Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 846

 

2019            8             22                                             2019/ДШМ/846

Ч.Эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Намдаг,

шүүгдэгч Ч.Э,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулж,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 521 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Эгийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1905017150645 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

А овгийн  Ч.Э, 1966 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 53 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, “Баялаг” худалдааны төвд үйлчлэгч ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт ...............тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:....................../,

Ч.Э нь 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Ард Аюушийн 15 дугаар гудамжны 15б тоотод иргэн Н.Бтай цахилгааны мөнгө төлсөнгүй хэмээн маргалдаж, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Ч.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ч.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Эг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ч.Эд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цаг хийлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Э нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ч.Э баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.   

Шүүгдэгч Ч.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний эрүүл мэндийн байдал тааруухан, унадаг өвчтэй, зүрх муу байгаа тул нийтэд тустай ажил хийх явцад эрүүл мэндийн талаас эрсдэл гарч мэдэх талтай бөгөөд шүүхийн шийдвэр гарах үед эрхэлсэн ажилгүй тул орлого байхгүй байсан. Харин одоо “Баялаг” худалдааны төвд үйлчлэгчээр ажилд орсон, тодорхой хэмжээний орлоготой болсон тул шүүхээс оногдуулах торгуулийн арга хэмжээг төлөх чадвартай болсон гэж үзэж байна. Иймд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчилж, торгох ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Прокурор А.Намдаг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүхээс Ч.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Эг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн. Ч.Эд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг тохирсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Эгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Ч.Эд холбогдох хэрэгт, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хавтас хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судлахад:

Ч.Э нь 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Ард Аюушийн 15 дугаар гудамжны 15б тоотод иргэн Н.Бтай цахилгааны мөнгө төлсөнгүй хэмээн маргалдаж, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Тэрээр “... би Н.Бгийн толгойтой үснээс зулгаасан. Мөн зүүн хацар луу нь нэг удаа алгадсан. ...” гэж Н.Бг зодсон болохоо хүлээн мэдүүлсэн /хх-58/ ба түүний мэдүүлэг нь хохирогч Н.Б /хх-13-16/, гэрч Т.Н /хх-20-22/, Д.О /хх-17-19/,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 4505 дугаартай “Н.Бгийн биед үзлэг хийсэн” дүгнэлт /хх-24/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Прокуророос Ч.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл зөв болжээ.

Шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Ч.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Ч.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргасны дагуу прокурор хүсэлтийг хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол гаргаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлэх ажиллагаа хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу явагджээ.

Анхан шатны шүүхээс Ч.Эд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч Ч.Э нь “... 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчилж, торгох ялаар сольж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаархи саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ.” гэж заасан.

Шүүгдэгч Ч.Э нь хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаснаар прокурор эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаархи санал буюу 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал бичгээр гаргаж, Ч.Э нь зөвшөөрч, гарын үсэг зурж, ялын талаар тохиролцсон байх тул тэрээр оногдуулсан ялыг торгох ялаар солиулах хүсэлт гаргах эрхгүй болно.

 Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж хуульчилсан бөгөөд шүүхээс прокурорын гаргасан саналын хүрээнд ял шийтгэл оногдуулсан байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд шүүгдэгч Ч.Эгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 521 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 521 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Эгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН   

ШҮҮГЧ                                                             М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Д.ОЮУНЧУЛУУН