Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/739

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Алтансувд,

улсын яллагч П.Отгонбаатар,

шүүгдэгч М.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Б овогт М-ийн Т-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2205000002008 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1994 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Олон улсын харилцааны мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Баянгол дүүрэг ... дүгээр хороо ...  дугаар байр ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүрэг ... дүгээр хороо ... дүгээр байр ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт М-ийн Т-.

 

Шүүгдэгч М.Т- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 05-ны өдөр шилжих шөнө 00 цаг 40 минутын орчим Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Мичид нэртэй зочид буудал дотор Ч.Л-г үл ялих шалтгааны улмаас мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Т- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Л- мэдүүлэхдээ: “Тухайн өдрийн 02 цагийн үед Мичид зочид буудлын караокед найзуудтайгаа хамт сууж байсан. Тэгээд манай найзууд тамхи татах гэж гарсан. Би тамхи татдаггүй тул хараад сууж байхад гадаа бас харуул нь сууж байсан. Бид нарыг гадаа сууж байхад энэ хүн гарч ирээд шүлсээ хаясан. Шүлсээ битгий хая, өвчин тахал гараад дөнгөж дуусаж байна. Би танхайрч болохгүй гэсэн. Тэгээд намайг буцаад орох хооронд цохисон. Эргээд харахад намайг мөргөсөн. Би энэ хүнтэй маргалдаагүй. Зүй ёсны шаардлага тавьсан. ЭМЖЖ эмнэлэгт хамраа тэгшлүүлж, эмчлүүлсэн. 3-4 сарын дараа дахин хагалгаа хийнэ гэж эмч хэлсэн. Би эмчилгээ хийлгэсэн баримтаа өгсөн” гэв.

 

Хохирогч Ч.Л-гийн мөрдөн байцаалтад өгсөн “Миний бие нь 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 05-ны өдөр шилжих шөнө 00 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байрлах Мичид нэртэй зочид буудлын үүдний хэсэгт үл таних 20 гаруй насны, махлагдуу, хөл болон гар дээрээ шивээстэй, цэнхэр өнгийн фудволктой, саравчтай малгайгаа буруу харуулаад өмссөн байдалтай эрэгтэй хүн тус зочид буудлын хамгаалагч гэх настай эрэгтэй хүнийг дээрэлхэх маягтай тамхи өг, гал өг гэх мэтчилэн хэлж байсан. Улмаар тухайн хэсэгт шүлсээ хаячихаар нь би тухайн эрэгтэй хүнд хандаж чи наанаа шүлсээ хаяхаа боль гэж хэлэхэд миний өөдөөс ямар нэгэн үг дуугараагүй.

Тэгээд буцаад орох үед хаалганы хэсэгт байхад тухайн залуу нь миний зүүн мөрний хэсэг рүү гараараа зөөлхөн цохиод эргээд хараад чи яаж байнаа гэж хэлэхэд тухайн залуу шууд над руу ойртоод миний хамрын хэсэг рүү нэг удаа мөргөсөн. Ойр орчимд байсан манай найз, хамгаалагч, тухайн залуугийн мөн найз нь бололтой залуу бид хоёрыг салгасан. Тухайн үед миний хамраас цус гараад Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн.

... Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Би эмчилгээний зардал болох ЭМЖЖ эмнэлэгт томограф авхуулсан төлбөр 140,000 төгрөг, тус эмнэлгээр хамар тэгшлүүлсэн төлбөр 410,000 төгрөг, эм авсан төлбөр 42,500 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөг зэргийг нэхэмжилж байна. Өөр ямар нэгэн байдлаар нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 9-10 дахь тал/

 

Гэрч Н.С-ын мөрдөн байцаалтад өгсөн “... Би тамхи татах цэг дээр очоод зогсож байхад миний найз болох Т- нь хамгаалагчийн хажууд байсан хоёр хүнтэй муудалцаад эхэлсэн.

Хамгаалагчийн хажууд байсан нэг хүн нь Т-т шүлсээ битгий хаяад бай гэсэн шаардлага тавьсан. Т- нь нэг хүний толгой хэсэгт гараараа алгадсан маягтай цохисон. Тэгээд бид нар очоод салгасан. Тэгээд салгасны дараа Т-т алгадуулсан хүний хамраас нь цус гарсан байсан. Т- хажууд байж байгаад байхгүй болчихсон байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 13-14 дэх тал/

 

Гэрч Б.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн “... 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 05-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байрлах Мичид зочид буудлын доод давхарт байдаг караокед би найзуудтайгаа сууж байсан.

... Буцаад орох гэж байтал Л-гийн мөрөн дээр нэг залуу гараараа цохисон. Л-г эргээд хартал хамар руу нь мөргөчихсөн байсан.

Л-г мөргөдөг залуугийн найзууд ирээд салгасан. Салчихаар нь найзыгаа хартал хамар нь мурийсан, хамрнаас их хэмжээний цус гарсан байдалтай байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 21-22 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ № 10830 дугаартай:

“1. Ч.Л-гийн биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, гэмтэл тогтоогдлоо.

2.3.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үрэх үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй.

6. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн дүгнэлт. /хэргийн 27-28 дахь тал/

 

Шинжээч Э.Эрхэмбаярын “... Иргэн Ч.Л-гийн биед учирсан хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтлүүд нь шинэ гэмтлүүд.

... Иргэн Ч.Л- нь хамар ясны зөрсөн хугарлыг засах хагалгаанд орох боломжтой.” гэсэн мэдүүлэг. /хэргийн 41-42 дахь тал/

 

М.Т-ийн яллагдагчаар өгсөн “... Миний бие нь 2022 оны 8 дугаар сарын 04-нөөс 05-ны өдөр шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад Мичид нэртэй зочид буудлын доор байрлах караокеноос гарах үед үл таних 40 орчим насны намхан эрэгтэй хүнтэй харилцаанаасаа болж маргалдаад түүний нүүр лүү нь би нэг удаа толгойны урд хэсгээрээ мөргөж гэмтэл учруулсан.

Тухайн үед хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан учраас буруу харилцаанаасаа болоод л би мөргөсөн байсан. Өөр ямар нэгэн байдлаар зодож цохисон зүйлгүй. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 32-33 дахь тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч М.Т- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 05-ны өдөр шилжих шөнө 00 цаг 40 минутын орчим Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Мичид нэртэй зочид буудал дотор Ч.Л-г үл ялих шалтгааны улмаас мөргөж, түүний биед хамар ясны хугарал, зөөлөн эдимйн няцрал, зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулжээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч М.Т- нь Ч.Л-гийн Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрх, эрх чөлөө болох хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч М.Т-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулахгэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Хохирогч Ч.Л-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ № 10830 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Х.Сүхбат нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан 600,000 төгрөгийн баримт /хэргийн 37 дахь тал/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс уг төлбөрийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

Харин хохирогч Ч.Л- нь хамар ясны зөрсөн хугарлыг эмчлүүлэхтэй холбогдсон зардлаа иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуульд зааснаар нэхэмлэхийг дурдвал зохино.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч М.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах дүгнэлт гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хууль ёсны шаардлага тавьсан иргэний биед халдсан нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг арилаагүй зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, М.Т- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт М-ийн Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Т-ийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Т-ийг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Т- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, М.Т- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар М.Т-өөс 600,000 төгрөг гаргуулж хохирогч Ч.Л-д олгож, хохирогч Ч.Л- нь өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа цуглуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин Т- болтол М.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ