Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2024/0529

 

“М м э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

 

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн: шүүгч З.Ганзориг

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б

 

Нэхэмжлэгч: “М м э” ХХК /РД:4399013/

Хариуцагч: “Тавантолгой түлш” ХХК

Гуравдагч этгээд: “С о” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Т т” ХХК-ийн үнэлгээний хорооны 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 041/3 дугаар дүгнэлтийн “С о” ХХК-ийн ирүүлсэн тендер нь хамгийн бага харьцуулах үнэтэй, хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзсэн дүгнэлтийг хууль бус байсан болохыг тогтоолгох, “М м э” ХХК-ийн ирүүлсэн тендер нь хамгийн сайн үнэлэгдсэн тендер байсан болохыг тогтоолгох, “Тавантолгой түлш” ХХК, “С о” ХХК нарын хооронд байгуулагдсан 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ТТТХХК/202301041 дугаартай Тоос шорооноос хамгаалах хошуувч худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ учир хууль бус байсан болохыг тогтоолгох”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2024/0515 дугаар шийдвэр

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа

Хэргийн индекс: 128/2023/0516/з

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “М м э” ХХК-аас “Тавантолгой түлш” ХХК-д холбогдуулан “Тавантолгой түлш” ХХК-ийн үнэлгээний хорооны 05 дугаар сарын 12-ны өдрийн 041/3 дугаар дүгнэлтийн “С о” ХХК-ийн ирүүлсэн тендер нь хамгийн бага харьцуулах үнэтэй, хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзсэн дүгнэлтийг хууль бус байсан болохыг тогтоолгох, “М м э” ХХК-ийн

ирүүлсэн тендер нь хамгийн сайн үнэлэгдсэн тендер байсан болохыг тогтоолгох, “Тавантолгой түлш” ХХК, “Ст о” ХХК нарын хооронд байгуулагдсан 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ТТТХХК/202301041 дугаартай Тоос шорооноос хамгаалах хошуувч худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ учир хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2024/0515 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн /2005 он/-ийн 12 дугаар зүйлийн 12.1, 15 дугаар зүйлийн 15.3, 15.3.1, 15.3.2 дахь хэсэг, Стандартчлал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “М м э” ХХК-ийн гаргасан “Тавантолгой түлш” ХХК-д холбогдуулан “Тавантолгой түлш” ХХК-ийн үнэлгээний хорооны 05 дугаар сарын 12-ны өдрийн 041/3 дугаар дүгнэлтийн “Соёмбот оргил” ХХК-ийн ирүүлсэн тендер нь хамгийн бага харьцуулах үнэтэй, хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзсэн дүгнэлтийг хууль бус байсан болохыг тогтоолгох, “М м э” ХХК-ийн ирүүлсэн тендер нь хамгийн сайн үнэлэгдсэн тендер байсан болохыг тогтоолгох, “Тавантолгой түлш” ХХК, “С о” ХХК нарын хооронд байгуулагдсан 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ТТТХХК/202301041 дугаартай Тоос шорооноос хамгаалах хошуувч худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ учир хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

3.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 он/-ийн 12 дугаар зүйлийн 12.3-т “Энэ хуулийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн тогтоосон чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тендерээс татгалзаж, энэ тухай тендер ирүүлсэн этгээдэд бичгээр мэдэгдэнэ” гэж заасан бөгөөд энэ хуульд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг “С о ХХК-ийн ирүүлсэн тендер хангаагүй байхад шаардлага хангасан, “хамгийн сайн” тендер гэж үзсэн нь хуульд нийцэхгүй юм.

3.2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй, тодруулбал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлээгүй, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т заасныг болон холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн учир дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

3.3. Тендерийн баримт бичгийн ТШЗ 18.6.8-д “барааны үзлэг, туршилт баталгаажуулалтын акт ирүүлнэ” гэж заасны тухайд: тендерийн баримт бичгийн ТШЗ 18.6.8-д "Техникийн чадавх болон туршлагын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангахыг нотлох бусад баримт “Шаардана” гэж заагаад үүн дотроо 2 дахь хэсэгт “Барааны үйлдвэрлэгчийн болон барааны гарал үүслийн гэрчилгээ, үйлдвэрлэгчийн чанарын стандартын сертификат, үзлэг, туршилт баталгаажуулалтын акт зэргийг баталгаажуулан ирүүлнэ” гэж шаардсанаас “С о” ХХК үзлэг, туршилт баталгаажуулалтын акт ирүүлээгүй байдаг ба үүнтэй маргадаггүй. Нэхэмжлэгч талаас үзлэг, туршилт баталгаажуулалтын акт гэж тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх явцад хийгддэг талаар тайлбарлахад үүнийг хариуцагчаас хүлээн зөвшөөрдөг.

Мөн нэхэмжлэгч компаниас үүнтэй холбоотой баримт ирүүлсэн болохыг ч хүлээн зөвшөөрдөг атлаа “С о" ХХК-аас ирүүлээгүй байхад шаардлага хангасан тендер гэж үзсэн хуульд нийцэхгүй.

Анхан шатны шүүх "хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан...дотоодын үйлдвэрлэгч компанийн хувьд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн шинжилгээний дүн, Стандарт хэмжил зүйн газрын тохирлын гэрчилгээгээр ирүүлснээр хүлээн авч шаардлага хангасан гэж үздэг гэж тайлбарласныг үндэслэлтэй гэж үзлээ" гэж дүгнэдэг бөгөөд шүүх хариуцагчийн хууль зүйн үндэслэлгүй дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн нь буруу юм. Учир нь дээрх лабораторийн шинжилгээний дүн, тохирлын гэрчилгээ нь үйлдвэрээс гарсан буюу тухайн шинжилгээнд ирүүлсэн бүтээгдэхүүнд хамааралтай байх ба үйлдвэрлэлийн явц буюу үйлдвэрлэгдэж байхдаа технологийн алдаа, дутагдал гарч байгаа эсэх, эсхүл гарахгүй байгаа эсэх зэрэг шаардлагатай зүйлсийг үзлэг, туршилтаар тодорхойлогдоно гэж үзэж байгаа иймдээ ч хариуцагч тендерийн баримт бичгээрээ шаардсан байна.

Түүнчлэн тендерт оролцсон “П э с” ХХК, “Л б” ХХК нарыг тус тус үзлэг, туршилтын баталгаажуулалтын акт ирүүлээгүй үндэслэлээр шаардлагад нийцээгүй тендер гэж үзсэн байдаг. Үнэлгээний хорооны 2023.05.12-ны өдрийн 041/3 дугаартай хурлын тэмдэглэлд тодорхой дурьдагдсан байхад анхан шатны шүүх дүгнэлт хийхгүйгээр хууль зүйн үндэслэлгүй хариуцагчийн тайлбарыг үндэслэсэн. Хэрэв хариуцагч тендерийн баримт бичгээрээ шаардсан бол тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоо хэрэгжүүлсэн бол "Монгол маск эрдэнэт" ХХК-ийн ирүүлсэн тендер нь хамгийн сайн гэж үнэлэгдэх байсан.

3.4. Тендерийн баримт бичигтээ харилцагч банкнаас хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүүгийн өр, төлбөргүй талаарх тодорхойлолтыг ирүүлнэ гэж заасан тухайд: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /2005/ хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.1-т "харилцагч банкны мэдэгдэл", Тендерийн баримт бичгийн ТШЗ 18.2.5-ын 2 дахь хэсэгт "харилцагч банкнаас хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүүгийн өр, төлбөргүй талаарх тодорхойлолтыг ирүүлнэ" гэж заасан ба "С о" ХХК-иас зөвхөн Голомт банкнаас тодорхойлолт ирүүлсэн нь тус шаардлагад нийцэхгүй. Учир нь тус компани бусад байгууллагуудтай гэрээ байгуулахдаа Хас банкны данс бичсэн байдаг ба дээрх хууль болон тендерийн баримт бичигт заасан нь харилцаж байгаа бүх банкнаас шаардсан хуулийн нөхцөл байдаг.

Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг дүгнэдэг атлаа "С о" ХХК-ийг шалгаруулсан захиргааны актын зорилго биелэгдсэн учраас одоо шүүхээс буруутгах нь хууль зүйн үр дагавар авчрахгүй болно гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь хэсэгт “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж заасан бөгөөд шүүх шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй юм. Уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нэлээдгүй удаашралтай явагдсан бөгөөд захиргааны актыг хүчингүй болгуулах шаардлага гаргасны дараа худалдан авалт хийгдэж дууссан бөгөөд үүнтэй талууд маргадаггүй, холбогдох бусад баримт байгаа болно. Иймд нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа эрх ашиг сонирхол байгаа учир “хууль бус байсан болгохыг тогтоолгох” гэж өөрчлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан байдаг. Мөн хууль бус актыг үндэслэж гэрээ байгуулагдсан, улмаар уг гэрээ мөн биелэгдсэн тул маргаан бүхий актыг дагалдаж гарсан гэрээг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй юм.

3.5. “С о” ХХК-ийн 2022 оны тайлагнасан борлуулалтын орлого нь гэрээ болон гүйцэтгэл зөрсөн тухайд: “С о” ХХК нь 2022 оны санхүүгийн тайлангийн борлуулалтын орлогоо 596,591,452 төгрөг гэж тайлагнасан байдаг бөгөөд бусад баримтаас буюу ТШЗ 18.6-д ижил төстэй гэрээний туршлага шаардсаны дагуу ирүүлсэн гэрээнүүдийн үнийн дүн 1,029,217.02 төгрөгийн зөрүүтэй байдаг. Гэтэл анхан шатны шүүх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 0114 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн МА/2024/0252 дугаар магадлал хүчин төгөлдөр болсон ба татварын улсын байцаагчаас 2022 оны санхүүгийн тайланг хүлээн авсан, татварын алба тус гаргасан санхүүгийн тайланг буруутгаагүй, эсхүл хуурамч гэж үзээгүй, дүгнээгүй байхад өөр бусад этгээдээс хуурамч гэж дүгнэх эрх зүйн боломжгүй гэж дүгнэсэн үйл баримт тогтоогдлоо гэж дүгнэдэг.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн МА/2024/0252 дугаар магадлалын 4 дэх нүүрний 8 дахь дүгнэлтэд “Өөрөөр хэлбэл тендерт оролцогчийн ирүүлсэн мэдээлэл алдаатай, зөрүүтэй байх нь тендерийн баримт бичигт заасан шаардлага хангасан эсэхэд хамааралтай...” гэж дүгнэсэн байдаг ба анхан шатны шүүх дүгнэлт хийх ёстой байсан.

Учир нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т "Аж ахуй нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлийн дараах зарчмыг баримтална:" 5.1.4-т "үнэн зөв байх" гэж заасан бөгөөд Санхүүгийн тайлан нь үнэн зөв байх ба гүйцэтгэх удирдлага тайлангийн үнэн зөвийг хариуцдаг. Мөн аудитын байгууллага нь хөндлөнгийн байх ёстой байхад хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай /2005/ хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдэд ерөнхий, санхүүгийн, техникийн чадавхи болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадална", мөн хуулийн 15 дугаар зүйлд Санхүүгийн чадавхийг үнэлэх талаар заасан байх ба мөн зүйлийн 15.3.2-т "тендерт оролцогчийн баталгаажуулсан санхүүгийн тайлан, шаардлагатай бол аудитын дүгнэлтийн хамт" гэж, "Тавантолгой түлш” ХХК нь Тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.3-т 2020, 2021, 2022 оны санхүүгийн тайлан болон аудитын дүгнэлтийг шаардсан байдаг ба уг баримтаас 3 жилийн борлуулалтын орлого болон бусад шаардлагатай мэдээллийг шалгана гэж дурдсан байдаг.

Дээрхээс харахад тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хууль болон тендерийн баримт бичгээр холбогдох баримтыг шаардаж байгаа нь холбогдох баримт бичиг үнэн зөв, зөрүүтэй эсэхийг хянан үзэж магадлахыг хариуцагчид үүрэг болгосон зохицуулалт байна.

3.6. Татвартай холбоотой асуудлын тухайд: Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд зааснаар аж ахуй нэгж нь орлогоо зөв тайлагнан, татвараа төлөх үүрэгтэй байдаг. Хэдийгээр татварын өр 0 гэж лавлагаанаас харагддаг ч бодит орлогоо үнэн зөв тайлагнаагүй учраас татварын өр төлбөрийн асуудал нь үнэн зөв лавлагaaгaap харагдахгүй юм. Ийм илт зөрүүтэй нөхцөл байдлыг үнэлгээний хороо хянах үүргээ биелүүлээгүй байдаг.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 он/-ийн 27 дугаар зүйлийн 27.3-т “тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж заасан бөгөөд гуравдагч этгээдийн ирүүлсэн тендер хууль, тендерийн баримт бичигт заасан нөхцөл, шаардлагыг хангахгүй байгаа учир тендер хянан үзэх шатанд хасагдах ёстой байсан бөгөөд шаардлагад нийцсэн тендерийг үнэлгээний шатанд оруулах хууль зүйн зарчимтай юм.

 

3.7. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол байхгүй гэж үзсэн бөгөөд анхан шатны шүүх хуралдаан болон нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа нэхэмжлэгч талаас тодорхойлж байсан. Тодруулбал нэхэмжлэгчийн хувьд гэрээ байгуулж, бараагаа нийлүүлэх нь гол хүсэл зориг бөгөөд тендерийн гэрээтэй холбогдуулан нэхэмжлэгч маргах эрхтэй, мөн нэхэмжлэгчийн хувьд маск үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлдэг, цаашид тоос шорооноос хамгаалах хошуувч нийлүүлэх тендерт оролцох эрхтэй учир Үнэлгээний хорооны шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянуулж буруу эсхүл зөв болохыг тогтоолгосноор дараагийн тендер шалгаруулалтын үйл ажиллагаа алдаагүй, зөв хэрэгжих, нөхцөл бүрдэх боломжтой юм.

3.8. Түүнчлэн анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч талаас гаргах тайлбар дээр хязгаарлалт тогтоож байснаа гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хязгаарлалт тогтоохгүйгээр тайлбар гаргуулж байсан нь шүүх хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

4. Хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

3. Нэхэмжлэгч “М м э” ХХК-иас “Тавантолгой түлш” ХХК-д холбогдуулан “Тавантолгой түлш” ХХК-ийн үнэлгээний хорооны 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 041/3 дугаар дүгнэлтийн “С о” ХХК-ийн ирүүлсэн тендер нь хамгийн бага харьцуулах үнэтэй, хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзсэн дүгнэлтийг хууль бус байсан болохыг тогтоолгох, “М м э” ХХК-ийн ирүүлсэн тендер нь хамгийн сайн үнэлэгдсэн тендер байсан болохыг тогтоолгох, “Тавантолгой түлш” ХХК, “С о” ХХК нарын хооронд байгуулагдсан 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ТТТХХК/202301041 дугаартай Тоос шорооноос хамгаалах хошуувч худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ учир хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг гаргасан бөгөөд шаардлагын үндэслэлээ “... “С о” ХХК нь тендерийн баримт бичгийн ТШЗ 18.2.5, 18.3, 18.6, 18.6.8-д заасан холбогдох шаардлагыг хангахгүй буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 он/-ийг зөрчиж байхад ирүүлсэн тендерийг нь “хамгийн сайн” үнэлэгдсэн гэж үзсэн нь үндэслэлгүй,нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэж тайлбарлан маргажээ.

4. Анхан шатны шүүх “...“С о” ХХК-ийг тендерт оролцох хязгаарлалттай этгээдээр бүртгэсэн Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаар тушаалыг хүчингүй болгосон захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон; захиалагч “Тавантолгой түлш” ХХК болон Үнэлгээний хороо нь тендер шалгаруулалт явуулахдаа шударга өрсөлдөөнийг хязгаарласан, талуудын тэгш байдлыг алдагдуулсан, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй; “С о” ХХК тоос шорооноос хамгаалах амны хаалтыг нэгэнт нийлүүлээд дуусчихсан үед “М м э” ХХК нь маргаан бүхий захиргааны актыг хууль бус байсан болохыг тогтоолгох шаардлагын хүрээнд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа гэдгийг нотолж чадаагүй” гэх дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

5. Хэрэгт цуглуулсан нотлох баримтаас үзэхэд, “Тавантолгой түлш” ХХК-иас зарласан ТТТХХК/202301041 дугаартай Тоос шорооноос хамгаалах хошуувч худалдан авах хялбаршуулсан цахим тендерт “М м э” ХХК, “С о” ХХК нарын 15 компани тендер ирүүлснийг Үнэлгээний хороо хянаад тус хоёр хуулийн этгээдийг л шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн гэж дүгнэсэн бол  “С о” ХХК нь 1,036,600,000 төгрөгийг үнийн санал гаргаснаар хамгийн бага харьцуулах үнэтэй “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж дүгнэн, тус компанийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон бол 1,363,750,000 төгрөгийн үнийн санал гаргасан “М м э” ХХК-ийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерт оролцогчоос их харьцуулсан үнэтэй гэх үндэслэлээр тус тендерээс татгалзаж шийдвэрлэсэн.

6. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 он/-ийн 12 дугаар зүйлийн 12.1-д “12.1.Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавхи болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадлана.”, 15 дугаар зүйлийн 15.1-д “Захиалагч тендерт оролцогчоос гэрээний үүргийн биелэлтийг хангах санхүүгийн чадавхитайгаа баталсан нотолгоо ирүүлэхийг шаардаж болно.”, 15.3-д “Санхүүгийн чадавхийг дараахь баримт бичгээр нотолж болно:”, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11-д ““тохирлын гэрчилгээ” гэж бүтээгдэхүүн нь тогтоосон шаардлагад нийцсэнийг тодорхойлсон баримт бичгийг /хэлнэ/” гэж тус тус заасан бөгөөд анхан шатны шүүхээс дээрх зохицуулалтыг маргааны үйл баримтад холбогдуулан зөв тайлбарлан хэрэглэжээ. Тухайлбал,

6.1. Тендерийн баримт бичгийн ТШЗ 18.6.8 заалтын 2-т “Барааны үйлдвэрлэгчийн болон барааны гарал үүслийн гэрчилгээ, үйлдвэрлэгчийн чанарын стандартын сертификат, үзлэг, туршилт баталгаажуулалтын акт зэргийг баталгаажуулан ирүүлнэ” гэж заасан ба “С о” ХХК-ийн хувьд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын 2023-431 дугаартай эм шинжлэх лабораторийн шинжилгээний дүн, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагааны 22-363 бүртгэлийн дугаартай шинжилгээний дүн, Стандарт, хэмжил зүйн газрын УБД222 дугаартай тохирлын гэрчилгээ зэргийг тендерийн баримт бичигт хавсаргаж ирүүлснийг Үнэлгээний хороо нь шаардлагад нийцсэн гэж дүгнэсэн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт өгчээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “… тендерт оролцсон “П Э С” ХХК, “Л б” ХХК-ийг үзлэг, туршилт баталгаажуулалтын акт ирүүлээгүй үндэслэлээр шаардлагад нийцээгүй тендер гэж үнэлсэн” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “… энэ шаардлага импортоор бүтээгдэхүүн нийлүүлэх компанид илүүтэй чиглэсэн, харин дотоодын үйлдвэрлэгч нарт энэ шаардлага хамаарахгүй” гэж тайлбарласныг Үнэлгээний хорооны 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 041/3 дугаартай хурлын тэмдэглэл, үнэлгээний хуудас зэрэгтэй хамтатган үзвэл “П Э С” ХХК, “Л б” ХХК-иуд нь Монгол Улсын гарал үүсэлтэй бус бараа нийлүүлэхээр мэдүүлсэн байх тул хариуцагчийн тайлбарыг буруутгах боломжгүй юм.

6.2. Тендерийн баримт бичгийн ТШЗ 18.3-д заасан тендерт оролцогчийн санхүүгийн чадавхийг хянан үзэхтэй холбоотой сүүлийн 3 жилийн санхүүгийн тайлангийн хувьд, тендерт тайлан хавсарган ирүүлэх шаардлагагүй, харин захиалагч нь эрх бүхий байгууллагын цахим системээр шалгахаар тусгасан байна.

Үнэлгээний хороо дээрх зарчмын дагуу тендерт оролцогчдын санхүүгийн тайланг хянаж, “С о” ХХК-ийг шаардлага хангасан гэж дүгнэсэн болох нь хурлын тэмдэглэл, үнэлгээний хуудсаар тодорхойлогдож байх тул Татварын ерөнхий газрын цахим лавлагаанд үндэслэж гаргасан шийдвэрийг буруутгахгүй.  

6.3. Тендерийн баримт бичгийн ТШЗ 18.6-д заасан ижил төстэй гэрээний туршлагын хувьд сүүлийн 3 жилийн аль нэг жилд батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй барааг доод тал нь нэг удаа нийлүүлсэн байх шаардлагын тухайд, нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй талаар шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 3.8-3.16-д үндэслэл бүхий дүгнэлт өгсөн учир нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын энэ үндэслэлийг мөн хүлээн авсангүй.

6.4. Тендерийн баримт бичгийн ТШЗ 18.2.5 заалтын 2-т “Харилцагч банкнаас хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүүгийн өр, төлбөргүй талаарх тодорхойлолтыг ирүүлнэ” гэж заасан нь тендерт оролцогчийн хувьд харилцах, хадгаламжийн данс эзэмших, зээлийн харилцаа үүсгэх зэргээр аливаа хэлбэрээр харилцдаг бүх арилжааны банкны тодорхойлолт ирүүлэхийг шаардсан агуулгатай болох нь маргаангүй.

Гагцхүү нэгэнт тендер шалгаруулалт явагдаж, “С о” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, гэрээг дүгнэсэн акт үйлдсэн болох нь тогтоогдож байгаа нөхцөлд, нэхэмжлэгчийн гаргасан гэрээг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

7. Тендер шалгаруулалт нь тендер зарлахаас эхлээд гэрээ байгуулах хүртэл үргэлжлэх харилцан хамааралтай, цогц үйл ажиллагаа учраас Үнэлгээний хорооны шийдвэрийн дагуу эрх олгосноор байгуулсан гэрээ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгжсэн тохиолдолд захиргааны актын адил түүнийг хууль бус байсан болохыг үргэлжлүүлэн тогтоох нэхэмжлэл гаргах боломжтой.

Гэвч энэ тохиолдолд тийнхүү хууль бус байсан болохыг тогтоох “онцгой ашиг сонирхол” нэхэмжлэгчид байх урьдчилсан нөхцөлийг захиргааны актын нэгэн адил шаардана.

8. Нэхэмжлэгчийн хувьд онцгой ашиг сонирхол байх гэдэг нь шүүхийн шийдвэр түүнд тодорхой хэмжээгээр эрхийн хамгаалалт үзүүлэх боломжтой байх агуулгыг илэрхийлэх бол нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан “… Үнэлгээний хорооны шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянуулж, буруу эсхүл зөв болохыг тогтоолгосноор дараагийн тендер шалгаруулалтын үйл ажиллагаа алдаагүй, зөв хэрэгжих, нөхцөл бүрдэх боломжтой” гэх агуулгатай тайлбар нь “Монгол маск эрдэнэт” ХХК-ийн хувьд тухайн гэрээг хууль бус байсан болохыг тогтоолгох онцгой ашиг сонирхлыг илэрхийлэхгүй.

9. Анхан шатны шүүх дээрх байдлаар хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэхээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн эрхлэн явуулсан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2024/0515 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-дзаасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авснаас хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                          ШҮҮГЧ                                                                   Г.БИЛГҮҮН

 

 

                          ШҮҮГЧ                                                                     Д.ОЮУМАА

 

 

  ШҮҮГЧ                                                                     З.ГАНЗОРИГ