Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/781

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

Улсын яллагч Б.Дөлгөөн,

Шүүгдэгч Э.Г /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Гд холбогдох эрүүгийн 2211 00634 1333 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Э.Г,  1985 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа тавилга хийдэг ажилтай, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт Улаанбаатар хот, ...тоотод оршин суудаг, урьд 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 349 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Г нь 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Улсын их дэлгүүрийн 5 дугаар давхарт хүүхдийн дэлгүүрийн тавилга хийж өгье гэж хохирогч М.Агаас 2.400.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5009224743 тоот дансанд шилжүүлэн авсан байна болох нь:

 

Шүүгдэгч  Э.Гас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн нэмж мэдүүлэх зүйлгүй..” гэсэн мэдүүлэг,

 

 Шүүгдэгч Э.Гас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Миний бие 2008 оноос хойш хувиараа 100 айл, дэнжийн 1000, 9 дүгээр гэх газруудад ажлын цех түрээслэн дэлгүүрийн тавилга болох лангуу, тавиур зэргийг хийж байсан ба сүүлд түрээслэх газар олдохгүйгээс болж 2022 оны 2 дугаар сараас хойш тавилга хийх ажлаа больсон. Болсон асуудлын хувьд гэвэл 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр надаар урьд өмнө нь дэлгүүрийн тавилга хийлгэдэг байсан М.А гэх эмэгтэй надтай фэйсбүүк чатаар холбогдоод Чингэлтэй дүүрэг 3 дугаар хороо Улсын их дэлгүүрийн 5 дугаар давхарт байрлах хүүхдийн гутлын дэлгүүрт тавилга хийлгэе гээд намайг дуудсан. Тэгэхээр нь би тавилга хийхээ больчихсон байсан ч мөнгөний хэрэг байсан тул тус дэлгүүр лүү явж очоод Атай уулзахад надаар төмөр рамтай 6-7 шүүгээ хийлгэе гээд хэмжээгээ өгсөн. Тэгэхээр нь би тус тавилгыг 3.100.000 төгрөгөөр 4 дүгээр сарын 2-ны өдөр хийж хүлээлгэн өгнө гэж худлаа хэлээд Атай тохиролцон материал авах мөнгө гэж хэлээд урьдчилгаа болгон тухайн өдрөө 1.800.000 төгрөгийг өөрийн 5009224743 тоот дансаар хүлээн авсан. Дараа нь 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр А руу яриад материал нэмж авах хэрэгтэй байна гэж хэлээд дахин 400.000 төгрөгийг өөрийн...тоот дансаар хүлээн авсан. Сүүлд 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр мөн материал нэмж авна гэж хэлээд дахин 200.000 төгрөгийг өөрийн ....тоот дансаар хүлээн авсан юм. Энэ мөнгөөр би ямар нэгэн тавилга хийх материал аваагүй би тухайн үед би тавилга хийхээ больчихсон байсан юм..” гэсэн мэдүүлэг /хх-70-71/,

 

Хохирогч М.Агаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүүхдийн дэлгүүрийн тавилга хийлгүүлэхээр урьд өмнө нь тавилга хийлгүүлж байсан Г гэх залуутай холбогдсон. Би Гас тавилга хийж байгаа юу гэж асуухад тавилга хийж байгаа гэсэн. Тэгээд уулзаж ярилцахаар болж Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Улсын их дэлгүүрийн 5 давхарт уулзахаар болсон. Тэгээд тэр өдрөө бид хоёр тохирсон газраа уулзаад би Гтай үнэ, ханш, зураг, загвараа ярилцаад 2022 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр захиалсан хүүхдийн дэлгүүрийн тавилгаа хүлээж авахаар тохиролцоод урьдчилгаа болох 2.400.000 төгрөгийг Хаан банкны ... тоот данснаас Гантулгын Хаан банкны ... тоот дансанд 3 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. Гэтэл 2022 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр болоход миний захиалсан тавилгыг хийж өгөөгүй. Тэгээд холбоо барих гэтэл түүний ... гэх утасны дугаар нь холбогдохоо больчихсон. Мөн Г.Э, Э.О гэх фэйсбүүк цахим хаягаасаа намайг блоклочихсон байсан болохоор нь цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан ...” гэсэн мэдүүлэг /хх-13-17/,

Хаан банкны депозит дансны 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 29/4230 дугаартай дэлгэрэнгүй хуулга (/хх-48-57/, шүүгдэгч  шүүгдэгч Э.Г иргэний үнэмлэхний лавлагаа /хх-34/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-35/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-26/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.

 

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Э.Г нь улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүгдэгч Э.Г хүүхдийн дэлгүүрийн тавилга хийж өгнө гэж хуурч авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн дээрхи гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүй бөгөөд прокуророос зүйлчилсэн Эрүүгийн хуулийн зүйл заалт зөв байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Э.Г нь хохирогч М.Агаас авсан 2.400.000 төгрөгийг төлөөгүй байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогч Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо...тоотод оршин суух, М.А -д олгуулах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Э.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох шийтгэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.Г нь 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/349 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн байх бөгөөд хавтаст хэргийн материалд ялын тооцооны талаар баримт авагдаагүй, прокурор ирүүлээгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар нэгтгэн шийдвэрлэх боломжгүй байна.

 

Шүүгдэгч Э.Гд оногдуулсан дээрх ялыг шүүгдэгчийн хувийн байдал, зэргийг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, шүүгдэгч Э.Гд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Э.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.Г Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гас 2.400.000 төгрөгийг гаргуулж, ....тоотод оршин суух, М.А / /-д  олгуулсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.МӨНХБАЯР