Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/315

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч Ч.Мөнхзул

Хохирогч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221000000351 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2003 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг, ******* тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, овогт ******* /РД: *******/.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 14-ний шөнө 23 цагийн орчим Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах “” баарны гадна иргэн *******тэй таарамжгүй харилцааны улмаас маргаж улмаар нүүр рүү пивоны шил шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв. 

Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Энэ гэмт хэргийн улмаас миний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Надад эмчилгээ төлбөрт мөнгө төгрөг зарцуулсан зүйл байхгүй. Миний нүүрэнд сорви тогтсон хэсгийг Улаанбаатар хотод эмчлүүлэхэд гарах зардалд 2,500,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 09 дүгээр сарын 14-ний орой 23 цагийн орчим ... гэх охин миний үснээс зулгааж газарт унагаж хэвлий хэсэгт өшиглөсөн ба үүний дараа би босоод зогсож байхад гэх охин ирээд зүүн хөмсөгний дээд хэсэгт пивоны шил шидэж гэмтэл учруулсан. гэх охин миний биед халдсан боловч надад гэмтэл учруулаагүй. Дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг гэх охин пивоны шил шидэж учруулсан...” гэжээ. /хх-ийн 7-11/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...надтай хамт явж байсан ******* гэх охин газраас босож ирээд “ яадаг болсон юм бэ” гээд гэх охины мөрөнд хүрэх шиг болсон чинь “Яагаад байгаа юм бэ” гээд гартаа барьж байсан пивоны шилээ *******ийн нүүр рүү шидсэн чинь түүний зүүн хөмсөгнөөс маш их цус гоожоод байсан тул тэнд байсан цагдаад болсон асуудлыг хэлж эмнэлэг рүү хүргүүлсэн...” гэжээ. /хх-ийн 12-13/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 585 тоот дүгнэлтэд:

1. *******ийн биед зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл гэжээ. /хх-ийн 21-22/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...хэсэг хугацааны дараа харахад л тэр хоёр бие биенийхээ үснээс нь зулгаасан байдалтай газарт хэвтэж байсан. Ингээд тэр хоёрыг хүмүүс салгаж манай найз г холдуулсан чинь ******* нь манай найзын араас хэлэх хэлэхгүй үгээр хэлж доромжлоод байхаар нь би түүнд хандаж “чи одоо юу гээд байгаа юм бэ” гэж хэлсэн чинь миний мөр хэсэгт хүрэх шиг болсон учир би гартаа барьж байсан пивоны шилийг түүний толгой хэсэгт нь шидэх шиг болсон. Энэ үед миний хажууд байсан нэг ах намайг салгаж найз дээр хүргэж өгсөн учир бид хоёр тухайн газраас явж гэртээ харьцгаасан...” гэжээ. /хх-ийн 30-31/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4/

*******ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 32/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34/

*******ийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 40/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч овогт ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 23 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Beat” баарны гадна хохирогч *******тэй таарамжгүй харилцааны улмаас маргаж нүүр рүү пивоны шил шидэж түүний биед зүүн хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...г холдуулсан чинь ******* нь манай найзын араас хэлэх хэлэхгүй үгээр хэлж доромжлоод байхаар нь би түүнд хандаж “Чи одоо юу гээд байгаа юм бэ” гэж хэлсэн чинь миний мөр хэсэгт хүрэх шиг болсон учир би гартаа барьж байсан пивоны шилийг түүний толгой хэсэгт нь шидэх шиг болсон. Энэ үед миний хажууд байсан нэг ах намайг салгаж найз дээр хүргэж өгсөн учир бид хоёр тухайн газраас явж гэртээ харьцгаасан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч *******ийн “...би босоод зогсож байхад гэх охин ирээд зүүн хөмсөгний дээд хэсэгт пивоны шил шидэж гэмтэл учруулсан. Дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг гэх охин пивоны шил шидэж учруулсан...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг нотолсон гэрч гийн “...надтай хамт явж байсан ******* гэх охин газраас босож ирээд “ яадаг болсон юм бэ” гээд гэх охины мөрөнд хүрэх шиг болсон чинь “Яагаад байгаа юм бэ” гээд гартаа барьж байсан пивоны шилээ *******ийн нүүр рүү шидсэн чинь түүний зүүн хөмсөгнөөс маш их цус гоожоод байсан тул тэнд байсан цагдаад болсон асуудлыг хэлж эмнэлэг рүү хүргүүлсэн...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 585 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд  хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 585 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч *******ын анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан прокурортой тохиролцсон саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч хохирогч нь шүүх хуралдаанд шүүгдэгчээс “...Улаанбаатар хотод сорви арилгах эмчилгээ хийлгэхэд гарах зардалд 2,500,000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэж мэдүүлсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх бөгөөд хавтаст хэрэгт хохирол төлбөртэй холбоотойгоор хохирогчоос гарах зардлыг тодорхойлсон баримтгүй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд хохирогчоос холбогдох нотлох баримтыг гаргаж өгөөгүй тул энэхүү шүүх хуралдаанаар хохирогчийн 2,500,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цаашид хийлгэх эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цаашид хийлгэх эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА