| Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттуулайн Болормаа |
| Хэргийн индекс | 119/2021/0014/з |
| Дугаар | 19 |
| Огноо | 2021-09-17 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болормаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ОАМХГ-ын НХХУБ Н.Б, ХХУБ Д.Э нарт холбогдох
“ОАМХУБ-ийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 14.06.022/01 дугаартай актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М, хариуцагч Н.Б, Д.Э, гуравдагч этгээд Б.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн захирал Ө.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нэхэмжлэлийн үндэслэл: Хариуцагч нар нь ОАМХГ-ын даргын баталсан 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 14/09 дугаартай “Н” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулах тухай удирдамжаар манай “Э” ХХК-д хяналт шалгалт явуулж улмаар манай компанийг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль болон хугацаа нь дууссан, хүчин төгөлдөр бус Хамтын гэрээний заалтыг зөрчсөн гэж дүгнэж, улмаар маргаан бүхий УБ-ийн 14.06.022/01 дугаартай актыг гаргасан.
Манай компанийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийг ямар нэг байдлаар зөрчөөгүй байхад ийнхүү хууль зөрчсөн гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Уг асуудлаар ОАМХГ-ын дарга, АБ-д хандсан боловч 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 04/150 дугаартай албан бичгээр УБ нарын акт үндэслэлтэй байна гэсэн хариу ирүүлсэн тул шүүхэд хандаж байна.
Иймээс ОАМХГ-ын УБ нарын хамтран гаргасан 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 14.06.022/01 дугаартай актыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Э” ХХК нэхэмжлэл гаргахдаа ОАМХГ-ын НХХУБ нар хяналт шалгалт явуулж, хяналт шалгалтаа явуулаад Хөдөлмөрийн тухай хууль болон хугацаа дууссан хамтын гэрээ, хүчингүй болсон хамтын гэрээг дүгнээд улмаар УБ-ийн 14.06.022/01 дугаартай актыг гаргасан. Энэ актыг эс зөвшөөрч байна гэж гаргасан. 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 1409 дугаартай ОАМХГ-ын даргын баталсан удирдамж тухайн компанид өгсөн байсан. Энэ удирдамжаар “Э” ХХК-ийг шалгахгүй харин “Н” ХХК-ийг шалгана гэж заасан. Гэвч УБ нар удирдамжид зааснаас хэтрүүлж өөр компанийг шалгасан. Тухайн “Н” ХХК-ийг шалгаагүй. Шалгасан байж магадгүй, шалгасан тэмдэглэл нь хэрэгт авагдаагүй. УБ бол Төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаар төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг удирдамжид үндэслэж явуулах ёстой. Удирдамжид үндэслэхгүйгээр өөр байгууллагыг шалгасан. Удирдамжаар “Э” ХХК-ийг шалгана гэсэн удирдамж ирээгүй учраас “Э” ХХК-ийн хувьд шалгуулах гэж байгаагаа мэдээгүй. Төрийн хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулах зарчим нь өөрийнх нь оролцоог хангах, өөрт нь мэдэгдэх гэсэн нөхцөл байдалд тулгуурлаж явагдах ёстой. Гэтэл “Э” ХХК-д 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр дээрх маргаан бүхий УБ нарын хамтран гаргасан акт явуулсан байдаг. Уг актаар хэд хэдэн асуудлыг шийдвэрлэсэн. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаар удирдамжийн хүрээнд шалгах ажиллагаа яваагүй учраас тухайн асуудал дотор зарим нэг ажил олгогч шийдвэр гаргасан байсан боловч тэрийг хэрэгжүүлээгүй байсан нөхцөл байдал байсан. Гэхдээ нэхэмжлэгч тухайн нөхөн төлбөрийн асуудлаар зарим нэг шийдвэрлэх ёстой асуудал байсан боловч үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэж шүүхэд хандсан. Учир нь нэгэнт “Э” ХХК-ийг шалгахгүй “Н” ХХК-ийг шалгана гэсэн удирдамж гарсан байхад үүнийг зөрчиж явуулж байгаа УБ-ийн үйл ажиллагаа бол бүхэлдээ хууль бус юм. Тийм учраас энэ асуудлаар бүхэлд нь маргаж байгаа. Бусад оролцогч компани болох “О” ХХК, “Э” ХХК-д ямар ч удирдамж өгөөгүй байдаг. Хяналт шалгалтаа ч тухайн компанид холбогдуулж явуулаагүй. Тухайн компани оролцоогүй, энэ шийдвэрийг хүлээж аваагүй учраас гомдол гаргаагүй. “Э” ХХК-д гардуулсан болохоор шийдвэрийг хүлээж аваад Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байгаа. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааныхаа хүрээнд ОАМХГ-ын даргад хандаж гомдол гаргасан ба хариу бичигтээ “Э” ХХК-ийн хувьд удирдамж гараагүй байхад шалгалаа, үүнийг хүчингүй болгож өгөөч гэсэн гомдол гаргангуут угаасаа энэ удирдамжид үндэслэж хяналт шалгалт яваагүй гэсэн хариу өгсөн байгаа. Энэ удирдамжид үндэслэж хяналт шалгалт яваагүй юм бол зүгээр МХБ-ын хоёр байцаагч дураараа үйл ажиллагаа явуулсан мэтээр хариу өгсөнд нь гайхсан. Ингээд “Э” ХХК-ийн хувьд шүүхэд хандах эрх нээгдсэн. Төрийн хяналт шалгалтын тухай хууль болоод Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-д заасан төрийн ажиллагаа хууль ёсны байх зарчмыг алдагдуулж хяналт шалгалтын үйл ажиллагаа явагдсан учраас УБ нарын хамтран гаргасан 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 14.06.022/01 дугаартай актыг хүчингүй болгох юм байна гэж нэхэмжлэл гаргасан. Энэ акт нь гурван компанитай холбогдсон ч юм шиг алинд нь ямар төлбөр тавиад байгаа нь ойлгомжгүй, утга агуулгын хувьд алдаатай нөхцөл байдал байсан. Нэхэмжлэгч нь “Э” ХХК оролцож байгаа учраас “Э” ХХК та холбогдох хэсгийг хүчингүй болгуулъя гэсэн нэхэмжлэл гаргасан. Бусад компанийн хувьд захиргааны байгууллага мэдэгдэх үүргээ хэрэгжүүлэх юм бол тэд нар нь шүүхэд хандах юм шиг нөхцөл байдлыг тайлбарлаж байсан. “Э” ХХК-ийг төлөөлж орж байгаа учраас “Э” ХХК-д холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулъя гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тодруулж хэлж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна.“ гэв.
Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн өмгөөлөгч М.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаад өмгөөлөгчийн хувьд хариулъя. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт шалгуулагч этгээдэд адил тэгш хандаж, түүний хууль ёсны эрх, ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэн харилцах зарчмыг зөрчсөн гэж үзэж байгаа. Мөн хуулийн хяналт хийх нийтлэг үндэслэл журам буюу 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх бөгөөд түүнд дараах зүйлийг тусгана гээд 5 дугаар зүйлийн 5.2.1-5.2.7 дахь хэсэгт заасан энэ зохицуулалтыг зөрчсөн гэж үзэж байгаа. Мөн 5 дугаар зүйлийн 5.7 дахь хэсэгт хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ гэсэн заалтыг мөн зөрчсөн гэж үзэж байгаа. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.9 дэх хэсэгт хяналт шалгалтын явцад УБ шалгалтын тэмдэглэлийг хоёр хувь үйлдэх бөгөөд нэг хувийг шалгуулагч этгээдэд өгөх ба шалгалтын тэмдэглэлд дараах үндсэн мэдээллийг тусгана гээд 5.9.1-5.9.3, 5.10, 5.11, 5.12 дугаар зүйлд заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байгаа. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 52.3 дахь хэсэгт төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ гэсэн зохицуулалтыг зөрчсөн. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 52.2 дахь заалтыг зөрчсөн. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11 дэх хэсэгт УБ хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах гэсэн зохицуулалтыг мөн зөрчсөн байна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байна.” гэв.
Хариуцагч МХГ-ын НХХУБ Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э” ХХК, “Н” ХХК гэдэг аж ахуй хуулийнхаа дагуу нэршил нь өөр өөр юм гэдэг үндэслэлээрээ өмгөөлөгч нэхэмжлэл гаргаж байгаа юм байна. Бид яагаад ингэж үзсэн бэ гэхээр манай байгууллагад ирсэн гомдол “Н” ХХК-ийн АҮЭХ-оос ирсэн. “Э” ХХК-иас гэж ирээгүй. Энэ дотор бичигдсэн өгүүлэмж нь юу байна бэ гэхээр “Н” ХХК-ийн АҮЭХ нь 4-5 охин компаниудыг байгуулсан 2018 онд дараагийн хамтын гэрээг шинэчлэх явцад санал дүгнэлтийн асуудлаар Хөдөлмөрийн гэрээг хийж хамтын маргаан үүсгээд одоогоор шүүхийн шатанд явж байна гэдгээ тайлбарлаад ажил олгогч нь хамтын гэрээний ийм ийм зүйл заалтыг зөрчөөд ажилчид хохироод байна. Ажилчдын цалин хөлсийг өгөхгүй, ээлжийн амралтыг олгохгүй байна. “Н” ХХК гэдэг өөрөө энд байхгүй, “Н” ХХК-ийн бүх цалин хөлс, хүний нөөцийн бүх дүрэм журам “Э” ХХК, “Э” ХХК дээр бүгд явж байгаа гэдэг нь өөрсдийнх нь тогтоолоор батлагдаж байгаа. Бид энэ хүсэлтийг хүлээж аваад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаагаар орох орохгүй тал дээрээ ярилцсан. Ярилцаад хамтын гэрээг бид нар яагаад ч хуурамч хамтын гэрээ байна гэж үзэх үндэслэл байхгүй байсан. Бүх гарын үсэг нотлогдсон, хуулийнхаа дагуу тухайн орон нутгийн сумын Засаг даргын хуулийн зөвлөх нь баталчихсан. Тэрний дагуу ҮЭХ олон жил үйл ажиллагаагаа явуулаад ирчихсэн байгаа. Хэдийгээр маргаантай байгаа боловч яг эцэслэж энэ хамтын гэрээ хүчингүй юм гэж ямар ч шатны шүүхийн шийдвэр гараагүй байсан. Нэгэнт хүчингүй гэсэн шүүхийн шийдвэр гараагүй байсан учраас энэ хамтын гэрээн дээрээ өөрсдийн гарын үсгээ зураад баталчихсан тэр зүйл заалтуудыг нь үндэслээд дараагийн хамтын гэрээ батлагдах хүртэл хугацаанд энэ хамтын гэрээ хүчин төгөлдөр байна гэсэн заалт байж байгаа. Мөн охин компаниудын ажиллагсдын эрх ашиг хамгаалагдана гэдгээ бас заасан байж байгаа. Тийм болохоор бид нар удирдамжаа боловсруулсан. Удирдамжаа боловсруулахдаа бид ирсэн хүсэлтийнх нь дагуу “Н” ХХК-ийн гэдгээр нь авсан. Ингээд удирдамжаа хийгээд удирдамжийн дагуу явсан. “Э” ХХК-ийн өндөр насны тэтгэвэрт гарсан хоёр хүн өөрсдийн гарын үсгээ зурсан өргөдөл энэ бичгийн ард хавсаргаж ирсэн. Тийм учраас энэ удирдамжийг байцаагчийн өөрийнхөө үзэмжээр ч юм уу, бид нар хоорондоо ярилцаад хийчихсэн юм биш. Манайх шилэн хяналтын системтэй, удирдамж эхлээд хяналтын системд бүртгэгдэж тэнд хянагдаад баталгаажиж ирсний дараа цаасан хэлбэрт гаргуулж хуулдаг. Ийм учраас бид нар “Э” ХХК-д хяналт шалгалт хийсэнгээ буруу зүйл гэж үзэхгүй байна. Хүчин төгөлдөр биш хамтын гэрээг үндэслэж хяналт шалгалт хийсэн юм чинь энэ хүчингүй гэсэн асуудал яриад байна. Тэгэхээр бид хамтын гэрээг хүчин төгөлдөр бус гэж хэн ч үзээгүй. Шүүх шийдвэр гаргаагүй маргаантай явж л байгаа. Дээр нь энэ хамтын гэрээн дээрээ дараагийн хамтын гэрээ хүртэл энэ хамтын гэрээ хүчин төгөлдөр үйлчилнэ гээд өөрсдөө гарын үсэг зурчихсан үндсэн баримт байж байгаа учраас үүнийг нь үндэслэж хяналт шалгалтын ажлаа явуулсан. Бид яагаад үүнийг авч хийсэн юм бэ гэхээр “Э” ХХК-аас байнга гомдол ирдэг. Ажилчдаа өчнөөн цагаар илүү цаг ажиллуулчихаад илүү цагийн өгдөггүй, 2020 оны ээлжийн амралтыг нь өгөөгүй байгаа. Тэр хүмүүст хийсэн ажлын цалинг нь өгөөч, ээлжийн амралтыг нь хуулийн дагуу өгөөч ээ. Хөдөлмөрийн тухай хууль танай дээр ингэж ингэж зөрчигдөөд байна гэж тэнд байсан бүх ажил олгогч нарыг бид нар дуудаж маш нарийн зөвлөгөө өгсөн. Энэ актан дээр ганцхан нөхөн төлбөрийн асуудал байхгүй өчнөөн асуудал байгаа. Бид нарын өгсөн зөвлөмжийн дагуу хүний нөөцийн асуудал, гэрээ, контракт зэргээ бүгдийг нь өөрчилчихсөн. Бид нар зүгээр нэг ороод хэдхэн юм аваад акт үйлдчихдэг юм биш. Маш удаан хугацаанд шалгасан. Хяналт шалгалтын асуудлыг цар тахалтай холбогдуулж хойшлуулж байсан. Нэр томьёоноосоо болоод хүчингүй боллоо гэхэд үүний цаана ажилчид л хохирогч байгаа. Тиймээс жоохон хүнлэг байгаасай гэж нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс хүсмээр байна. Бид хоёрын актыг тэр үеийн захирал байсан Н.Б гэж хүн өөрөө хүлээн зөвшөөрөөд гарын үсгээ зураад тамгаа дарчихсан. Тийм учраас бид нарын акт хүчин төгөлдөр. 07 дугаар сарын 10-ны дотор энэ актын хариуг өгөх ёстой. Бид хариугаа өгөөч, гүйцэтгэлээ хийе гэхэд танай актын ихэнх нь биелчихсэн хариуг нь өгье гэхээр М.Г хуулийн зөвлөх өгөхгүй байж бай маргаантай байгаа гэхээр нь өгөхгүй байж байна гэсэн. Одоо энэ актаа шүүхэд өгнө. Яагаад гэвэл гарын үсэг зураад баталгаажчихсан акт. Энд юу гэж хэлээд гарын үсэг зурсан бэ гэхээр үнэхээр хууль зөрчсөн байна. Гэхдээ энэ дээр гарын үсэг зурлаа гээд намайг ажлаас халбал хална биз би зурлаа гээд Н.Б дарга зурсан. Д нь мөнгө байхгүй болохоор зурж чадахгүй байна гээд гарын үсэг зураагүй. Энд маш олон хүмүүсийн эрх ашиг яригдаж, хийсэн ажлынхаа хөлсийг авах гэж байгаа, бид нар тэрийг нь өгүүлэх гэж байгаа. Энд өөр ямар нэгэн байдал байхгүй юм гэдгийг маш сайн ойлгоосой.” гэв.
Хариуцагч МХ-ийн ХХУБ Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Э” ХХК дээр бүх бичиг баримт гарсан байгаа. “Э” ХХК 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “Э” ХХК, “О” ХХК гурван компани “Э” ХХК гээд нэг цогц болчихсон байгаа. Захирлаар нь Н.Б захирал өөрөө томилогдоод ажил үүргээ гүйцэтгэж байсан. Тэгээд бид нар “Э” ХХК-ийг шалгаж, энэ бичиг баримтуудыг бүгдийг нь үйлдэж гаргасан.” гэв.
Гуравдагч этгээд Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ҮЭХ ажилчдынхаа хөдөлмөрийн харилцааны бүхий л асуудлыг төлөөлөн хамгаалах, ажил олгогч буруу шийдвэр гаргавал тэрийг нь засаж залруулах шаардлага өгөх, хүсэлт өгөх байдлаар ажил олгогчтойгоо хамтран ажиллаж, хамтын гэрээ байгуулан ажилладаг. Үүнийхээ дагуу 2016 онд байгуулсан хамтын гэрээний дагуу үйл ажиллагаа маань ажил олгогчтойгоо явж байсан. Энэ хамтын гэрээ нь өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр бус гэсэн шийдвэр гараагүй. Мөн 1.3 дээр дараагийн хамтын гэрээ байгуултал “О” ХХК, “Э” ХХК, “Э” ХХК, “Э” ХХК-ууд хүчин төгөлдөр мөрдөгдөнө гэсэн заалт байгаа. Тэрний дагуу энэ гэрээ хүчин төгөлдөр гэрээ. Мөн Баян-Өндөр сумаас ч гэсэн дахин гэрээ байгуулаагүй байгаа гэсэн нотлох баримтууд ирсэн байгаа. Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч хоёр “Н” ХХК нь “Э” ХХК биш юм та “Э” ХХК-ийг төлөөлөх эрхгүй юм гээд үзээд байгаа нь “Н” ХХК-ийн охин компаниуд нь нэг ҮЭХ-той юм. Бүх охин компанийн ажилчид нэгдсэн нэг ҮЭХ-нд бүртгэлтэй юм гэдгийг юугаар нотлоод байна вэ гэхээр 2016 онд байгуулсан хамтын гэрээ. Тэр гэрээнд гарын үсгээ зурж хүлээн зөвшөөрсөн группийн ерөнхий захирал Э бусад охин компанийн захирлууд гарын үсгээ зураад мөн нөгөө талаас ажиллагсдыг төлөөлж тухайн үеийн ҮЭХ-ны дарга У, “Э” ХХК-ийн засалчин тэргүүлэгч Н, “Э” ХХК-ийн чанар шалгагч А, “О” ХХК-ийн компьютерын инженер Б, “Э” ХХК-ийн механик инженер М гэсэн бүх охин компанийн төлөөллүүд оролцоод энэ гэрээг байгуулсан учраас нэгдсэн нэг ҮЭХ-той буюу “Н” ХХК АҮЭХ нь толгой болон бүх охин компаниудын ҮЭ-ийн гишүүнтэй гишүүн бүгдийг төлөөлөн хамгаалах мөн төлөөлөх эрхтэй юм гээд тодорхойлоод өгчихсөн байгаа. Мөн энэ гэрээнийхээ дагуу ҮЭХ-ны дансанд сар бүр бүх охин компаниуд маань ҮЭ-ийн татварыг шилжүүлдэг байсан. Үүнийхээ дагуу бүх үйл ажиллагаа маань нийгмийнхээ асуудлыг шийддэг, уралдаан тэмцээн, сургалт сурталчилгаагаа явуулдаг. Тийм учраас өөрийн хэмжээнд хууль зөрчөөд байгаа, үгүй эсэхийг тогтоохгүй учраас мэргэжлийн чиг үүргийн байгууллагуудад хандсан байгаа. Энэ үед ОАМХГ-т энэ асуудлыг танилцуулсан мөн Орхон аймгийн Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороонд ч гэсэн танилцуулсан. “Э” ХХК 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаараар Орхон аймгийн Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороонд зөвлөмжөө хүргүүлсэн. Мөн “Э” ХХК-д зөвлөмжөө хүргүүлсэн. Энэ асуудлаар Монголын Хүний эрхийн үндэсний комисст хандсан. Үүний дагуу хариу нь ирээд энэ 10 дугаар сарын эхний байдлаар комисс ирэх ба удирдамжаа танилцуулсан. Яагаад ингээд яваад байгааг нэхэмжлэгч талын төлөөлөгч, өмгөөлөгч нар маш сайн олгож байгаа байх. ҮЭХ төлөөлөн хамгаалах үүргийнхээ дагуу мэргэжлийн чиг үүргийн байгууллагад хандаж энэ гомдлыг гаргасан. Ийм гомдол гаргах гэж байна гэж Н.Б захиралтай уулзаж та асуудлаа шийдэх боломж нь юу байна вэ гэхэд яг үнэндээ манайх орлого байхгүй байгаа болохоор энэ асуудлыг шийдэж чадахгүй байна. Гэхдээ ямар ч байсан 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө шийднэ гэдэг хариулт амаар хэлсэн. Мөн МХ-ийн акт гарсны дараа цар тахалтай байсан болохоор утсаар ярихад УБ нарт өгсөн амлалтынхаа дагуу графикаар хуваарилаад 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэхэд бүх ажилчдаа амраагаад амралтын мөнгийг нь олгоно” гэсэн хариуг надад хэлсэн байгаа. МХ-ийн дүгнэлтийг хуулийн дагуу үнэн зөв гарсан гэж үзээд нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна.” гэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчид, гуравдагч этгээд нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Э” ХХК ОАМХГ-ын НХХУБ Н.Б, ХХУБ Д.Э нарт холбогдуулан “УБ-ийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 14.06.022/01 дугаар актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
ОАМХГ-т “Н” ХХК-ийн АҮЭХ-оос 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 02 дугаар “Асуудал танилцуулах тухай” албан бичиг хүргүүлсний дагуу ОАМХГ 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 14/09 дугаартай “Хяналт шалгалтын удирдамж”-ийг гаргаж, удирдамжийн дагуу хяналт шалгалт хийж 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 14.06.022/01 дугаар актыг гаргасан байна.
Дээрхи УБ-ийн актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч “Э” ХХК нь “ОАМХГ-ын даргын баталсан 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 14/09 дугаартай удирдамжаар “Н” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулах байтал “Э” ХХК-д хяналт шалгалт хийсэн нь, хүчин төгөлдөр бус “Хамтын гэрээ”-ний заалтыг үндэслэж акт гаргасан нь тус тус үндэслэлгүй” гэж тодорхойлсон.
1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 52 дугаар зүйлийн 52.3 дахь хэсгүүдэд зааснаар удирдамжийн дагуу, удирдамжид заасан асуудлын хүрээнд хяналт шалгалт хийгээгүй гэх үндэслэлийн тухайд:
ОАМХГ 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 14/09 дугаар “Хяналт шалгалт хийх тухай” хяналт шалгалтын удирдамж гарч, МХГ-ын дарга Б.Ж баталсан байна. Удирдамжиндаа Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багт байрлах “Н” ХХК-ны АҮЭХ-оос гаргасан хүсэлтийн дагуу хөдөлмөр, нийгмийн хамгааллын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн батлагдсан журмын хэрэгжилтэнд хяналт шалгалт хийж дүгнэлт өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, цаашид үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэргэжил арга зүйн зөвөлгөө өгөхөөр зааж, хяналт шалгалтыг хийжээ.
Хяналт шалгалт хийх удирдамжийн хүрээнд хамрагдах байгууллагаар “Н” гэсэн ба “Э” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж акт гаргажээ.
“Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Б-гийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 20/425Б дугаар “Ажилд томилох тушаал”, тушаалын 1 дүгээр хавсралтаар нийт 464 ажилтныг “Э” ХХК-ийн ажилтан болгож томилон, хөдөлмөрийн гэрээ байгуулан, “Н” ХХК-ийн цалингийн жишгээр цалинжуулахаар шийдвэрлэсэн болох нь нотлох баримтаар,
“Н” ХХК нь охин компанууд болох “Э” ХХК, “Э” ХХК, О” ХХК, “Э” ХХК-уудтай ба нийт 460 гаран ажилтантай болох нь гуравдагч этгээдийн тайлбараар тус тус нотлогдож байх тул МХУБ нар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “хүний амь нас, эрүүл мэнд, нийгмийн болон орчны аюулгүй байдал нь бусад аливаа сонирхол, зорилгоос илүүд байх” гэсэн зарчмын дагуу хяналт шалгалтыг хийсэн ба нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гаргасан үндэслэлээр ОАМХУБ нарын 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 14.06.022/01 дугаар актыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
Иймээс Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.3-д ”Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ.” гэж заасны дагуу МХУБ нар хяналт шалгалтыг удирдамжийн дагуу түүнд заасан асуудлын хүрээнд хийж акт үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
2. Хүчин төгөлдөр бус, нотлох баримтын шаардлага хангаагүй “Хамтын гэрээ”-ний заалтыг үндэслэж УБ нар акт үйлдсэн гэх үндэслэлийн тухайд:
ОАМХУБ нарын 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 14.06.022/01 дугаар “Төлбөр нөхөн төлүүлэх тухай” акт нь Төрийн хяналт шалгалын тухай хууль болон Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалтуудыг үндэслэл болгон ажилтанд олгох нийт 292.327.510 /хоёр зуун ерэн хоёр сая гурван зуун хорин долоон мянга таван зуун арван/ төгрөгийн төлбөрийг “Э” ХХК-д хариуцуулахаар шийдвэрлэжээ. Энэ нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн Төрийн хяналт шалгалтын зарчим гэсэн 4 дүгээр зүйлийн 4.1.2 “хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах ...”, 4.1.6 “хяналт шалгалтыг зөвхөн хууль болон нийтээр дагаж мөрдөхөөр бүртгэгдсэн эрх зүйн актыг үндэслэн явуулах..” гэж заасан зарчмуудтай нийцсэн байна гэж үзлээ.
“Н” ХХК, ҮЭХ-ны хооронд 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан “Хамтын гэрээ”-г хүчин төгөлдөр бус, нотлох баримтын шаардлага хангаагүй гэж нэхэмжлэгч тал тайлбарласан боловч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1/1310 дугаар “Хариу хүргэх тухай” албан бичигт “... “Н” ХХК, ҮЭХ-ны хооронд байгуулсан хамтын гэрээг 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хянан бүртгэсэн. ...хамтын гэрээгээр хүлээсэн үүргийг даган биелүүлэх үүрэг хэвээр хадгалагдаж байна. ...” гэж тусгасан байгааг дурьдах нь зүйтэй.
Иймээс хүчин төгөлдөр бус, нотлох баримтын шаардлага хангаагүй “Хамтын гэрээ”-г үндэслэж УБ нар акт үйлдсэн гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээр “Төлбөр нөхөн төлүүлэх тухай” 14.06.022/01 дугаар актыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М МХУБ нарын гаргасан 14.06.022/01 дугаар акт нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 5 дугаар зүйлийн 5.2, 5.3, 5.4, 5.5, 5.6, 5.7, 5.9.1, 5.9.2, 5.9.3,5.10, 5.11, 5.12, 52 дугаар зүйлийн 52. 2, 52.3, 10 дугаар зүйлийн 10.9.11 дэх зүйлүүдийг зөрчсөн гэж тайлбарласан боловч дээрхи хуулийн заалтуудыг зөрчсөн болох нь тогтоогдохгүй байна.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хавтаст хэргийн 48-53 дугаар талд авагдсан нотлох баримт эх хувь эсэх нь тодорхойгүй учраас шинжээч томилуулах, хавтаст хэргийн 48-53, 138-143, 146-159 хуудсанд авагдсан баримтуудыг нотлох баримтаас хасуулах, гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай шүүгчийн 158 дугаар захирамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасантай нийцэхгүй байгаа учраас хүчингүй болгуулах хүсэлтүүдийг гаргасан.
Хариуцагч нар болон гуравдагч этгээд хамтын гэрээг эх хувь биш гэсэн учраас шинжээч томилуулах хүсэлтээсээ татгалзсаныг, хавтаст хэргийн 146-159 хуудсыг нотлох баримтаас хасахыг гуравдагч этгээд зөвшөөрсөн учраас нотлох баримтаас хасч, 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 158 дугаар “Гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай” шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй учраас хүчингүй болгуулах хүсэлтийг хангах боломжгүй болохыг, хавтаст хэргийн 48-53, 138-143 хуудсанд авагдсан баримтуудыг хариуцагч болон гуравдагч этгээд нараас өгсөн болохыг,
мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М “Н” ХХК-ийн гэрчилгээ, дүрмийг улсын бүртгэлийн газраас гаргуулах, “Э” ХХК-д яагаад хяналт шалгалт хийсэн талаар нь хариуцагч нараас бичгээр тайлбар гаргуулах тухай хүсэлтүүдийг “Н” ХХК-ийн гэрчилгээ, дүрмийг нотлох баримтаар гаргуулах шаардлагагүй, хариуцагч нар шүүх хуралдаанд тайлбараа өгөөд явах боломжтой гэж шүүх үзсэн ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэх саналыг гаргасан болохыг тус тус дурьдах нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 52 дугаар зүйлийн 52.1, 10 дугаар зүйлийн 10.12.2, 14 дүгээр зүйлийн 14.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 140 дүгээр зүйлийн 140.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн ОАМХГ-ын НХХУБ Н.Б, ХХУБ Д.Э нарт холбогдуулан гаргасан “ОАМХГ-ын УБ нарын 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 14.06.022/01 дугаартай актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОРМАА