Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/524

 

 

 

 

 

 

      2022        06          16                                    2022/ШЦТ/524

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтнай,

улсын яллагч О.Нандинцэцэг,

шүүгдэгч Ч.Э  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Ч.Э т холбогдох эрүүгийн 2211005371104 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн Ч.Э , 1984 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хайгуулын өрөмчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамтаар Чингэлтэй дүүргийн .... дүгээр хороо, Тахилт ... дугаар гудамжны .... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Э  нь 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 23 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн ... дүгээр хороо, Тахилтын ..... тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Ц ын нүүрэн тус газар гараараа  цохисны улмаас эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Ч.Э  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Ц ын биед эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйлд баримт нь:

- хохирогч Б.Ц ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 27-нд Ч.Э  нь гаднаас согтуу орж ирээд надтай хэрүүл хийж байгаад гараараа миний нүүрэн тус газар нь цохиод авсан учраас би цагдаад дуудлага өгсөн юм. ...Маргалдаад хэвтэж байтал миний баруун талын шанаа /эрүү/ орчимд гарынхаа ар талаараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-33 дахь тал/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 5017 дугаартай “...Б.Ц ын биед эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг тур хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ч.Э ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүх шүүгдэгч Ч.Э т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч Ч.Э т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүгдэгч Ч.Э т оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Бусад асуудлын талаар:

Хохирогч Б.Ц  нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх тул шүүгдэгч Ч.Э ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Ч.Э  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Ч.Э ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э т оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Ч.Э  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Э т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.ХАЛИУН