Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/929

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч Д.Даваадорж,

Хохирогч Ч.Б ,  

Шүүгдэгч Б.Б , түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныЁ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х  овогт Б ийн Б д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, .... нэртэй хамгаалалтын газарт хамгаалагчийн ажил эрхэлдэг, ам бүл 2, эцгийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х  овогт Б ийн Б-, /РД:... /.

 

Холбогдсон хэргийн талаар.   

Шүүгдэгч Б.Б  нь согтуугаар 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, Б... автобусны буудлын ойролцоох Э- нэртэй эмийн сангийн хажууд хохирогч Ч.Б ыг зогсож байхад нь ямар нэгэн шалтаг, шалтгаангүйгээр хойноос нь боож унагааж, улмаар түүний чих, толгой, эрүү хэсэгт нь гараараа цохих зэргээр биед нь хууль бусаар халдаж, эрүүл мэндэд нь ...зүүн чамархайн ясны чулуулаг хэсгийн чихний сувгийн урд ханын хугарал, эрүү ясны бяцарсан хугарал, эрүүний үеийн мултрал, духны зүүн доод хэсэгт зулгаралт... гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.      

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

  1. Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:

Шүүгдэгч Б.Б  нь согтуугаар 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, Б... автобусны буудлын ойролцоох Э- нэртэй эмийн сангийн хажууд хохирогч Ч.Б ыг зогсож байхад нь ямар нэгэн шалтаг, шалтгаангүйгээр хойноос нь боож унагааж, улмаар түүний чих, толгой, эрүү хэсэгт нь гараараа цохих зэргээр биед нь хууль бусаар халдаж, эрүүл мэндэд нь ...зүүн чамархайн ясны чулуулаг хэсгийн чихний сувгийн урд ханын хугарал, эрүү ясны бяцарсан хугарал, эрүүний үеийн мултрал, духны зүүн доод хэсэгт зулгаралт... гэмтэл бүхий эрүүл мэндэд “хүнд” хохирол санаатай учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

  1. Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Үүнд:

Хохирогч Ч.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй. Шүүгдэгч Б.Б  надад нийт 800.000 төгрөгийг өгсөн бөгөөд мөн Соната 6 маркийн автомашиныг өгөхөөр болсон... гэв.

 

Хохирогч Ч.Б ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг тухайн өдөр Э- гэх нэртэй эмийн сангийн үүдэнд байхад танихгүй залуу араас маань боож намайг зодсон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар тал/,

-дахин өгсөн: ...Намайг 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Б... тэнд байдаг “Э- ” нэртэй эмийн сангийн ойролцоо зогсож байхад араас гэнэт хүн боож унагаасан. Сэрээд босоод сууж байтал дахиад тэр залуу ирээд миний чих, толгой руу гараараа цохиход би дахиж ухаан алдаж унасан. Намайг унасны дараа дахиад миний толгой, нүүр, эрүү рүү цохисон юм шиг байна. Тэр залууг би огтоос танихгүй бөгөөд яагаад тэр өдөр намайг зодох болсныг мэдэхгүй байна. Би тэр хүнтэй маргалдаагүй, хэрэлдээгүй, ямар ч асуудал болоогүй байсан юм. Тэр өдрөө Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдээд хэвтэж байгаад гарсан. 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Нэгдүгээр төв эмнэлэгт эрүүний хагалгаанд орно. Миний эрүүний сэртэн яс бяцарч, хугарсан байна гэсэн. Би 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр зодуулахаасаа өмнө 50 грамм буюу нэг жижиг аяганы тал архи уусан байсан. Гэхдээ болсон асуудлыг сайн санаж байгаа. Намайг зодсон Б- гэх залуу архи уучихсан, нилээн согтуу байсан. Сүүлд уулзахад эмчилгээний мөнгө өгнө гэж байсан. Би зодуулсны улмаас 2 чихнээс цус гарсан, эрүү хугарсан, эрүү хугараад сэртэн яс нь сонсголын судаснуудыг хагалсны улмаас чихнээс цус гараад байсан юм шиг байсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн хүний биед шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 625 дугаартай “...Ч.Б ын биед зүүн чамархайн ясны чулуулаг хэсгийн чихний сувгийн урд ханын хугарал, эрүү ясны бяцарсан хугарал, эрүүгийн үеийн мултрал, духны зүүн доод хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна. ...” гэх дүгнэлт /хх-ийн 22-23 дугаар тал/,

 

Хохирогч Ч.Б оос гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 62-63 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Мөн шүүгдэгч Б.Б ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: ...Тухайн үед би хоёр ширхэг пиво уусан байдалтай, нээх согтоогүй байсан. Автобусны буудал дээр хохирогч ах цаашаа хараад зогсож байсан ба би араас нь очоод түүнд хандаж “ажил төрөл хийдэггүй юм уу, юу хийгээд байгаа юм бэ” гэж хэлээд араас нь баруун гараараа түүнийг бооход хоёр чихнээс нь цус гоожсон. Ингээд цус гоожоод эхлэхээр нь би гараа суллаад тавьсан. Тэгтэл тэрээр дайвж байгаад газарт нүүр хэсгээрээ унасан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-38 дугаар тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б оос: ...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэж тус тус хэргээ хүлээн мэдүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрх зүйн дүгнэлт:

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 625 дугаар дүгнэлтээр хохирогч Ч.Б ын биед “хүнд” зэргийн гэмтэл гэж тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Б ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хүнд зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

Иймд шүүгдэгч Б.Б ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.  

Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Хохирогч Ч.Б  нь хэрэгт 377.050 төгрөгийн хохирлыг баримтыг ирүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт ...шүүгдэгч надад нийт 800.000 төгрөгийг өгсөн бөгөөд мөн Соната 6 маркийн автомашиныг өгөхөөр болсон... талаар мэдүүлсэн тул шүүгдэгч Б.Б ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна. 

Харин хохирогч Ч.Б  нь тус гэмт хэргийн улмаас цаашид гарах зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Б оос жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: ...Шүүгдэгч Б.Б од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 14000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэболор эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: ...Миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэгт холбогдсон бөгөөд өөрийн эцгийн хамт амьдардаг. Миний үйлчлүүлэгчийн эцэг нь 70 хувийн группэд байдаг. Улсын яллагчийн торгуулийн санал дээр хэлэх зүйл байхгүй боловч энэ хүний хувийн байдлыг харгалзан шүүх торгуулийн хэмжээг багасгаж өгнө үү. Мөн торгуулын ялыг төлөх хугацааг 3 жилийн хугацаагаар тогтоож өгнө үү. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хохирогчийн нэр дээр машиныг шилжүүлэх тал дээр анхаарч ажиллана... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Б ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48 дугаар тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 47 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 дүгээр тал/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 49 дүгээр тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 50 дугаар тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 51 дүгээр тал/, хувийн хэргийн хуулбар /хх-ийн 52-58 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаж түүний хувийн байдлыг тодорхойлов.

 

Шүүгдэгч Б.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Б.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 2 жилийн хугацаагаанд хэсэгчлэн төлүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х  овогт Б ийн Б-ыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б ыг 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б д оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ч.Б  нь тус гэмт хэргийн улмаас цаашид гарах зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Б оос жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Б.БАТСАЙХАН