| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2018/0156/И |
| Дугаар | 175 |
| Огноо | 2018-07-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2018 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 175
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Н би
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1 дүгээр багт байрлах, К банк ХХК-ийн Замын-Үүд салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт оршин суух, Б овогт С.О,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт оршин суух, Б овогт З.Э нарт холбогдох
“Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 9,198,734 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч К банкны Замын-Үүд салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн С.О, З.Э нартай 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр № ЗГ-104 тоот Зээлийн гэрээ байгуулж 7,100,000 /долоон сая нэг зуун мянган/ төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 1,8 хувийн хүүтэй цалингийн зээл олгосон. Зээлдэгчид нь өнгөрсөн хугацаанд үндсэн зээлээс 1,433,654 төгрөг, зээлийн хүүд 1,135,574 төгрөг, нийт 2,569,228 төгрөг төлсөн. Зээлдэгч нарын зээлийн гэрээний хугацаа 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр дуусгавар болсон боловч зээлийн гэрээний үүргээ зөрчин 901 хоног хугацаа хэтэрч өнөөдрийн байдлаар зээлийн өрийн үлдэгдэл дараах байдалтай байна. Иймээс С.О, З.Э нараас нийт 9,198,734 /есөн сая нэг зуун ерэн найман мянга долоон зуун гучин дөрвөн/ төгрөгийг гаргуулж зээлийг бүрэн барагдуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд гаргасан тайлбартаа: “...С.О, З.Э нарын хариу тайлбартай танилцлаа. С.О нь 2018.07.27-ны өдрөөс эхлэн сар бүр 150,000 төгрөг төлж байгаад 2020 оны 07 сард зээлийг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч С.О, З.Э нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие З овогтой Э, С овогтой О нар нь Замын-Үүд сумын К банкнаас 2015.03.18-ны өдөр тус банкнаас нэхэмжилсэн зээлийг авсан нь үнэн. Иймээс нэхэмжлэлийн шаардлага болох 9,198,734 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч төлж барагдуулахаа илэрхийлж байна. Тус зээлийг 2018 оны 07 сарын 27-ны өдрөөс эхлэн сар бүр 150,000 төгрөгийн төлөлтөөр 2 жилийн хугацаатайгаар буюу 2020 оны 07 сар гэхэд бүрэн барагдуулна. Иймд энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч К банкны Замын-Үүд салбар нь хариуцагч С.О, З.Э нарт холбогдуулан үндсэн зээл 5,666,346 төгрөг, зээлийн хүү 2,977,224 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 555,164 төгрөг нийт 9,198,734 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага үндсэн зээл 5,666,346 төгрөг, зээлийн хүү 2,977,224 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 555,164 төгрөг нийт 9,198,734 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2018 оны 07 сарын 27-ны өдрөөс эхлэн сар бүр 150,000 төгрөгийг төлж, 2020 оны 07 сар гэхэд бүрэн төлж барагдуулна гэсэн тайлбар ирүүлснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгч К банкны Замын-Үүд салбар нь улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэл гаргахдаа 162,130 төгрөг төлснийг төрийн санд хэвээр үлдээж, уг төгрөгийн 50 хувь болох 81,065 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч нараас 50 хувь болох 81,065 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч К банкны Замын-Үүд салбарын нэхэмжлэлийн шаардлага үндсэн зээл 5,666,346 төгрөг, зээлийн хүү 2,977,224 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 555,164 төгрөг нийт 9,198,734 төгрөгийг хариуцагч С.О, З.Э нар нь төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162,130 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 81,065 төгрөг, хариуцагч С.О, З.Э нараас 81,065 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч К банкны Замын-Үүд салбарт олгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.Н