Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/762

 

 

 

 

 

 

 

 

 

    2022           10          13                                   2022/ШЦТ/762

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Ц.Сэргэлэнбаатар

шүүгдэгч *******-

хохирогч Н.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******-ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2205020962017 дугаартай эрүүгийн  хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, *******-.  

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч  *******- нь 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гурвалжин барилгын материалын захын авто зогсоол дээр автомашины зогсоолоос үүдэн хохирогч Н.Б-той маргалдаж улмаар толгой, ам хэсэгт гараараа цохиж түүний биед дээд уруулд цус хуралт, зүүн дээд 2-р шүдний сулрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч *******- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******- “ Хүний биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа. Мөрдөн байцаалтанд болсон үйл явдлын талаар үнэн  зөв мэдүүлсэн тул шүүхэд нэмж мэдүүлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Б- “ Шүдээ эмчлүүлмээр байна. Эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгээгүй байгаа. Шүд зүгээр болгоод өгчихвөл *******-ад гомдоод байх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг

 

Гурав: Эрүүгийн 2205020962017  дугаартай хэргээс:

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Б-ын хохирогчоор өгсөн: “Миний бие 2012 оноос хойш Гурвалжин барилгын материалын орчим хувиараа барилгын ажил хийгээд ажилдаг болсон бөгөөд энэ хугацаанд 2015 оноос хойш надтай адил хувиараа ажил эрхэлдэг *******- гэх хүнийг таньж мэдэх болсон юм. бид нэгнээ зүс мэдэх бөгөөд урьд өмнө нь ямар нэгэн байдлаар маргаан зодоон хийж байгаагүй хүмүүс юм. 2022 оны 6 дугаар сарын 06-нд би өөрийн эзэмшлийн 00-00 УБЛ улсын дугаартай машинаа зогсоолд байршуулах гээд *******-ад хандаад машинаа хойшлуулчих гэсэн чинь надад хандаад чадахгүй гэж хэлсэн.                                                                  Тухайн үед би өөрт нь хандаад хараалын хэдэн үг хэлсэн чинь *******- над руу хүрч ирээд намайг гартаа нэг сав барьсан байсан бөгөөд түүгээрээ машины цонхоор толгой хэсэгт нэг удаа цохисон юм. Тэгэхээр нь би яаж байгаа юм гээд гартаа бариад байсан савнаас нь бариад автал нөгөө гараараа миний ам хэсэгт нэг удаа цохисон юм. Энэ үед миний амнаас цус гараад байсан тул тэр үед нь би үүдэн шүдээ бариад үзсэн чинь нэг шүд хөдөлсөн байсан болохоор цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Удаагүй дуудлагаар ирсэн цагдаа нар бид нартай уулзаад гомдол саналаа гаргаж өг гээд наашаа хэлтэс дээр ирсэн. Би тухайн үед мэдүүлэг өгөөд явсан бөгөөд талбай харуул хийж байгаад ирж амжихгүй байсан тул нөгөөдөр ирж мэдүүлэг өгч байна. надад одоогоор баримтаар гарсан зардал байгаа бөгөөд энэ удаа авч ирээгүй байна. миний үүдэн 2 шүд хуучин байхгүй байсан бөгөөд голд нь байрлах нэг эрүүл шүдэндээ бэхэлгээ хийлгэж тогтоосон байсан бөгөөд *******- намайг цохих үед хажуугийн бэхэлгээ хийсэн эрүүл шүд маань хөдөлсөн одоо тэрийгээ эмчлүүлмээр байгаа бөгөөд өөр шүд хийлгэх зардал мөнгөө *******-аас гаргуулмаар байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал),

 

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 8218 дугаартай “Н.Б-ын биед дээд уруулд  цус хуралт, зүүн дээд 2-р шүдний сулрал  гэмтэл тогтоогдлоо. Дээрх  гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. ” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дэх тал),

 

3.  Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******-ын яллагдагчаар өгсөн: “Би Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гурвалжин зах дээр өөрийн авто машинаар ачаа зөөдөг юм аа. 2022 оны 06 дугаар сарын 06-ны өглөө 08 цагийн үед өөрийн 00-00 УАМ улсын дугаартай жижиг ачааны авто машиныг /амьжиргаа цагаан гэх/ унаад Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг гурвалжин барилгын материалын захын авто машины зогсоол дээр очиж зогссон. Би өөрийн авто машиныг ухрааж байсан чинь Н.Б- өөрийн жижиг оврын авто машинтай ирээд миний машины өмнө хааж зогссон. Би Н.Б-т хандаж “чи өөрийн авто машиныг урагш нь хөдөлгөөд өгөөч би ухрах гэсэн замын хашлага тулаад болохгүй байна” гэж хэлсэн чинь “машин барьж чадахгүй ухарч чадахгүй” гэж хэлээд машинаа хөдөлгөхгүй байсан. Би өөрийн машиныг байрлуулаад дэлгүүр орж юм аваад машин дээрээ ирсэн. Энэ үед Н.Б- надад хандаж “машин барьж чадахгүй байж машин барьж яадаг юм наад машинаа аваачиж хаяхгүй юу” гэж хэлэхээр нь би түүний мөр хэсэг рүү нь цохисон чинь Н.Б- бахь гаргаж ирээд миний хамар хэсэг рүү цохихоор нь миний уур хүрээд түүний шүд хэсэг рүү нь гараараа цохисон тэгээд цагдаад дуудлага өгсөн. Би Н.Б-ыг мэддэг болоод 6 жил болж байна. Бид хоёр гурвалжин зах дээр ачаа зөөдөг. Би дүгнэлт уншиж танилцсан дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Н.Б-ын эрүүл мэндэд би гэмтэл учруулсан. Шинжээч эмч М.Аригуунтөгсийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гаргасан №8218 дугаартай дүгнэлт уншиж танилцсан дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Хохирогч надаас эмчилгээний зардал мөнгө нэхэмжилсэн зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дах тал) зэргийг шинжлэн судлав.

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

         Дөрөв:  Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар *******-, Н.Б- нар хоорондоо автомашин хааж зогслоо гэснээс маргалдаж, улмаар шүүгдэгч *******- нь хохирогч Н.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Н.Б-ын хохирогчоор өгсөн: “...*******- над руу хүрч ирээд намайг гартаа нэг сав барьсан байсан бөгөөд түүгээрээ машины цонхоор толгой хэсэгт нэг удаа цохисон юм. Тэгэхээр нь би яаж байгаа юм гээд гартаа бариад байсан савнаас нь бариад автал нөгөө гараараа миний ам хэсэгт нэг удаа цохисон юм. Энэ үед миний амнаас цус гараад байсан тул тэр үед нь би үүдэн шүдээ бариад үзсэн чинь нэг шүд хөдөлсөн байсан болохоор цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн.” гэсэн мэдүүлэг шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 8218 дугаартай дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

          Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалттай.

 

Хэргийн хохирогч Н.Б-ын эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч *******- хохирогчийн толгой, ам хэсэгт гараараа цохисон шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэргийн шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч *******- нь 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гурвалжин барилгын материалын захын авто зогсоол дээр машины зогсоолоос үүдэн хохирогч Н Н.Б-той маргалдаж улмаар толгой, ам хэсэгт гараараа цохиж түүний биед дээд уруулд цус хуралт, зүүн дээд 2-р шүдний сулрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба хяналтын прокуророос *******-ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Тав. Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуульд заасан гэм буруугийн болон шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал дүгнэлт гаргасныг, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

 

*******-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

            Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас  учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

 

Зургаа: Бусад асуудлын талаар 

         “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хэргийн хохирогч Н.Б-ын биед учирсан хөнгөн гэмтэл бүхий эрүүл мэндийн хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд хохирогч нь хохирол, хор уршигтай холбогдох нотлох баримт гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Харин хохирогч Н.Б- өөрт учирсан хохирол, хор уршигтай холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч *******-аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй болно.

 

Хэрэгт шүүгдэгч *******- цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.4.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

                                                   

ТОГТООХ нь:         

           1. *******-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

 

             2. Шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

            3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

             4. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

             5. Хохирогч Н.Б- өөрт учирсан хохирол, хор уршигтай  холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч *******-аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

            6. *******- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдсугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

             8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ДАЙРИЙЖАВ