Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/126

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Байгалмаа,

улсын яллагч Ц.Батзаяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа, Ж.Дорждэрэм,

шүүгдэгч Т.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.Д-д холбогдох 2216001470156 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, У овогтой Т-н Д.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Т.Д-н 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Говь-Алтай аймгийн Шарга сумын Хамтын хүч багийн нутаг дэвсгэр “Адуутын ам” гэх газар хохирогч Д.Б-г “...хошного Т-н Д...” гэж дуудлаа гэх шалтгаанаар хоорондоо маргалдах үедээ түүний ууц хэсэг рүү нь гараараа олон удаа цохиж зодон биед нь бүсэлхий нурууны 1, 2, 4 дүгээр нугалмуудын хажуугийн сэртэнгийн хугарал, ууцанд зулгаралт буюу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтлүүдийг санаатай учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Т.Д нь 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Говь-Алтай аймгийн Шарга сумын Хамтын хүч багийн нутаг дэвсгэр “Адуутын ам” гэх газар хохирогч Д.Б-тай “...хошного Т-н Д...” гэж дуудлаа гэх шалтгаанаар хоорондоо маргалдах үедээ түүний ууц хэсэг рүү нь гараараа олон удаа цохиж зодон биед нь бүсэлхий нурууны 1, 2, 4 дүгээр нугалмуудын хажуугийн сэртэнгийн хугарал, ууцанд зулгаралт буюу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтлүүдийг санаатай учруулсан болох нь:

Хохирогч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “ ... 2022 оны 06 сарын 30-ны өдөр Шарга сумын хамтын хүч багт хурдан морины уралдаан болсон. Тэнд очоод нутгийн залуучууд болох Д, Г, Б нарын хамт хөзөр тоглож байхад Д 2.5 литрийн пиво гаргаж ирэхээр нь хувааж уусан. Түүний дараа бид нар 3 шил архи хувааж уусан. Түүнээс хойш болсон явдлыг санахгүй байгаа юм. Нэг мэдэхэд Д миний дээр гарчихсан нуруу луу хүчтэй цохиж байсныг одоо санаж байгаа юм ...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 29 дүгээр тал /

гэрч Я.М-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Шарга сумын Хамтын хүч багт 3 насны морины уралдаан болсон. Түүн дээр Д.Б, Д, Б, Г, Б нартай уулзаад 1 пиво уусан мөн үргэлжлүүлээд 3 шил архи хувааж уунгаа хөзөр тоглосон. Архиа уугаад дуусаж байхад Д.Б согтчихоод “...хошного Т-н Д...” гэх мэтээр хэлэхэд Д.Б, Д хоёр хоорондоо барьцалдаж авсан. Б орж салгахад Д.Б чулуу бариад авсан чинь Б болиулсан. Тэгээд бид хэд Адуутын ам гэх газар Н-д очоод би хажуу айл руу явсан. тэнд Д.Б, Д, Б гурав үлдсэн. Г, Б нар яваад өгсөн. буцаж ирэхэд Д.Б-г Д зодлоо гэж Д.Б-н дүү Ө хэлсэн. Мөн Б би энэ хоёрыг салгалаа чи Д.Б-г аваад яваач гэхээр нь гэр лүү нь авч явсан...” гэх мэдүүлэг, / хавтаст хэргийн 33 дугаар тал/

гэрч Н.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Д.Б, Д, М, Г, Б нартай уулзаад 1 пиво уусан мөн үргэлжлүүлээд 3 шил архи хувааж уунгаа хөзөр тоглож байсан. Архиа уугаад дуусаж байхад Д.Б согтчихоод “...хошного Т-н Д...” гэж хэлээд Д.Б, Д нар барьцалдаж авахаар нь салгасан. Д.Б чулуу бариад авахаар нь би болиулсан. Тэгээд бид хэд Адуутын ам гэх газар Н-д очсон. Д.Б Д-н өмнөөс янз янз юм бариад дургүйг нь хүргээд маргалдаж байснаа Д Д.Б-г барьж аваад газарт унагаагаад ар ууц хэсэг рүү нь 3 удаа цохихоор нь би салгасан. М-г ирэхээр нь Д.Б-г араар суулгаад явуулсан... Д.Б архи ууж согтчихоод “...хошного Т-н Д...” гэж хэлээд байсан. Түүнээс болж маргаан эхэлсэн...” гэх мэдүүлэг,/хавтаст хэргийн 37 дугаар тал/

гэрч Д.Ө-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би тухайн өдөр гэрээсээ гараад Н-н ойролцоо байдаг худаг дээр очиход Н-н гадаа нэг эрэгтэй хүн нэг хүнийг унагаагаад гараараа ууц руу нь цохиж байхаар нь очиход миний төрсөн ах Д.Б-г Д нь зодож байхаар нь салгасан. Тэгэхэд манай ах Д.Б явж чадахгүй нуруугаа бариад байсан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 43 дугаар тал/

Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.Алтайбаатарын 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 193 дугаартай “...1. Д.Б-н биед бүсэлхийн нурууны  1, 2 , 4-р нугалмуудын хажуугийн сэртэнгийн хугарал, ууцанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт,/хавтаст хэргийн 46-47 дугаар тал/

Шүүгдэгч Т.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “... Бид нар Адуутын ам гэх газар Н-д очсон. Д.Б мөн хошного Т-н Д гэж янзын юм яриад дургүй хүргээд байхаар нь Д.Б-г барьж аваад газарт унагаагаад ар ууц хэсэг рүү нь 2-3 удаа гараараа цохиход Б ирж салгасан ... Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Т.Д-н хохирол мөнгийг төлнө...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56-57 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдлоо.

Шүүгдэгчийн үйлдэл нь хүний биед санаатай халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Т.Д-г уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хавтаст хэргийн 81 дүгээр тал/, хохирогч Д.Б-н Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан “... Миний бие 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр иргэн Т-н Д-д зодуулсны улмаас миний биед хүнд зэргийн гэмтэл учруулсан. Учруулсан хохирлоо мөнгөн хэлбэрээр төлж барагдуулсан тул гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Иймд миний гомдол саналгүй байдлыг харгалзан үзнэ үү...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 79 дүгээр тал/, шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохиролд нийт 1,500,200  (нэг сая таван зуун мянган хоёр зуун) төгрөг шилжүүлсэн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Хаан банкны шилжүүлгийн баримтууд зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч Т.Д-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлуудыг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, торгох ял оногдуулах тухай прокурорын санал зэрэг хүчин зүйлүүдийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч Т.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцэхээр байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож болно...” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ. Иймээс шүүгдэгчийн тухайд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй, түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасанчлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх боломжтой байх тул шүүх хугацаа тогтоогоогүй болно.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохиролд 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь  зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  У  овогтой Т-н Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Д-д 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг)  хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.Д-д сануулсугай. 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохиролд 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА