Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/738

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Алтансувд,

улсын яллагч Ш.Анужин,

шүүгдэгч Ц.С- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Б овогт Ц-ын С-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2205006391986 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1977 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймаг Гурванбулаг суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 1, ... аймаг ... сум ... дугаар багт оршин суух бүртгэлтэй,

урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 303 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 350 цаг албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, Б овогт Ц-ын С-. /

 

Шүүгдэгч Ц.С- нь 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гадна хохирогч П.Х-тэй “С-тай хамт явлаа” гэсэн шалтгаанаар маргалдан, түүнийг нүүрэн тус газарт гараараа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, баруун нүдний доод зовхи, нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Манал-Оточ эмнэлгийн гадна хохирогч П.Х-гийн эзэмшлийн ХХ-ХХ УБД улсын дугаартай Toyota Prius 30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч талын урд гуперыг өшиглөж, чулуу шидэж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.С- мэдүүлэхдээ: “Машинтай залууг би танихгүй. Би 2018 оноос 4 жил хамт нэг гэрт амьдарсан. Би нэг хүүхдийг нь их сургууль төгсгөсөн. Гэр бүлийн дундуур энэ Х- гэх хүн мессеж бичээд байдаг байсан. С- эмнэлэгт байхгүй байна гээд эмч нар нь ярьж байсан. Чи гэр бүлийн дундуур орохоо болчих гэж Х-д хэлтэл тэр хүн цагдаа миний гарт байна гэж хэлсэн. Х- С- нар нийлж ямар ч аргаар хамаагүй чамайг чадах болно гэж хэлж байсан. 5 шарын буудалд бид хоёр хамт байна гэж над руу мессеж бичдэг. Над дээр согтуу машинтайгаа ирсэн. Би тэгэхээр нь чи арай дэндүү байна гэж хэлсэн. Намайг өшиглөсөн гээд ярьсан байна. Надад хууль үнэн зөвийг ялгаж өгнө. Би өөрийнхөө мөнгө цаасыг энэ хүүхний хүүхдүүдэд зориулсан. Би өшиглөөгүй, цохиогүй. Х- чи буугаад ир уулзъя гэж би хэлсэн. Одоо хүртэл С-тай холбоотой байгаа. Х- мөн хотод байгаа. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэв.

 

Хохирогч П.Х-гийн мөрдөн байцаалтад өгсөн “2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гадуур явж байтал С- залгаад Гэмтлийн эмнэлэг дээр очиж хөлөө үзүүлэх гэсэн юмаа, Манал-Оточ эмнэлгээс аваад Гэмтэл рүү хүргээд өгөөч гэхээр нь би тэгье, ойрхон явж байна гээд 09 цагийн үед Манал-Оточ эмнэлэг дээр очиж С-г аваад Гэмтлийн эмнэлэг рүү оруулчхаад зогсоол дээр ХХ-ХХ УБД улсын дугаартай Toyota Prius 30 маркийн хар өнгийн автомашинтайгаа зогсож байсан. Тэгтэл үл таних залуу гэнэт гарч ирээд автомашины цонхоор автомашинаасаа буугаад ир гэхээр нь би үгүй гэтэл чи яахаараа С-тай хамт явж байдаг юм гээд миний баруун нүд рүү гараараа нэг удаа цохиод куртикны энгэрээс татаад заамдаж байхад нь С- гарч ирээд үл таних залуу руу чи одоо болиочээ гээд надаас салгасан. Тэгэхээр нь би чи намайг цохичихлоо ш дээ, би чамайг цагдаад өгнө гэтэл тэгээ гэхээр нь би автомашиныхаа цонхыг хаагаад тэндээс явсан. Тэгээд дараа нь 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн өглөө С- залгаад Манал-Оточ эмнэлгээс ирж аваад төв Замын цагдаа руу хүргээд өгөөч гэхээр нь би за тэгье гээд Гэмтлийн эмнэлгийн урд талын Манал-Оточ эмнэлгийн гадна очсон. Тэгээд эмнэлгийн гадаа очоод С-г гарч ирэхийг хүлээж байгаад гараад ирэхээр нь автомашинд суулгах гэж байтал эмнэлгийн хажуугаас нөгөө үл таних залуу гарч ирээд миний хоолойг боогоод чи яагаад ингээд ирээд байгаа юм гэхээр нь би чи яагаад байгаа юм, би өвчтэй хүнд тусалж байна шүү дээ, наадхаа С-д өөрт нь хэлээч гэтэл С- дундуур ороод салгасан. Тэгэхээр нь би автомашиндаа суугаад хаалгаа түгжээд хөдлөх гэж байтал тэр үл таних залуу миний автомашины урд гараад урд гупер руу 2 удаа өшиглөсөн. Тэгээд би хөдлөөд явтал автомашины хойноос чулуу шидээд ард хаалгыг хонхойлгосон. Тэгээд дахиж С-, тэр үл таних залуу хоёртой уулзаагүй. 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Гэмтлийн эмнэлгийн хашаан дотор С- нүүр, нүд рүү удаа дараа цохисон. Дараа нь 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Гэмтлийн эмнэлгийн урд талын Манал-Оточ эмнэлгийн гадна үүдэнд машиндаа сууж байтал цонхоор гараа оруулж ирээд хоолой боосон. Шинжээчийн дүгнэлтэд заасан гэмтлүүдийг С- учруулсан.

... Автомашинаа янзлуулчихвал өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг, /хэргийн 15-16 дахь тал/

“... нөгөө үл таних эрэгтэй миний автомашины урд гупер руу 2-3 удаа хөлөөрөө өшиглөсөн бөгөөд би тэр чигээрээ хөдлөөд явахад автомашины араас чулуу шидсэн. Тэгээд би тэр хоёрыг хамт үлдээгээд явсан ба зогсоод автомашинаа харсан чинь урд гупер цоорчихсон, жолооч талын арын хаалга нь хонхойсон байсан бөгөөд дараа нь цагдаад хандсан. Би тэр залууг огт танихгүй. Сүүлд С-гийн найз нь гэж надад хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 18-19 дэх тал/

 

Гэрч Ж.С-гийн мөрдөн байцаалтад өгсөн “... Би 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо Гэмтлийн эмнэлгийн баруун урд талд байрлах Манал-Оточ нэртэй эмнэлэгт осолд ороод хэвтэн эмчлүүлж байсан юм. Тухайн өдөр би Замын цагдаа орох ажилтай байсан болохоор найз П.Х-г дуудсан. Тэгээд 13 цагийн үед Х- автомашинтайгаа эмнэлгийн гадаа ирчихлээ гэхээр нь би гараад очтол хаанаас гараад ирсэн нь мэдэгдэхгүй, миний урьд өмнө 1 жил гаруй хамтран амьдарч байсан С- гэдэг хүн гарч ирээд Х-г автомашин дотороо сууж байхад нь юу ч хэлж ярихгүй шууд онгорхой цонхных нь заагаар гараа оруулаад цохиж байгаа харагдсан. Тэгээд Х- автомашины цонхоо хаасан чинь С- автомашиных нь урд талын гупер лүү өшиглөөд Х-д хандаж чи яагаад С-г ирж авдаг юм бэ гээд орилоод хэл амаар доромжлоод байхаар нь би буцаад эмнэлэг рүүгээ ороод гараагүй болохоор сүүлд нь юу болсон талаар мэдэхгүй байна. Би С-тай анх 2020 оны 11 дүгээр сард танилцсан. Эхнэр хүүхдээсээ салсан гээд манай гэрт ирж очдог байсан ба 2021 оны 7 дугаар сараас харицахаа болиод уулзахаа больсон ч миний утасны дугаарыг олоод байнга залгаад байдаг юм. Харин Х-тэй 2020 оны 7 дугаар сард найзуудаа дамжуулж танилцаж найз нөхдийн холбоотой байдаг.

... С- нь Х-г автомашиныхаа жолооч талд сууж байхад нь цонхоор нь гараа оруулаад 1-2 удаа цохисныг харсан ба толгой болон нүүрнийх нь баруун хэсэгт халдаж цохисон. Мөн автомашиных нь урд гупер хэсэг рүү хөлөөрөө 1-2 удаа өшиглөсөн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 24-25 дахь тал/

“... Намайг 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Х-тэй хамт Гэмтлийн эмнэлэг ороод буцаад гараад ирэхэд тэр хоёр хоорондоо маргалдсан байдалтай байсан ба Х-гийн баруун нүд нь шалбарсан байдалтай автомашиндаа сууж байхаар нь би нүдээ яачихсан юм бэ гэхэд автомашиндаа сууж байхад С- цонхоор гараа оруулж ирээд нүд рүү цохисон гэж надад хэлсэн. Харин 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Манал-Оточ эмнэлгийн гадаа тэр хоёрын хооронд ямар нэгэн зодоон үүсээгүй ба С- орилоод байхаар нь Х- нь автомашинтайгаа ухраад явчихсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 29-30 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн №2439 дугаартай:

“1. П.Х-гийн биед тархи доргилт, баруун нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, баруун нүдний доод зовхи, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлин хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 38-39 дэх тал/

 

Дамно ХХК-ны “3255 УБД улсын дугаартай Toyota Prius 30 маркийн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлийг 600,000 төгрөгөөр үнэлсэн” Хөрөнгийн үнэлгээний тайлан. /хэргийн 43-44 дэх тал/

 

Үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 47-48 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч Ц.С- нь 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гадна хохирогч П.Х-тэй “С-тай хамт явлаа” гэсэн шалтгаанаар маргалдан, түүний нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Манал-Оточ эмнэлгийн гадна хохирогч П.Х-гийн эзэмшлийн ХХ-ХХ УБД улсын дугаартай Toyota Prius 30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч талын урд гуперыг өшиглөж, чулуу шидэж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 600,000 төгрөгийн хохирол учруулжээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Ц.С- нь П.Х-гийн Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрх, эрх чөлөө болох хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ц.С-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргүүдийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.С- нь “Би гэмт хэрэг үйлдээгүй, намайг гүтгэж байна” гэж гэм буруугийн талаар маргасан ба түүний П.Х-гийн халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн тээврийн хэрэгслийг гэмтээж буйг үзсэн, харсан гэрч Ж.С-гийн мэдүүлэг, мөн хохирогч П.Х-гийн мэдүүлэг зэрэг анхдагч, шууд нотлох баримтуудаар болон хэрэгт цугларсан бусад шууд бус нотлох баримтуудад тулгуурлан шүүгдэгч Ц.С- дээрх гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд уг үйл явдлыг няцаасан, гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд хохирогч П.Х-гийн эзэмшлийн Toyota Prius 30 маркийн ХХ-ХХ УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Дамно ХХК-ны Хөрөнгийн үнэлгээний тайлангаар /хэргийн 43-44 дэх тал/ 600,000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон тул шүүгдэгчээс 600,000 төгрөг гаргуулж П.Х-д олгох нь зүйтэй.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч Ц.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн 1,400,000 төгрөгөөр торгох ялаар тогтоох дүгнэлтийг гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт торгох ялыг 900,000 төгрөгөөр тогтоож, тэрээр одоо хөдөө малчин гэх тул түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ц.С- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй байна.

Мөн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн зардал 18,000 төгрөгийг нэхэмжилсэн Дамно ХХК-ны нэхэмжлэх /хэргийн 42 дахь тал/ хэрэгт авагджээ.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд үнэлгээ тогтоолгоход гарсан зардал болох 18,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Дамно ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Ц-ын С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Ц.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн 900,000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.С-ыг торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.С- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ц.С- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Ц.С-аас 600,000 төгрөг гаргуулж хохирогч П.Х-д олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд Ц.С-аас 18,000 төгрөгийг Дамно ХХК-д олгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ