Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар  2022/ШЦТ/525

 

      2022         06          16                                   2022/ШЦТ/525

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч О.Нандинцэцэг,

хохирогч Т.О ын өмгөөлөгч Н.Нарантуяа,  

шүүгдэгч Э.Ө, түүний өмгөөлөгч Л.Ган-Очир нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Э.Ө од холбогдох эрүүгийн 2111 00114 0921 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр  хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Боржигон овгийн Э.Ө , 1993 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Бизнесийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, 3-8 насны 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн .... дүгээр хороо .... дугаар хороолол, ..... тоотод оршин суух,

  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 512 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,  регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч Э.Ө  нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.О ыг “Америкийн Нэгдсэн Улсаас автомашин ирсэн, гаалийн төлбөр төлөх хэрэгтэй байна, түр хугацаанд мөнгө зээлүүлчих” гэж хуурч, үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд нийт 65.500.000 төгрөгийг дансаар болон бэлнээр авч залилан бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

- шүүгдэгч Э.Ө  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 10 дугаар сард Т.Отой анх танилцсан байгаа. Бид хоёр тухайн үед Голомт банканд ажилладаг байсан. Танилцсан цаг үеэс хойш бид хоёр хайр сэтгэлийн холбоотой дотно харилцаатай байсан. 2019 оноос эхлээд энэ ял эдэлж байгаа хэрэгтээ холбогдсон байгаа. Банкнаас зээлийн эрхтэй карт гаргаад энэ хэрэгт холбогдсон байгаа. Намайг хэрэгт холбогдсоныг Т.О мэддэг байсан. 2018 оны 10 дугаар сараас эхлээд хайр сэтгэлийн холбоотой байж байгаад 2019 оны 11 дүгээр сард Т.Ооос мөнгө зээлэх талаар асуугаад Т.О болохоор надад хадгаламж байгаа. Манай аав гавьяаныхаа амралтад гарахдаа өгсөн мөнгө байгаа. Тэр мөнгө нь ээж бид хоёрын нэр дээр байдаг. Би чамд хадгаламж барьцаалсан зээл аваад өгье гэж хэлж байсан. Чи эргүүлээд төлчих боломжтой байх гэж хэлээд авсан. 2020 оны 4 дүгээр сард хадгаламжийн хугацаа дуусна, тэр хүртэл өөрийнхөө ажлыг зохицуулж байгаад тухайн мөнгийг буцаагаад өгөөрэй гэж хэлсэн байдаг. Тэгж анх 2019  оны 11 дүгээр сард Т.Ооос мөнгө зээлсэн. Тэр үйл явдлаас хойш 2020 оны 02 дугаар сард дахиад 26.500.000 төгрөг зээлсэн байгаа. Миний хийж байгаа ажил төрөл болон банкнаас мөнгө авсан хэрэгт шалгагдаж байгаа зэрэг бүх асуудлыг Т.О мэддэг байсан. Түүнээс авсан мөнгөөрөө банкныхаа эргэн төлөлт болон картынхаа эргэн төлөлтийг хийхэд тухайн мөнгийг зарцуулсан. Би Т.Ооос мөнгө авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Гол нь хохирлоо барагдуулах гэж байсан боловч би 2020 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 4 жилийн хорих ял аваад таслагдсан байгаа. Т.Ооос мөнгө аваад буцаагаад төлөхгүй гэсэн зүйл надад байхгүй. Би Голомт болон Төрийн банкнаас зээл авах гээд хөөцөлдөж байсан. Төрийн банк нь дээр хөөцөлдөж байгаа зээлийг хүнээр дамжуулаад Эрсдэлийн сангаас асууж байсан. Би зээлээ аваад чиний хохирлыг төлж барагдуулах болно гэж хэлж байсан. Ковид гараад банкны хохирол болон Т.Оын хохирлыг барагдуулж чадахгүй болсон. Манай ээж боловсролын байгууллагад ажилладаг хүн байдаг. Манай ээж намайг хорих ял авсны дараа Т.Отой уулзаад хохирол барагдуулах талаар ярьсан бага багаар барагдуулаад явна гэж хэлсэн боловч бүх хохирлоо барагдуулж авмаар байна гэсэн юм шиг байна лээ. Надад хохирол төлөх эрмэлзэл байгаа хэдий ч боломж нь болж өгөхгүй байсан. Манай өмгөөлөгчийн зөвлөснөөр ээж аавынхаа байрыг зараад урьдах хэргийнхээ хохирлын мөнгө өгсөн байгаа. Урьдах хэрэг маань 2020 оны 11 дүгээр сараас эхлээд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс дээр явж байсан. 2021 оны 01 дүгээр сараас энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн байгаа. 9 дүгээр сарын 06-ны өдөр шүүх хурал болсон. 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр шүүх хурал болоход шүүгч надаас өөр үйлдсэн хэрэг байгаа юу гэхэд байгаа найзаасаа мөнгө авсан асуудал байгаа мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаа талаар хэлэхэд шүүгч тэр хэрэг чинь тусдаа явж байгаа болохоор тусдаа шийдвэрлэгдэх байх гэж хэлсэн. 2019 оны 11 дүгээр сараас мөнгө зээлснээс хойш хадгалахынхан хугацаа 04 дүгээр сарын 01-нд дууссан. Тухайн үед 4 удаа хуваагаад мөнгө зээлсэн байсан. Тухайн хуримтлагдсан байсан хадгаламж барьцаалсан зээлийн хүү гэж 2.500.000 төгрөг төлөөд сунгасан гэж хэлсэн. Тэгээд чи ажил төрлөө зохицуулчхаад өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд 6 сард нь Т.О гэнэт мөнгө хэрэгтэй болсон гэж хэлсэн. Тэр үед миний зээл банк нь судлагдаад ирсэн байсан,  би материалуудаа банканд зээл авах гээд өгсөн байгаа талаараа хэлсэн. Бид хоёр өмнө нь итгэлцлээрээ явж байсан учир нь бид хоёр маш ойр дотно харилцаатай байсан. 2020 оны 11 дүгээр сард зээлийн гэрээ байгуулсан тухайн зээлийн гэрээндээ хэдэн төгрөг авсан, хэдэн төгрөгийг нь бэлнээр авсныг баталгаажуулаад иргэний үнэмлэлүүдээ хавсаргаж канондсон байгаа. Тухайн үед яагаад бэлнээр авсан бэ гэхээр банк нь дээр салбарын ажилтнууд юм уу эсвэл бусад ажилтнууд харах боломжтой байсан учраас бэлнээр мөнгө авч, өгөлцөж байя гэж хэлсэн. Т.О манай ажиллаж байсан Ард салбарын үүдэнд ирээд мөнгө өгдөг байсан. Миний тухайд Т.Оын хохирлыг бол бүрэн төлж барагдуулах болно. Намайг банкны хэрэгтэй холбогдсон байхад надад тус дэм болж байсан. Мэдүүлэг өгөхдөө намайг зүгээр таньдаг хэмжээний гэж мэдүүлэг өгсөн байгаа учраас тухайн асуудал дээр гомдолтой байсан...” гэв. 

 

Гэм буруугийн дүгнэлт:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны явцад хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэж, шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан гэмт хэрэг гарсан байдлыг нотлов.

Шүүгдэгч Э.Ө  нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.О ыг “Америкийн Нэгдсэн Улсаас автомашин ирсэн, гаалийн төлбөр төлөх хэрэгтэй байна, түр хугацаанд мөнгө зээлүүлчих” гэж хуурч, үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд нийт 65.500.000 төгрөгийг дансаар болон бэлнээр авч залилан бусдад их хэмжээний хохирол учруулсан болох нь  

- хохирогч Т.О ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би анх Өлзийтогтох гэдэг хүнтэй 2018 оны 10 дугаар сард Голомт банканд ажиллаж байхдаа хамт сургалтад сууж танилцаж байсан юм. Өлзийтогтох нь 2019 оноос хойш авто угаалга ажиллуулж эхэлсэн. Тэгээд тэр үедээ надад Америкийн Нэгдсэн Улсаас машин оруулж ирж зарж байгаа гэж хэлж байсан. Тэгээд 2019 оны 11 дүгээр сард надаас 10 сая төгрөг зээлэхийг хүссэн. Америкийн Нэгдсэн Улсаас машин ирчихсэн байгаа, гаалийн төлбөр төлөх гэсэн юм гэж надад хэлж байсан. 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр би өөрийн хадгаламж барьцаалсан зээл Голомт банкнаас аваад 10 сая төгрөг бэлэн гаргаад Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулах Голомт банкны төв салбарын гадна өгсөн. Тэр үед Өлзийтогтох нь Америкийн Нэгдсэн Улсаас орж ирсэн машинаа зараад өгье, 1 cap орчим болох байх гэсэн. Үүний дараа гаалийн татвар төлөх, авто угаалганд яаралтай хэрэглэх зэргээр мөнгө зээлээч гэхээр нь би 2020 оны 2 дугаар сарын 4-нд 26.500.000 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 1-нд 20.000.000 төгрөгийг тус тус бэлнээр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо төв Голомт банкны гадна болон Ард кинотеатрын салбар Голомтын гадна бэлнээр өгч байсан. Мөнгө өгөх үед Өлзийтогтох бид хоёр л байсан.Тэгээд 2020 оны 05 дугаар сарын 18-нд Өлзийтогтохын Хаан банкны данс болох 5021532821 тоот данснаас 6.000.000 төгрөг шилжүүлж өгсөн. Үүнээс хойш мөнгөө эргүүлэн авах талаар байнга шахуу холбогдож хэлэхээр Төрийн банкнаас зээл авахаар хөөцөлдөж байгаа, удахгүй бүтнэ, өнөөдөр маргаашгүй бүтэх гээд байна, удахгүй өгнө, одоо ингээд шилжүүлэх гэж ярьдаг байсан. Мөн угаалгын газар худалдаж авах зорилгоор өөрийн банкнаас зээл авах гэж байгаа, зөрүү мөнгөнөөс нь миний мөнгийг гаргаж өгнө гэж ярьдаг байсан... ...Би Э.Ө од анх 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 10.000.000 төгрөгийг бэлнээр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны төв салбарын гадна өгсөн. Дараа нь 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 26.500.000 төгрөгийг, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 20.000.000 төгрөгийг тус тус бэлнээр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны төв салбарын гадна болон Ард кинотеатрын Голомт банкны гадна өгсөн...2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Өлзийтогтохын хаан банкны 50762083.. тоот данс руу 6.000.000 төгрөгийг шилжүүлсэн. 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 3.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Өөрөөр хэлбэл би Э.Ө  гэгчид бэлнээр 4 удаагийн үйлдлээр 59.500.000 төгрөг, дансаар 1 удаа 6.000.000 төгрөг буюу нийт 65.500.000 төгрөгийг өгсөн...Би Өлзийтогтоход туслах санаатай өгсөн юм. Түүнээс бол ямар нэгэн байдлаар хүүтэй зээлсэн зүйл огт байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28, 32-33 дахь тал/,

- хохирогч Т.О ын нэр дээрх Голомт банкны 1105128008 дугаарын дансны хуулга /хавтаст хэргийн 68, 71 дэх тал/,

- шүүгдэгч Э.Ө ын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн “...Би Т.Ооос 10 саяыг зээлэхдээ гааль дээр буусан машинаа авах гэсэн юм гэж хэлж байсан. Энэ 10 саяыг болохоор тэр үед Голомтын зээлийн картын төлөлт хийх гээд мөнгө дутаад байсан болохоор тэгж хэлж авч байсан. Т.Ооос мөнгө авахдаа яаралтай мөнгөний хэрэгцээ гарчихлаа гэж хэлдэг байсан. Тухайн үед мөнгө хүүлдэг Батака гэж дууддаг хүнээс зээлсэн мөнгөө өгч байсан. Яг хэдэн төгрөг төлж байснаа одоо санахгүй байна...Тэгээд бусад жижиг өр зээл ихтэй байсан тэд нарыгаа дарж байсан...Би Америкаас ямар нэгэн тээврийн хэрэгсэл оруулж ирдэггүй юм...Б.Т.Ооос эхлээд авсан 10 сая төгрөгөөр гааль төлнө гэж худлаа хэлж аваад зээлийн картын өрөө дарчихсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дэх тал/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй байх гэсэн субьектив санаатай байх бөгөөд бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг өөрийн болгодог байна.

Э.Ө ын дээрх үйлдэл нь Залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Э.Ө ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүх шүүгдэгч Э.Ө од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Ө од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүгдэгч Э.Ө  нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 512 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэснээс эдлээгүй үлдсэн 3 жил 3 сар 5 хоногийн /хх 229х/ хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 5 жил 3 сар 5 хоногийн хугацаагаар тогтоов.

Шүүгдэгч Э.Ө од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч Т.О т 65.500.000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч Э.Ө оос гаргуулах хохирогчид олгуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ө ын энэ хэрэгт 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон нийт 36 хоногийг шүүгдэгчийн эдлэх ялд нь оруулан тооцов.

Шүүгдэгч Э.Ө  нь энэ хэрэгт 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс  2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл нийт 56 хоног цагдан хоригдсон боловч өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас ял эдэлсэн хугацаанд оруулан хасаж тооцсон /ялын тооцоо хх 229х/ байх тул энэ хэрэгт цагдан хоригдсон хоногийг 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсон болохыг дурдав.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан  ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Э.Ө ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч 65.500.000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Э.Ө од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ө од энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 512 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 3 сар 5 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 5 /тав/ жил 3 /гурав/ сар 5 /тав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ө од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ө ын 36 /гучин зургаа/ хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Ө оос 65.500.000 /жаран таван сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 55 дугаар байр 48 тоотод оршин суух Түвшинбаярын Т.О /РД:...../-т олгосугай.

7. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ө од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.ХАЛИУН