Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2019/ДШМ/854

 

 

 

 

 

 

  2019          8           22                                        2019/ДШМ/854

                                                       

Б.Тд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Цогтгэрэл,

шүүгдэгч Б.Т,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 641 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Тын өмгөөлөгч Б.Чинбат нарын гаргасан давж заалдах гомдлоор Б.Тд холбогдох 1909026800616 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Б.Т, 1998 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Отгонтэнгэр их сургуулийн 2 дугаар дамжааны оюутан, “Амно” ХХК-д гэрээгээр туслах ажилтан ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 2-В байрны 1 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:УС98122810/;

            Б.Т нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Драмын театраас 2018 оны 6 дугаар сарын дундуур таксинд суухдаа иргэн Н.Э нь “Айфоне-6” загварын гар утсаа гээгдүүлснийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас түүнд бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Тыг бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулж, шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбат гаргасан давж заалдах гомдолдоо: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээ нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээ нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа дууссанд тооцно”, мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй” гэж тус тус заасан байна.

            ...Б.Т нь 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тухайн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр дууссан байхад анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч шүүгдэгч Б.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн учир 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй. Мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина. Мөн хуулийн 1.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсад хүн бүр хууль шүүхийн өмнө эрх, тэгш байна. Мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, 1.2 дахь хэсэгт заасан “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” гэсэн хуулийн заалтуудыг ноцтой зөрчжээ.

            Учир нь, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд прокурорын байгууллагаас өөрийн үзэмжээр болон захиалгаар, эсвэл хувийн ашиг сонирхлын үүднээс дараах 3 шийдвэрийн аль нэгийг нь сонгож хэрэглэх эрхтэй болжээ гэсэн эргэлзээг төрүүлж байна. Прокурор гэм буруутай этгээдийг ямар нэгэн шалтаг, шалтгаанаар яллагдагчаар татахгүй мөрдөн шалгах ажиллагааны шатанд байлгаж байгаад яллагдагчаар татах хугацаа нь дуусвал тухайн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан үндэслэлээр хэргийг нь прокурорын шатанд хэрэгсэхгүй болгож болно. Гэм буруутай этгээд хуулийн байгууллагад сайн дураараа очоод, үйлдсэн хэргээ үнэн зөв мэдүүлэн, бусдад учруулсан хохирол, хор уршгаа арилгах явцад прокуророос яллагдагчаар татсан тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байсан ч хамаагүй хэргийг ердийн журмаар шүүхээр шийдвэрлэж, ял шийтгэл оногдуулна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар татсан ч гэсэн хөөн хэлэлцэх хугацаа нь дуусвал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй” гэсэн 3 шийдвэрийн аль нэгийг нь прокурор өөрийн үзэмжээрээ гаргах эрхтэй болсон юм байна гэсэн эргэлзээг төрүүлж байна.

            ...Б.Т нь 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн боловч тухайн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр дууссан байхад прокуророос яллах дүгнэлт гардуулах, хэргийг шүүхэд шилжүүлэх зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа үйлдэл нь өөрөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй” гэсэн хуулийн заалтыг зөрчжээ.

            Хэргийг нэгэнт шүүхэд шилжүүлсэн тохиолдолд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг ердийн журмаар шийдвэрлэхдээ гэм буруугийн асуудлыг хэлэлцээд, хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан үндэслэлээр ял шийтгэл оногдуулахгүй, хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой байсан. Иймд миний үйлчлүүлэгч Б.Тд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэжээ.

            Шүүгдэгч Б.Т “Тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй.” гэв.

            Прокурор Г.Цогтгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлтэй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 641 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн зарим хэсэгт өөрчлөлт оруулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Учир нь хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас 10 хоногийн дараа түүнийг гэм буруутайд тооцож ял оногдуулжээ. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулах саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Б.Т нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Драмын театраас 2018 оны 6 дугаар сарын дундуур таксинд суухдаа иргэн Н.Э нь “Айфоне-6” загварын гар утсаа гээгдүүлснийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас түүнд бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Н.Эын “...Би 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Улсын драмын театрын гадаа такси барьж, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, “Грин Вилла” хотхонд хүргүүлэн буугаад ... гэртээ орсон хойноо гар утас алга болсныг мэдсэн. Миний гар утасны аппел аядигаар нь харахад 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр 99959944 гэсэн дугаарын хэрэглэгч хэрэглээд байгаа мэдээлэл гарч ирсэн учраас цагдаагийн байгууллагад хандсан. ...” /хх 9-10/,

шүүгдэгч Б.Тын “...Манай нагац ах Өлзийбаяр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Драмын театрын орчмоос гар утас олсон гээд машиндаа байлгаад байсан. Тухайн үед мөнгөний хэрэгцээ гараад ... түр хугацаанд 900.000 төгрөгийн барьцаанд тавьсан. ...Манай гэрт ажил явдал гараад яаралтай мөнгөний хэрэг гарсан учраас ахын машинд байсан гар утсыг түр хугацаанд барьцаанд тавьсан. ...Тэр утсыг барьцаанд тавьсан мөнгийг ажил явдалд хэрэглэсэн. Би барьцаат зээлдүүлэх газарт ямар нэгэн мөнгө өгөөгүй мөнгийг нь өгөхөө мартсан байсан. ...Би гар утсыг нь аваад хүнд нь эргүүлэн өгч хохирлыг барагдуулах болно. ...” /хх 14-15 /,

гэрч Б.Түмэндэмбэрэлийн “...Тухайн гар утсыг 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 17 цаг 30 минутад УС98122810 регистрийн дугаартай Бат-Эрдэнэ овогтой Б.Т гэх хүн манай байгууллагаар үйлчлүүлж, 900.000 төгрөгийн барьцаанд тавиад ... төлбөр тооцоогоо хийлгүй орхиж явсан. Б.Т гэх хүн манай байгууллагаар үйлчлүүлэхдээ 95281228 гэсэн буцаж холбогдох утас бичиж үлдээсэн байна. Тухайн утас барьцаанд тавьсан гэрээний дагуу 2018 оны 07 дугаар сарын 09~ний өдөр хүртэл хүлээгээд хугацаа дууссан учраас зарагдсан. ...” /хх 12/,

гэрч О.Өлзийбаярын “...Уг утсыг би 2018 оны 6 дугаар сарын дундуур Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Драмын театрын орчмоос олсон. Тэгээд машиндаа байлгаж байхад манай дүү Б.Т түр өгч байгаач гэж хэлээд авсан. Гэхдээ Б.Т надаас авсан гар утсаа ломбардад тавьсан талаар мэдээгүй. ...” /хх 13/ гэх мэдүүлгүүд, шүүгдэгч Б.Тулын “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” хүсэлт /хх 46/, “Арвижих” барьцаат зээлдүүлэх газрын баримтын хуулбар /хх 11/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 34-35/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас дүүргийн прокурорын газраас Б.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Б.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон торгуулийн ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй.” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “...энэ хуулийн тусгай ангид зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэж “хөөн хэлэлцэх хугацааг” тогтоон хуульчилсан байх бөгөөд анхан шатны шүүхээр хэрэг хянан хэлэлцэхэд Б.Тд холбогдох гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болголгүйгээр шийдвэрлэжээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Тд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацаа мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр дууссан байхад прокурор яллах дүгнэлт үйлдэж, улмаар шүүх шийдвэрлэсэн буруу болжээ.

Иймд Б.Тд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбатын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Сүхбаатар дүүргийн прокурорын газар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа яллах дүгнэлт үйлдэхдээ 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 607 дугаартай яллах дүгнэлт /хх 54-55/-ийн тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтад яллагдагчийн нэрийг “П.Т” гэж, эрүүгийн хэргийн дугаарыг “1909018530603” гэж, яллах дүгнэлтийн хавсралтад яллагдагчийн нэрийг У.Нямбаяр гэж, мөн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 641 дугаартай шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт /хх 71/-д “...Ч.А-т холбогдох ...” гэж тус тус хайнга, хариуцлагагүй алдаа гаргасныг анхааруулан, буруу бичсэн байна зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 641 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Б овгийн Б.Тд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн нэмэлт заалтыг оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4 дэх заалтыг тус тус хүчингүй болгож,  бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                                        М.ПҮРЭВСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ