| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2022/0667/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/709 |
| Огноо | 2022-09-06 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | А.Ариунаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/709
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Улсын яллагч А.Ариунаа,
Шүүгдэгч Ц.О, түүний өмгөөлөгч Б.Бадамханд нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.От холбогдох эрүүгийн 2203 00281 0346 дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Ц.О, 1984 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “...” ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 3, ээж, дүүгийн хамт амьдардаг, ...тоотод оршин суух албан ёсны хаягтай боловч Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Дөрвөн бэрх хотхон 421-27 тоотод түр оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2 удаагийн ял шийтгэл эдэлж байсан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнссэн,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2019/ШЦТ/964 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн, 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1/330 тогтоолоор торгуулийн ял өршөөгдсөн, регистрийн дугаар
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.О нь 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 12 цаг45 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Дэнжийн 1000-н Цагаан байрны зүүн замд “явган зорчигч Г.О, унадаг дугуйтай зорчигч Б.Т нарыг мөргөсөн зам тээврийн осол гаргасан байна. Тэрээр ядарсан үедээ жолоо барьж яваад зүүрмэглэн замын хажуу руу орж “явган зорчигч Г.О, унадаг дугуйтай зорчигч Б.Т нарыг мөргөж явган зорчигч Г.Октябрийн биед зүүн 2, 3, 4 дүгээр хавирганы зөрүүтэй хугарал, цээжний зүүн хөндий дэх хий, шингэн хуралдалт, зүүн эгэмний дунд 1/3-ийн зөрүүгүй хугарал, зүүн чихний дэлбэнд няцарсан шарх, цус хуралт, цээж, зүүн цавь, хоёр гуянд цус хуралт, духанд зулгаралт гэмтэл, унадаг дугуйтай зорчигч Б.Тгийн биед зүүн атгаалын толгойн гадна, далны сэртэнгийн ясны эдийн няцрал, харалдаах булчингийн эдийн няцрал, зүүн мөр, зүүн тохой, шуу, зүүн гуя, өвдөг, шилбэ, шагайн үений зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт, дух хамар, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал хохирол тус тус учруулсан байна.
Шүүгдэгч Ц.Оаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Тухайн үед ядарч яваад зүүрмэглээд тийм асуудалд орсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй..” гэв.
Шүүгдэгч Ц.Оаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-90/ “..Урьд шөнө нь ажил явдал гарч нойргүй хоносон байсан учраас буяны ажилд оролцсон ламаа хүргэж өгөхөөр явж байхдаа зүүрмэглээд замын хажуу талд байсан хүмүүсийг мөргөсөн байсан. Би тухайн үед ойролцоогоор 40 орчим километр цагийн хурдтай явсан. Осол болох үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Бид хоёрын биед хохирол учраагүй. ..” гэх мэдүүлэг,
Хохирогч Г.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 12-14 цагийн хооронд хороон дээр урамшуулалт эрүүл хийж яваад Цагаан байрны автобусны буудал дээр явган хүний гарцаар гарч байгаа хүмүүст туслаад зохицуулалт хийж байтал түс тас хийгээд явсан нэг мэдсэн би газарт хэвтэж байсан. Тэгээд босох гэтэл хөл өвдөөд босож чадахгүй, түргэн ирээд намайг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-18/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Б.Т 1 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад замын цаад талд гарч барилгын материалын дэлгүүрээс юм авхуулахаар би явуулсан. Тэгээд удалгүй хүү аа вруугаа залгаад яасан бэ гэсэн чинь би машинд мөргүүлсэн гэж хэлсэн. Тэгээд бид 2 гүйгээд очиход бас нэг хүн явган хүний зам дээр мөргүүлсэн гээд хэвтэж байгаа харагдсан.. би юу болсон талаар асуусан чинь унадаг дугуйгаа унаж яваад гарцан дээр мөргүүлсэн өвөөгийн баруун талд унадаг дугуйнаасаа буух гээд зогсож байтал нэг машин хашлага даваад эхлээд өвөөг мөргөөд дараа миний хүүг дугуйтай нь цуг мөргөсөн гэсэн. Миний хүүг мөргөх үед миний хүү гар утсаа газар унагасан байна. Гар утасны дэлгэц хагарсан. Тэр утсыг 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн өдрөө нь 500.000 төгрөгөөр авч өгсөн “Samsumg galaxy s8” маркийн гар утас байсан. Харин унадаг дугуй нь AGIOM маркийн 2 жилийн өмнө 900.000 гаран төгрөгөөр авч байсан дугуй санагдаж байна...” гэсэн мэдүүлэг /хх-24/,
Гэрч Г.Я мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр оршуулгын ажилд оролцсон.. 32-н тойргоор баруун гар тийш эргээд Баянбүрдийн чиглэлд явж байтал Цагаан байр орчимд гэнэт машин баруун гар тийш хашлага даваад эхлэх үед нь би хөөш гээд баруун гараараа зүүн далан дээр нь хүрсэн чинь жолооч зүүрмэглэсэн байх шиг байсан. Тэгээд машин баруун хашлага давж гараад явган хүний замаар явсан. Урдаас нэг унадаг дугуй унасан эмэгтэй хүүхэд ирсэн чинь жолооч тэр хүүхдийг дайрахгүй гэсэн байх явган хүний зам дээр гарцаар гарч яваа хүмүүсийг зохицуулж байсан шар хантаазтай эрэгтэй хүн, унадаг дугуй унасан эмэгтэй хүүхэд хоёрын дундуур гарах үедээ шар хантаазтай хүнийг машины баруун талын толь хэсгээрээ, унадаг дугуй унасан эмэгтэй хүүхдийн зүүн гар талын гар хэсгийг мөргөөд цааш яваад зам руу, ороод автобусны буудал руу шахаж зогссон.. миний биед гэмтэл учраагүй..” гэсэн мэдүүлэг /хх-32/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Б Хүний биед үзлэг хийсэн №7614 дугаартай дүгнэлтэд: “...Б.Тгийн биед зүүн атгаалын толгойн гадна, далны сэртэнгийн ясны эдийн няцрал, харалдаах булчингийн эдийн няцрал, зүүн мөр, зүүн тохой, шуу, зүүн гуя, өвдөг, шилбэ, шагайн үений зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт, дух хамар, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цагхугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэгтогтоох журмын 2.4.1-тзааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-55-56/ ,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Б Хүний биед үзлэг хийсэн №7614 дугаартай дүгнэлтэд: “...Г.О биед зүүн 2, 3, 4 дүгээр хавирганы зөрүүтэй хугарал, цээжний зүүн хөндий дэх хий, шингэн хуралдалт, зүүн эгэмний дунд 1/3-ийн зөрүүгүй хугарал, зүүн чихний дэлбэнд няцарсан шарх, цус хуралт, цээж, зүүн цавь, хоёр гуянд цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-63-65/, 102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлага, лавлагааны хуудас, /хх-3/, 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-4-11/,
2022 оны 7 дугаар сарын 07-ны №703 дугаартай Мөрдөгчийн магадлагаанд: “.....27-17 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.О нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг.....,мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй...ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12.3 Жолооч хөдөлгөөнд авул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч Г.О, Б.Т нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийни ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэх магадлагаа /хх-68-70/, “...” маркийн 27-17 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа, /хх-130/, “.. ББСБ” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 780 дугаартай албан бичиг, /хх-105/, шүүгдэгч Ц.Оаас гаргаж өгсөн хохирол төлсөн баримт, /хавтаст хэргийн 93-94 хуудас/, Хохирогч Г.Октябрийн хохирол төлбөр хүлээн авсан талаарх бичгээр гаргасан өргөдөл, /хх-15 /, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 07 дугаар сарын 26- ны өдрийн 04/3714 дугаартай албан бичиг, хавсралт, /хавтаст хэргийн 128-129 хуудас/, шүүгдэгч Ц.Оын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа, /хх- 97/, шүүгдэгч Ц.Оын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-131/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-116/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгүүд зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгч Ц.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь заалт “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/..хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй.. /..ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох/”, мөн дүрмийн 12.3 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр хохирогч Г.Октябрийн биед учирсан гэмтлийг гэмтийн зэрэг тогтоох журамд заасан хүнд зэрэгт, хохирогч Б.Тгийн учирсан гэмтлийг гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэсэн бөгөөд шүүгдэгчийн дээрхи гэмт үйлдлийн улмаас хохирогч Г.Од хүнд хохирол учирсан, хохирогч Б.Тд хөнгөн хохирол тус тус учруулсан байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, үйлдэл түүнийг нотлож буй нотлох баримтуудыг үгүйсгээгүй, ямар нэг байдлаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Ц.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ц.О нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэмт хэргийн улмаас хохирогч Г.Од учирсан 3.077.000 төгрөгийн хохирол, хохирогч Б.Тд учирсан 322.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан, харин Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт учирсан 3.399.000 төгрөгийг төлж барагдуулаагүй байгаа бөгөөд уг хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газраа өөрчилсөн тохиолдолд хяналт тавьж байгаа байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэв.
Шүүгдэгч Ц.От дээрх хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах сануулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.От оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолох нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Ц.О нь хохирогч Г.Од учирсан 3.077.000 төгрөгийн хохирол, хохирогч Б.Тд учирсан 322.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан бөгөөд, харин Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт учирсан 3.399.000 төгрөгийг төлж барагдуулаагүй байгаа бөгөөд уг хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул Иргэний хууль, Эрүүл мэндийн даатгалийн тухай хуульд зааснаар шүүгдэгч Ц.Оаас 3.399.000 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт олгуулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.О нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ц.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О оршин суух газраа өөрчилсөн тохиолдолд хяналт тавьж байгаа байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.От оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар 497.1, Эрүүл мэндийн даатгалийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оаас 3.399.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгуулсугай.
7. Шүүгдэгч Ц.О нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
9. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР