Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
Хэргийн индекс | 114/2024/0007/з |
Дугаар | 221/МА2024/0539 |
Огноо | 2024-08-13 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2024/0539
Т.Т-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч О.Оюунгэрэл
Илтгэсэн: шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б
Нэхэмжлэгч: Т.Т
Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/147 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01-А/367 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 114/ШШ2024/0017 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А, Г.Ч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай
Хэргийн индекс: 114/2024/0007/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Т.Т-оос Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/147 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01-А/367 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 114/ШШ2024/0017 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.6, 47.1.7-д заасныг тус тус баримтлан Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/147 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01-А/367 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
3.1. “... нэхэмжлэгч талаас Газар эзэмших байршлыг шилжүүлэх тухай 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Засаг даргын 147 дугаар захирамжаар үерийн усны сувгийн далан дээгүүр дамнуулж газар олгосны улмаас уг газрыг орон сууцны барилгын зориулалтаар ашиглах боломжгүй нөхцөл байдал үүсгэсэн гэж маргаж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 360 дугаар албан бичигт “... 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 08 дугаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор хот байгуулалтын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдсан байдаг. Үндсэн далангийн бетон доторлогоог хамгийн сүүлд 2012 онд засвар шинэчлэлт хийгдсэнээр одоо маргаад байгаа үерийн далан ашиглагдахгүй болсон тул Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу газар олголт явагдсан ... Иймд хуучин доторлогоо байхгүй, хуучны нэмэлт даланг тооцохгүйгээр төлөвлөгөөний дагуу барилгажих ёстой ... иргэн Т.Т-ын байршил ч барилгажих бүрэн боломжтой тайлбарыг хүргүүлж байна” гэжээ. Энэ албан бичгийн агуулгаас харахад Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас шүүхэд нотлох баримт ирүүлэхдээ хариуцагч талд ашигтай, нэг талыг барьсан тайлбарын хамт ирүүлсэн байдаг.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөгчийн шүүхэд ирүүлсэн тайлбарт “Үндсэн далангийн бетон доторлогоог хамгийн сүүлд 2012 онд засвар шинэчлэлт хийгдсэнээр одоо маргаад байгаа үерийн далан ашиглагдахгүй болсон тул Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу газар олголтыг зохион байгуулсан. ... Иймд хуучин доторлогоо байхгүй, хуучны нэмэлт даланг тооцохгүйгээр төлөвлөгөөний дагуу барилгажих боломжтой” гэж Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын албан бичгийг хуулж ирүүлсэн.
Дээрх Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 36 дугаартай албан бичиг, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбарт маргаан бүхий газрыг “үерийн далан” болохыг хүлээн зөвшөөрсөн боловч түүнийг ашиглагдахгүй болсон гэж тайлбарладаг.
3.2. Шүүхийн үзлэгт уг байгууламжийг “Овоолготой шороо” гэж тэмдэглэж Геологийн судалгааны дүгнэлтийн 3.5-д “Судалгааны талбай нь хүний инженерийн үйл ажиллагаанд ихээр өртсөн” гэж уг үерийн далангийн талаар тусгасан байна.
Түүнчлэн аймгийн ерөнхий архитектор С.Д-ын зурсан “Т.Т-ын эзэмшлийн 4506102521 нэгж талбарын дугаартай газрын инженерийн шугам сүлжээний давхцалыг харуулсан зураг”-т үерийн даланг “инженерийн шугам сүлжээний давхцал” гэж тодорхойлсон.
Дээрх нотлох баримтуудыг харьцуулж үзэхэд маргаан бүхий үерийн даланг ашиглагдаж байгаа болон эсвэл ашиглалтаас хассан эсэх талаар хариуцагч талын тайлбараар тогтоох боломжгүй ба уг далан нь инженерийн байгууламж мөн эсэх, мөн бол хэний хөрөнгөөр баригдсан эсэх, одоо хэний өмчлөл эзэмшилд бүртгэлтэй эсэх, одоо ашиглагдаж байгаа эсэх, эсвэл ашиглалтаас хасагдсан эсэх нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг шийдвэрлэхэд ач холбогдолтой байсан.
Учир нь уг далан төрийн эсвэл орон нутгийн өмчийн хөрөнгөөр хийгдсэн төрийн аль нэг байгууллагад ашиглалтыг нь хариуцдаг, тухайн хариуцдаг байгууллагын балансад тусгагдсан байх ёстой. Хэрвээ ашиглах шаардлагагүй болсон бол энэ талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр гарч, төрийн байгууллагын өмчөөс хасагдсан албан ёсны шийдвэр байх ёстой.
Иймд маргаан бүхий үерийн далан хэзээ байгуулагдсан, одоо ашиглагдаж байгаа эсэх, ашиглалтаас хассан эрх бүхий байгууллагын шийдвэр байгаа эсэх, төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй эсэх талаар нотлох баримтыг Дархан сумын захиргаа, аймгийн Захирагчийн алба, Хот тохижуулалтын газар, Орон нутгийн өмчийн газар зэрэг төрийн байгууллагаас гаргуулах хүсэлтийг нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан.
Гэтэл анхан шатны шүүх “ ...үерийн далан хэзээ байгуулагдсан, одоо ашиглаж байгаа эсэх, ашиглалтаас хассан тухай нотлох баримтын эх сурвалж тодорхойгүй байна. Хоёрдугаарт энэхүү нотлох баримт хэрэгт ач холбогдолгүй байна” гэж дүгнэж, нотлох баримт гаргуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т заасан нотлох баримт цуглуулах үүргээ шүүх гүйцэтгээгүй, шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэж үзэж байна.
3.3. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч Т.Т-ын өмнөх газар эзэмшигч Б.Отгонцэнгэл газрын байршил зориулалтыг өөрчлөх хүсэлт гаргаагүй нь тогтоогдсон.
Анхан шатны шүүх Газрын тухай хуульд газар эзэмшигч нь хуульд заасан журмын дагуу хүсэлтээ гаргасан тохиолдолд Засаг газрын байршлыг өөрчлөн эзэмшүүлэх боломжтой гэж дүгнэсэн. Гэтэл манай тохиолдолд Засаг дарга нь Б.О-ийн хүсэл зоригоос үл хамааран газрын байршлыг өөрчилж газрын байршлыг сольсон үйл баримт тогтоогдсон. Ийнхүү газар эзэмшигчийн хүсэл зоригоос гадуур хуулийн зохицуулалт байхгүй тул 2015 оны А/147 дугаар Засаг даргын захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус захирамжид хамаарч байна.
3.4. Байршил сольж олгосон газар нь инженерийн дэд бүтэц буюу үерийн ус зайлуулах сувгийн байгууламжтай давхцуулж олгосон болох нь хэрэгт авагдсан нийтийн орон сууцны зориулалттай газрын байршлын зураг, газрын албанаас ирүүлсэн агаар сансрын зураг, ерөнхий архитектор С.Д-ын “Т.Т-ын эзэмшлийн 4506102521 нэгж талбарын дугаартай газрын инженерийн шугам сүлжээний давхцалыг харуулсан зураг”-аас тодорхой харагддаг.
Барилгын тухай хуулийн 4.1.33-д “инженерийн дэд бүтэц” гэж авто зам, төмөр зам, дүүжин зам, газрын доор дээр байрлах замын байгууламж, бүх төрлийн инженерийн шугам сүлжээ, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх энгийн болон инженерийн хийц, бүтээц бүхий байгууламжийг гэж тодорхойлсноос харахад үерийн суваг, далан нь инженерийн дэд бүтцэд хамаарч байна.
2015 оны А/147 дугаар Засаг даргын захирамжаар нийтийн орон сууц барих зориулалтаар 1000 м.кв газар олгосон боловч үерээс хамгаалах сувгийн инженерийн дэд бүтэц давхацсаны улмаас бодит байдал дээр талбайн хэмжээ багасаж, ашигтай талбайн хэмжээ 700 м.кв орчим байгаа нь Газар эзэмших гэрээний 4.16-д “барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байна” гэх гэрээний нөхцөлийн дагуу нийтийн орон сууц барих боломжгүй, зөвхөн амины орон сууц барих боломжтой жижиг талбай байгаа тул 2015 оны А/147 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан илт хууль бус захирамжид хамаарч байна.
3.5. Нэхэмжлэгч Т.Т нь 2019 оны 09 дүгээр сарын 22-нд өөрийн эзэмшлийн газартаа Барилгын инженер-хайгуулын “Жоншт-Уул” ХХК-иар орон сууцны барилгад зориулсан газрын инженер геологийн судалгаа хийлгэж, ажлын зураг зохиоход зориулсан дүгнэлтийг гаргуулж, 2020 оны 06-09 дүгээр саруудад газрын байршлын зургийг холбогдох газруудаар зөвшөөрсөн цохолтуудыг хийлгэсэн нь тогтоогдсон.
Дээрх үйл баримтаар Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.41, 4.1.30-д заасны дагуу нэхэмжлэгч Т.Т нь инженер геологийн ажлыг хийлгүүлсэн нь Барилгын тухай хуульд заасан ажлын барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах барилга барих үе шатны ажлыг 2019 оны 9 дүгээр сарын 22-нд эхлүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
2019 оны 11 сараас ковидын тархалт эхэлж, 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр батлагдсан “Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д зааснаар 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусах хүртэлх хугацаанд хууль хүчин төгөлдөр мөрдөгдсөн. Энэхүү нийтэд тодорхой үйл баримтыг шүүх “нотлохгүй байна” гэж дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн байна.
3.6. Газрын харилцаа, хот байгуулалтын газраас нэхэмжлэгч Т.Т-д 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр, 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тус тус 2 удаа сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн үйл баримт тогтоогдсон боловч сонсох ажиллагаа хийгдсэн тухай тэмдэглэл байхгүйн улмаас сонсох ажиллагаанаас ямар шийдвэр гарсан нь тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл сонсох ажиллагааны шийдвэр гараагүй байхад Засаг дарга газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байдаг. Хариуцагч талаас 2019 оны болон 2023 оны аль сонсох ажиллагааг үндэслэн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон талаараа үндэслэлтэй тайлбар хийж чаддаггүй. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д заасны дагуу сонсох ажиллагаа явагдаагүй, шийдвэр гараагүй үйл баримтын талаар анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх Газрын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн боловч дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
3. Нэхэмжлэгч Т.Т-оос Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/147 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01-А/367 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ “... Засаг даргын 2015 оны А/147 дугаар захирамжаар үерийн усны сувгийн далан дээгүүр дамнуулж газар олгосны улмаас уг газрыг орон сууцны барилгын зориулалтаар ашиглах боломжгүй нөхцөл байдал үүсгэсэн, Ковид-19 цар тахлын нөлөөллөөс үүдэлтэй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, барилга барихаар барилгын компанитай тхоиролцох, холбогдох техникийн нөхцөл болон архитектур төлөвлөлтийн даалгавар авах төлөвлөгөөтөй байсан, сонсох ажиллагаа бодитоор хийгээгүй” гэж, харин хариуцагчаас “... Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн гэрээ дүгнэсэн акт үйлдэхэд Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгээгүй, газрын төлөв байдал чанарын улсын хянан баталгаанд хамрагдаагүй, эх загвар зураг хийлгэж батлуулаагүй, архитектур төлөвлөлтийн даалгавар аваагүй, газрын эрхийг шилжүүлэн авснаас хойш 6 жилийн хугацаанд гэрээнд заасан зориулалтын дагуу газраа ашиглаагүй, үйл ажиллагаа явуулаагүй” гэж татгалзлын үндэслэлээ тодорхойлж маргажээ.
4. “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/147 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
4.1. Анх маргаан бүхий газрыг Дархан-Уул аймгийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 449 дүгээр захирамжаар Б.О-д орон сууцны зориулалтаар эзэмшүүлж, улмаар 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/147 дугаар захирамжаар газар эзэмших зориулалтыг өөрчилж, нийтийн орон сууцны зориулалтаар 2 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байна.
4.2. Үүний дараа Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/225 дугаар захирамжаар, нэхэмжлэгч Т.Т-д маргаан бүхий газрыг 5-8 давхар нийтийн орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхдээ дээрх 2015 оны А/147 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэснээр тус илт хууль бус болохыг нь тогтоолгохоор шаардаж буй захирамж нь эрх зүйн үйлчлэлгүй буюу үр дагавар үзүүлэхээргүй болжээ.
4.3. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг /хэлнэ/”, 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг ... илт хууль бус болохыг тогтоолгох, ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн;”, 106 дугаар зүйлийн 106.3.2-т “захиргааны акт, захиргааны гэрээ нь илт хууль бус болохыг тогтоох;” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчээс захиргааны хэргийн шүүхэд хандаж илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж буй захиргааны акт нь (а) хууль зөрчсөн байхын зэрэгцээ (б) түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах ямар ч хууль зүйн үндэслэл байгаагүй нь илэрхий тохиолдолд илт хууль бус захиргааны актад хамаарч, гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүйд тооцогдох учиртай.
4.4. Тодруулбал, захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага нь гагцхүү хүчин төгөлдөр буюу эрх зүйн үйлчлэл бүхий захиргааны актад чиглэсэн байх тохиолдолд захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэнэ.
4.5. Гэтэл Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/147 дугаар захирамж нь нэгэнт эрх зүйн үйлчлэлгүй болж, аливаа үр нөлөө үзүүлэхгүй болсон бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актад тавигдах үндсэн шинжүүдийг бүрэн хангахгүй болсон байх тул захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
4.6. Энэ талаар анхан шатны шүүх “... маргаж буй 2015 оны А/147 дугаар захирамжаар Б.Отгонцэнгэлийн амины орон сууцны зориулалттай 1600 м.кв газрын байршлыг өөрчилж, 5-8 давхар нийтийн орон сууцны зориулалттай 1000 м.кв газар болгосон, үүнтэй Б.О маргаагүй тул уг захирамжийг захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй илт хууль бус захиргааны акт гэж үзэхгүй” гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасантай нийцээгүй байна.
5. “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01-А/367 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
5.1. Дээрх захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Т.Т-ын Дархан сумын 9 дүгээр баг, 11 дүгээр хороолол, Барилгачдын өргөн чөлөө 3 гудамж, 310 тоотод байрлалтай, 5-8 давхар нийтийн орон сууцны зориулалттай, 1000 м.кв газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу хоёр жил дараалан ашиглаагүй, газар эзэмших гэрээний үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
5.2. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан ба уг зохицуулалтыг агуулгаар нь тайлбарлавал (а) газрыг зориулалтын дагуу ашиглаагүй байх, (б) ийнхүү ашиглаагүй хугацаа нь дараалсан хоёр жил байх, (в) ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байх зэрэг хууль тогтоогчоос заасан урьдчилсан нөхцлүүд нэгэн зэрэг хангагдсан тохиолдолд газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдэнэ.
Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан “зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно хэмээн тайлбарласан.
5.3. Нэхэмжлэгчээс газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлийг няцааж “... ус зайлуулах даланг давхцуулан газар олгосноос шалтгаалж газраа ашиглаж чадаагүй, ковидын нөхцөл байдалтай байсан” гэж тайлбарлах боловч, хэрэгт авагдсан Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 41/14 дүгээр албан шаардлага, Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 661 дугаар сонсох ажиллагааны мэдэгдэл, мөн газрын 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 175 дугаар албан бичгээр ирүүлсэн 2017-2023 онуудын маргаан бүхий газрын агаарын болон сансарын зурагтай давхцуулсан лавлагаа, 2024 оны 03 дугаар сарын 21, 06 дугаар сарын 10-ны өдрүүдэд шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, фото зураг зэрэг баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 35 дугаар зүйлийн 35.3-т тус тус зааснаар газар эзэмшигчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж дүгнэхээр байх бөгөөд тус газартаа газар эзэмших эрх олгосон шийдвэрт заасан зориулалтын дагуу ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, газар эзэмших гэрээний дагуу 5-8 давхар нийтийн орон сууцны зориулалттай барилга, байгууламж бариагүй хоосон газар байсан болох нь хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
5.4. Маргааны үйл баримттай холбогдуулан анхан шатны шүүхээс “Нэхэмжлэгчээс ... хэд хэдэн аж ахуй нэгжтэй хамтран ажиллахаар гэрээ байгуулсан боловч КОВИД-19 цар тахлын улмаас эдгээр аж ахуйн нэгж дампуурсан, барилгын салбарын үйл ажиллагаа хүнд байна гэж тайлбарлаж байгаа боловч, түүнийгээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, маргаж буй газар дээр Т.Т 5-8 давхар нийтийн орон сууц барих болохоос заавал өөр бусад аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах ёстой гэж гэрээнд заагаагүй, цар тахлын нөхцөл байдал хэдийгээр байсан ч ...газраа 2 жил дараалан гэх хугацаа тасалдаж тоологдохоос шинээр тоолох үндэслэл болохгүй тул нэхэмжлэгчийн тухайд анх газар эзэмших эрх олж авснаас хойш ч, цар тахлын нөхцөл байдал арилснаас хойш ч газраа зориулалтын дагуу ашиглах боломжтой байжээ” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
5.5. Нэхэмжлэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт гаргасан хүсэлт, түүнд хавсарган өгсөн нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн акт, “Гео од” ХХК-ийн кассын орлогын ордер, эмнэлгийн хуудас зэрэг баримтуудаас үзэхэд, газар эзэмшигч Т.Т-ыг газрыг зориулалтын дагуу ашигласан болох нь нотлогдохгүй байгаа энэ тохиолдолд түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн Дархан-Уул аймгийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01-А/367 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасантай нийцжээ.
5.6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “Т.Т нь 2019 оны 09 дүгээр сарын 22-нд өөрийн эзэмшлийн газартаа Барилгын инженер-хайгуулын “Ж-У” ХХК-иар орон сууцны барилгад зориулсан газрын инженер геологийн судалгаа хийлгэж, ажлын зураг зохиоход зориулсан дүгнэлт гаргуулж, 2020 оны 06-09 дүгээр саруудад газрын байршлын зургийг холбогдох газруудаар зөвшөөрсөн цохолтуудыг хийлгэсэн нь тогтоогдсон, үеийн далан нь ашиглаж байгаа инженерийн барилга байгууламж мөн эсэх, хэний эзэмшил ашиглалтад бүртгэлтэйг тодруулах ажиллагааг шүүх хийгээгүй” гэх гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.
6. Иймд дээрх дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 114/ШШ2024/0017 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан Т.Т-оос Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01-А/367 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/147 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн 2 дахь заалт нэмж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтын дугаарыг 3 болгон өөрчилж, бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ