Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 165

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг  шүүгч Б.Н даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын ЦХ-н хүсэлттэй, Сэлэнгэ аймаг Зүүнхараа суманд төрсөн, ... настай, ам бүл 5, эхнэр, 3 охины хамт Дорноговь аймаг Замын-Үүд суманд оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, Б овогт Ц.З-г албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч Д.З, шинжээч П.Д, өвчтэй этгээд Ц.З, нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын ЦХ  шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Гудамж талбайд болон орон гэртээ бүлэг бөөгнөрөл үүсгэн архидан согтуурдаг, нийгмийн дэг журмыг зөрчдөг Засаг даргын тамгын газрын даргын хүсэлт, 1 дүгээр багийн Засаг даргын хүсэлт, цагдаагийн хэлтсийн алба хаагч нарын илтгэх хуудас, Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн дүгнэлтээр нотлогдож байна. Иймд Ц.З-д холбогдуулан АЭАХХ тухай хуулийн 4-р зүйлд заасны дагуу материалыг бүрдүүлж хүргүүлэв” гэжээ.

Хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч Д.З шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...Ц.З-г Засаг даргын Тамгын газар болон 1 дүгээр багийн Засаг дарга албадан эмчилгээнд явуулах хүсэлтийг Цагдаагийн байгууллагад гаргасан.  Ц.З нь удаа дараа архидан согтуурч, байнга эрүүлжүүлэгддэг, гэр орондоо агсам тавьдаг. Архинд донтох өвчтэй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Иймд албадан эмчилгээнд явуулах шийдвэрийг гаргаж өгнө үү” гэв.

Ц.З шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Би эмчилгээнд явмааргүй байна. Урьд нь эмчилгээнд явж байгаагүй, би архи их уугаад байдаггүй...” гэв.  

Шүүх хуралдаанд нотлох баримтаар Согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлт, Дорноговь аймаг Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газрын хүсэлт, Замын-Үүд сумын 1 дүгээр багийн Засаг даргын хүсэлт, Цагдаагийн газрын тодорхойлолт, илтгэх хуудас зэрэг бусад нотлох баримтуудыг  судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын ЦХ нь тус шүүхэд  Ц.З-г албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг гаргажээ.

Шүүх Ц.З-г албадан эмчилгээнд явуулах тухай Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын ЦХ-н хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Ц.З нь удаа дараа согтууруулах ундаа хэрэглэн нийгмийн хэв журам, ёс суртахууны хэм хэмжээг байнга зөрчиж байдаг, 2011 оноос хойш архийг хэтрүүлэн хэрэглэдэг болох нь өөрийнх нь мэдүүлэг болон цагдаагийн албан хаагч нарын илтгэх хуудас, эмнэлгийн дүгнэлтээр "архинд донтох эмгэг" өвчтэй болох нь тогтоогдсон, эрүүл мэндийн хувьд эмчилгээнд харшлах шалтгаан байхгүй болох нь мөн дээрхи дүгнэлтээр нотлогдсон байх тул түүнийг захиргааны журмаар албадан эмчлэх эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  135 дугаар зүйлийн 135.1, 135.2.14, Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.3-д заасныг баримтлан  Б овогт Ц.З-г албадан эмчилсүгэй.

2. Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын ЦХ нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

3. Энэ шийдвэр уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, өвчтэй этгээд, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэр гарсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.Н