Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 847

 

                2019            8             22                                             2019/ДШМ/847

Г.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Намдаг,

хохирогч Д.Огийн өмгөөлөгч Э.Э,

шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Д.Г, Д.Б,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулж,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 544 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч Д.Бгийн гаргасан давж заалдах гомдлоор Г.Бд холбогдох эрүүгийн 1805064130290 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Ю овгийн  Г.Б, 1986 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ................ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................/,

Г.Б нь 2018 оны 12 дугаар сарын 15-ны шөнө Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Номин” их дэлгүүрийн авто зогсоолд 16-35 УБТ улсын дугаартай, “Toyota Prius 30” загварын автомашинд иргэн Д.Ог согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, сэтгэцийн үйл ажиллагаа түр сарнисан, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Г.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Быг хохирогчийн согтуурсан байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Быг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, Г.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ягаан өнгийн дотоож 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол Г.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Бын цагдан хоригдсон 21 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор шийдвэрлэжээ.   

Шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч Д.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Давж заалдах шатны шүүхээс доорх бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 5 жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж эсвэл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол 5 жил хүртэл хугацаагаар тэнсэх, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэх” гэж заасныг үндэслэн тэнсэж хянан харгалзаж өгнө үү.

Миний үйлчлүүлэгч Г.Б нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид хохирол учруулаагүй боловч цаашид ямар нэгэн хохирол учруулвал нөхөн төлнө гэдгээ батлан илэрхийлсэн.

Тэрээр нас залуу, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас уг гэмт хэргийг үйлдсэн. Хохирогчийн архи хэтрүүлэн уусан, зүй бус байдалтай байсны улмаас уг гэмт хэргийг үйлдсэн. Г.Б нь хувь хүний хувьд даруу төлөв, шулуун шударга, хүнлэг сэтгэлтэй. Энэ хэрэг болсны дараа хохирогчоос уучлалт гуйж өөрийн утсыг нь өгч, 2 удаа нөхөртэй нь яриулж, гэрт нь машинаараа хүргэж өгсөн.

Хэрэв Г.Б хорих ялаа эдэлбэл түүний асрамжинд, хэвтэрт байдаг эх Алтанцэцэг нь асрах хүнгүй үлдэж байгаа. Мөн Г.Бын нэр дээр байдаг хашаа байшин нь ББСБ-ын барьцаанд байдаг, түүнээс өөр төлж барагдуулах хүн байхгүй зэргийг харгалзан үзнэ үү. ...” гэв.

Шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч Д.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Ялтан Г.Б анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн. Г.Бын хувьд гэмт хэргийн цаг хугацаа болон шинж нь хангалттай нотлогддоггүй, үүнийг гэмт хэрэг биш гэж үздэг. Харин тухайн хохирогчтой бэлгийн харилцаанд орсон нь үнэн. Тухайн зочид буудалд хохирогч нь 8 цагийн үед тасарчихаад 12 цагт гарч ирээд таксинд суусан байдаг. Тухайн үед харсан хүнээ мэдүүлэхдээ туранхай биетэй, жижиг нүдтэй гэх зэргээр нөхцөл байдлыг харж чадахуйц эрүүлжсэн байсан нь нотлогдож байгаа юм. Хохирогч нь биеэ хамгаалах бүрэн чадамжтай байсан. Учир нь хохирогч нь гэрээ зааж, тэр битгий хэл утсаараа хэд хэдэн хүнтэй ярьж байсан. Энэ бүгдийг шалгуулахаар хүсэлт тавьсан боловч шалгаж өгөөгүй байдаг. Мөн таксинд явж байхдаа нөхөртөө баригдсан гэж хэлж байсан. Тэр маргаанаас болоод хамт явж байсан залуу нь бууж явсан байдаг. Нөхөртөө баригдсанаас л болж цагдаад би хүчиндүүлчихлээ гэж өргөдөл гаргасан гэж ойлгож байгаа. Тиймээс энэ гэмт хэрэг үнэн худал уу гэдэг дээр эргэлзээ байгаа. ...” гэв.

Шүүгдэгч Г.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хашаа байшингаа барьцаанд тавьсан алдаж магадгүй болоод байна. Гэртээ ганцаараа үлдсэн ээж маань байгаа. Иймд миний ялыг тэнсэн харгалзаж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Д.Огийн өмгөөлөгч Э.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Г.Быг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй хэмээн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан гомдол хуулийн үндэслэлгүй байна. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан тэнсэх зохицуулалт нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний эрх зүйн байдлыг нь хөнгөрүүлэх шинжтэй зохицуулалт бөгөөд шүүгдэгч Г.Бын хувьд гэм буруудаа маргаж байгаа тул өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй ба анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хуульд нийцсэн байна. Мөн Г.Б нь гэм буруу болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн талаараа маргаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байр сууринаас өмгөөлөгч нарын хамт оролцож шүүхийн байгууллагыг үл хүндэтгэсэн болно. Энэ гэмт хэргийн улмаас хохирол учраагүй. Харин хор уршиг учирсан байдаг. Энэ талаар хохирогч Д.О анхан шатны шүүх хуралдаан дээр хэлж байсан. Энэ гэмт хэрэгт өртсөнөөс болж, хохирогч Д.Огийн нөхөр салж, хүүхэд өнчирсөн нөхцөл байдал байдаг. Мөн хамт ажилладаг хоёр хүн нь тухайн хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн. Улмаар тухайн хүмүүс нь ажил дээрээ хэргийн талаар цуурхал тарааснаас болж ажлаасаа гарсан зэрэг хор уршгууд учирсан. Шүүгдэгч Г.Б нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдсон. Иймд хохирогч болон түүний өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны гарсан гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор А.Намдаг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүхээс шүүгдэгч Г.Быг хохирогчийн согтуурсан байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. Д.Ог согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, сэтгэцийн үйл ажиллагаа түр сарнисан, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан бэлгийн харьцаанд орсон гэдгийг үгүйсгэж, надтай тохиролцон бэлгийн харилцаанд орсон гэж мөрдөн байцаалтын шатнаас хэрэг эцэслэн шийдвэрлэх хүртэл гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байсан. Гэтэл одоо хэргээ хүлээн зөвшөөрч тэнсэх талаар ярьж байгаа хүсэлтийг нь хүлээн авах боломжгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Г.Бд холбогдох хэрэгт, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хавтас хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судлахад:

Г.Б нь 2018 оны 12 дугаар сарын 15-ны шөнө Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Номин их дэлгүүрийн авто зогсоолд 16-35 УБТ улсын дугаартай, “Toyota Prius 30” загварын автомашинд иргэн Д.Ог согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, сэтгэцийн үйл ажиллагаа түр сарнисан, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Тэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.О /хх-21-26/, гэрч О.Л /хх-34-36/, С.Түвшинтөр /хх-40-41/, Б.Н /хх-43-44/ нарын мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “... Д.Огийн үтрээний арчдас наалдац дээр эр бэлгийн эс илэрсэн байна. ...” гэх 258 тоот дүгнэлт /хх-46/,    

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн “... Д.Огийн гэх дотоожноос илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоц нь Г.Бын ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. ...” гэх 3020 тоот дүгнэлт /хх-145-146/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Прокуророос Г.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл зөв болжээ.

Шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Г.Быг хохирогчийн согтуурсан байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Түүнчлэн, анхан шатны шүүхээс Г.Бд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч Д.Б нь “... Г.Бд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргасан.

Анхан шатны шүүхээс Г.Бын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын хамгийн доод хэмжээгээр буюу 1 жилийн хорих ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон байна.

Иймд шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч Д.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 544 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 544 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Бын өмгөөлөгч Д.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН   

ШҮҮГЧ                                                             М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Д.ОЮУНЧУЛУУН