Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 113

 

 

 

 

 

 

 

 

 

 Х ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/02630 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ж ХХК-д холбогдох  

 

Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх тухай 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээний үүрэгт 26 582 000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас үүссэн алданги 13 291 000 төгрөг, нийт 39 873 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхдэлгэрийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х ХХКнь хариуцагч Ж ХХК-тай 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр "Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх тухай" гэрээ байгуулан хамтран ажиллаж эхэлсэн. Гэрээнд заасан бэлтгэн нийлүүлэгчийн үүргийн дагуу манай талаас 2014 оны 09 дүгээр сард нийт 46 582 000 төгрөгийн үнэ бүхий 304 м3 бетон зуурмагийг Ж ХХК-нд бэлтгэн нийлүүлсэн боловч тус компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж бетон зуурмагийн үнийг өнөөдөр хүртэл бүрэн төлж барагдуулаагүй байна. Ж ХХК-ийн зүгээс 2014 оны 12 дугаар сарын 31-ны өдөр 10 000 000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 09-ны өдөр 10 000 000 төгрөг, нийт 20 000 000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан байх бөгөөд үлдэгдэл 26 582 000 төгрөгийг 2015 оноос хойш өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Талуудын дунд байгуулсан "Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх" тухай 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээний 7.2 дахь хэсэгт "Захиалагч нь бетон зуурмагийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд нийлүүлээгүй бетон зуурмагийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувийн алданги тооцож бэлтгэн нийлүүлэгчид өгнө" гэж заасан байх бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр манай тал 13 291 000 төгрөгийн алданги Ж ХХК-иас нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Иймд талуудын дунд 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан "Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх тухай" гэрээ болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан үндэслэлүүдээр хариуцагч Ж ХХК-иас гэрээний үүрэгт бетон зуурмагийн төлбөр 26 582 000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас үүссэн алданги 13 291 000 төгрөг, нийт 39 873.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тодорхой гаргаагүй бөгөөд компанийн хувийн байдал болон хэд хэдэн шүүхийн шийдвэртэй холбогдуулан тайлбарлаж байна. Нэхэмжлэгчийн зүгээс асуудлыг хурдан шийдэх талаар хариуцагчтай удаа дараа ярьж шаардаж байсан. Хууль ёсны үндэслэлтэй татгалзал гаргаагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бетон зуурмагийг бэлтгэн нийлүүлэгдсэн талаар манай компани маргахгүй. Компанийн хувьд санхүүгийн маш хүндрэлтэй байдалд орсон. Өдий болтол тэр байдлаасаа гараагүй байна. Алдангийг бол хүлээн зөвшөөрөхгүй, анзыг бол шүүх тогтоох байх, одоогийн байдлаар Ж ХХК нь 4-5 байгууллагад өртэй шүүхийн шийдвэртэй байгаа, тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Гэрээ хийгдэж бетон зуурмаг авсан боловч чанарын доголдол гарсан тэр талаар сөрөг нэхэмжлэл гаргах гэхээр баримт байхгүй байна. Санхүүгийн байдал хэцүү учраас төлөх боломжгүй. Алданги өндөр бодогдож байгаа учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж ХХК-иас 39 873 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Хүч боржигон холдинг" ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357 500 төгрөгөөс 357 315 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, илүү төлсөн 185 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч Ж ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 357 315 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч "Хүч боржигон холдинг" ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхдэлгэр давж заалдах гомдолдоо: “Шүүх алдангид 13 291 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж хариуцагчийн зүгээс гомдолтой байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасан байдаг. Нэхэмжлэгч нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцон илт их хэмжээний алданги нэхэмжилсэн бөгөөд хариуцагчийн зүгээс эдийн засгийн энэхүү хүнд нөхцөл байдал, хариуцагчийн төлбөрийн чадваргүй байгаа нөхцөл байдлыг харгалзан түүнийг багасгаж өгөх хүсэлтийг гаргасан. Гэтэл шүүх дээрх хуулийн заалтыг хэрэглэлгүй алдангийг бүхэлд нь хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд хэт нэг талыг барьсан гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан хариуцагч Ж ХХК-иас алданги 13 291 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

 

       Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч “Жу Жу” ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 39 873 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч алдангийн хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

       Зохигчдын хооронд 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр бэлтгэн нийлүүлэгч нь М250 маркийн 300 м3 бетон зуурмагийг нэг бүрийн үнэ 155 000 төгрөг буюу нийт 46 500 000 төгрөгийн, М350 маркийн 300 м3  бетон зуурмагийг нэг бүрийн үнэ 174 000 төгрөг буюу нийт 52 200 000 төгрөг, бүгд 98 700 000 төгрөгийн үнэтэй бетон зуурмагийг захиалагчид нийлүүлэх, захиалагч нь зуурмагийг хүлээн авч, үнийг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан дээрх гэрээ, харилцагч байгууллагын тооцоо, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх 9-10, 11, 43-44/

 

       Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний эрх зүйн харилцааг буруу тодорхойлж Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

            Дээрх гэрээгээр талуудын хүлээсэн үүрэг, гэрээний агуулга зэргээс үзэхэд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл болно.

            Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар талууд гэрээний 7.2 дахь хэсэгт “бетон зуурмагийн төлбөрийг  хугацаандаа төлөөгүй тохиолдолд үнийн дүнгийн 0.1 хувиар” алдангийн талаар тус тус тохиролцон, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар баримт үйлдэж гарын үсэг зурж байгуулсан хүчин төгөлдөр хэлцэл тул нэхэмжлэгч гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй.           

            Хэргийн 12 дугаар талд авагдсан “тооцооны үлдэгдлийн баталгаа” гэх баримтаар 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд 2 тал тооцоо нийлэхэд хариуцагч “Жу Жу” ХХК нь 26 582 000 төгрөгийн өглөгтэй гарсан,  энэ талаар талууд маргаагүй байх тул 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааг дээрх гэрээний 7.2 дахь хэсэгт заасны дагуу хоногийн 0.1 хувиар алдангийг тооцож үзэхэд / 26 582 000 төгрөг : 0.1% = 26 582 х 400 хоног/ 10 632 800 төгрөг болж байна. Иймд хариуцагч “Жу Жу” ХХК-иас гэрэний үүргийн гүйцэтгэлд 26 582 000 төгрөг, алданги 10 632 800 төгрөг, нийт 37 214 800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.  

            Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2017/02630 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар гэрээний үлдэгдэл төлбөр 26 582 000 төгрөг, алданги 10 632 800 төгрөг, нийт 37 214 800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай” гэж өөрчлөн,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...357 315 төгрөг...” гэснийг “...344 024 төгрөг...” тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхдэлгэрийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224 450 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                            ШҮҮГЧИД                                        Ш.ОЮУНХАНД

 

                                                                                     Д.ЦОГТСАЙХАН