлэгч нар 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...тогтоолд Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7-д заасныг үндэслэх ёстой байсан, тухайлбал, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Хонхор тосгоны газрын төлбөрийн хэмжээгээр 9 дүгээр бүсийн заагт оруулан тогтоох байтал Скай ресорт зэрэг дэд бүтэцтэй, нийслэлийн төвд ойр газрын үнэлгээтэй ижил хэт өндөр тогтоосон..., ашиглаж буй газрын инженерийн хангамж, ашиглалтын зориулалтыг харгалзаагүй...” гэж тодорхойлон маргаж байх боловч нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн зааг хязгаар /солбицол, зааг хязгаарын зураг/-ыг баталсан хэсэгтэй маргасан, харин газрын үнэлгээ тогтоосон хэсэгтэй маргаагүй тул шүүх энэ талаар дүгнэлт хийх боломжгүй.

Тухайлбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн үндэслэл болгож буй “...Хонхор тосгоны газрын төлбөрийн хэмжээгээр 9 дүгээр бүсэд оруулан тогтоох ёстой, Скай ресорт зэрэг... газрын үнэлгээтэй ижил хэт өндөр тогтоосон” гэх үйл баримт нь маргааны зүйл болох газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн зааг хязгаар /солбицол, зааг хязгаарын зураг/-ыг баталсантай холбоогүй, харин газрын төлбөр тогтоосон асуудалтай холбогдохоор байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар нь Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолоор, аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдгийн хувьд газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн 6 дугаар бүсэд хамаарагдсан, энэ тогтоолтой маргаагүй ба уг тогтоолыг үндэслэн Баянзүрх дүүргийн 6 дугаар бүсийн зааг хязгаар /солбицол, зааг хязгаарын зураг/-ыг баталсан хариуцагчийн шийдвэрийн улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй тул Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7-д заасан “Аялал, жуулчлалын зориулалтаар ашиглаж байгаа газрын төлбөрийг тухайн тойргийн хамгийн ойр орших хот, тосгон, бусад суурины газрын төлбөрийн хэмжээтэй адилтгаж тооцно” гэсэн заалтыг тухайн тохиолдолд хэрэглэхгүй.

 Нэхэмжлэгч нараас хариуцагч захиргааны хэм хэмжээний акт гаргахдаа “нөлөөллийн шинжилгээ хийгээгүй” гэж маргасны тухайд, Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Захиргааны хэм хэмжээний актын төсөл бэлтгэх ажиллагааг тухайн актыг гаргах эрх бүхий захиргааны байгууллага зохион байгуулна”, 61.4-д “Захиргааны хэм хэмжээний актын төслийг бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээг энэ хуулийн 61.6-д заасан аргачлалын дагуу хийж, түүнд дараах нөхцөл байдлыг тусгаж, танилцуулга бэлтгэнэ”, 61.5-д “Энэ хуулийн 61.4-т заасан нөлөөллийн шинжилгээ гэж тухайн захиргааны хэм хэмжээний актын эдийн засаг, нийгмийн амьдралд үзүүлэх нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан судалж, тооцоолох цогц үйл ажиллагааг ойлгоно”, мөн зүйлийн 61.6-д Нөлөөллийн шинжилгээ хийх аргачлалыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж тус тус заажээ.

Хариуцагч захиргааны байгууллага тухайн хэм хэмжээний актыг батлан гаргахын өмнө Баянзүрх дүүргийн нийт хороодын иргэний танхимаар дамжуулан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж улмаар өөрийн байгууллагын цахим хуудсаар нийтэд мэдээлсэн болох нь хэрэгт цугларсан хэлэлцүүлгийн тэмдэглэлүүд бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нараас уг хэлэлцүүлгийн талаар бидэнд мэдэгдээгүй, бидний оролцоог хангаагүй гэж маргаж байх боловч дээр дурдсан мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д “Захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авна, 62.2-т “Нийтийн ашиг сонирхол, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тохиолдолд захиргааны хэм хэмжээний актын төсөлд нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцох боломжоор хангах бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг заавал хийнэ” гэж заасантай нийцсэн, тухайлбал, хэлэлцүүлэгт оролцсон иргэд “хэм хэмжээний актын төслийг дэмжихгүй” гэж саналаа илэрхийлсэн, эсрэг саналтай иргэд гарын үсэг зурахгүй гэж тайлбар бичиж үлдээсэн зэргээс үзвэл нөлөөллийн шинжилгээ хийгээгүй гэх үндэслэлгүй, хэлэлцүүлэгт оролцох нэхэмжлэгч нарын эрх нээлттэй байжээ гэж шүүх дүгнэв.

Иймд хариуцагч захиргааны байгууллагаас өөрт хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд батлан гаргасан хэм хэмжээний актын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

            Хоёр. Нэхэмжлэгч “ЭЭЭЭ” ХХК, иргэн Д.Э, “Б” ХХК, “Э” ХХК-иудаас гаргасан “...25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” шаардлагын тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д захиргааны үйл ажиллагаанд “хууль ёсны итгэлийг хамгаалах” тусгай зөрчим үйлчлэхээр, хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгохоор, харин энэ хуулийн 48.2-т заасан тохиолдол үүсвэл захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдийн итгэл хамгаалагдахгүй, иргэн, хуулийн этгээдэд эерэг үр дагавар үүсэхээр байсан ч уг харилцаа дууссан бол итгэл хамгаалах зарчим хэрэглэгдэхгүй гэж, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т захиргааны хэм хэмжээний акт нь тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх шаардлагатайг  тус тус заасан.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар...захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгохоор, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.6-д захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд хүн, хуулийн этгээдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болон ямар хуультай зөрчилдсөнийг нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлох шаардлагатайг, хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-д “захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох”-оор тус тус заажээ.

Хуулийн дээр дурдсан заалтуудаас үзвэл маргаж буй захиргааны хэм хэмжээний актын улмаас нэхэмжлэгч нарын эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон, хуультай зөрчилдсөн нөхцөлд шүүх уг захиргааны хэм хэмжээний актын нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг тогтоох учиртай.

Нэхэмжлэгч нар уг тогтоолын 1 дүгээр хавсралтыг илт хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7-д заасныг баримтлаагүй, хуулиас давсан зохицуулалт хийсэн, Захиргааны ерөнхий хуулийн 4.2.8 болон 60.1.2-т заасныг зөрчсөн” гэж тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч нарын шаардлагын үндэслэлээс үзэхэд хариуцагч захиргааны байгууллага тухайн захиргааны хэм хэмжээний актыг гаргахдаа Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн  3 дахь хэсгийг үндэслэсэн байх тул маргаан бүхий захиргааны хэм хэмжээний акт нь тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн” байх шаардлагыг хангасан гэж үзнэ.

Тухайлбал, хариуцагчид хуулиар тусгайлан олгосон эрхийн хүрээнд уг тогтоолыг гаргасны дээр нэхэмжлэгч нарын ашиглаж буй газруудыг Засгийн газрын тогтоолоор 6 дугаар бүсэд хамааруулсан тул “хуулиас давсан зохицуулалт хийсэн” гэх үндэслэлгүй,  хуультай зөрчилдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул илт хүчин төгөлдөр бус болохыг тогтоох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн зааг, хязгаар /солбицол, газрын зааг хязгаарын зураг/-ийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсэг нь хариуцагч захиргааны байгууллагын хуулиар тусгайлан олгосон эрхийн хүрээнд гарч захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд зохих журмын дагуу бүртгэгдсэн, хууль зүйн үндэслэл бүхий акт байх бөгөөд уг актын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж шүүх дүгнэв.

Иймд эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын “д”, Газрын төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1, 6 дугаар зүйлийн  3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч иргэн Д.Э, “Э” ХХК, “Б” ХХК, “Э” ХХК, “Э” ХХК, “Т” ХХК, “ЭЭЭЭ” ХХК-иудаас гаргасан, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн зааг, хязгаар /солбицол, газрын зааг хязгаарын зураг/-ийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. “Ж” ХХК, “Жа” ХХК-иуд нь шүүхээс тогтоосон нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах хугацаанд нэхэмжлэлээ дэмжиж ирүүлээгүйг, иргэн О.Бнь өөрийн газар ашиглах эрхээ Т ХХК-д шилжүүлснээр тэрээр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд болсон үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан тул шүүх уг татгалзлыг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосныг тус тус дурдсугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  108  дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Н.ДУЛАМСҮРЭН

                        ШҮҮГЧ                              Г.МӨНХТУЛГА

ШҮҮГЧ                            Б.МӨНХ-ЭРДЭНЭ