Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 249

 

 

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2018/00249

 

 

 “АЗ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/02718 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “АЗ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус болохыг тогтоолгож, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулахыг даалгуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Отгонбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 02720 дугаар захирамжийн дагуу төлбөр төлөгч “Тэгшт Плант” ХХК-иас нийт 232 311 455 төгрөг гаргуулан төлбөр авагч “Евробитум Монголия” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

“Евробитум Монголия” ХХК нь 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Эрх шилжүүлэх тухай гэрээг “АЗ” ХХК-тай байгуулж “Тэгшт плант” ХХК-иас төлбөр шаардах эрхээ шилжүүлсэн. Уг гэрээний дагуу “АЗ” ХХК нь төлбөр авагчийн эрх, үүргийг хэрэгжүүлж байгаа болно.

Төлбөр төлөгч “Тэгшт плант” ХХК-ийн “АЗ” ХХК-д шилжүүлсэн гэж байгаа Ниссан Патрол Ү-62 маркийн автомашиныг 90 000 000 төгрөгөөр төлбөрт тооцож өгсөн гэх боловч уг машин нь А.Корчановын нэр дээр бүртгэлтэй, түүний хувийн хэрэгцээнд хэрэглэгдэж байгаа болно.

Бодит байдал дээр уг машин нь “АЗ” ХХК-ийн өмчлөлд хэзээ ч байгаагүй бөгөөд манай компанийн ажилтан байсан А.Корчанов нь хувийн эрх ашгийн үүднээс машин хүлээж авсан баримтад нөхөж гарын үсэг зурсан байх боловч компанийн тамга дарагдаагүй байсан. Эд хөрөнгө хүлээлцсэн акт үйлдэж байгаа бол компанийн тамгыг заавал дарах ёстой юм.

Төлбөр төлөгч “Тэгшт плант” ХХК нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны дагуу 140 729 460 төгрөгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны дансанд шилжүүлсэн байна. Гэтэл уг төлбөрийг “Евробитум Монголия” ХХК-ийн бусдад төлөх төлбөрт шилжүүлэх болсон гэж Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэлийн алба мэдэгдсэн байна. Шийдвэр гүйцэтгэх алба дур зоргоороо төлбөр авагчийн эрх ашгийг ноцтой зөрчин түүний авах ёстой төлбөрийг бусдын төлбөрт шилжүүлэх эрх байхгүй болно.

“АЗ” ХХК нь “Евробитум Монголия” ХХК-тай бүрэн тооцоо хийж 220 000 000 төгрөгийг төлсөн. Үүний дагуу “Евробитум Монголия” ХХК нь гэрээний үүргээс бүрэн чөлөөлөгдсөн болно.

“АЗ” ХХК нь Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны үйл ажиллагааны талаарх гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт гаргасан боловч төлбөрийн үлдэгдэл 142 491 455 төгрөгийг төлбөрт суутгасан нь хууль зөрчөөгүй байна гэсэн хариу өгсөн болно.

Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны төлбөр авагч “АЗ” ХХК-ийн төлбөр төлөгч “Тэгшт плант “ХХК-д холбогдуулан гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус болохыг тогтоож, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулахыг даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2015/02720 дугаар шийдвэрээр “Тэгшт плант” ХХК-иас 232 311 455 төгрөгийг гаргуулж төлбөр авагч “Евробитум Монголия” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудсыг тус албанд 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр төлбөр авагч “Евробитум Монголия” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Тэгшт плант” ХХК-ийн төлбөрийн үлдэгдэл 140 998 513 төгрөгийг гаргуулж өгөх тухай дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 дугаар 06 дугаар сарын 09-ний өдрийн 16250831 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн.

Энэ үед ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 17280119 дугаар үүсгэх тогтоолтой, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/04497 дугаар шийдвэр, 181/ГХ2017/00040 дугаар гүйцэтгэх хуудастай "Евробитум Монголия ХХК-иас 977 996 750 төгрөгийг гаргуулж “Битумина рефайнд ойл продакст трейдинг” ХХК-д олгох гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж төлбөр төлөгдөөгүй байсан.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад “Евробитум Монголия” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цогтсайханаар дамжуулан 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гүйцэтгэх баримт бичгийг буцаан авсан.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар “Тэгшт плант” ХХК-иас төлбөр шилжигдсэн тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасны дагуу “Евробитум Монголия” ХХК-ийн бусдад төлөх төлбөрт шилжихийг мэдэж байсан.

“Евробитум Монголия” ХХК өөрийнхөө шаардах эрхийг 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “АЗ” ХХК-д шилжүүлэн тус компаниар дамжуулан төлбөрийн мөнгийг авахаар тус албанд 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ирүүлсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад “Тэгшт плант” ХХК нь “Евробитум Монголия” ХХК-ийн төлбөрт 01-23 УБУ улсын дугаартай Ниссан Патрол /Nissan patrol/ маркийн тээврийн хэрэгслийг 90 000 000 төгрөгт шилжүүлсэн талаар баримтыг ирүүлсэн. Тус алба “Тэгшт плант” ХХК-иас төлөгдсөн мөнгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/04497 дугаар шийдвэрийн дагуу “АЗ” ХХК-д биш “Евробитум Монголия” ХХК-ийн төлбөрт шилжүүлсэн нь үндэслэлтэй.

“Евробитум Монголия” ХХК, “АЗ” ХХК-ийн хооронд байгуулсан 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Эрх шилжүүлэх гэрээ нь шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайсхийх, халхавчлах зорилгоор дүр үүсгэн гудавдагч этгээдэд шилжүүлсэн нь үндэслэлгүй юм.

Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасны дагуу үгүйсгэгдэж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасны дагуу хуульд тусгайлан заасан 7 хоногийн хугацаанд шүүхэд гомдлоо гаргаагүй байна гэв.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “АЗ” ХХК-ийн хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус болохыг тогтоолгож, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “АЗ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.  

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэлд дурдсан үндэслэлээр эс зөвшөөрч байна.

"АЗ" ХХК нь "Евробитум Монголия"ХХК-тай бүрэн тооцоо хийж 220 000 000 төгрөгийг төлсөн. Үүний дагуу "Евробитум Монголия" ХХК нь гэрээний үүргээс бүрэн чөлөөлөгдсөн болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 он/ хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч "АЗ" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдлоо Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гаргасан болно.

Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нь "төлбөрийн үлдэгдэл 142 491 455 төгрөгийг төлбөрт суутгасан нь хууль зөрчөөгүй байна." гэсэн хариу өгсөн болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.3 дахь хэсэгт заасныг баримтлан гомдлоо шүүхэд гаргасан. Гэвч шүүх манай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Иймд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, илтэд нэг талыг барьж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч “АЗ” ХХК нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус болохыг тогтоолгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 02720 дугаар шийдвэрээр “Тэгшт Плант” ХХК-иас 232 311 455 төгрөгийг гаргуулан “Евробитум Монголия” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн.

 

Нэхэмжлэгч “АЗ” ХХК нь 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1/2016 Эрх шилжүүлэх гэрээгээр “Евробитум Монголия” ХХК-ийн шаардах эрхийг шилжүүлэн авсан байх бөгөөд төлбөр төлөгч “Тэгшт плант” ХХК-иас 232 311 455 төгрөгийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар гаргуулан авах ажиллагаанд төлбөр авагчаар оролцох юм.

 

Төлбөр төлөгч “Тэгшт плант” ХХК-иас 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Ниссан патрол” маркийн тээврийн хэрэгслийг “Евробитум Монголия” ХХК, “АЗ” ХХК-ийн менежерт хүлээлгэн өгсөн үйл явдал нь эрх шилжүүлэх гэрээ байгуулахаас өмнө байхаас гадна мөн оны 11 дүгээр сарын 05-ны өдөр уг автомашиныг “Тэгшт плант” ХХК-иас төлбөрт тооцож авсныг хүлээн зөвшөөрсөн албан бичгийг “АЗ” ХХК-иас “Тэгшт плант” ХХК-д явуулжээ. /хх 60 дахь тал/

 

Улмаар “Евробитум Монголия” ХХК-ийн хүсэлтийг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолоор буцаасан ажиллагаанд гомдол гаргаагүй.

 

Энэ ажиллагааг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан талаар тайлбар гаргаагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 он/ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь  хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн тул холбогдох гомдлыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

 

Түүнчлэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2016/04497 дугаар шийдвэрээр “Евробитум Монголия” ХХК-иас 400 000 ам.долларыг гаргуулан “Битүмина рефайнд ойл продактс трейдинг” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба шийдвэр биелэгдээгүй тул  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 00409 дүгээр “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж гарсан ба уг захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа талаар маргаангүй байна. 

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь төлбөр төлөгч “Тэгшт плант” ХХК-иас төлөгдсөн төлбөрийн үлдэгдэл болох 140 729 460 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасны дагуу “Евробитум Монголия” ХХК-ийн бусдад төлөх төлбөрт шилжүүлэх болсныг нэхэмжлэгч “АЗ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 3/407 тоот мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн байна.

 

            Уг ажиллагааг эс зөвшөөрч нэхэмжлэгч “АЗ” ХХК нь 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр анхан шатны шүүхэд гомдол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв болжээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдол нь шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны эрх зүйн байдалтай холбоотой тул тус хуулийн 34 дүгээр зүйлд заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гаргах гомдлын үндэслэлд хамаарахгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/02718 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА