Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/758

 

 

 

 

 

 

 

 

 

    2022           10          13                             2022/ШЦТ/758

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Г.Ган-Эрдэнэ

шүүгдэгч *******- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005025152015 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     

          Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 0-нд Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, операторч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 0, эхнэр, 0 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо 0 тоотод оршин суух хаягтай,  урьд 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 128 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн,

2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 444 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдсэн, /РД:*************/, *******-.   

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч *******- нь 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Г.А-гийн эзэмшлийн “Readme Note 8 Pro” маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар булаан авч 530.000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч *******- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч *******- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо нөхөн төлнө. Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү.” гэсэн мэдүүлэг.

 

Гурав: Эрүүгийн 2005025152015 дугаартай хэргээс:

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.А-гийн хохирогчоор өгсөн: “...Би 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 13-р хороо 6-р байрны гадна найз Номин-Эрдэнэтэй хамт сууж байсан чинь хуучин нэг ангид хамт сурч байсан Мика гэх охин 10 гаран эмэгтэй эрэгтэй хүмүүстэй хамт бид хоёр руу хүрч ирээд Мика намайг урьд өмнө намайг зодож байсан. Цээгийг дууд гээд байсан тэр үед найзууд нь мөн над руу дайрч байсан. Би Цээгийг дуудахаар гар утсаа гаргах гэтэл нэг залуу нь миний цүнх, гар утас хоёрыг булааж аваад цаашаа яваад өгсөн. Тэр үед би Номиогийн гар утсаар ээж рүү залгаж учир байдлаа хэлээд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгч байсан. Удалгүй Номио тэд нарын ардаас яваад миний гар утас болон цүнх түрийвчийг аваад ирсэн.  Миний гар утсыг нэг залуу хүрч ирээд намайг хорооллын *******- гэдэг чи таних уу гэж орилж байгаад чи муу 17-гийн яанхан биз дээ гээд цохих гээд байхаар нь би гар утсаараа Цээгий рүү чат бичих гэхэд *******- гэх залуу миний гар утсыг булааж аваад халаасандаа хийгээд аваад явсан. Удалгүй цагдаагийн алба хаагчид ирсэн чинь тухайн залуучууд яваад өгсөн. Эхлээд авахдаа миний гар руу нэг удаа цохиод цүнх болох гар утас хоёрыг аваад явсны ардаас манай найз Номио очих үед Микад өгсөн байсныг буцааж аваад надад өгсөн. Дараа нь *******- хүрч ирээд намайг цохих гэж байгаад миний гараас гар утсыг маань булааж авснаас хойш миний гар утсыг өгөөгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дэх тал),

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Ялгууны насанд хүрээгүй гэрчээр өгсөн: “2020 оны 8 дугаар сарын 05-ны 21-22 цагийн хооронд манай найз Минжинсор /мика/ залгаад чи миний найз юм бол гэрийн гадаа хүрээд ирээч гэсэн. Тэгээд би 23 цагийн үед гэрийнх нь гадаа яваад очиход Мика аймар олуулаа тойроод зогсож байсан. Тэр үед би юу болоод байгаа талаар асуухад мика намайг урьд өмнө зодож байсан охидын 2 нь энд байна бид нар таарчихпаа гэж байсан. Тэгээд намайг Мика хамт явсан охинтойгоо танилцуулсан. Тэр гурвын нэрийг Анударь, Хулан, Хүслэн гэдэг гэж хэлсэн өөр Микагийн хоёр үеэл дүү нар болон *******- гэх нэртэй би танихгүй залуу хоёр найзын хамт байсан...Тэгтэл нөгөө цагдаа намайг машиндаа суулгаад явсан.Тэр үед Ариука *******- гэх нэртэй залуу миний гар утсыг булааж аваад явсан 1 сая төгрөг өгөөд ав гээд явчихлаа гэж ярьж байсан. Би тэр хүмүүсийг таныхгүй. Гар утас булаах үед нь байгаагүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 дэх тал),

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Номин-Эрдэнийн гэрчээр өгсөн: “Тэр өдөр манай найз Ариука бид хоёр уулзаад 6 дугаар байрны гадаа сууж байсан чинь хэдэн эрэгтэй эмэгтэй хүмүүс гарч ирээд Ариукааг зодох гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгтэл *******- гэж өөрийгөө танилцуулсан залуу намайг ал минь янхан минь гээд хараагаад байхаар нь би хүүхэдтэй хүн битгий ингээд бай гэсэн чинь Ариука руу дайрч байснаа гар утас цүнхийг нь булааж аваад минийхийг бас авах гээд байхаар нь би уурлаад өгөөгүй. Тэгтэл *******- гэх залуу Ариукаагийн утас цүнхийг аваад цаашаа яваад өгсөн. Би тэр үед араас нь яваад цүнх утсыг нь өгчих гэж гуйж байгаад аваад буцаад Ариукаа дээр очсон чинь *******- гэдэг залуу нь намайг уулзъя гэхээр нь би очсон. Тэгтэл наад охин чинь 1.000.000 төгрөгийн өртэй учир би утсыг нь аваад явлаа гэхээр нь би өгөхгүй гэсэн чинь *******- гэх залуу өөрийгөө би *******- гэдэг ахлагч цагдаа байна бичиг баримтаа үзүүл гээд миний түрүүвчийг булааж аваад хамаг юм үзээд байсан. Тэгээд *******- гэдэг залуу Ариукаагийн гар “Readme Note 8 Pro” гар утсыг аваад явсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дахь тал),

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Минжинсорын насанд хүрээгүй гэрчээр өгсөн: “...удалгүй *******- Г.А- гар утсыг гараас нь булааж аваад надад өгсөн. Тэгэхээр нь би Г.А-д буцаагаад өгсөн.  Хэсэг хугацааны дараа *******- яах гэж гар утсыг нь өгч байгаа юм гэж хэлээд дахиад булаагаад авсан. Тэгээд *******- яваад өгсөн байсан, тэр гар утсыг *******- аваад явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дахь тал),

 

5. “Дамно” ХХК-ийн “...Readme Note 8 Pro” гар утас 1 ширхгийг 530.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 55-56 дахь тал),

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******-ын яллагдагчаар өгсөн: “2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр би найзуудын хамт караоке дотор байж байтал хуурай дүү Мичидмаа /Мика/ намайг Бичилийн ард талын 6 дугаар байранд хүрээд ир намайг хүн зодоод байна, өмнө нь зодсон хүмүүс ирчихсэн дахиад зодоод байна гэхээр нь би яваад очсон чинь 10-20 хүмүүс байсан. Намайг очих үед тэр хүмүүс хоорондоо хэрэлдээд байсан. Тэгтэл Мичидмаа Г.А-г нэг сая төгрөг өгөх ёстой гээд байхаар нь би Г.А-г алив наад утсаа өг гэтэл утсаа өгсөн. Тэгэхээр нь би энэ хүнд нэг сая төгрөг өгчхөөд утсаа аваарай гэж хэлээд би Мичидмаад гар утсыг нь өгсөн. Тэгээд би цаашаагаа явж найзуудтайгаа уулзчихаад явъя гэж байтал Мичидмаа намайг дахиад дуудахаар нь би яваад очтол Г.А- нь өөрийнхөө гар утсыг буцаагаад булаагаад авчихсан байхаар нь би дахиж гар утсыг нь авч өгөөд яваад өгсөн. Тэгтэл дараа нь гар утас нь алга болчихсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 140 дэх тал) зэргийг шинжлэн судлав.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

 

Дөрөв:  Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш оролцох эрхтэй талуудын хүсэлтээр шинжлэн судалсан хохирогч, шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл;

 

Шүүгдэгч *******- нь 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Г.А-гийн эзэмшлийн “Readme Note 8 Pro” маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар булаан авч 530.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Г.А-гийн хохирогчоор өгсөн: “...*******- гэх залуу миний гар утсыг булааж аваад халаасандаа хийгээд аваад явсан. Удалгүй цагдаагийн алба хаагчид ирсэн чинь тухайн залуучууд яваад өгсөн. Эхлээд авахдаа миний гар руу нэг удаа цохиод цүнх болох гар утас хоёрыг аваад явсны ардаас манай найз Номио очих үед Микад өгсөн байсныг буцааж аваад надад өгсөн. Дараа нь *******- хүрч ирээд намайг цохих гэж байгаад миний гараас гар утсыг маань булааж авснаас хойш миний гар утсыг өгөөгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дэх тал), Х.Ялгууны насанд хүрээгүй гэрчээр өгсөн: “...Тэр үед Ариука *******- гэх нэртэй залуу миний гар утсыг булааж аваад явсан 1 сая төгрөг өгөөд ав гээд явчихлаа гэж ярьж байсан. Би тэр хүмүүсийг танихгүй. Гар утас булаах үед нь байгаагүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 43-44 дэх тал), Т.Номин-Эрдэнийн гэрчээр өгсөн: “...Тэгтэл *******- гэх залуу Ариукаагийн утас цүнхийг аваад цаашаа яваад өгсөн. Би тэр үед араас нь яваад цүнх утсыг нь өгчих гэж гуйж байгаад аваад буцаад Ариукаа дээр очсон чинь *******- гэдэг залуу нь намайг уулзъя гэхээр нь би очсон. Тэгтэл наад охин чинь 1.000.000 төгрөгийн өртэй учир би утсыг нь аваад явлаа гэхээр нь би өгөхгүй гэсэн чинь *******- гэх залуу өөрийгөө би *******- гэдэг ахлагч цагдаа байна бичиг баримтаа үзүүл гээд миний түрүүвчийг булааж аваад хамаг юм үзээд байсан. Тэгээд *******- гэдэг залуу Ариукаагийн гар “Readme Note 8 Pro” гар утсыг аваад явсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дахь тал), Б.Минжинсорын насанд хүрээгүй гэрчээр өгсөн: “...удалгүй *******- Г.А- гар утсыг гараас нь булааж аваад надад өгсөн. Тэгэхээр нь би Г.А-д буцаагаад өгсөн.  Хэсэг хугацааны дараа *******- яах гэж гар утсыг нь өгч байгаа юм гэж хэлээд дахиад булаагаад авсан. Тэгээд *******- яваад өгсөн байсан, тэр гар утсыг *******- аваад явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дахь тал), “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 55-56 дахь тал) зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

 Хяналтын прокуророос *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  бусдын эд хөрөнгийг илээр авсан гэдэгт бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч болон бусад хүмүүст мэдэгдэж, илээр тэдний нүдэн дээр авсныг ойлгоно.

 

Хүч хэрэглэхгүйгээр гэдэгт бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг ойлгоно. Өөрөөр хэлбэл хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг нь салган авч тэр даруйдаа хохирогчоос зугтан зайлсхийсэн шинжтэй үйлдэл хамаарна.      

 

Хууль бусаар авсан гэдэгт бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр авч, үнэ төлбөргүйгээр өөртөө болон бусдын өмчлөлд бүр мөсөн авсныг ойлгоно.

 

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч *******- нь 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хохирогч Г.А-гийн эзэмшлийн “Readme Note 8 Pro” маркийн гар утсыг түүний гараас булаан авч 530.000 төгрөгийн хохирол учруулсан нь гэм буруугийн хэлбэрийн хувьд шууд санаатай үйлдлээр шунахай сэдэлттэй үйлдэгдсэн байна.

 

        Шүүгдэгч *******-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” буюу “Дээрэмдэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.  

 

Иймд шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч *******- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

 

Тав. Эрүүгийн хариуцлагын талаар

         Улсын яллагчаас шүүгдэгч *******-т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, түүний онлайн худалдаа эрхэлж, захиалгын дагуу бараа бүтээгдэхүүний хүргэлт хийж амьдрал ахуйгаа авч явдаг гэсэн тайлбартайгаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарлах” санал дүгнэлтийг гаргалаа.

 

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

 

Шүүгдэгч *******-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Дээр дурдсан үндэслэл, зарчим, нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч *******-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зорчих эрхийг хязгаарлах,...хорих” гэсэн 2 төрлийн ялаас хорих ялыг сонгож, уг зүйл хэсэгт заасан хэмжээний дотор шүүгдэгч *******-т зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэв.

 

Шүүгдэгч *******-ын холбогдсон 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын Хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баталсан  Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасан хуулийн үйлчлэлд хамаарч байна. 

 

Иймд шүүхээс шүүгдэгч *******-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт оногдуулсан 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон сольж, энэ хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч *******-т мэдэгдэж шийдвэрлэв.

 

Зургаа. Бусад асуудлын талаар.

 “Дамно” ХХК-ийн “...Readme Note 8 Pro” гар утас 1 ширхгийг 530.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 55-56 дахь тал)-д авагдсан байх ба шүүгдэгч *******- нь хохирогч Г.А-д учирсан хохирлыг нөхөн төлөөгүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.

 

Шүүгдэгч *******-аас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар 530.000 төгрөг гаргуулж хохирогч Г.А-д олгохоор шийдвэрлэв.

 

Хэрэгт шүүгдэгч *******- цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдав.

 

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

                                                             ТОГТООХ нь:

           

1. *******-ыг “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай

 

2. Шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

            3.  *******-ын эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            4. *******-т оногдуулсан 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар  06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар  сольсугай.

 

            5.  *******-ын зорчих эрхийг шүүхээс түүний оршин суудаг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

           

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах  ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.

 

            7. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол *******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-аас 530.000 төгрөг гаргуулж хохирогч Г.А-д олгосугай.

 

            9. *******- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдсугай.

 

          10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Ц.ДАЙРИЙЖАВ