Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 72

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ,

         Улсын яллагч: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Баярмагнай,

         Хохирогч: Д.Пүрвээ,

        Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Лхагважав,

    Шүүгдэгч: Ц.Намдаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Увс аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Борлууд овогт Цэнджавын Намдагт холбогдох 201620000183 тоот хэргийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

      Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын харьяат, 1977 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, эхнэр хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар баг 11-48 тоотод оршин суудаг, гавьяа шагналгүй, урьд 2001 онд Увс аймгийн Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн 1231 дүгээр зүйлд зааснаар 3 жил хорих ял, 2003 онд Увс аймгийн Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн 211, 1231 дүгээр зүйлүүдийн 211.2, 12312 дахь хэсгүүдэд зааснаар 4 жил 6 сар хорих ял, 2010 онд Баянзүрх дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөгний эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сар хорих ял, 2011 онд Увс аймаг дахь Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоног, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 6 сар 15 хоногийн хорих ялыг нэмж бүгд 7 жил 6 сар 15 хоногийн хорих ялыг нэмж бүгд 7 жил 6 сар 25 хоног хорих ял оногдуулсныг Увс аймгийн Давж заалдах шатны шүүхийн магадлалаар өөрлөлт оруулж, 5 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, /РД: ОЙ77022819/ Борлууд овгийн Цэнджавын Намдаг.  

         Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.Намдаг нь Б.Алтангэрэл, Д.Дамдинсүрэн, Д.Нямдорж нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж 2015 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Увс аймгийн Хархираа багийн нутаг “Сүүжийн худаг” гэх газраас хохирогч Д.Пүрвээгийн 11 тооны үхэр буюу олон тооны малыг хулгайлж, нийт 5,245,000 төгрөгний хохирол учруулсан, мөн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оргон, шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

         1. Хохирогч Д.Пүрвээгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Миний бие Увс аймгийн Тариалан сумын Хархираа багийн нутагт амьдардаг юм. Эхнэр маань Хархираа багт бага ангийн багшаар ажилладаг бөгөөд би хувийн хэдэн малаа маллаж, аж ахуй эрхэлж түүнийхээ ашиг шимийг амьдралдаа нэмэр болгодог юм. 2015 оны 11 дүгээр сарын 12-оос 15-ны өдрүүдэд манай бэлчээрт байсан үхэрнүүдээс сувай үхэрнүүд нь шөнө ирээгүй. ... Би үхэрнүүдээ тэр хэсгээр хайсан боловч олдоогүй юм. Үхэр алга болдог шөнүүдэд будантай, цас орж байсан тул урд өдрийн мөр нь дарагдсан байсан ч ерөнхийдөө хуучин гэмээр мөрнүүд нь тод үзэгдэхээр байсан. Би үхэрнүүдийг арай ч хулгай аваагүй байх гэж бодоод нилээд хайсан юм. Миний алдсан үхэрнүүд нийт 11 тоотой байсан. Үүнд Хүрэн зүстэй, 6 настай, 2 чих нь хойноосоо хэрчсэн Сод имтэй эр үхэр, Шар цоохор зүстэй, 5 настай, 2 чих нь хойноосоо хэрчсэн Сод имтэй эр үхэр, Хоо зүстэй, магнай дээрээ цагаан төөлтэй, 8 настай, баруун чихэндээ бирктэй, сувай эм үхэр, Хоо зүстэй, 5 настай, 2 чих нь хойноосоо хэрчсэн Сод имтэй, эх үхэр, Улаан зүстэй, магнай дээрээ цагаан төөлтэй, 4 настай, 2 чих нь хойноосоо хэрчсэн Сод имтэй, эм үхэр, Шар цоохор зүстэй, 4 настай, 2 чих нь хойноосоо хэрчсэн Сод имтэй, эм үхэр, Улаан зүстэй, 3 настай гунан эр үхэр. Эдгээр 7 үхрүүдийг тухайн үеийн ханшаар тус бүрийг 1 сая төгрөгөөр үнэлнэ. Мөн Улаан зүстэй, 3 настай, 2 чих нь хойноосоо хэрчсэн Сод имтэй, эр эр үхэр, Мухар улаан зүстэй, 3 настай, эвэргүй, 2 чих нь хойноосоо хэрчсэн Сод имтэй, эр үхэр. Энэ 2 үхрийг тухайн үеийн ханшаар тус бүрийг 900.000 төгрөгөөр үнэлнэ. Буурал зүстэй, 3 настай, 2 чих нь хойноосоо хэрчсэн Сод имтэй, эр үхэр, Шар зүстэй, 3 настай 2 чих нь хойноосоо хэрчсэн Сод имтэй, эр үхэр. Энэ 2 үхрийг тухайн үеийн ханшаар тус бүрийг 800.000 төгрөгөөр үнэлнэ. Алдсан үхрээ хайж Тариалан сумын нутгаар Хөхөө баг, нуурын хөвөө, Бургастай багийн нутаг, Гурван тээл, Наранбулаг сумын нутаг Харганат гэх газраар машин, мотоцикльтой явж хайсан. Би тухайн үед аймагт байдаг Жавын Намдаг гэх залууг ерөнхийд нь хардаж, сэжиглэж байсан. Өмнө нь малын хулгайн хэргээр хэд хэдэн удаа таслагдаж байсан. Тэдний аавынх нь гэр манай Хар толгой бригадын төвд байдаг бөгөөд Намдаг тэднийхээр ирж, очоод яваад байдаг байсан. Миний үхэрнүүдээ хулгайд алдсан газар нь Тариалан сумын нутаг Сүүжийн худаг гэх нэртэй газар юм. Би алдсан үхэрнүүдээ эрж хайхдаа Хүрэлбаатар, Бямбажав, Далай, Хөлтөө гэх хүмүүстэй хамт явсан. Би үхэр алдсан өдрөөс эхэлж 1 сар орчим үхрээ хайсан. Би малаа хайхдаа машин, мотоцикльтой явсан ба ойролцоогоор 1.800.000 орчим төгрөгийн бензин, тос зарцуулсан. Миний алдагдсан үхэрнүүд миний үнэлгээгээр нийт 10.400.000 төгрөг болж байгаа. Үүн дээр эрлийн зардал нэмэхээр 12.200.000 төгрөг болж байгаа юм. Би гэм буруутай этгээдүүдээс энэ мөнгийг нэхэмжилж байна. /хх-ийн I хавтасны 20-24-р тал/. ...2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр шүүх хурал болоход Ц.Намдаг нь оргон зайлсан байсан тул Ц.Намдагийн хэргийг тусгаарлаж, Б.Алтангэрэл, Д.Дамдинсүрэн, Д.Нямдорж нарын хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Тухайн үед Б.Алтангэрэл, Д.Дамдинсүрэн, Д.Нямдорж нар нь надад учруулсан хохирлоо бүрэн барагдуулж өгсөн ба Ц.Намдаг нь миний хохирлыг барагдуулаагүй байгаа. Иймд миний зүгээс Ц.Намдагаас 3 үхрийн үнэ болох 3.000.000 төгрөг, хулгайд алдагдсан 11 үхрийг эрж хайсаны зардал 1 хүний 450000 төгрөг, хувааж идсэн үхэрний нэг хүний 100.000 төгрөг буюу нийт 3.550.000 төгрөг нэхэмжилж байна.  Манай баг төвлөрсөн суурин баг бөгөөд манай баг дээр 50-60 орчим өрх айл байдаг. Намдагийн эцэг Цэнджавын бие муу байгаа боловч Ц.Намдагийг хааяа хааяа эцгийнхээ гэрээр ирээд явлаа гэж сонссон. Эцгийгээ асарч тойрч гэрт нь байнга байгаагүй. Учир нь тухайн цаг хугацаанд цагдаагийн алба хаагч нар Ц.Намдагийг хайж байна гэж сонсож байсан. Ц.Намдаг миний хохирлыг төлөөд өгчихвөл гомдох зүйлгүй, учирсан хохирлоо төлүүлж авмаар байна” гэх мэдүүлэг /хх-ийн 1 хавтасны 232-р тал/,

         Хохирогч Д.Пүрвээгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2015 оны 11 дүгээр сард өөрийнхөө 11 тооны үхэрээ хулгайд алдаж үхэрээ хайж 12 сар хүртэл эрэл хайгуул хийсэн боловч олоогүй тул Увс аймгийн Цагдаагийн газарт бүртгүүлсэн. Дараа оны 3 дугаар сард танай үхэр авсан хулгайч баригдсан та ирж байцаалт өгнө үү гэж цагдаагийн байгууллагаас дуудсан. Тэгтэл Ц.Намдаг нар миний 11 тооны үхэр хулгайлсан байсан. Нөгөө хэд нь ярихдаа зах дээр явж байтал Ц.Намдагтай уулзаж Хартолгойд үхэр байна түүнийг хулгайлъя гэж ярилцаж миний үхрийг хулгайлан авч ирээд зарж борлуулсан байсан. Нэг үхрийг тухайн мал нядалсан газраа чанаж идсэн гэж хэлдэг. Би 11 тооны бод алдаж байгаа нь надад маш их хохиролтой байна. Ц.Намдаг байнга хулгай хийж олон айлын амьдралыг үгүй хийж байна. Би хэдэн мал тэжээж амьдарч байсан амьдралаасаа салж, мэдлэг боловсролгүй тул цаашид яаж амьдрах нь тодорхой бус байна. Ц.Намдаг нь миний үхэрнүүдээс хүрэн зүстэй 6 настай эр үхэр, шар цоохор 5 настай эр үхэр, хоо зүстэй магнай дээрээ цагаан төөлтэй, 8 настай эм үхэр буюу дандаа том үхэрнүүдийг авсан болохыг бусад нь өмнөх шүүх хуралдаанд хэлсэн. Б.Алтангэрэл, Д.Нямдорж, Д.Дамдинсүрэн нар нь нийт хохирол 5.245.000 төгрөгнөөс өөрсдөө ногдох хэсэг болох 1.311.250 төгрөгөнд нь тус бүрдээ үхэр /Б.Алтангэрэл 2 үхэр, Д.Нямдорж 3 үхэр, Д.Дамдинсүрэн нэг нь тугалтай, 2 үхэр/ өгсөн ба мал эрж хайсаны зардалд 450.000 төгрөг, 1 үхрийг хувааж идсэний 100.000 төгрөг буюу 550.000 төгрөгийг тус бүр өгч хохирлоо барагдуулсан. Харин Ц.Намдагт би маш гомдолтой байна. Өнөөдөр хүртэл надад хохиролд юу ч өгөөгүй. Ялын дээд хэмжээг өгч явуулах хүсэлттэй байна." гэх мэдүүлэг,

          2. Гэрч Ш.Далайгийн мөрдөн байцаалтад өгсөн: “2015 оны 11 дүгээр сард найз Пүрвээгийн 11 тооны үхэр Тариалан сумын Хархираа багийн нутаг Сүүжийн худаг гэх газраас бэлчээрээс хулгайд алдагдсан юм. Үхэр хулгайд алдагдсаныг мэдсэнээс хойш хэд хоногийн дараа Пүрвээтэй хамт 2 хоног машинаар Улаангом сумын Тээл, Хөндлөн, Шатад, Довын үзүүр, Хөх үхэртийн гэсэн, Увс нуурын хөвөө зэрэг газруудаар эрж хайсан боловч үхэр олдоогүй. Саяхан Пүрвээгийн үхрийг хулгайлсан хулгайчид баригдаад цагдаад шалгагдаж байгааг мэдсэн. Пүрвээг үхэрнүүдээ эрж хайхад хичнээн хэмжээний зардал гаргасан талаар надад мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 25-р тал/

          3.  Гэрч Н.Хүрэлбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “2015 оны 11 дүгээр сарын сүүл үеэр Пүрвээгийн 11 тооны үхэр Тариалан сумын Хархираа багийн нутаг Сүүжийн худаг гэх газраас хулгайд алдагдсан юм. Би мал алдагдсан өдрөөс хойш Пүрвээтэй хамт 5 хоног автомашин, мотоциклоор Наранбулаг сумын нутаг Харгант, Хайстын шил, Шилийн хар толгой, Хөх ямаат, Толын ус, Хар сай зэрэг газраар явж хайсан боловч үхэрнүүд олдоогүй юм. Пүрвээг үхэрнүүдээ эрж хайхад хичнээн хэмжээний зардал гаргасан талаар надад мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 26-р тал/

          4. Гэрч Ц.Бүрэнтогтохын мөрдөн байцаалтад өгсөн: “Манай найз Пүрвээгийн 11 тооны үхэр 2015 оны 11 дүгээр сард Тариалан сумын Хархираа багийн нутаг Сүүжийн худаг гэх газраас бэлчээрээсээ хулгайд алдагдсан юм. Үхэр алдагдсаныг мэдсэн өдрөөс хойш би Пүрвээтэй хамт 2 хоног автомашинаар Тариалан сумын Гурван тээл, Улаангом сумын Шар харгаа, Тэрэм хад, Шатад, Бор үзүүр, Хөндлөн, Цэнхэр үхэртийн гэсэн, Увс нуурын хөвөө, Тээлийн боом зэрэг газраар явж эрж, хайсан боловч үхэр олдоогүй юм. Үхэр эрж хайх үед ямар хэмжээний бензин, шатахуун зарцуулсан, ямар хэмжээний зардал гарсан талаар надад мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 27-р тал/

           5. Гэрч Ц.Бямбажавын мөрдөн байцаалтад өгсөн: “Манай багийн иргэн Пүрвээгийн 11 тооны үхэр 2015 оны 11 дүгээр сард Тариалан сумын нутаг Хархираа багийн нутаг Сүүжийн худаг гэх нэртэй газраас бэлчээрээс хулгайд алдагдсан юм. Би мал алдагдсан өдрөөс хойш Пүрвээтэй хамт 2 хоног автомашинаар Наранбулаг сумын нутаг Хар үзүүр, Өлөн Гүмбүрдийн түнгэ, Янгаа, Нарийн хар, Гашуун, Өлгий сумын нутаг Шивээ, Хавчиг гашуун, Хараа, Тариалан сумын Бургастай багийн нутаг Мээрэн, Хөсөр, Морьтын бөгс, Аараг, Улаан толгой, Таван толгой, Хүрэн хадын ам, Шар бүрдийн бөгс, Алаг дэл, Хүйн хутаг зэрэг газраар эрж хайсан боловч олдоогүй юм. Сүүлд 2016 оны 3 дугаар сард Пүрвээгийн үхэр хулгайлсан хүмүүс баригдаад цагдаад шалгагдаж байгааг мэдсэн.  Үхэр эрж хайх үед ямар хэмжээний бензин, шатахуун зарцуулсан, ямар хэмжээний зардал гарсан талаар надад мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 28-р тал/

           6. Гэрч Х.Сэржмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 11 дүгээр сарын 13-14-ний үед би өөрийн нөхөр Нямдорж болон Нямдоржийн авга эгч Бунжаа нарын хамт гэртээ байж байтал Ц.Намдаг, Д.Дамдинсүрэн, Б.Алтангэрэл гэдэг хүмүүс манайд орж ирсэн. Би Д.Дамдинсүрэнг өмнө нь харж байсан бөгөөд Ц.Намдаг, Б.Алтангэрэл нарыг огт таньдаггүй байсан юм. Тэд манайд орж ирээд Д.Нямдоржийг дагуулаад гэрээс гарсан. Д.Нямдорж гэрээс гараад 5-10 минут орчим болоод буцаж гэрт орж ирээд надад Би энэ гуравтай хамт яваад хүнтэй уулзчихаад ирье гэж хэлээд хувцасаа өмсөөд гэрээс гарсан. Д.Нямдоржийг гарч явсаны дараа Бунжаа эгч бас гэрлүүгээ явсан ба би орой 18.00 цагийн орчимд өөрийн охин Мөнхдэлгэрт цай, хоол хүргэж өгчихөөд гэрт ирсэн. Тухайн үед Д.Нямдорж гэрт ирээгүй байсан бөгөөд орой 22.00 цагийн орчимд Д.Дамдинсүрэн ганцаараа манайд орж ирээд халуун цай байгаа юу гэж асуухаар нь би Д.Дамдинсүрэнг цай уух гэж байгаа юм байна гэж бодоод халуун савтай цай авч өгсөн. Тэгээд би Д.Дамдинсүрэнгээс Д.Нямдорж яасан бэ гэж асуухад Дамдинсүрэн: Д.Нямдорж, Б.Алтанангэрэл, Ц.Намдаг 3 айлаас мал туугаад ирж байгаа. Би тэд нарыг тосох ёстой юм. Энэ цайг чинь би аваад явлаа гэж хэлэхээр нь би Та нар хулгай хийчихсэн юмуу. Юун үхэр гэж асуухад Үгүй ээ. Хүнээс авсан малаа туугаад ирж байгаа юм гэж хэлээд нөгөө халуун савтай цайг аваад манайхаас гараад явсан. ....Би тэд нарыг дагаж гэрээс гараагүй бөгөөд манай гэрийн гадна малын хөлийн чимээ, үхэр мөөрөх чимээ гарч байсан. Тухайн үхрүүдийг гэрийн гадна байдаг зоорь луу шахаж оруулж байгаа чимээ гарч байсан. Удалгүй тэр 4 манай гэрт орж ирсэн бөгөөд би тэр дөрвөөс Та нар хаанаас ямар үхэр хулгай хийгээд ирсэн юм гэж асуухад Ц.Намдаг: Би хүнээс мал авах ёстой байсан юм. Тэрийгээ аваад ирлээ гэж хэлсэн. Тухайн үед би тэд нарыг үхэр хулгай хийгээд ирсэн болохыг нь мэдсэн юм. Яагаад гэвэл шөнийн цагаар үхэр тууж ирээд, зоорьлуу оруулсан болохоор хулгай хийсэн нь тодорхой байсан. ...Харин сүүлд нь миний нөхөр Д.Нямдорж надад 11 тооны үхэр байсан гэж хэлсэн. Тухайн үхрийн махнаас хэн, хэдэн үхрийн мах авсан болохыг нь би мэдэхгүй байна. Ямар ч байсан Д.Нямдорж надад би 3 үхрийн махыг нь авч байна гэж хэлсэн. Тухайн 3 үхрийн махны 1-ийг манайх өвлийн хүнсэндээ идэж хэрэглэсэн. Харин үлдсэн 2 үхрийн махыг нь Нямдорж өөрөө зарж, борлуулсан…” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 29-31-р тал

           7. Гэрч Д.Нацагнямын мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 11 дүгээр сарын 10-д гарсан үеэр нөхөр Дамдинсүрэн надад Улаан уулын ойролцоо манай найз нар хүнсний мал тууж ирж байгаа. Цай хоол хүргэж өгмөөр байна гэхээр нь Хэн хэн ямар мал тууж ирж байгаа юм бэ. Ямар учиртай юм. Өөрсдийн гэрээсээ цай хүргүүлж болдоггүй юм уу гэтэл Яахав чи надад хань бараа болоод хамт явалцаад өгөөч гэж хэлсэн тул би гэрээс цай, хоол хийж аваад бид хоёр Улаан уулын урд талд гарч нөгөө хүмүүсийг замд нь тосож уулзсан. Тэр үед шөнийн хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна. Ямарч байсан шөнийн 24 цаг өнгөрчихсөн байсан. Тэгээд тэр газарт Д.Нямдорж, Б.Алтангэрэл, Ц.Намдаг 3 хэдэн үхэр тууж ирсэн ба Д.Дамдинсүрэн нь тэд нарт цай, хоол өгсөн. Тэндээс Б.Алтангэрэл хөл өвдөж байна хамт буцна гэж хэлээд бид хоёртой хамт ирсэн. ...Манай нөхөр хэлэхдээ найз нар мал тууж ирж байгаа гэсэн ба би тэд нарын өөрсдийнх нь үхэр, мал юм байх гэж бодсон. ...Дамдинсүрэн хүнээс авах авлагаа авсан гэж хэлээд нэг үхрийн өрөөл мах авч ирсэнийг нь хүнсэнд хэрэглэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 33-36-р тал/

          8. Гэрч П.Золжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “...Нөхөр Пүрвээ бид хоёрын гэр Тариалан сумын Хархираа багийн төв дээр байдаг бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 12-оос 13-ны хооронд 11 тооны үхрээ хулгайд алдсан юм. Манай үхэрнүүд ихэвчлэн Наранбулаг, Улаангом сумыг холбосон засмал зам дагуу бэлчдэг юм. Манай бэлчээрт явсан 19 үхэрнээс тэр өдөр 11 тооны үхэр алдагдаад 8 үхэр нь 2015 оны 11 дүгээр сарын 13-ны орой буцаж ирсэн. ...Тэр өдөр Пүрвээ өвс ачаад оройтсон тул эрж хайгаагүй. 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нөхөр Пүрвээ Наранбулаг сумруу өвс ачиж хүргэж өгөөд орой болж байх үеэр гэрлүүгээ буцах замдаа үлдсэн үхрээ хайсан боловч олдоогүй. Тэгээд 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлээд нөхөр Пүрвээ үхрээ хайсан боловч олдоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 37-р тал/

         9. Гэрч Ж.Бат-Одын мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр билүү 13-ны өдрийн аль нэг нь байх өдөр дундын үед миний нөхөр Б.Алтангэрэл би Дамдинсүрэнтэй уулзчихаад ирье гэж хэлээд гэрээс гарч яваад тэр оройгоо гэртээ ирж хоноогүй. ...Маргааш өглөө 06 цагаас 07 цагийн хооронд Б.Алтангэрэлийн нэг хөл нь доголчихсон гэртээ ирсэн ба би түүнээс Чи хаашаа яваад ирсэн юм бэ гэхэд Б.Алтангэрэл надад би Д.Дамдинсүрэн, Д.Нямдорж, Ц.Намдаг нартай нийлж Бор толгойгоос 11 тооны үхэр хулгайлаад Д.Нямдоржийн гэрийн гадна талын зооринд оруулчихаад ирлээ, арай л олон тооны үхэр хулгайлчих шиг боллоо. ...Тэр өдрөөс хойш 2-3 хоногийн дараа байх нөхөр Б.Алтангэрэл би нөгөө хэдтэйгээ уулзчихаад ирье гэж хэлээд яваад тэр өдөр нэлээн орой болчихсон байхад ганцаараа гэртээ ирээд надад нөгөө хулгайлж авсан үхрүүдээ Д.Нямдоржийн гэрийн гадна талын зооринд нядаллаа гэж байсан. ...Тэр явсан оройгоо 1 бүтэн үхрийн мах ганцаараа гэрт авч ирсэн. Толгой, шийр, арьс зэрэг нь ирээгүй. ...Тэр үхрийн махыг манай гэр бүл өвлийн хүнсэндээ хэрэглээд дуусгачихсан. Махнаас бусдад зарсан, өгсөн зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 41-43-р тал/

          10. Гэрч М.Мөнгөний мөрдөн байцаалтад өгсөн: “...Би өөрийн эзэмшлийн 67-57 УВХ улсын дугаартай Алтеза нэртэй суудлын автомашинтай юм. 2015 оны 11 дүгээр сарын үеэр байх яг өдрийг нь санахгүй байна намайг гэртээ байж байтал өдөр дундын үед Д.Дамдинсүрэн миний гар утас руу залгаад Чи намайг Хар толгойд хүргээд өг гэж хэлэхэд нь би завгүй байна, чадахгүй гэж хэлээд утсаа тасалсан. Би түүний дараа захиалгатай хүний гутал хүргэж өгөхөөр Далангийн хороолол руу гутлаа аваад явж байтал Гоц халдвартын төвийн орчим Д.Дамдинсүрэн зогсож байсан ба гараа өргөхөөр нь би зогссон. Д.Дамдинсүрэн хажуудаа бор царайтай, дээлтэй Ц.Намдаг гэдэг хүнтэй хамт явж байсан бөгөөд тэр хоёр миний машинд суугаад Д.Дамдинсүрэн Чи надад тус болж намайг Хар толгой гаргаж өг гэж хэлсэн. ...Д.Дамдинсүрэн, Ц.Намдаг, Б.Алтангэрэл, Д.Нямдорж нарыг суулгаад машиндаа бензин хийж аваад Наранбулаг сумруу явдаг засмал замаар 40 орчим километр явж байтал Дамдинсүрэн Замаас буугаад явчих гэж хэлэхээр нь би цас ихтэй байсан тул явж чадахгүй гээд замаас гаралгүй явсаар Хятад улсын замын кемп өнгөрөөд засмал зам дээр явж байтал Д.Дамдинсүрэн Зогс гэж хэлэхээр нь би зогссон. Тэгтэл Д.Дамдинсүрэнтэй хамт явж байсан гурван залуу бууж үлдээд Д.Дамдинсүрэн надтай хамт буцаж Улаангом сумын төв орж ирээд Цас тогтох дэлгүүрийн арын гэр хорооллын гудамжинд буусан. ...Д.Дамдинсүрэн миний машинд сууж явахдаа хамт явж байсан хүмүүстэйгээ Энэ орой та гурав үхрээ туугаад ороод ирчих байлгүй дээ, ямар замаар орж ирэх юм бэ? Төв рүү орж ирэхээрээ надруу залгаарай, хоол цай бэлдэж тосож авна гэж хэлж байсан. ... Д.Дамдинсүрэн тэр өдөр надтай хамт Улаангом суманд орж ирчихээд буухаасаа өмнө Чамд зардлыг чинь хэд хоногоос өгнө гэж хэлсэн. Би тэр өдрөөс хойш 5-6 хоногийн дараа зардлаа нэхэхээр Д.Дамдинсүрэн лүү залгахад Чамд мөнгө өгч чадахгүй юм байна, чи надаас ирж үхрийн мах ав гэхээр нь би тэдний гэрт очиж түүнээс үхрийн хаа, гуя авсан. Би авсан махаа гэртээ авч ирээд хүнсэндээ хэрэглээд дуусгачихсан.” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 45-46-р тал/,

          11. Гэрч М.Гансүхийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2016 оны 7 дугаар сард Увс аймгийн Тахарын албанд хуяглан хүргэгч харуул ажилтай байсан. 2016 оны 7 дугаар сарын 04-ний өглөө хуралдсан сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд Ц.Намдаг нь хүндэтгэн үзэх шатгаангүйгээр ирээгүй тул би Тахарын албаны 2 албан хаагчийн хамтаар шүүгдэгч Ц.Намдагийг эрэн сурвалжилж, Улаангом сумын 9 дүгээр баг Дунд хороололд байх гэрт нь очиход байхгүй байсан тул маргааш нь шүүгч Б.Гансүхэд танилцуулсан. Тэгээд эрэн сурвалжлах ажиллагааг Тахарын албаны дарга хошууч А.Сайнбуян үргэлжлүүлсэн байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 1 хавтасны 238-р тал/,

         12. Гэрч А.Сайнбуяны мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн өдрийн шүүх хуралдаанд Ц.Намдаг нь хүндэтгэн үзэх шатгаангүйгээр ирээгүй тул манай албанд Ц.Намдагийг эрэн сурвалжлах шүүгчийн захирамж ирсэний дагуу өөрийнх нь амьдардаг гэх Улаангом сумын 10 дугаар багт байрлах ар гэр, Тариалан сумын Хархираа багт байх түүний аавынхан нь гэрээр очиж асууж сурагласан боловч хаана байгаа хаяг нь тогтоогдоогүй. Ингээд нийт 2 өдөр эрэн сурвалжлах ажиллагаа явуулаад олж чадаагүй тул шүүгчид танилцуулж ажиллагааг зогсоосон. Уг эрэн сурвалжлах ажиллагаанд албан 44-59 УВА улсын дугаартай фургон маркийн машинтай нийт 4 алба хаагч оролцож эрэн сурвалжлах ажиллагааг явуулсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 1 хавтасны 239-р тал/,

           13. Гэрч Б.Алтансүхийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Цэнджав овогтой Намдаг гэх хүнийг танихгүй. Харин ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Ч.Нансалжав нь Цагдаагийн ерөнхий газрын дотоод сүлжээ "АSАР" санд Ц.Намдаг гэгчийг шүүхээс оргон зайлсан оргодлын төлөвд шивж оруулан эрэн сурвалжлалт зарласан байсан тул уг оргодлын судалгаатай танилцаад уг хүнийг эрэн сурвалжлалт зарласан хаягаар удаа дараа хайж байгаад 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Улаангом сумын 10 дугаар багийн Дунд хороололд байх хамтран амьдрагчийнхаа гэрт ирсэн мэдээллийн дагуу дэд ахлагч З.Азбилэг, ахлагч Б.Батзаяа нарын хамтаар отож уг гэрээс нь баривчлан цагдаагийн газарт авч ирж хүлээлгэн өгсөн. Би өөрөө эрүүгийн цагдаа ажилтай ба эрэн сурвалжлалт зарлагдсаны дараа 3-4 удаа хамтран амьдрагчийн гэрийнх нь гадуур очсон боловч байхгүй байдаг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 1 хавтасны 242-р тал/,

          14. Мал нядалсан газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн I хавтасны 15-19-р тал/,

       15. Мөрдөн байцаагчийн 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл. /хх-ийн 1 хавтасны 12-13-р тал/,

      16. "Увс Финанс-Аудит" ХХК-ийн 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гаргасан 98 тоот Мал үнэлсэн тухай тайланд: 11 тооны 3-8 насны үхэрний зах зээлийн үнэ нийт 5,245,000 төгрөг болохыг тодорхойлсон байна. /хх-ийн I хавтасны 50-51-р тал/,

      17. "Увс Финанс-Аудит" ХХК-ийн 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан 157 тоот Мотоцикль үнэлсэн тухай тайлан /хх-ийн I хавтасны 58-59-р тал/,

         18. Шүүгдэгч Ц.Намдагийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа, хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн I хавтасны 92-148-р тал/,

        19. Хохирогч Д.Пүрвээгийн хохирлын баримтууд, Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2015 оны тооллогын баримт /хх-ийн I хавтасны 162-164-р тал/,

       20. Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн “Яллагдагчид батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” 96 дугаар Захирамж. /хх-ийн 1 хавтасны 175-р тал/,

      21. Шүүгдэгч Ц.Намдагийг төрсөн дүү Ц.Цагаанцоож, үеэл Н.Балжинням нарын батлан даалтанд гаргасан тухай баримт. /хх-ийн I хавтасны 176-178-р тал/,

       22. Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай” 103 дугаар Захирамж. /хх-ийн 1 хавтасны 180-181-р тал/,

      23. Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 135 дугаартай хуралдааны тэмдэглэл, мөн өдрийн /шүүгдэгч Ц.Намдаг нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй/ Шүүх хуралдаан хойшлуулах тухай Захирамж /хх-ийн 1 хавтасны 191-194-р тал/,

       24. Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн "Шүүгдэгчийг албадан ирүүлэх тухай" 136 дугаартай Захирамж, /хх-ийн 1 хавтасны 195-196-р тал/

          25. Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн "Эрүүгийн хэргийг тусгаарлаж, түдгэлзүүлэх тухай" 138 дугаартай Захирамж /хх-ийн 1 хавтасны 197-199-р тал/,

       26. Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 45 дугаар Шүүх хуралдааны тэмдэглэл. /хх-ийн 1 хавтасны 200-213-р тал/,

       27. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Ц.Намдагт холбогдох тусгаарласан 1 хавтас, 228 хуудас хэргийг прокурорт хүргүүлсэн тухай 104 дугаартай албан бичиг /хх-ийн 1 хавтасны 228-р тал/,

      28. Увс аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Баярмагнайгийн 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Эрүүгийн хэргийг тусгаарлан, эрүүгийн 201620000183 дугаар олгож, Ц.Намдагт холбогдох хэрэгт Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Ч.Нансалжавд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахыг даалгасан тогтоол, /хх-ийн 1 хавтасны 229-230 дугар хуудас/,

       29. Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Ч.Нансалжавын 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн "Эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тухай" тогтоол, /хх-ийн 2 дугаар хавтасны 22 дугаар хуудас/,

        30. Илтгэх хуудас. /хх-ийн 2 дугаар хавтасны 24-25, 32-р тал/,

         31. Б.Алтангэрэлийн сэжигтэн, яллагдагчаар мөрдөн байцаалтад өгсөн: “...Ц.Намдаг Д.Дамдинсүрэн бид гурав Улаангом сумын төв орж ирээд Улаангом сумын 7 дугаар багт байрлах Д.Нямдоржын гэрт очсон. Д.Нямдоржийн гэрт цай уугаад сууж байтал Ц.Намдаг дөрвүүлээ яваад Хар толгойгоос хэдэн үхэр хулгай хийгээд ирье та нарт таньдаг машинтай хүн байна уу, хэдүүлээ Хар толгой руу дөхөж байгаад буучихна гэж хэлсэн. ...Ц.Намдаг, Д.Нямдорж бид 3 машинаас буугаад Улаан толгой руу чиглээд 6 км орчим явган явж байтал 11 тооны үхэр бэлчээрт байсан. Тэр 11 тооны үхэрт улаан зүстэй үхэр, том эвэртэй хүрэн үхэр, мухар улаан үхэр, 3-4 тооны бяруу, 3-4 тооны гунан үхэр тус тус байсан. ...Миний алалцсан 5 тооны үхэрт эвэртэй, шар цоохор зүстэй үхэр, том эвэртэй хүрэн зүстэй эр үхэр, эвэргүй хүрэн зүстэй үхэр, хоо зүстэй 2 тооны бяруу тус тус байсан ба 1 үхэр нь чихэндээ бирктэй үхэр байсан. 11 тооны үхэрнээс би 2 үхэр, Д.Дамдинсүрэн 2 үхэр, Д.Нямдорж 3 үхэр, Ц.Намдаг 3 үхэр авсан. Бид дөрөв Д.Нямдоржийн гэрт үлдсэн нэг үхрийг алж чанаж идэж дуусгасан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 1 хавтасны 69-72-р тал/,

         32. Д.Дамдинсүрэнгийн сэжигтэн, яллагдагчаар мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Б.Алтангэрэлтэй хамт Д.Нямдоржийн гэрт байж байтал Д.Нямдорж, Ц.Намдаг нар үхрээ туугаад хүрээд ирсэн. Тэгээд үхрээ Д.Нямдоржийн хашаанд байдаг зоорь луу оруулсан. ...Би тэр 11 үхэрнээс бага бололтой 2 үхрийн мах авсан. Миний авсан 2 үхэр буурал зүстэй гунан эр үхэр, хоо зүстэй сувай 5 настай эх үхэр байсан. Ц.Намдаг гурван үхэр, Б.Алтангэрэл 2 үхэр, Д.Нямдорж гурван үхэр авсан. Улаан зүстэй гунан эр үхрийг дөрүүлээ нийлж дундаа чанаж идсэн.” гэх мэдүүлэг. /хх-ийн 1 хавтасны 62-68-р тал/,

          33. Д.Нямдоржийн сэжигтэн, яллагдагчаар мөрдөн байцаалтанд өгсөн: “...Бид гурав Хар толгой орчимоос холгүй хээр бэлчээрт хариулагагүй байсан 11 тооны үхрийг хулгайлж аймгийн төв рүү явган тууж явсан. Улаан уулын дээд талд шөнө 00 цаг болж байх үеэр тууж ирцгээсэн бөгөөд бидний урд Д.Дамдинсүрэн, эхнэр Нацагнямтай хамт халуун савтай цай бариад хүлээгээд сууж байсан. Би улаан зүсний гунан эр үхэр, 4-5 насны суваа эм улаан зүсний үхэр авсан. ...Үхрээ Намдаг бид 2 Улаангом сумын 7 багт байрлах манай хашаа руу тууж оруулаад хашаан дотор байдаг зоорь луу бүх үхрээ оруулсан. ...Нийт 11 тооны үхэр байсан ба шар цоохор зүсний үхэр, цагаан цоохор зүсний үхэр, бусад нь улаан зүсний үхэрнүүд байсан. Би тэр үхэрнээс 3 үхрийг нь авч гадагшаа гарч зүс үл таних явуулын мах авдаг ченжид зарж мөнгө хийж авсан. ...Нөгөө 8 үхэрнээс 3 үхрийн махыг арьс, шийр, толгойтой нь Ц.Намдаг, 2 үхрийг махыг арьс, шийр толгойтой нь Б.Алтангэрэл, 2 үхрийг нь махыг арьс шийр толгойтой нь Д.Дамдинсүрэн авсан. Нэг үхрийг бид дөрөв нийлж байгаад манай гэрт чанаж идэж дуусгасан.” гэх мэдүүлэг / хх-ийн 1 хавтасны 85-91-р тал/,

         34. Шүүгдэгч Ц.Намдагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Бид нар Наранбулаг сумруу явдаг засмал замаар машинтайгаа явсаар Хятад улсын кемп өнгөрөөд Сүүжийн худаг нэртэй газарт засмал зам дээр зогссон. Тухайн үед Д.Дамдинсүрэн нь Д.Нямдорж, Б.Алтангэрэл бид 3-т “та гурав яваад үхэр туугаад Улаан уулын дээгүүр ороод ир би Улаангом сум орж байгаад урдаас чинь тосож авъя” гэж хэлчихээд яваад өгсөн.  Тэгээд явж байтал замд 11 тооны үхэр таарахлаар нь шууд явган туугаад Улаан уулын дээд талд ирэхэд ...Д.Дамдинсүрэн халуун савтай цай авчихсан хүрч ирсэн. ...Бид нар Д.Нямдоржийн гэрт байдаг зооринд 11 үхрээ тууж оруулчихаад гэр гэртээ харьж амарсан. Маргааш нь би Д.Нямдоржийн гэрт очоод Д.Дамдинсүрэн, Д.Нямдорж нартай нийлж зооринд 2 үхэр нядалсан. Маргааш нь Д.Дамдинсүрэн, Д.Нямдорж, Б.Алтангэрэл нартай хамтарч үлдсэн 9 үхрээ нядалж би тэр үхэрнээс гурван үхрийн мах, Д.Нямдорж гурван үхрийн мах, Д.Дамдинсүрэн 2 үхрийн мах, Б.Алтангэрэл 2 үхрийн мах авсан. Үлдсэн нэг үхрийн махыг бид нар Д.Нямдоржийн гэрт чанаж идсэн юм. ...Надад сонсгож байгаа ялыг ойлголоо. Би шинээр сонгож байгаа ял болон урьд сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Учир нь би 2016 оны 7 дугаар сарын 5-ны өглөө хуралдсан Увс аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралд очоогүй. Очихгүй талаараа ямар нэгэн албан тушаалтанд хэлж мэдэгдээгүй чөлөө зөвшөөрөл аваагүй. Тухайн үед эцгийн бие муу байсан тул түүнийг нас барах үед хажууд нь байж байгаад нас баруулна гэж бодсон. Би 7 сараас хойш Улаангом сум болон Тариалан сумын Хархираа багаар байсан. Манай эцэг Цэнджавынх Хархираа багт байдаг тул тэнд ихэвчлэн байсан. Би бусадтай бүлэглэн бусдын 11 тооны үхэр хулгайлан шүүхээс оргосон үйлдэлдээ маш их харамсаж байна.” /хх-ийн 1 хавтасны 79-84-р тал, 2 хавтасны 4-8 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг,

        Шүүгдэгч Ц.Намдагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Улсын яллагчийн уншсан яллах дүгнэлт миний гардаж авсантай тохирч байгаа тул нэмж тайлбарлаад байх зүйл надад байхгүй. Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэдгээ зөвшөөрч байна. Би 3 настай, мухар улаан гунан үхэр, 4 настай шар цоохор үхэр авсан. Нэг үхрийг нь зарж борлуулан 350.000 төгрөгийн ашиг олсон. Дүүгийн бие муудаад Улаанбаатар хот руу явсан. 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд ирж амжина гэж бодож явсан боловч амжиж ирж чадаагүй. Тухайн үед шүүгч, шүүгчийн туслах нарт хэлж мэдэгдээгүй явсан.” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

       Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзээд дүгнэвэл:

          Шүүгдэгч Ц.Намдаг нь 2015 оны 11 дүгээр сарын 12-оос 13-нд шилжих шөнө Увс аймгийн Тариалан сумын Хархираа багийн нутаг Сүүжийн худаг гэх газраас иргэн Д.Пүрвээгийн 11 тооны үхрийг бусадтай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн хулгайлж, 5.245.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж, шүүхэд шилжсэн байх үедээ буюу 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлхийсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь нотлогдон тогтоодлоо. Үүнд:

       1. Хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгээр шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд болох хохирогч Д.Пүрвээ, гэрч Ш.Далай, Н.Хүрэлбаатар, Ц.Бүрэнтогтох, Ц.Бямбажав, Х.Сэржмаа, Д.Нацагням, П.Золжаргал, Ж.Бат-Од, М.Мөнгөн нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, мал нядалсан газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Увс Финанс Аудит ХХК-ийн 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Мал үнэлсэн тухай” 98 дугаартай шинжээчийн дүгнэлт, Б.Алтангэрэл, Д.Нямдорж, Д.Дамдинсүрэн, Ц.Намдаг нарын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Ц.Намдаг нь Б.Алтангэрэл, Д.Нямдорж, Д.Дамдинсүрэн нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байна.

           Ялтан Б.Алтангэрэлийн “...Тэр 11 тооны үхэрт улаан зүстэй үхэр, том эвэртэй хүрэн үхэр, мухар улаан үхэр, 3-4 тооны бяруу, 3-4 тооны гунан үхэр тус тус байсан. ...Миний алалцсан 5 тооны үхэрт эвэртэй, шар цоохор зүстэй үхэр, том эвэртэй хүрэн зүстэй эр үхэр, эвэргүй хүрэн зүстэй үхэр, хоо зүстэй 2 тооны бяруу тус тус байсан ба 1 үхэр нь чихэндээ бирктэй үхэр байсан. 11 тооны үхэрнээс би 2 үхэр, Д.Дамдинсүрэн 2 үхэр, Д.Нямдорж 3 үхэр, Ц.Намдаг 3 үхэр авсан. Бид дөрөв Д.Нямдоржийн гэрт үлдсэн нэг үхрийг алж чанаж идэж дуусгасан...”, ялтан Д.Нямдоржийн “...шар цоохор зүсний үхэр, цагаан цоохор зүсний үхэр, бусад нь улаан зүсний үхэрнүүд байсан. Би тэр үхэрнээс 3 үхрийг нь ...авсан. ...Миний авсан үхэрт улаан зүсний гунан эр үхэр, 4-5 насны суваа эм улаан зүсний үхэр байсан.  ...Нөгөө 8 үхэрнээс 3 үхрийн махыг арьс, шийр, толгойтой нь Ц.Намдаг, 2 үхрийг махыг арьс, шийр толгойтой нь Б.Алтангэрэл, 2 үхрийг нь махыг арьс шийр толгойтой нь Д.Дамдинсүрэн авсан. Нэг үхрийг бид дөрөв нийлж байгаад манай гэрт чанаж идэж дуусгасан.”, ялтан Д.Дамдинсүрэнгийн “...Би тэр 11 үхэрнээс бага бололтой 2 үхрийн мах авсан. Миний авсан 2 үхэр буурал зүстэй гунан эр үхэр, хоо зүстэй сувай 5 настай эх үхэр байсан. Ц.Намдаг гурван үхэр, Б.Алтангэрэл 2 үхэр, Д.Нямдорж гурван үхэр авсан. Улаан зүстэй гунан эр үхрийг дөрүүлээ нийлж дундаа чанаж идсэн.”, шүүгдэгч Ц.Намдагийн “...Д.Дамдинсүрэн, Д.Нямдорж, Б.Алтангэрэл нартай хамтарч үлдсэн 9 үхрээ нядалж би тэр үхэрнээс гурван үхрийн мах, Д.Нямдорж гурван үхрийн мах, Д.Дамдинсүрэн 2 үхрийн мах, Б.Алтангэрэл 2 үхрийн мах авсан. Үлдсэн нэг үхрийн махыг бид нар Д.Нямдоржийн гэрт чанаж идсэн юм.” гэх мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүгүй, хохирогч Д.Пүрвээгийн хулгайд алдсан малын зүс, нас, им тамга зэрэгтэй тохирч байна.

          Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Намдаг 11 тооны үхэрнээс 3 үхрийг авсан, мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нараас хэн хэн нь ямар зүсний үхэр авсан болохыг тодруулсан, Увс Финанс Аудит ХХК-ийн 98 тоот шинжээчийн дүгнэлтээр нийт хохирол буюу 11 тооны үхрийн зах зээлийн үнийг 5.245.000 төгрөг болохыг тогтоосон байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважавын шүүх хуралдаанд “...хэргийн бүрдэл хангагдаагүй, мөрдөн байцаагч шүүгдэгч нараас хэн хэн ямар зүсний үхэр авсан болохыг огт тодруулаагүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ тодорхой бус...” гэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгахаар гаргасан санал үндэслэлгүй бөгөөд шүүгдэгч Ц.Намдагийн Б.Алтангэрэл, Д.Нямдорж, Д.Дамдинсүрэн нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн олон тооны мал хулгайлсан үйлдэл нотлогдож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүн хангагдаж байна. 

       2. Шүүгдэгч Ц.Намдаг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон, бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж, шүүхэд шилжсэн байхдаа буюу 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн нь хохирогч Д.Пүрвээ, гэрч Б.Алтансүх, А.Сайнбуян, М.Гансүх нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн “Яллагдагчид батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” 96 дугаар, мөн шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн "Шүүгдэгчийг албадан ирүүлэх тухай" 136 дугаартай Захирамжууд, Увс аймгийн прокурорын газрын 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Эрүүгийн хэргийг тусгаарлан, эрүүгийн 201620000183 дугаар олгож, Ц.Намдагт холбогдох хэрэгт Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Ч.Нансалжавд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахыг даалгасан тогтоол, Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Ч.Нансалжавын 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн "Эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тухай" тогтоол, 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн цагдаагийн илтгэх хуудас зэрэг нотлох баримтуудаар нотлогджээ.  

         Иймд шүүгдэгч Ц.Намдагт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт хуульд нийцсэн, хэргийн бүрдэл хангагдсан байх тул түүнийг Б.Алтангэрэл, Д.Нямдорж, Д.Дамдинсүрэн нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, олон тооны мал хулгайлсан, 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.  

          Хэргийн 1 хавтасны 214-228 дугаар хуудаст авагдсан Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 45 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг шүүгдэгч Ц.Намдаг нь Б.Алтангэрэл, Д.Нямдорж, Д.Дамдинсүрэн нартай бүлэглэн үйлдсэн, энэ хэргийн улмаас хохирогч Д.Пүрвээд 5.245.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон байна.

         Хохирогч Д.Пүрвээд учирсан 5.245.000 төгрөгийн хохирлоос ялтан Б.Алтангэрэл, Д.Нямдорж, Д.Дамдинсүрэн нар өөрсдөд ногдох хэсгийг төлж барагдуулсан, харин шүүгдэгч Ц.Намдагийн төлбөл зохих хохирол төлбөр төлөгдөөгүй байна.

         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.4 дэх хэсэгт “хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй” гэж заасан ба дээрх 45 тоот шийтгэх тогтоолоор хохирогч Д.Пүрвээд учирсан 5.245.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нарт тэнцүү хэмжээгээр хувааж хариуцуулахаар шийдвэрлэсэн, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байх тул шүүгдэгч Ц.Намдагаас нийт хохирол 5.245.000 төгрөгний түүнд ногдох хэсэг болох 1.311.250 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Пүрэвээд олгож, бусад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.   

             Учир нь хохирогч Д.Пүрвээ нь мал эрж хайсаны зардал нэг хүний 450.000 төгрөг гэж нэхэмжилсэн байх боловч үүнийг нотолсон баримт хэрэгт байхгүй, хувааж идсэн 1 үхрийн үнэ 100.000 төгрөг гэж нэхэмжилсэн нь хохиролд орж тооцогдож, хулгайд алдсан 11 тооны үхэрний хохирлын хэмжээ 5.245.000 төгрөгөөр тогтоогдсон тул дээрх 550.000 төгрөг болон үхрийн үнээс 1.688.750 /3.000.000-1.311.250/ төгрөг нийт 2.238.750 төгрөгийн шаардлагыг хангах хуулийн үндэслэлгүй гэж дүгнэв.

      Хулгайлах гэмт хэрг үйлдэж олсон үхрийн махыг худалдан борлуулж шүүгдэгч Ц.Намдаг 350.000 төгрөгийн ашиг олсон талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-д “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу түүний үнэ ...бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэж заасны дагуу дээрх 350.000 төгрөгийг хурааж, улсын орлого болгох нь зүйтэй байна.

           Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Ц.Намдаг нь Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 7 дугаар сарын  26-ны өдрийн 89 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 хоног, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоног, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 6 сар 15 хоногийн хорих ялыг нэмж бүгд 7 жил 6 сар 25 хоног хорих ял оногдуулсныг давж заалдах шатны шүүхийн магадлалаар өөрчлөлт оруулж, 5 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4-д заасан ялтай байдал нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болсон буюу ялгүй болсон байх тул шүүгдэгч Ц.Намдагийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

           Шүүгдэгч Ц.Намдагт ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа хүндэвтэр ангилалын гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байгаа боловч хэрэг үйлдэгдсэн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй зэргийг харгалзан түүнд оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж, хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.

          Мөн шүүгдэгч Ц.Намдагт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүй байх нь зохистой гэж шүүх үзсэн ба иргэний нэхэмжлэл хангагдаагүй учир шүүгдэгчийн эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.  

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ц.Намдаг нийт 31 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурьдав.

           Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-296, 297 дугаар зүйлийн 297.1-5 дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Шүүгдэгч Борлууд овогт Цэнджавын Намдагийг бусадтай үгсэн тохиролцож, бүлэглэн олон тооны мал хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

       2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар Ц.Намдагийг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 4 /дөрөв/ сар баривчлах ялаар, мөн хуулийн  261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 жил 4 сар /нэг жил дөрвөн сар/ хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

         3. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Ц.Намдагт Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар оногдуулсан 4 сар баривчлах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар оногдуулсан 1 жил 4 сар хорих ялд багтааж түүний биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар тогтоосугай.

     4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ц.Намдагт оногдуулсан 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

        5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Борлууд овгийн Цэнджавын Намдагаас 1.311.250 /нэг сая гурван зуун арван нэгэн мянга хоёр зуун тавин/ төгрөг гаргуулж, Увс аймгийн Тариалан сумын Хар-Хираа багт оршин суух /РД:ОТ80080679/ хохирогч Галзад овогт Доржийн Пүрвээд олгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага 2.238.750 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

        6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Намдагаас гэмт хэрэг үйлдэж олсон орлого 350.000 /гурван зуун тавин/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

     7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Намдагийн мустанг-5 маркийн мотоциклийг битүүмжилсэн 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

        8. Эрүүгийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Намдагийг цагдан хоригдсон 31 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

       9. Шүүгдэгч Ц.Намдагт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

      10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                              ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                              С.БОЛОРТУЯА