Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/282

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Баяржаргал, 

Улсын яллагч Б.Тогтох,

Шүүгдэгч ****************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****************холбогдох эрүүгийн 2238000000592 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ****************нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 09 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө хохирогч ****************биед халдаж зүүн чихний ойролцоох зөөлөн эдэд шарх бүхий гэмтэл эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч ****************нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 09 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө хохирогч ****************биед халдаж зүүн чихний ойролцоох зөөлөн эдэд шарх бүхий гэмтэл эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2238000000592 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ****************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Машины урд талд зогсож байсан залууг нүүр хэсэг рүү нь нэг удаа цохисон...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 2-9-р хуудас),

Хохирогч ****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Мягмарбаярыг нэг залуу нүүр лүү цохиж аваад барилцаад зогсож байхад нь хараад дундуур нь салгахаар орж нөгөө барилцаад авчихсан залууг салгахад эхлээд түлхсэн, тэгэхээр нь барилцаж авахад нүүрний зүүн тал руу цохисон. Хэсэг барилцаж аваад л салаад Мягмарбаярыг аваад машиндаа суусан. Тэр хэд болохоор хоорондоо зодолдоод үлдсэн. Машинтай явахаас өмнө машинаасаа буугаад ир гээд цохидог залуу эсрэг талын хойд хаалгыг онгойлгоод татсан. Миний талд зогсож байсан залуу болохоор ингээд явчих гээд байсан. Тэгээд машинтайгаа хөдлөөд 4 зам дээр явж байхдаа зүүн талын хацар шалбарч зүсэгдсэн байсныг мэдсэн. Тэгээд маргааш нь эмнэлэг орж эмчид үзүүлж 4-5 оёдол тавиулсан. Намайг цохисон залуутай уулзсан. Бид хоёр хоорондоо эвлэрсэн. Надад санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 13-р хуудас),

Гэрч ****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ундаа тамхи авахаар Ариунбаярын хамтаар гэрэлтэй цонхны тийшээ очсон. Машиныг болохоор Магсаржав барьчихсан явж байсан. Гэрэлтэй цонхны арын гудамжинд зогсож байхад араас нэг хүн ирээд татахаар нь эргэж харахад энэ хоёр мөн байна гээд зүүн талын нүд рүү цохисон. Тэгэхэд Ариунбаяр салгахаар дундуур ороход нөгөө залуу бас Ариунбаяр руу цохисон. Биеийнх нь аль руу цохисон болохыг хараагүй, би нүүрээ дараад л хэвтчихсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 15-р хуудас),

Гэрч ****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...**************** хүнээс сураад гэрэлтэй цонхны тийшээ ажилладаг дэлгүүр байдаг гэдгийг сонсоод тэндээс нэг юм авахаар явсан. Тэр газарт нь очоод дэлгүүрийг нь хайгаад олоогүй тамхи татаад зогсож байсан. Нөгөө хохирогч хоёр залуу гурвуулаа явж байсан. Нүдээ цохиулсан гээд байгаа залууг уучлаарай хөгшөөн гээд гараа өгсөн чинь уучил гуйдаг хэн бэ гээд намайг түлхэхэд манай дүү Од-Эрдэнэ хараад машин дотор сууж байсан ****************ийг дуудсан гэсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 19-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 496 дугаартай:

1. ****************биед зүүн хацарт шарх, баруун дээд зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлээр үүсгэгджээ.

3. ****************биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт (хх-ийн 22-р хуудас),

  Хохирогч ****************нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 44-45-р хуудас),

        Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 42, 48-49-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Эрүүгийн 2238000000592 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ****************нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 09 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө хохирогч ****************биед халдаж зүүн чихний ойролцоох зөөлөн эдэд шарх бүхий гэмтэл эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч ****************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч ****************(хх-ийн 13-р хуудас), гэрч ****************(хх-ийн 15-р хуудас) гэрч ****************(хх-ийн 19-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 2-9-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 496 дугаартай дүгнэлт (хх-ийн 22-р хуудас),

Хохирогч ****************нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 44-45-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.****************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч ****************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч ****************нь хохирогч ****************эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч ****************нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 44-р хуудас)-ээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Энхболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ****************нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 42-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч ****************нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч ****************нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2238000000592 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч ****************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****************ийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ****************нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн 2238000000592 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.****************ид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                        

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ХҮРЭЛБААТАР