Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
Хэргийн индекс | 186/2022/0716/Э |
Дугаар | 2022/ШЦТ/766 |
Огноо | 2022-09-28 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Б.Баярчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/766
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Улсын яллагч Б.Баярчимэг,
Шүүгдэгч Б.И /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ит холбогдох эрүүгийн 2211 00000 1373 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Б.И, 1979 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, ...оршин суудаг, Урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2001 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 210 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, регистрийн дугаар
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.И нь 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Эыг “машин хүчтэй цохилоо” гэх шалтгаанаар зодож биед нь зулайн дэлбэнгийн субарахноидаль зайн цус харвалт, цээжний баруун талд цус хуралт бүхий гэмтэл үүсгэсэн болох нь тогтоогдож байна.
Дээрхи үйл баримт нь шүүгдэгч Б.И шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг.
Шүүгдэгч Б.Иоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 7 дугаар сарын 6-ны шөнийн 23 цагийн үед Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд байрлах Хаан банкны урд талын уулзвар дээр хөх өнгийн приус 20 маркийн 6791 УАК улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байтал нэгдүгээр эгнээгээ чөлөөлөөд 2 дугаар эгнээ рүү ороод зогстол уулзвар дээр нэг согтуу залуу зам хөндлөн гарч байснаа дайрлаа ш дээ пизда минь гээд манай эхнэр лүү орилсон ба манай эхнэр миний хажууд зорчигчийн суудал дээр сууж байсан тул миний дүү гарцаараа гараач гэж хэлсэн. Тэгсэн тэр залуу миний 6791 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийн араар нь тойрч гарч байхдаа арын гэрлийг гараараа юу эсхүл өөр зүйлээр цохисон уу маш хүчтэй цохиод авсан...тэгээд би машинаас буугаад өнөөх залууг чи уусан идсэнээ зөв шингээ л дээ гэж хэлээд түүний толгойн ар хэсэг рүү нь баруун гараараа 2 удаа түлхсэн..., мөр хэсэг рүү нь 2-3 удаа гараараа цохисон...,тэгсэн тэр залуу больёоо гэж хэлээд газар суухаар нь түүний мөр хэсэг рүү 1 удаа баруун хөлөөрөө өшиглөчхөөд шууд машиндаа суугаад яваад өгсөн...надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна..” гэсэн мэдүүлэг /хх-41-42/.
Хохирогч Э.Эоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Миний бие 2022 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс 7 дугаар сарын 7-ны өдрийг шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Етоп төвийн хажуу талын явган хүний гарцаар гарч байтал нэг приус 20 маркийн тээврийн хэрэгсэл цаанаас хурдтай дахиж ирээд явган хүний гарц хэтрээд зогсохоор нь би тухайн тээврийн хэрэгслийн араар гарахдаа ар хэсэг рүү 2 удаа гараараа цохисон. Тэгтэл нэг залуу тухайн машинаас бууж ирээд намайг зосон ба нэг мэдсэн эмнэлгийн машинд сэрсэн...” гэх мэдүүлэг /хх-12-13/,
Гэрч Ж.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 7 дугаар сарын 6-ны шөнийн 23 цагийн үед Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд байх Л төвийн урд хувиараа таксинд явж байхад Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд байх Етоп төвийн Хаан банкны урд талд нэг машин явж байгаад зогсоод замын хажууд явж байсан нэг залууг шууд зодоод газар унагааж байгаад толгой дээрээс нь хөлөөрөө дэвсээд, нүүр хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөөд байсан ба аль хөлөөрөө хэдэн удаа өшиглөөд байгааг нь би сайн анзаараагүй ба ямар аймар юм бэ гэж бодоод машин дотроосоо болиоч гээд орилтол тэр залуу болихгүй байсан ба би машинаасаа буугаад тухайн залууг хөөе гээд замын эсрэг тал руу тухайн залууг болиулах гээд алхтал тэр залуу цэнхэр өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд суугаад 7 буудлын гэрлэн дохиогоор зүүн эргээд Салхит тал руугаа давхиад явчихсан. Тэгээд би тухайн газар хэвтэж байх залуу дээр очиход тэр залуу газар толгойгоо бариад сууж байснаа тэр чигтээ ухаан алдаад уначихсан...” гэх мэдүүлэг /хх-19/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 9689 дугаартай дүгнэлтэд: “...Э.Эын биед зулайн дэлбэнгийн субарахноидаль зайн цус харвалт, цээжний баруун талд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдоо. ..Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна.” гэх дүгнэлт /хх-27-28/, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын 2022 оны 8 дугаар сарын 10- ны өдрийн 04/3859 дугаартай албан бичиг, түүний хавсралт /хх-59-60/, шүүгдэгч Б.Иын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-67/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-49/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-53/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч Э.Эод учирсан гэмтэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.И нь хохирогчийн биед баруун өгзөг, шилбэнд хатгагдсан шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Б.Иыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.И нь хохирогч Э.Эод учирсан хавтаст хэргийн материалд баримтаар тогтоогдсон 552.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан бөгөөд хохирогч Э.Эын зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Э.Эод эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн бөгөөд хавтаст хэргийн 60 дугаар хуудаст төлбөрийн мэдээллийг хүснэгтээр гаргажээ. Үүнд ойрын дуудлага 48.000 төгрөг, Гэмтэл согог судлалын үндэсний төвд 1.150.900 төгрөгийн хохирол гарсан гэх бөгөөд хавтаст хэргийн 62 дугаар хуудасны 1 гэж дугаарласан орлогын баримтаар 1.150.900 төгрөгийн хохирол гарсан нь тогтоогдож байна. Харин 48.000 төгрөгийн ойрын дуудлага гэх зардал нь хавтаст хэргийн материалд баримт авагдаагүй байх тул дээрх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Иоос 1.150.900 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохиролыг төлсөн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрөл хэмжээний дотор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг шүүгдэгчийн хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Ид торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Б.И нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Иыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ит 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ит оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.И нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар 497.1, Эрүүл мэндийн даатгалийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д хэсэгт зааснаар 1.150.000 төгрөгийг шүүгдэгч Б.Иоос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгуулсугай.
6. Шүүгдэгч Б.И нь, цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч авсан Б.Ит хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР