Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/178

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж

            Шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга А.Золзаяа

Улсын яллагч Э.Бадрал

Шүүгдэгч Т.******* түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Э.Бадралаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн 2136000530222 дугаартай, 178/2022/0178/Э/ индекстэй хэргийг 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

                                  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 2000 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цагдаагийн ажилтан мэргэжилтэй, Их буян худалдааны төвд харуулын ажилтай, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 3-29 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,******* ургийн овогт *******гийн *******, регистрийн дугаар:ПЮ00232611

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.******* нь Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Дарви сумын хэсгийн цагдаагаар ажиллаж байх хугацаандаа буюу 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймгийн Дарви сумын Булган багт байрлах “Суварга хайрхан” нэртэй хүнсний дэлгүүр орчимд Г.*******ад “ танай дэлгүүр шөнийн цагаар ажилласан учир торгоно” гэж хэлж, түүний эрх зүйн мэдлэг дутмаг байдлыг далимдуулан хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 50000 төгрөгийг бэлнээр авч, бусдыг залилах  гэмт хэрэгт холбогджээ.   

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

              Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр  шүүхийн хэлэлцүүлгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Хохирогч Г.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр би худгаас ус аваад явж байтал сумын хэсгийн цагдаа Т.******* таараад “ танай дэлгүүр өнгөрсөн шөнө архи зарж, шөнийн цагаар архи зарсан зөрчил гаргасан тул надтай уулзаарай” гэж хэлсэн.Би дэлгүүр дээрээ ирээд байж байтал Т.******* дэлгүүрийн гадна ирээд “ та надтай уулзахгүй юмуу” гэхээр нь би буцаж дэлгүүр лүү ороод эхнэр Хандсүрэнгээс 50000 төгрөг авч гараад дэлгүүрийн ард Т.*******тай уулзахад “торгуулийн мөнгө гээд 50000 төгрөг өгчих” гэхээр нь би торгуулийн мөнгө хийх гэж байгаа юм байх гэж ойлгоод 50000 төгрөгөө өгөөд явуулсан.2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Т.******* сумын төвд машин уначихсан явахаар нь би “авсан юм уу” гэхэд “тийм” гэсэн. Тэгээд би машинд нь 30000 төгрөгт бензин хийж өгсөн.Надад торгуулийн баримт гэж өгөөгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй ... гэх мэдүүлэг / хэргийн 214-215-р хуудас/

“Дарви Алтайн суварга” ХХК-ний гэрчилгээний хуулбар / хэргийн 220-р хуудас/

Ховд аймаг дахь Цагдаагийн газрын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 5/33 дугаартай тушаал / хэргийн 26-27-р хуудас/

Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзсан материалын хуулбар / хэргийн 31-39-р хуудас/

Гэрч Б.Хандсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай нөхөр бид хоёр 2009 онд Ховд аймгийн Дарви сумын төвд “Дарви Сутайн суварга” ХХК-нийг анх шатахуун худалдах чиглэлээр байгуулж 2011 онд   “Суварга хайрхан” гэх нэртэй 8 нэрийн барааны хүнсний дэлгүүрийн чиглэлээр шинээр нэмж бүртгүүлэн ажиллуулж байгаа.2020 оны 12 дугаар сарын 26-ны орой манай дэлгүүрт миний найз Янжин жаахан архи үнэртүүлчихсэн орж ирээд дулаацаад сууж байтал сумын цагдаа Т.******* орж ирээд “та дэлгүүрээ хаагаарай” гээд Янжинг харснаа “ та энэ хүнд архи зарсан байна” гэхээр нь би “архи зараагүй, даараад ороод ирэхээр нь би дулаахан суулгаж байгаад гэрт нь хүргэж өгөх гэж байна” гэхэд “тусгай зөвшөөрлөө аваад маргааш ирээрэй” гэж хэлээд явсан.Би маргааш нь тусгай зөвшөөрлөө аваачиж өгсөн. Замын цагдаа Батсайхан гэдэг хүнээр өөрийнхөө нэрээр надаас мэдүүлэг авсан.2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр намайг дэлгүүр дээр байж байхад манай нөхөр Г.******* орж ирээд надаас “50000 төгрөг өгч бай, Т.*******т  өгөх гэж байна” гээд дэлгүүрийн орлогоос 50000 төгрөг аваад гарсан... / хэргийн 99-100-р хуудас/

Гэрч Д.Янжиндуламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би найзынхаа төрсөн өдөрт задалсан 1 шил дарснаас уучихаад замдаа Г.*******ын дэлгүүрт ороод сууж байтал цагдаа орж ирээд “ дэлгүүрээ хаа” гээд хаалгасан.Би дэлгүүрээс юу ч аваагүй..” гэх мэдүүлэг / хэргийн 102-р хуудас/

 

Гэрч М.Батсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр НИК-ийн шатахуун түгээх станц дээр ээлжинд гарч байтал Г.*******,Т.******* хоёр машинтай ирээд Г.******* “ 30000 төгрөгт бензин хийчих, одоо мөнгө алга гэрээс очоод аваад ирье” гээд  бензин хийлгэж аваад явсан. Орой нь Г.******* миний данс руу мөнгө хийсэн..” гэх мэдүүлэг / хэргийн 104-р хуудас/

Гэрч Б.Мөнхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Цагдаагийн газрын дэд дарга Н.Бямбажав Т.Адъаятамир бид хоёрын ажлыг шалгаад “ зөрчил илрүүлж ажилла” гэсэн үүргийг амаар өгөөд явсан.2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр аймагт ажлаар ороод 31-ний өдөр Цагдаагийн газар дээр очиход хэв журмын ахлах байцаагч Д.Ганбат “танай цагдаа Т.******* нэг зөрчил илрүүлж рапортанд оруулсан байна.Хэсгийн цагдаа зөрчил шалгах эрхгүй тул чи материалжуулаарай” гэж хэлсэн Би Т.******* луу залгаад “ чи надад хэлэхгүй ямар зөрчил оруулчихваа” гэхэд 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Г.*******ын “Суварга хайрхан” дэлгүүр архи зарсан тул 27-ны өдөр зөрчлийн гомдолд оруулсан” гэж хэлсэн.Тэгэхээр нь би “ би 25-нд гаргасан зөрчлийг 27-нд оруулаад, намайг суманд байхад яагаад хэлдэггүй юм бэ” гэхэд “Нотлох баримттай болгох гээд 2 хоног алдчихсан” гэсэн. Би Г.******* руу залгаад асуухад “ би зөрчлийг Т.*******аар шийдүүлээд торгуулиа өгчихсөн” гэж хэлэхээр нь Т.******* луу залгаад “ Г.******* чамд торгуулсан” гэж байна гэхэд Т.*******” би тийм торгууль аваагүй” гэж хэлсэн. Би сумандаа ирээд Г.*******ын “Суварга хайрхан “ гэх дэлгүүрийн архи зарсан гэх зөрчлийг шалгахад тогтоогдоогүй тул татгалзах саналаа Прокурорын газарт явуулсан...гэх мэдүүлэг / хэргийн 106-107-р хуудас/

Албаны шалгалтын материал / хэргийн 110-154-р хуудас/

Шүүгдэгч Т.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Би 2020 оны 05 дугаар сард Ховд аймаг дахь Цагдаагийн газрын  Дарви сумын цагдаагийн хэсгийн цагдаагаар ажиллаж байгаад 2021 оны 01 дүгээр сард ажлаасаа халагдсан. Өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүх зүйлийг үнэн зөвөөр мэдүүлсэн.Би Г.*******аас “ танай дэлгүүрийг торгоно” гэж хэлээд 50000 төгрөгийг бэлнээр авсан.Тэдний дэлгүүрийг торгоогүй.Тухайн мөнгийг өөрийнхөө хэрэгцээнд дэлгүүрээс юм аваад дуусгасан.Харин Г.******* ах өөрөө 30000 төгрөгт миний машинд бензин хийж өгсөн...гэх мэдүүлэг / хэргийн 208-р хуудас/ зэрэг баримтууд болно.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи  нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч Т.******* нь Ховд аймгийн Дарви сумын хэсгийн цагдаагаар ажиллаж байх үедээ 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр тухайн суманд хүнсний дэлгүүр ажиллуулдаг Г.*******ыг “ танай дэлгүүр шөнө хүртэл ажилласан тул торгоно” хэмээн хуурч дэлгүүрийн бичиг баримтыг нь аваад Г.*******аас 50000 төгрөгийг бэлнээр авч хувийн хэрэгцээндээ ашигласан.Харин сумын хэсгийн төлөөлөгч нь тухайн дэлгүүрийг журам зөрчсөн зөрчил гаргасан эсэхийг эрхийнхээ хүрээнд шалгахад зөрчил тогтоогдоогүй Т.******* торгоно хэмээн Г.*******ад худал хэлж залилж мөнгө авсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.******* тухайн үед сумын цагдаагаар ажиллаж  байсан нь  Ховд аймаг дахь Цагдаагийн газрын дарга 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/33 дугаартай тушаалаар тогтоогдож байх ба тэр Г.*******ыг “дэлгүүрээ шөнө хүртэл ажиллуулсан тул торгоно” гэж хэлсэн нь албан тушаалын байдлаа ашиглаж бусдад итгэл төрүүлсэн байдал байх  бөгөөд мөнгийг авч буцаан төлөхгүйгээр хувьдаа авч өөрийн хэрэгцээндээ  зарцуулсан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан прокуророос түүний энэ үйлдлийг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн нь зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

Хохирогч Г.*******ын “Суварга хайрхан”дэлгүүр 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хорио цээрийн дэглэмийн үед архи согтууруулах ундааны зүйл зарсан гэх зөрчил нь “Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзсан материал”-д авагдсан /хэргийн 119-127-р хуудас/ баримтаар ”Суварга хайрхан” дэлгүүрийг торгох үндэслэл тогтоогдоогүй, шүүгдэгч Т.******* өөрийн албан тушаалын байдлаа ашиглан мөнгө олох гэсэн шунахайн сэдэлттэй үйлдэл болно.

Шүүгдэгч Т.******* залилах гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч Г.*******ын мэдүүлэг, гэрч  Б.Хандсүрэн, Д.Янжиндулам, Б.Мөнхбаатар нарын мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, бичгийн бусад нотлох баримтуудар тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.*******т холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.

 

Иймд шүүгдэгч Т.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан албан тушаалын байдлаа ашиглан бусдыг хуурч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

                       

                     Хоёр.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Т.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан албан тушаалын байдлаа ашиглан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Т.Адъаятамирт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:

Шүүгдэгч Т.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн 221 дүгээр хуудас дахь  “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” -аар тогтоогдож байна.

            Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч С.*******гийн өгсөн... Манай хүү Т.******* нь эцэг эхээс гурвуулаа,2016-2018 онд Ховд аймгийн Политехник коллежийн засал чимэглэлчийн ангийг төгссөн, 2018-2019 онд Баян-Өлгий аймгийн хилийн цэрэгт алба хаагаад 2019 онд цагдаагийн 45 хоногийн курсэд суралцаж төгсөөд Дарви суманд цагдаагаар ажилд орсон.2021 оны 8 дугаар сард Ариунзултай гэр бүл болж, нэг охины хамт амьдардаг...гэх мэдүүлэг /хэргийн 217-р хуудас/,шүүгдэгч Т.*******ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, гэрэлтийн гэрчилгээний хуулбар, Т.*******ын Энххүслэнгийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Т.*******ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан албан тушаалын байдлаа ашиглаж, бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 10 000 000 төгрөгөөр торгох ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялын 10.000.000 төгрөгийг 03 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,  шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, хохирогчид 50000 төгрөгийг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй зэргийг тус тус дурдах гэх санал,дүгнэлт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргалаас: Шүүгдэгч Т.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа.Хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулсан, бага насны хүүхэд эхнэрийн хамт амьдардаг, эхнэр нь ажил эрхэлдэггүй зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж улсын яллагчийн санал болгосон ялын саналыг хүлээн зөвшөөрч байх тул 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү гэв.

Шүүгдэгч Т.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд  Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан  анх удаа гэмт хэрэг үйлдсэн,1.2-т заасан хохирлоо нөхөн төлсөн зэргийг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс: Шүүгдэгч Т.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан албан тушаалын байдлаа ашиглан, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн ялын санал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Т.*******т арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар торгох ялын нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 10.000.000 төгрөгийг 03 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.*******т тайлбарлаж шийдвэрлэв.

Гурав. Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Т.******* нь хохирогч Г.*******аас 50000 төгрөг залилж авсан нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба шүүгдэгч Т.******* хохирлын 50000 төгрөгийг төлсөн болох нь хэргийн 232 дугаар хуудсан дахь мөнгөн шилжүүлгийн баримтаар  тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.

            Эрүүгийн 2136000530222 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй,битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,34.2, 36.6- 36.8,36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан албан тушаалын байдлаа ашиглан бусдыг хуурч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******ыг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******т  оногдуулсан арван мянган  нэгжтэй тэнцэх хэмжээний 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг 03 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.*******т мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн 2136000530222 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

 

6.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Т.*******т оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Т.Адъаятамирт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор,оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ  шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ГАНТӨГС