Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2024/0540

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

         

“С-ө”ХХК, “Т б” ХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн: шүүгч З.Ганзориг

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгч “С-ө”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А

 

Нэхэмжлэгч: “С ө” ХХК /РД:6150357/

Нэхэмжлэгч: “Т б” ХК /РД:5341469/

Хариуцагч: Орхон аймгийн Засаг дарга  

Гуравдагч этгээд: Т.А

Нэхэмжлэлийн шаардлага: “С ө” ХХК-ийн газар эзэмших эрх сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрх сунгахыг Орхон аймгийн Засаг даргад даалгах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 119/ШШ2024/0024 дүгээр шийдвэр

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч “С-ө”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д

Гуравдагч этгээд Т.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа

Хэргийн индекс: 119/2024/0006/з

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “С ө” ХХК-аас Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан “С ө” ХХК-ийн газар эзэмших эрхийг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрх сунгахыг Орхон аймгийн Засаг даргад даалгах”-аар маргасан байна.

2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 119/ШШ2024/0024 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.1, 39.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн гаргасан ““С ө” ХХК-ийн газар эзэмших эрхийг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрх сунгахыг Орхон аймгийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгч “С ө” ХХК /РД:6150357/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтантуяа дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

3.1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 119/АБ2024/0147 дугаар албан тоотоор Д.Алтантуяа миний хүсэлтийг хангаж шийдвэрлэж, Орхон аймаг Баян-Өндөр сум, Оюут багийн нутаг дэвсгэрт байрлах 184324333359477 нэгж талбарын дугаар бүхий газрыг дахин иргэн аж ахуй нэгжид эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн эсэх, “С ө” ХХК-аас 2015-2018 онд газрын төлбөр төлсөн баримтуудыг ирүүлэхийг Орхон аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт даалгаж шийдвэрлэсэн болно.

Гэтэл Орхон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас ирүүлсэн баримтад “С ө” ХХК-ийн газрын төлбөрийг 2015-2018 онуудад авч байсан баримтыг ирүүлээгүй байхад хэрэг хянан шийдвэрлэсэн буюу татан буугдсан гэх компаниас газрын төлбөр төлсөөр байхад авч байгаа нь “С ө” ХХК татан буугдаагүйг нотолж байгааг анхаарч үзээгүй болно.

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие 2015-2018 онуудад газрын төлбөр төлж байсан талаар баримтыг зурган хэлбэрээр явуулж, хаана байгааг буюу эх сурвалжийг зааж өгсөөр байхад шаардан гаргуулж авалгүйгээр нотлох баримтыг дутуу бүрдүүлэн хэрэг шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн уг газрын дахин өөр иргэн, аж ахуй нэгжид эзэмшүүлсэн талаарх баримтыг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас ирүүлээгүй байхад нотлох баримтыг дутуу бүрдүүлэн хэт нэг талыг барьж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой.

3.3. “С ө” ХХК-ийн газар эзэмших эрхийг дуусгавар болсон талаархи захирамж байгаа эсэх, газар эзэмших эрх хэзээ дуусгавар талаар, мөн газар эзэмших эрх дуусгавар болгосон амаар эсхүл бичгээр гаргасан захиргааны акт гаргахдаа Орхон аймгийн Засаг дарга Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулсан эсэх зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд чухал ач холбогдол бүхий нотлох ажиллагааг хийгээгүй хэрэг хянан шийдвэрлэсэн байна.

3.4. “С ө” ХХК-д өгсөн хариундаа Орхон аймгийн Засаг дарга газар эзэмших хугацаа сунгуулах хүсэлтээ 30 хоногийн дотор өгөөгүй гэж дурдсан байхад анхан шатны шүүх хэт нэг талыг барьж, хариуцагч нарын татан буугдсан гэх хариу тайлбараар нотлох баримт цуглуулан хэрэг хянан шийдвэрлэсэн нь шүүх хэргийг шударгаар шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй, захиргааны байгууллага иргэн, хуулийн этгээдийн эрх зөрчдөгийг өөхшүүлсэн захиргааны шүүхийн зорилгыг хэт умартсан явдал боллоо гэж үзэж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд хэргийг буцааж өгнө үү гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч “С ө” ХХК /РД:6150357/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүх, маргааны үйл баримтын хүрээнд хэргийн оролцогчдын гаргасан шаардлага ба татгалзлын үндэслэлд холбогдуулан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, хэргийг шийдвэрлэхээс өмнө оролцогчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэлгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй ...”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж тус тус заасантай нийцсэнгүй.  

3. Нэхэмжлэгч “С ө” ХХК /РД:6150357/ болон “Т б” ХК-аас Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан ““С ө” ХХК-ийн газар эзэмших эрхийг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрх сунгахыг Орхон аймгийн Засаг даргад даалгахнэхэмжлэл гаргасан.

Ингэхдээ шаардлагын үндэслэлээ “... “С ө” ХХК-ийн газар эзэмших эрхийг дуусгавар болгосон ямар нэг шийдвэр гаргаагүй атлаа сунгахгүй гэж хариу өгсөн аман шийдвэр нь (а) газар эзэмшигч “С ө” ХХК-ийн, (б) үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалагч “Т б” ХК-ийн шийдвэр гаргах ажиллагаанд оролцох эрхийг зөрчсөн; хугацаа сунгуулах хүсэлтээ 30 хоногийн дотор өгөөгүй тул газар эзэмших эрх дуусгавар болсон учраас сунгахгүй гэсэн нь хууль бус, “С ө” ХХК нь “Айда” ХХК-тай хөрөнгө оруулалтын гэрээ хийж газар дээрх орон сууцны барилгыг барьсан; “Айда” ХХК нь Төрийн банктай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд “С ө” ХХК-ийн газар эзэмших эрхийг барьцаалж бүртгүүлсэн тул банк газартай холбоотой шаардлага гаргах эрхтэй; “С ө” ХХК-ийг улсын бүртгэлээс хассан талаар мэдэгдээгүй” гэх зэргээр тодорхойлох бол,

хариуцагчаас “… маргаан бүхий газрын эзэмших эрхийг олгосон аймгийн Засаг даргын … 2011 оны 207, 2014 оны А/396 дугаар захирамжууд нь регистрийн 2844524 дугаартай “С-ө”ХХК-тай холбоотой, энэ хуулийн нь этгээд татан буугдаж, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр улсын бүртгэлээс хасагдсан, харин “С ө” ХХК /РД:6150357/-д уг газрыг эзэмшүүлсэн шийдвэр байхгүй” гэж нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй тухай татгалзлын үндэслэлээ тайлбарлаж маргажээ.

4. Хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаас үзэхэд,

4.1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлд 2006 оны 2 дугаар сарын 24-ний өдөр, 2844524 регистрийн дугаартай бүртгэгдсэн, “С-ө”гэх оноосон нэртэй хуулийн этгээдэд Орхон аймгийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 207 дугаар захирамжаар Баян-Өндөр сумын Оюут баг, 2А хороололд 1.02 га газрыг орон сууцны зориулалтаар, 3 жилийн хугацаагаар эзэмших эрх олгож, дараа нь аймгийн Засаг даргын 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А/396 дугаар захирамжаар хугацааг 3 жилээр сунгаж, 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 000297244 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан.

4.2. Энэ хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2014 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн шийдвэрээр Гүйцэтгэх захирлаар Т.Б-ыг томилсон бөгөөд хувьцаа эзэмшигч Т.А /гуравдагч этгээдээр оролцож байгаа/ нь Компанийн эрх шилжүүлэх гэрээ болон Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг  тус тус 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Т.Б-тай байгуулснаар, хуулийн этгээдийн улсын бүртгэлд зохих өөрчлөлтийг бүртгүүлсэн.

Харин Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1626 дугаар тушаалаар, “санхүүгийн тайланг 6 ба түүнээс дээш улирал гаргаагүй, харилцах санхүүгийн байгууллагад тушаагаагүй” тухай Нягтлан бодох бүртгэлийн улсын ерөнхий байцаагчийн 2013 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 6/3673 дугаар албан бичгээр гаргасан саналыг үндэслэн нэр бүхий 4794 хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасч шийдвэрлэсний дотор /хавсралтын №568-д/ 2844524 регистрийн дугаартай “С-ө”ХХК багтжээ.

4.3. “А” ХХК-ийг төлөөлөн хувьцаа эзэмшигч Т.Б /энэ хэсгийн 4.2-т заасан/ нь 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Төрийн банктай 2.2 тэрбум төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2 дугаар баг Оюут 2а хорооллын Блю даймонд барилгын 85 хувийн гүйцэтгэлтэй 1-р байшин, 30 хувийн гүйцэтгэлтэй 2-р байшинг, тус байршилд “С-ө”ХХК /РД:2844524/-д эзэмшүүлсэн 1.02 га газрын эзэмших эрхийн гэрчилгээ зэргийг хамтад нь барьцаалжээ.

4.4. 6150357 регистрийн дугаартай “С ө” гэх оноосон нэртэй хуулийн этгээд шинээр үүсгэн байгуулагдсаныг хуулийн этгээдийн улсын бүртгэлд 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдөр бүртгэснээс үзэхэд, хуулийн этгээдийн нэрийн баталгаажилтын хуудас, компани үүсгэн байгуулах шийдвэр, шинээр байгуулагдсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл, компанийн дүрэм, 000133227 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэгт энэ хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч буюу хувьцаа эзэмшигч, Гүйцэтгэх захирал нь Т.Б /энэ хэсгийн 4.2, 4.3-т заасан/ гэж тэмдэглэгджээ.

4.5. Түүнчлэн захиргааны байгууллага болон нэр бүхий хуулийн этгээдийн хооронд маргаан бүхий газрын эзэмших эрхийн харилцаатай холбоотой дараах үйл явдал болжээ:

- Маргаан бүхий газрыг эзэмшиж байсан 2844524 регистрийн дугаартай “С-ө”ХХК-ийг хуулийн этгээдийн улсын бүртгэлээс хассанаас хойш 2016 оны 01 дүгээр сарын 29, 2017 оны 07 дугаар сарын 20, 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрүүдэд “С ө /2844524/ газрын төлбөр” гэх утга бүхий шилжүүлгийн гүйлгээ хийгдэж байсан талаар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 278 дугаар албан бичигт дурдсан.

- Орхон аймгийн Засаг дарга нь 2024 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 02/09 дүгээр албан бичгээр “С-ө”ХХК-д гэж хаяглан, Газрын тухай хуулийн 37.1-д заасны дагуу сунгуулах хүсэлтээ ирүүлээгүй учраас тус хуулийн 39.1.1-д заасны дагуу газар эзэмших эрх дуусгавар болсон, газрыг чөлөөлөхийг мэдэгдье” гэх агуулга бүхий хариу хүргүүлсэн.

- 6150357 регистрийн дугаартай “С ө” ХХК-ийн хувьд ямар үндэслэлээр аймгийн Засаг даргын 2014 оны А/396 дугаар захирамжаар 2844524 регистрийн дугаартай “С-ө”ХХК-д хугацаа сунгаж эзэмшүүлсэн маргаан бүхий 1.02 га газрын эзэмших эрхийг сунгуулах хүсэлт гаргасан, хариуцагчаас газар эзэмшигч биш гэж тайлбарлаж байгаа хэрнээ ямар үндэслэлээр “С ө” ХХК /РД:6150357/-ийн хүсэлтээр газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах боломжгүй гэж хариу өгсөн.  

5. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ: гээд 35.3.6.энэ хуульд заасны дагуу эрхийн гэрчилгээгээ барьцаалах, шилжүүлэх тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх”, 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ цахим системээр гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана:”, 38 дугаар зүйлийн 38.5-д “газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ”, 39 дүгээр зүйлийн 39.1-д “Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно: гээд 39.1.1.газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй; 39.1.2. … газар эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан;” гэж,

Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /2001 он/-ийн 23 дугаар зүйлийн 23.2-т “Санхүүгийн тайланг зургаа ба түүнээс дээш улирал дараалан гаргаагүй, харилцагч санхүүгийн байгууллагад тушаагаагүй аж ахуйн нэгжийг улсын бүртгэлээс хасах талаар нягтлан бодох бүртгэлийн улсын ерөнхий байцаагчийн саналыг үндэслэн улсын бүртгэлийн байгууллага хэвлэлээр нийтэд зарлах бөгөөд зарласнаас хойш зургаан сарын дотор санал, гомдол гараагүй бол уг хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасна” гэж,

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2015 он/-ийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хуулийн этгээдийг татан буулгах тухай шийдвэр гаргасан эрх бүхий этгээд ажлын гурван өдрийн дотор холбогдох улсын бүртгэлийн байгууллагад бичгээр мэдэгдэж, татан буулгах тухай шийдвэрийн эх хувийг мэдэгдэлд хавсаргана”, 25 дугаар зүйлийн 25.3-д “Хуулийн этгээдийг дампуурсанд тооцсон, хуулийг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, эсхүл хуульд заасан бусад үндэслэлээр татан буулгасан тухай шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 24.1-д заасан хугацаанд улсын бүртгэлийн байгууллагад ирүүлнэ”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Улсын бүртгэлийн байгууллага нь татан буугдсан хуулийн этгээдийн тухай мэдээллийг улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулснаар тухайн хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хассанд тооцно”, 26.2-т “Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хассан тухайгаа Иргэний хуулийн 32.11-д заасны дагуу цахим хуудсаар нийтэд тухай бүр мэдээлнэ” гэж тус тус заасан.  

6. Эдгээр зохицуулалтуудыг агуулгаар нь нэгтгэн тайлбарлавал, хуулийн этгээдийн хувьд санхүүгийн тайланг зургаа ба түүнээс дээш улирал дараалан гаргаагүй буюу харилцагч санхүүгийн байгууллагад тушаагаагүй нь эрх бүхий этгээдээс түүнийг татан буулгаж, улмаар уг үндэслэлээр улсын бүртгэлээс хасах үндэслэл болохын зэрэгцээ газар эзэмшигч хуулийн этгээд татан буугдсан, газар эзэмших эрхийн гэрчилгээ болон гэрээний хугацаа дуусахаас өмнө сунгуулах хүсэлт гаргаагүй нь газар эзэмших эрхийн гэрчилгээ дуусгавар болж, газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахаар байна.

7. Нэхэмжлэгчийн хувьд “… газрын төлбөрийг үргэлжлүүлэн төлж байсан, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулахаар хүсэлт гаргасан, “С-ө”ХХК /РД:2844524/-ийг улсын бүртгэлээс хассан талаар хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал болох Т.Болдбаатарт мэдэгдээгүй, хариуцагч нь газар эзэмших эрхийг сунгахгүй байгаа үндэслэлээ компани татан буугдсан биш хугацаа дуусахаас өмнө сунгуулах хүсэлт гаргаагүй гэж маргадаг тул татан буугдсан нь тогтоогдоогүй”, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “… маргаан бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээг банкинд барьцаалсан талаар хувийн хэрэгт нь байсан ч программд бүртгэгдээгүй, “С-ө”ХХК /РД:2844524/ улсын бүртгэлээс хасагдсан талаар манайд мэдээлэл ирээгүй, Сод өргөө нэртэй 2 компани байгааг шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлэхээс өмнө мэдээгүй, уг газрын эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулахаар 2023 оноос өмнө хүсэлт гаргаж байгаагүй”, гуравдагч этгээдээс “… “С-ө”ХХК /РД:2844524/ дампуурч, татан буугдсан талаар мэдээгүй” гэх тайлбарыг анхан болон давж заалдах шатны шүүхэд гаргах боловч хэрэгт цуглуулсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг дээрх хуулийн зохицуулалттай харьцуулан үзэхэд,

7.1. Орхон аймгийн Засаг даргын 2014 оны А/396 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг нь сунгаснаас хойш “С-ө”ХХК /РД:2844524/-д олгосон газар эзэмших эрх дуусгавар болсон, эсхүл захиргааны байгууллагаас газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон, бусдад шилжүүлсэн (тус шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 147 дугаар албан бичгээр энэ талаар лавлагаа шаардсан боловч Газрын харилцаа, барилга байгуулалтын газар хариу өгөөгүй), эсхүл газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан шийдвэр гарсан эсэх; 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр олгосон 000297244 дугаартай 1.02 га газар эзэмших эрхийн гэрчилгээг Төрийн банкинд барьцаалсан талаар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт бүртгүүлсэн эсэх;

7.2. 2015 онд улсын бүртгэлээс хасагдсан гэх “С-ө”ХХК /РД:2844524/, эсхүл 2017 онд шинээр байгуулагдсан гэх “С ө” ХХК /РД:6150357/-иудаас маргаан бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах, шилжүүлж авах, эсхүл шинээр эзэмших талаар Орхон аймгийн Засаг дарга, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хүсэлт гаргаж байсан эсэх;

7.3. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1626 дугаар тушаалаар “С-ө”ХХК /РД:2844524/-ийг хуулийн этгээдийн улсын бүртгэлээс хасч шийдвэрлэсэнтэй холбогдуулан компанийг татан буулгахтай холбоотой ямар үйл ажиллагаа явагдсан болох; ялангуяа маргаан бүхий газрын эзэмших эрх, бусад эд хөрөнгийн эрх дуусгавар болсон эсэх; үйл баримтууд тодорхой бус, хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаар нэг мөр тогтоогдохгүй байна.

8. Тухайлбал, маргаан бүхий газрын эзэмших эрхийг сунгуулахаар “С ө” ХХК /РД:6150357/-ийн гаргасан хүсэлт, түүнд хавсаргасан баримт; “С-ө”ХХК /РД:2844524/-ийн газрын төлбөр хэзээ хүртэл төлөгдсөн талаарх баримт; Төрийн банк болон “Айда” ХХК-ийн хооронд 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан зээл, барьцааны гэрээний дагуу аймгийн Засаг даргын 2014 оны А/396 дугаар захирамжаар “С-ө”ХХК /РД:2844524/-д олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээнд барьцааны бүртгэл хийгдсэн эсэх, газар эзэмших эрхийн гэрчилгээг дуусгавар болгож, эсхүл шилжүүлсэн эсэх лавлагаа, баримтыг аймгийн Засаг дарга, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас гаргуулах шаардлагатай.

Үүнээс гадна энэ хэсгийн 7.1.-7.3-д заасан холбогдох үйл баримтыг мадаггүй тодорхойлоход шаардлагатай нотлох баримт цуглуулах ажиллагааг захиргааны хэргийн шүүхээс явуулах нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн хүрээнд нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх, нөгөөтээгүүр “С ө” ХХК /РД:6150357/ болон Төрийн банкны хувьд нэхэмжлэл гаргах эрхтэй эсэхийг тодорхойлоход ач холбогдолтой юм.

Хэргийн оролцогчийн хүсэлтээр цуглуулсан, Сонгинхайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 184/ШШ2019/00247 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 001/ХТ2019/967 дугаар тогтоол нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасан шаардлага хангасан хэлбэрээр гаргуулах нь зүйтэй.

9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-аас 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр гаргасан “нотлох баримт гаргуулах тухай” хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр (тус өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгагдаагүй) хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд хамаарна.

Мөн тус шүүхийн шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 191 дүгээр захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д заасныг баримтлан хэргийн II хавтасны 31-35 дугаар талд авагдсан баримт бичгийг хэргийн нотлох баримтаас хасч шийдвэрлэсэн атлаа гомдол гаргах эрхгүй гэж дурдсан, мөн II хавтасны 35-36 дахь талын хооронд 2 хуудас баримтыг дугаарлалгүй хавсаргасан зэргийг анхаарвал зохино.

10. Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... шүүх хуралдаанд оролцох хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй” гэх гомдлыг хүлээн авсангүй.

Анхан шатны шүүх, 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр товлон зарласан шүүх хуралдааныг нэхэмжлэгч “С ө” ХХК /РД:6150357/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-ийн хүсэлтээр хойшлуулж, 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 14.00 цагт зарласан талаар түүнд тов мэдэгдсэн баримтыг хэрэгт хавсаргаагүй боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...Т.Б-аас өнөөдөр итгэмжлэл авсан, цахимаар оролцохоор дуу нь сонсогдохгүй учраас хуралд биечлэн оролцоно” гэж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийнхээ агуулгыг тодорхойлж, шүүх хуралдаанд оролцоогүйг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх үндэслэлгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.7, Өмгөөллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 14.1.12-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг мөрдөх, товлон зарласан шүүх хуралдаанд оролцох нь өмгөөлөгчийн үүрэг бөгөөд хүсэлтэд дурдсан шалтгаан нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлд хамаарах эсэхийг шүүхээр шийдвэрлүүлэхгүйгээр, товлон зарласан хуралдаанд оролцоогүйг зөвтгөх боломжгүй.

11. Эдгээр нөхцөл байдлаас шалтгаалан маргаан бүхий захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэх болон шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгч шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэв.

12. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх маргааны үйл баримтад бүрэн гүйцэд дүгнэлт хийгээгүй, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой баримтуудыг бүрэн цуглуулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 119/ШШ2024/0024 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                          ШҮҮГЧ                                                                   Д.ОЮУМАА

 

 

                          ШҮҮГЧ                                                                     Г.БИЛГҮҮН

 

 

  ШҮҮГЧ                                                                     З.ГАНЗОРИГ