Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 20

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Болормаа даргалж

Нэхэмжлэгч: “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ОАБӨСЗД-д холбогдох 

“БӨСЗД-ын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “Тамхины зөвшөөрөл олгох тухай” А/51 дугаар бүхий захирамжийн иргэн М.Д-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “С” ХХК-ийн захирал Л.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х, гуравдагч этгээд М.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “С” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “ОАБӨСЗД 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр А/51 бүхий захирамжаар иргэн М.Д-д “А” төвийн хашаанд талбай түрээслэн тамхи худалдах зөвшөөрөл олгосон байдаг. Манай компаний зүгээс мөн талбай түрээслэн тамхи худалдан борлуулах зөвшөөрөл хүсэхэд хүсэлтийг хүлээж аваагүй. Улмаар төв замаас 200 метр зайд өөрийн эзэмшлийн газарт 2019 оны 7-р сараас мөн тамхины худалдаа эрхлэн үйл ажиллагаа явуулж байна. Иргэн М.Д-д олгосон А/51 зөвшөөрлөөс болж миний бизнесийн үйл ажиллагаанд саад учруулснаас гадна, тус зөвшөөрлийг олгохдоо тамхины хяналтын тухай хуулийг зөрчиж захирамж гаргасан нь аливаа этгээдэд ялгамжтай хандаж хуулийг гажуудуулсан гэж үзэж байна. Уг түрээслэсэн газар нь МСҮТ болон “Э” асрамжийн төвөөс 500 метр дотор байрладаг ба энэ нь Тамхины хяналтын тухай хуулийн 4.1.1-д зааснаар насанд хүрээгүй иргэнийг тамхинд орохоос сэргийлэх, 6 дугаар зүйлийн 6.7.14-д заасан нөхцөлд буюу “ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байраас 500 метрийн дотор тамхи худалдах”-ыг хориглох гэсэн заалтуудыг зөрчиж байна гэж үзэж байна. Иймд илт хууль бус захиргааны акт гаргаснаар ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг манай байгууллагын цаашдын орлогод сөргөөр нөлөөлж байна. Миний бие ОАБӨСЗД-д уг асуудлаар хүсэлт, өргөдөл, гомдол гаргахад 2020 оны 10 сарын 06-ны өдрийн хариугаар үндэслэлгүй хариу өгсөн учраас захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Монгол улсын хувьд олон улсаар хүлээн зөвшөөрсөн конвенцийг дагаж мөрдөж байгаа улсын хувьд тамхины хяналт, хүн амын эрүүл мэндийг дэмжихийн сацуугаар насанд хүрээгүй иргэнийг тамхинд орохоос сэргийлэх бодлогыг хэрэгжүүлдэг. Энэ өнцгөөс үзвэл СЗД түүний ажлын албанаас надад өгсөн хариу нь зөвхөн сургууль, сургуулийн дотуур байрнаас бусад хүүхдийн бүх байгууллагын (цэцэрлэг) хажууд 500 метр дотор тамхи зарж болно гэсэн утга илэрхийлж байна. Өсвөр үеийнхэндээ тамхины хор хөнөөлийг сурталчлахын оронд хүүхдийн байгууллагын хажууд тамхи худалдах зөвшөөрөл олгож байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болсон.

Захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д зааснаар захиргааны байгууллага үйл ажиллагаандаа “хуульд үндэслэх”,"... бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зэрэг хуульд заасан зарчмыг зөрчиж, иргэн, хуулийн этгээдэд ялгамжтай байдлаар хандсан нь миний бизнесийн эрхэд халдсан тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 /иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй/ дахь хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэлээ гаргаж байна.

Иймд ОАБӨСЗД-ын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “Тамхины зөвшөөрөл олгох тухай” А/51 дугаар бүхий захирамжаас иргэн М.Д-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгч “С” ХХК-ийн захирал Л.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2019 оны 05 дугаар сараас эхлээд өөрийн эзэмшлийн газар болох 2-р микрийн Петровис шатахуун түгээх станцын төв замаас доошоо 200 метр газарт тамхины цэг байгуулах хүсэлт өгсөн. 2019 онд тэнд ямар ч дэд бүтэц, тог цахилгаан, ус байхгүй, хашаа ч байхгүй газар байсныг дуудлага худалдаагаар авсан. Тэр газар дээрээ тог цахилгаан татаж, цэвэр ус, бохирын асуудлыг шийдээд тамхины цэг нээсэн. Үйлчлүүлэгч нартай болоод жигдрээд байж байсан 1 жилийн дараа 2020 онд яг төв зам дээр иргэн М.Д-гийн тамхины цэг нээгдсэн. Үүнээс болж миний орлогод шууд нөлөөлж манайх орлогогүй болсон. Манайх төв замаас 200 метр зайтай, зам муутай. Замыг нь засуулж нилээн зардал гаргаж байсан. Ижил төстэй үйл ажиллагаа явуулж байхад яг урд талд үйл ажиллагаагаа явуулахаар ямар ч тохиолдолд орлогод шууд нөлөөлсөн. “А” төвөөс танай хашааг түрээсэлье гэж очоогүй, хажуу талд нь урт төмрийн хашаан дотор анх түрээсээр үйл ажиллагаа явуулъя гэсэн сумын удирдлагууд түрээсийн газар зөвшөөрөл өгөхгүй гэж байсан. Нийгмийн харилцаанд оролцож байгаа иргэн хүнийхээ хувьд Тамхины хяналтын тухай хуулийг ойлгохдоо насанд хүрээгүй хүүхдийг тамхи татахаас сэргийлэх, тамхинд орохоос сэргийлсэн хууль юм болов уу гэж ойлгодог юм. Гэтэл иргэн М.Д-гийн тамхины цэг гурван хүүхдийн байгууллагын дэргэд тамхи зараад байгаа нь насанд хүрээгүй хүүхдүүдийн эрхийг зөрчиж байна гэж үзэж байгаа.” гэв.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлд хэд хэдэн агуулга дурдагдсан байгаа. Тамхины зөвшөөрөл олгох тухай ЗД-ын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн А/51 дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох гэдэг дээр миний бизнесийн үйл ажиллагаанд саад учруулсан гэдэг агуулгатай. Аливаа этгээд нь захирамж шийдвэр гаргахдаа ялгамжтай хандаж хуулиа гажуудуулсан, 500 метр зайг зөрчиж шийдвэр гарсан гэдэг агуулга ярьсан. Бизнесийн үйл ажиллагаанд саад учруулсан гэдгийгээ нотлох баримтаар нотолж чадахгүй байгаа болохоор үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Ялгамжтай хандаж хуулийг гажуудуулсан гэдэгт ямарваа нэгэн хуулийн этгээд, иргэн нь тамхины жижиглэнгийн болон бөөний үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүсэхдээ өргөдөл, хүсэлт, байршил бүхий л зүйлүүдээ ижил түвшинд гаргаж өгөөд түүнийг судлаад тамхины зөвшөөрөл олгохтой холбоотой хууль, тусгайлсан журмуудыг зөрчөөгүй байвал газар дээр нь шалгаж үзээд тухайн хүсэлтийн дагуу шийдвэрлэдэг. Тэгэхээр үүнийг ялгамжтай хандсан гэж үзэхгүй байгаа. 500 метр зай гэдгийг Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газраас анх манайх Тамхины хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулаад газрын байршлыг бүх Ерөнхий боловсролын сургуулиудын нутаг дэвсгэрийн хэмжээнд зурсны дагуу зөвшөөрөл олгогдсон байдаг. Тус байршил дотор “О” сургууль орсон байдаг. “О” сургуулиас 500 метрийн радиус нь яг гадна талд нь А/51 дүгээр захирамжийн байршлын зөвшөөрөл олгогдсон. 500 метр зайг зөрчиж зөвшөөрөл олгоогүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд гаргасан өргөдлийг нэхэмжлэл гэж байгаа. Тэгэхээр “С” ХХК-ийн гаргаж байгаа нэхэмжлэл дээр дурдагдаад байгаа асуудлуудыг манайх зөрчөөгүй.” гэв.

Гуравдагч этгээд М.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн газар дээр хүүхдийн байгууллагатай тамхины цэг ойрхон байгаад хүүхдүүдийг тамхи татах орчныг бүрдүүлж байна гэж хэлээд байна. Энэ хүн тухайн газар дээр өөрөө бас тамхины цэг байгуулахаар хүсэлт өгч байсан хүн үүнийг бас мэдэж байсан баймаар юм. Яагаад зөвхөн надад хамааруулаад байгаа вэ, хуулиа зөрчсөн гэж дурдаад байгаа. Үүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хүн ердөө өөрөө монопол байхыг хүсэж тэр газарт би л ганцаараа тамхи зарах ёстой гэж үзээд байна. Чөлөөт зах зээлийн нийгэмд шударга өрсөлдөөн байх ёстой. 200 метрийн зайтай ижил төрлийн бизнес эрхлэгч оршин тогтнож чадахгүй байхад 1 хананы наана цаана ижил төрлийн бизнес эрхлээд явж байгаа хүмүүс зах зээлийнхээ хуулиар оршин тогтноод бизнесийн үйл ажиллагаагаа явуулаад байж байгаа шүү дээ. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь зөвхөн өөрийгөө бодсон шаардлага байна. Тамхины цэгийн зөвшөөрлөө хуулийнхаа дагуу авсан гэж үзэж байгаа.” гэв.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг  үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Тамхины хяналтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д “Тамхи худалдах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сум дүүргийн Засаг дарга  ...олгоно.” гэж заасны дагуу ОАБӨСЗД 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “Тамхины зөвшөөрөл олгох тухай” А/51 дугаар захирамж гарган  М.Д-д  тамхи худалдаалах тусгай зөвшөөрлийг олгосон байна.

“С” ХХК нь БӨСЗД-ын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/24 дугаар “Тусгай зөвшөөрөл сунгах, олгох тухай” захирамжаар тамхи худалдаалах тусгай зөвшөөрлийг авч 86 дугаар хариуцлагын гэрээ байгуулан үйл ажиллагаагаа явуулж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.  

Нэхэмжлэгч “С” ХХК ОАБӨСЗД-ын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “Тамхины зөвшөөрөл олгох тухай” А/51 дугаар захирамжаар иргэн М.Д-д тамхины цэг ажиллуулах зөвшөөрөл олгосон нь Тамхины хяналтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 6 дугаар зүйлийн 6.7.14 дэх заалтуудыг зөрчсөн учраас илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

Тамхины хяналтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “тамхины татварыг Тамхины хяналтын суурь конвенцид заасан түвшинд хүргэх замаар тамхины хяналт, хүн амын эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг тогтвортой санхүүжүүлж, насанд хүрээгүй иргэнийг тамхинд орохоос сэргийлэх, тамхины хэрэглээг буруулах” гэсэн төрөөс баримтлах бодлогын зарчмыг, 6 дугаар зүйлийн 6.7.14-д  “ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байраас 500 метрийн дотор тамхи худалдах”-ыг хориглосоныг тус тус тодорхойлжээ.

Нэхэмжлэгч нь БӨСЗД-ыг дээрхи хуулийн заалтуудыг зөрчиж иргэн М.Д-д тамхи худалдаалах тусгай зөвшөөрлийг олгосон гэж маргаж байгаа боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалуулахаар,  ....гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалуулахаар, ... үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж тус тус заасан байгаагаас үзэхэд ”С” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг А/51 дугаар захирамж зөрчсөн болох нь тогтоогдсонгүй.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д зааснаар захиргааны байгууллага үйл ажиллагаандаа “Хуульд үндэслэх”, “ ...бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зэрэг хуульд заасан зарчмыг зөрчиж иргэн, хуулийн этгээдэд ялгамжтай байдлаар хандсан нь миний бизнесийн эрхэд халдсан тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэлээр захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.

БӨСЗД-ын А/51 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1, 4.2.5 дахь заалтуудыг зөрчөөгүй, эдгээр заалтуудыг зөрчсөнөөр захиргааны байгууллагын актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж зааснаар илт хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй гэж шүүх үзлээ.

Иймээс БӨСЗД-ын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн А/51 дугаар М.Д-д тамхи худалдаалах тусгай зөвшөөрөл олгосон захирамж нэхэмжлэгч “С” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэлээ.  

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 /д/, Тамхины хяналтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь  хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “С”  ХХК-ийн ОАБӨСЗД-д холбогдуулан гаргасан “БӨСЗД-ын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “Тамхины зөвшөөрөл олгох тухай” А/51 дугаар бүхий захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.БОЛОРМАА