Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/261

 

 

 

 

 

                                         2022/ШЦТ/261

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: С.Батсүх

Хохирогч: Ч.О    

Шүүгдэгч: А.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт Аын Бд холбогдох эрүүгийн 2212000000237 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар .......... жолооч ачигч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хотын ............тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Монгол овогт Аын Б/РД:АР............/

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Монгол овогтой Аын Б нь Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багийн Хясаа гэх газар 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр иргэн Ч.Оыг “бяруу хүнд өглөө” гэх шалтгаанаар маргалдаж, зодож улмаар түүний биед зүүн нүдний зовхинд цус хуралт, хамрын таславчийн муруйлт, баруун чихний хөхлөг сэртэнд зөөлөн эдийн няцрал, чихний дэлбээнд зулгаралт бүхий гэмтэл санаатай учруулсан гэмт  хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

         

               *Хохирогч Ч.О шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэгтээ: “...Намайг ахынд очоод хонь хяргаад сууж байхад тухайн хэрэг болсон. Манай бярууг буруу таниад өөрийнхөө имийг хийсэн байсан. Бярууг минийх байна уу А.Бийнх байна уу гэдгийг тогтоолгомоор байна. Миний чих муу сонсдог болсон, хот руу явж эмчилгээ хийлгэсэн зардлаа нэхэмжилмээр байна...” гэв.

          

            *Эрүүгийн 2212000000237 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч Ч.Оын өгсөн:

“...2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр би ах Ч.Дгийнд хонь хяргаад байж байхад манай саахалт айлын А.Б гэх залуу хонины хашаанд орж ирээд яагаад манай бярууг хүнд өгсөн юм гээд намайг шууд зүүн талын шанаа руу цохиод дараа нь баруун талын шанаа руу цохихоор нь би нүүрээ дараад доошоо тонгойход нүүр рүү өшиглөөд байхаар нь би газар хэвтэхэд яасан маягтай юм гээд татаж аваад дахин нүүр рүү цохиод байсан. Тэгсэн бэр эгч юу болоод байгаа юм хэл амаараа ярьж болдоггүй юм уу гээд А.Бийг надаас салгаад хонины хашаанаас гаргасан. А.Б машиндаа суусныхаа дараа хоёр үхэр байхгүй байгаа чи хаана ачиж аваачсан чамайг урдуур гарахаар чинь ална гээд орилоод байсан. Миний хамраас цус гарч зүүн талын нүд хавдаад байхаар нь би хүйтэн жин тавьж байгаад гэртээ харьсан. Би Улаанбаатар хотод ажилтай байж байгаад 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хотоос ирэхэд манай үхрээс 4 бяруу дутсан байсан. Тэгээд би бяруунуудаа хайгаад олохгүй байсан чинь нэг бяруу нь үхэр дотроо чихэндээ шинэ им хийлгэсэн гүйж ирсэн. Тэгээд би саахалт айлын А.Бийн үхэрт очиход манай 3 бяруу байхаар нь би бэлчээрээр нь туугаад үхэртээ нийлүүлсэн. Би гүйж ирсэн бяруугаа ахын хүү Жамъяндагвад айлчин хийж ирэхээр нь үхэр өгсөн байсан болохоор тухайн бяруугаа өгөхдөө манай бяруу шүү хүн им хийсэн байна гэж хэлээд өгсөн. Тэгсэн А.Б тухайн бярууг манай бяруу чи хүнд өгсөн байна гээд намайг зодсон. Манай төрсөн ах Ч:Д, бэр эгч С.О, А.Б эхнэрийн хамт байсан. Би А.Бд зодуулснаас болж миний зүүн талын нүд хөхөрч хавдсан, баруун талын шанаа, чих хавдаж дархад хөндүүртэй байгаа. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг гаргуулна. Би гомдолтой, эмчилгээ хийлгэх зардлаа нэхэмжилнэ. А.Б намайг үхэр хулгай хийсэн гэж гүтгээд байгаа учир нэр төрөө сэргээлгэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 6-7 дугаар тал/

 

*Хохирогч Ч.Оын дахин өгсөн:

“...Би 2022 оны 05 дугаар сарын 20-ны үед өөрийнхөө үхэр сүргээс 4 тооны монголын бяруу алга болсон байсан. Тэгээд би 4-5 хоног хайгаад олоогүй юм. Тэгтэл хэд хоногийн дараа алга болсон 4 тооны бярууны нэг нь болох улаан халзан эр бяруу А гэх айлын үхэр сүргээс салаад өөрийнхөө үхэр сүрэгт нийлсэн юм тэгээд би очоод харсан чинь 2 чихийг нь имнэчихсэн байсан. Тэгээд би үлдсэн 3 тооны бяруу нь А ахын үхэрт байгаа юм байна гэж бодсон тухайн айлын үхэр сүргийг очиж шүүж үзэхэд алга болчихсон байсан 3 тооны бяруу зүсээрээ байхаар нь бяруугаа ялгаж авсан юм. Би төрсөн ахынхаа хүүхдийн найранд өмчинд нь тухайн имнэсэн бярууг өгсөн, тэгтэл намайг Аын Б манай бярууг хүнд өгсөн байна гэж ирээд намайг зодсон. Би А.Бийг зодсон зүйл байхгүй ямар нэгэн өр авлага өс хонзонгийн зүйл байхгүй. Тухайн бярууны асуудлыг хэсгийн төлөөлөгчөөр шалгуулж байгаа. А.Б надад хохирол төлсөн зүйл байхгүй. Би Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд 189 мянган төгрөг тушаасан мөн эмнэлэгт үзүүлэхэд явсан замын шатахууны зардал гээд нийт 1 сая төгрөг болж байна. Би зарим баримтаа аваагүй, миний цуглуулсан 2 ширхэг баримт л байна. Би өөрийнхөө бярууг авсны төлөө хүнд зодуулсандаа маш их гомдолтой байна...”гэх мэдүүлэг/хх-ийн 47-48 дугаар тал/

 

*Гэрч Ч.Дгийн өгсөн:

“...2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр манайх хонио хяргасан. Дүү Ч.О манайд хонь хяргаад байж байхад багийн иргэн А.Б манайд ирээд хонины хашаан дотор ороод дүү Ч.Оыг цохиод авахаар нь би юу болж байгаа гээд А.Бийг татаж аваад хонины хашаанаас гаргасан. Би Ч.Оаас яасан юм гэхэд би яагаачгүй гээд хамраас нь цус гараад зүүн талын нүд хөхрөөд хавдсан байсан. Тэгээд А.Б яваад өгсөн. А.Б ирээд хонины хашаа руу орж байсан. Ч.Оыг юу гэж хэлээд цохисныг би сонсоогүй. А.Б, Ч.О хоёрын ямар нэгэн асуудал байдаг болохыг би мэдэхгүй. Ч.О А.Бийг цохиогүй. Дүү Ч.О надад зодоон болсны маргааш өдөр нь утсаар яриад А.Б бид хоёр бяруу булаалцалдсан гэж ярьж байсан. Ч.О, А.Б нар архи уугаагүй байсан... “гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар тал/

 

 *Гэрч С.Оын өгсөн:

 “...2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр манайх хонио хяргасан. Хадам дүү Ч.О манайд хонь хяргаад байж байхад багийн иргэн А.Б манайд ирээд хонины хашаан дотор ороод хадам дүү Ч.Оыг шууд зүүн талын шанаа хэсэгт нь цохисон. Нөхөр бид хоёр юу болж байгаа гээд А.Бийг татаж аваад хонины хашаанаас гаргахад А.Б өөрөө яваад өгсөн. Ч.Оын нүд хөхөрч хавдсан байсан. А.Б Ч.Оыг цохихдоо чи манай бярууг аваад им хийсэн байна гэж хэлээд цохиж байсан. А.Б, Ч.О хоёрын дунд ямар нэгэн асуудал байдаг болохыг би мэдэхгүй. Манайхан голын урд хойн байдаг.  Ч.О А.Бийг цохиогүй. Ч.О, А.Б нар архи уугаагүй байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 18-19 дүгээр тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 252 дугаартай “...Ч.Оын биед зүүн нүдний зовхинд цус хуралт, хамрын таславчийн муруйлт, баруун чихний хөхлөг сэртэнд зөөлөн эдийн няцрал, чихний дэлбээнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар тал/

 

  *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

  Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр  Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багийн Хясаа гэх газар иргэн Ч.О нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.Б нь 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр  Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багийн Хясаа гэх газар иргэн Ч.Отай маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Ч.Оын“...2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр би ах Ч.Дгийнд хонь хяргаад байж байхад манай саахалт айлын А.Б гэх залуу хонины хашаанд орж ирээд яагаад манай бярууг хүнд өгсөн юм гээд намайг шууд зүүн талын шанаа руу цохиод дараа нь баруун талын шанаа руу цохихоор нь би нүүрээ дараад доошоо тонгойход нүүр рүү өшиглөөд байхаар нь би газар хэвтэхэд яасан маягтай юм гээд татаж аваад дахин нүүр рүү цохиод байсан. Тэгсэн бэр эгч юу болоод байгаа юм хэл амаараа ярьж болдоггүй юм уу гээд А.Бийг надаас салгаад хонины хашаанаас гаргасан. А.Б машиндаа суусныхаа дараа хоёр үхэр байхгүй байгаа чи хаана ачиж аваачсан чамайг урдуур гарахаар чинь ална гээд орилоод байсан. Миний хамраас цус гарч зүүн талын нүд хавдаад байхаар нь би хүйтэн жин тавьж байгаад гэртээ харьсан...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Дгийн“...2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр манайх хонио хяргасан. Дүү Ч.О манайд хонь хяргаад байж байхад багийн иргэн А.Б манайд ирээд хонины хашаан дотор ороод дүү Ч.Оыг цохиод авахаар нь би юу болж байгаа гээд А.Бийг татаж аваад хонины хашаанаас гаргасан. Би Ч.Оаас яасан юм гэхэд би яагаачгүй гээд хамраас нь цус гараад зүүн талын нүд хөхрөөд хавдсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Оын”...2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр манайх хонио хяргасан. Хадам дүү Ч.О манайд хонь хяргаад байж байхад багийн иргэн А.Б манайд ирээд хонины хашаан дотор ороод хадам дүү Ч.Оыг шууд зүүн талын шанаа хэсэгт нь цохисон. Нөхөр бид хоёр юу болж байгаа гээд А.Бийг татаж аваад хонины хашаанаас гаргахад А.Б өөрөө яваад өгсөн...” гэх мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 252 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 Шүүгдэгч А.Б нь хохирогчийн эрүүл мэндэд зүүн нүдний зовхинд цус хуралт, хамрын таславчийн муруйлт, баруун чихний хөхлөг сэртэнд зөөлөн эдийн няцрал, чихний дэлбээнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч А.Бийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч А.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч Ч.Оын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ хохирол төлбөр нэхэмжлэнэ гэсэн боловч энэ талаар ямар нэгэн нотлох баримт ирүүлээгүй тул шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй юм. Түүний мөрдөн байцаалтын шатанд ирүүлсэн Хасбанкны орлогын маягт нь эрүүл мэндийн даатгал төлсөн талаарх баримт болох талаар хохирогч шүүх хуралдаанд тайлбарласан бөгөөд үүнийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол  төлбөртэй хамааралтай гэж үзэх боломжгүй юм. Харин хохирогч нь өөрт учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч А.Б нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий  6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт  хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Монгол овогт Аын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бийг 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь шүүхээс оногдуулсан 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4/дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч А.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Ч.О нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР