Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/178

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  С.Аззаяа

Улсын яллагч Э.Бадрал,

Шүүгдэгч Ц.*******, түүний өмгөөлөгч Б.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* ургийн овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2236000000212 дугаартай, хэргийг 2022 оны 10 дугаар сарын 11-ний  өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

                            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1976 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Ховд аймгийн

Зэрэг суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл-5, эцэг, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан багт оршин суух, ******* ургийн овогт *******ийн *******, регистрийн дугаар: ПЕ76111718

                                     Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.******* нь 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ багийн нутаг дэвсгэр Усны-Эх хэмээх газраар дамжин өнгөрөх засмал зам дээр 74-29 ХОА улсын дугаартай хөх өнгийн ачааны зориулалттай Hyundai porter-1 маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг  зөрчиж,  зам тээврийн осол гаргасны улмаас Б.*******ын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хэргийн 2-р хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 3-15-р хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 16-19-р хуудас/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 20-22-р хуудас/

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл / хэргийн 24-25-р хуудас/

Жолоочийн согтуурлыг ALCOTEST-7510 багажаар шалгасан...согтолт 0.86 хувьтай... гэх тэмдэглэл / хэргийн 26-р хуудас/

Зам тээврийн ослын акт / хэргийн 28-р хуудас/

Жолоочийн лавлагаа мэдээлэл / хэргийн 29-р хуудас/

Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хэргийн 30-р хуудас/

Гэрч В.Оюунжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр манайх Зэрэг сумын 2 дугаар баг руу нүүх гээд манай нөхөр машинд гэрээ ачаад хүү Б.*******, охины хүүхэд А.Цэгц нарыг суулгаад хөдөлсөн. Би малаа туугаад 2-р багийн төв рүү орж явахад урдаас манай нөхрийн найзууд машинтай ирээд манай машин осолдсон талаар надад хэлж бид нар осол болсон газар луу явсан.Би осол болсон газар дээр очоод өөрийн хүү Б.*******ыг нас барсныг мэдсэн...гэх мэдүүлэг / хэргийн 32-р хуудас/

Гэрч Ж.Буянхишигийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн”...ослын газар очиход машин замын голд хөндлөн уначихсан,ачиж явсан юмнууд нь цацарчихсан байсан.Нэг эрэгтэй хүүхэд машинаас 1 алхмын зайтай зам дээр хэвтэж байсан.Би очоод хүүхдийг үзэхэд амин үзүүлэлтүүд нь тодорхойгүй, нас барсан байсан. Мөн нэг хүүхэд ослын газраас 300 метр орчим зайд Портерийн хажууд сууж байсан. Тухайн хүүхдийг үзэхэд баруун тохой баруун өвдөг нь зулгарсан байсан. Ц.*******ыг үзэхэд зүүн нүдний уг хэсэг хөхөрсөн 2 гарын сарвуу хэсэг нь цус болсон, даралт ихэссэн, зүрхний хэм ихэссэн, нуруу хэсэг нь хавдсан байдалтай байсан... гэх мэдүүлэг / хэргийн 37-38-р хуудас/

Насанд хүрээгүй гэрч А.Цэгцийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Би аав /Ц.*******/, Шараа / Б.*******/ хоёрын хамт Портер машинаар нүүгээд явж байсан. Замдаа аав хоёр гурван удаа зогсоод машиныхаа дугуйг шалгаад яваад байсан. Мөн замдаа дэлгүүрт зогсоод өндөг хиам авсан. Тэгээд зүв зүгээр явж байснаа машины руль нь булаагаад замын хажуу тал руу гараад буцаж ороод өнхрөөд уначихсан.Машины цонхоор эхлээд би  дараа нь аав гарсан. Биднийг гарах үед Шараа машины хаалганы доор байсан. Би аавд “ Шараа энэ хаалганы доор байна” гэж хэлсэн. Тэгтэл нэг цэнхэр машинтай хүмүүс ирээд манай машиныг бага зэрэг өргөөд би Шарааг машин дороос гуталнаас нь татаад гаргасан. Тэрний амнаас нь баахан цус гараад байсан.Тэгээд байж байтал цагдаа нар ирсэн... гэх мэдүүлэг / хэргийн 40-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 671 дугаартай шинжээчийн... А.Цэгцийн биед зүүн тохойнд зулгаралт, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. А.Цэгцийн биед учирсан дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй... гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт  / хэргийн 48-49-р хуудас/

 Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 670 дугаартай шинжээчийн...Ц.*******ы биед учирсан зүүн нүдний дотор булан доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдсон ба энэ нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй... гэх дүгнэлт / хэргийн 54-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 154 дугаартай шүүх химийн шинжилгээний... Ц.*******ы биенээс авсан гэх шингэн цусанд 1.0 промилли этилийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 59-60-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 46 дугаартай “ Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-ээр ...амь хохирогч Б.*******ын цогцост учирсан гавал тархины суурь ясны турк эмээл дайрсан хугарал, баруун дунд хонхорын хугарал, зулай ясны цөмөрсөн хугарал, хоёр талын чамархай ясны хөндлөн хугарал, их тархины хоёр тал бөмбөлгийн дух хэсэгт тархины эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2,3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин зүүн хөмсөг хацар, 2 чих, баруун хацар, өвчүү цээжний баруун хэсэг, баруун ташаа, хэвлий, 2 гуя, шилбэ зүүн өвдөгт зулгаралт, цээжний баруун хэсэг, 2 талын гуянд цус хуралт гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Амь хохирогч Б.******* нь дээрх хүнд гэмтлийн улмаас нас баржээ ... гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт  / хэргийн 64-72-р хуудас/

Мөрдөгчийн магадлагаа / хэргийн 74-75-р хуудас/

Шүүгдэгч Ц.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Зэрэг сумын Бургасан багийн Баруун хаяа гэх газар луу нүүхээр өглөө гэрээ ачаад өөрийн 7429 ХОА улсын дугаартай Портер машинаар өөрийн хүү Б.*******, охины хүүхэд А.Цэгц нарыг суулгаад өглөө 08 цагийн үед хөдөлсөн. Замдаа Манхан сумын төвд дэлгүүр дээр зогсоод өндөг хиам аваад цаашаа Гүвээ багийн нутаг Усны-эх гэх газарт явж байтал машины жолооны хүрд гэнэт зүүн тийш булаахаар нь баруун тийш дарсан чинь дахин зүүн тийш булаагаад буцаагаад баруун тийш дартал машин нэг удаа өнхрөөд баруун хажуу талаараа хажуулдаад зогссон.Машин зогсохоор харсан чинь миний хүү машины баруун талын кабин доор орчихсон миний охины хүү машины урд талын салхины шил байсан хэсгээр үсрээд гарчихсан байсан.Би хэсэг хугацаанд манарчихсан байсан болохоор А.Цэгцийг гарч байхыг хараагүй.Тэгээд би өөрөө машины салхины шил байсан хэсгээр гараад А.Цэгцтэй нийлж байгаад талийгаач хүүгээ машины кабин доороос татаж гаргасан.Хүүг гаргахад ухаангүй, ам хамраас нь цус гараад байхаар нь ухаан балмагдаад хөдөлгөөнгүй тэврээд суугаад байсан.Тэгж байтал эмнэлэг, цагдаа ирсэн...гэх мэдүүлэг / хэргийн 88-89-р хуудас/ зэрэг  баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийд вэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.******* нь 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ багийн Усны эх хэмээх газар 7429 ХОА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож гэрээ нүүлгэн ачиж явахдаа зам тээврийн осол гаргаж тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан бага насны хүүхэд Б.*******ын амь нас хохирсон хэргийн үйл баримт тогтоогдож байна

Шүүгдэгч Ц.******* тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь Жолоочийн согтуурлыг ALCOTEST-7510 багажаар шалгасан “...согтолт 0.86 хувьтай...” гэх тэмдэглэл, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 154 дугаартай шүүх химийн шинжилгээний дүгнэлт зэрэг баримтаар, мөн тухайн үед тээврийн хэрэгсэлд зорчиж яваа бага насны хүүхдүүдэд хамгаалах бүс хэрэглээгүй нь насанд хүрээгүй гэрчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгээр тус тус тогтоогдсон.

Хавтаст хэрэгт авагдсан мөрдөгчийн магадлагаагаар “...7429 ХОА улсын дугаартай Hyundai porter-1 маркийн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангасан...” гэх боловч шүүгдэгч Ц.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж, тээврийн хэрэгсэлд зорчиж яваа бага насны зорчигчдод хамгаалах бүс хэрэглээгүй, аюул саад тулгарсан үед тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ аваагүй байдлууд нь зам тээврийн осол гарах нөхцөл шалтгаан болсон байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон байдал нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт  заасан болгоомжгүй гэмт хэрэгт тооцогдоно.

Шүүгдэгч Ц.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж  тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсоноос зам тээврийн осол гаргаж тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч Б.*******ын  амь насыг хохироосон үйлдлээ  хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба тухайн эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.

Шүүгдэгч Ц.******* 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Зэрэг  сумын Гүвээ багийн Усны эх хэмээх газраар 7429 ХОА улсын дугаартай Hyundai porter-1 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөнөөс тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.*******ын амь хохирсон нь гэрч нарын мэдүүлэг,хэргийн газрын үзлэг тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, жолоочийн лавлагаа мэдээлэл,тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл,согтол тодорхойлсон тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөгчийн магадлагаа, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.*******ыг согтуурсан үедээ, авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний хүний амь нас хохирсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

               Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Ц.******* нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар түүнд  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:

Шүүгдэгч Ц.*******  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар / хэргийн 113-р хуудас/ тогтоогдсон.

Шүүгдэгч Ц.*******ы хувийн байдлыг талаар гэрч Ц.Мягмарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Ц.******* нь үг дуу цөөтэй, архи тамхи хэрэглэдэггүй, Ховд аймгийн Зэрэг суманд эхнэр хүүхдүүдийнхээ хамт мал маллаж амьдардаг...гэх мэдүүлэг / хэргийн 118-р хуудас/

Гэрч Л.Цэрмаагийн өгсөн...Ц.******* нь архи огт хэрэглэдэггүй,эхнэр 3 хүүхдийн хамт мал маллаж амьдардаг. Үг дуу цөөтэй, ширүүн догшин ааш авир гаргаж байхыг нь хараагүй, зөөлөн харьцаатай хүн... гэх мэдүүлэг / хэргийн 120-р хуудас/ шүүгдэгч Ц.*******ы иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Зэрэг сумын Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтууд  хэрэгт авагдсан байна.

 

Шүүгдэгч Ц.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн,бусдад төлөх хохирол төлбөргүйг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч Ц.*******ыг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуугаар үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж,  шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 07 жилийн хугацаагаар хасч, 01/нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах гэх  санал, дүгнэлт

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганзориг шүүх хуралдаанд: Шүүгдэгч Ц.*******  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй. Улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрч байна гэх дүгнэлт, тайлбар тус тус гаргасан болно.

Шүүхээс: Шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөргүй, улсын яллагчийн ялын санал  болон хувийн байдлуудыг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 07/ долоо/ жилийн хугацаагаар хасч, 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг хорих ялаа эдэлж дууссаны дараа эдлүүлэхээр шийдвэрлэв.

Гурав.Бусад асуудлын талаар:

Хохирогч Б.******* нь шүүгдэгч Ц.*******ы төрсөн хүүхэд болох нь нас барсны гэрчилгээний хуулбар /116-р хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /108-р хуудас/,төрсний бүртгэлийн лавлагаа/109-р хуудас/ зэрэг баримтуудаар тогтоогдож байх ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Оюунжаргалын... зам тээврийн ослын улмаас хүү маань нас барсан тул нөхөртөө гомдох шалтгаан байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...гэх мэдүүлэг / хэргийн 93-р хуудас/ өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохиролгүй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүйг тус тус  дурдаж,  шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ  авах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 34.2, 36.2, 36.6-36.8 дугаар зүйл 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуугаар  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт *******ийн *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 07/ долоо/ жилийн хугацаагаар хасч, 01/ нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******д оногдуулсан 1/ нэг/  жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хорих ялаа эдэлж дууссаны дараа эдлүүлсүгэй.

 

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.3-т зааснаар шүүгдэгч Ц.*******ы тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг эдлүүлэхийг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

 

6.Шүүгдэгч Ц.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Б.ГАНТӨГС

Top of Form